Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/1185

 

 

 

 

 

   2024           10             24                                        2024/ДШМ/1185

 

О.Өт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

шүүгдэгч О.Ө, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/987 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Ө, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Өт холбогдох эрүүгийн 2408 01671 0935 дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 752 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.125.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан;

Шүүгдэгч О.Ө нь 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ... тоот хашаанд нэвтрэн орж, Д.Бын эзэмшлийн “Лайка” үүлдрийн нохойг хулгайлан 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас О.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч" үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Өт хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Б нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хайхрамжгүй, гэнэн, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн мунхаг бодолд автан өөрийн болон ар гэр, эхнэр, хүүхдээ бодолгүй маш том алдаа гаргасандаа үнэхээр их харамсаж байна. Шорон гэдэг газар орж ирээд маш их зүйл бодлоо. Миний хүүхэд болох Ө.А нь одоо 11 сартай, эхнэр Н минь нялх биетэй, гэртээ хүүхдээ хардаг. Миний бие барилгын дүүжин таазны ажил хийж амьдралаа авч явдаг. Иймд эрхэм шүүгч, прокурор та бүхэн ар гэр болон өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарласан байдлыг минь харгалзан үзэж, өрөвч энэрэнгүй байж надад оноосон ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.Өын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс гэм буруугийн талаар дүгнэхдээ хүн байнга, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь гэмт этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай бөгөөд уг гэмт хэргийг байнга амьдрах зориулалттай орон байр /хашаа/-нд хууль бусаар нэвтэрч “Лайка” үүлдрийн нохойг авч буй шүүгдэгч О.Өын үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж, хохирогч Д.Бд 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр /хашаа/-нд нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч О.Өыг тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэсэн.

О.Ө нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас шүүх хуралдаанд оролцсон.

Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан талаарх баримтыг хэрэгт гаргаж өгсөн. О.Ө нь урьд өмнө 2 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхээс ял шийтгүүлсэн байна. Өмнө нь үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд ялаа эдэлж дуусгавар болсон, мөн хулгайлах гэмт хэрэгт холбогдож байгаагүй нь тогтоогдож байна. Өмгөөлөгчийн хувьд О.Ө болон түүний ар гэртэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж давж заалдах шатнаас өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хавтаст хэргийн материалтай танилцаад прокурорын яллагдагчаар татсан тогтоол, анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэдэгт маргахгүй байна. Харин шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлж оногдуулах боломжтой байсан талаар гомдлын үндэслэлээ гаргасан болно.

О.Ө нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргалдаагүй, учруулсан хохирол хор уршгийг арилгасан, урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд 19 настай байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр оногдуулсан хорих ялыг багасгаж өгөхийг хүсэж байна.

Өмгөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах шатны шүүхээс оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар О.Өт ял халдааж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий байна гэж үзэж маргаагүй. Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоогүй, шүүх хуралдаанд хорихоос өөр төрлийн ял  шийтгэж өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон нь тухайн гэмт хэрэг үйлдсэнээс үүсэж болох эрх зүйн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүйг харуулж байна. Миний хувьд хэргийн материалтай танилцаад үзэхэд О.Ө гэм буруудаа маргаагүй, анх хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн үеэс хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, учирсан хохирлыг биет байдлаар болон иргэний хариуцагчид мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан. Тийм учраас энэ байдал нь миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдалд хамаарах тул хуульд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Урьд нь хоёр удаа ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн энэ бүлэг, хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Иймд шүүх бүрэлдэхүүн ар гэрийн нөхцөл байдал, бусад байдлыг харгалзан үзнэ үү.” гэв.

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 2 жил 6 сарын хорих ялын саналыг шүүхэд гаргасан. Шүүх прокурорын саналын дагуу шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг эсэргүүцэх зүйлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Ө нь 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ... тоот хашаанд нэвтрэн орж Д.Бын эзэмшлийн “Лайка” үүлдрийн нохойг хулгайлан 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Бын “...2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цаг 29 минутад ... тоотод оршин суудаг хадам ээжийндээ харуулах гээд үлдээсэн байсан өөрийн эзэмшлийн Баруун сибирийн Лайка үүлдрийн нохойгоо эргэх гээд очтол миний нохой байхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Хашаанд байдаг байшингийн гадна талд гадаа гинжээр уяатай байдаг, шөнөдөө амбаар дотор хийдэг байсан. Анх Орос улсын Сибириэс авахдаа 8 сая хавьцаа үнээр авч байсан, анч нохой болохоор тэмцээн уралдаанд орж байсан шагналууд нь байгаа. Нохой маань бие нь өвдөөд өвчин туссан байсан учир хүн бол тоож авахааргүй царай муутай амьтан байгаа юм...” гэсэн /хх 9, 87-88/,

иргэний нэхэмжлэгч Л.О-ын “...2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “фейсбүүк анч Лайка нохойн групп” дээр “бор лайка зарна” гэсэн зар байхаар нь утасны дугаараар залгаад холбогдоход Ө гэх нэртэй залуу байсан. Үнэ өртгөө ярихад “500.000 төгрөгөөр зарна” гэхээр нь “жоохон хасах уу” гэхэд “тэгвэл 400.000 төгрөгөөр ав” гэхээр нь “би одоо хөдөө гэртээ байна, одоохон сум ороод мөнгийг чинь шилжүүлье чи нохойгоо манай ахад аваачиж өг" гээд ахынхаа утасны дугаарыг Ө гэх залууд өгсөн. Би Өт 50.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлээд орой нь ахын хашаанд уячихлаа гэхээр нь чатаар видео колл хийж хараад үлдэгдэл 350.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн /хх 24-25, 93-94/ тус тус мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-4/,

2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Лайка” үүлдрийн нохойг хүлээн авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 26-27/,

2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 41-44/,

“Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Ц-0505 дугаартай “Оросын Холбооны Улсын Баруун сибир үүлдрийн Лайка анч нохой 2.000.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх 52-54/,

алдагдсан нохойны бичиг баримтууд /хх 56-66/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч О.Өын 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ... тоот хашаанд нэвтрэн орж Д.Бын эзэмшлийн “Лайка” үүлдрийн нохойг хулгайлан 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх хэдий ч хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь, орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох бөгөөд шүүгдэгчийн тухайн хашаанд нэвтэрч нохойг хулгайлсан үйлдлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч нь “...гадны хүн нэвтрэхээс хамгаалсан хашаанд байсан бусдын эзэмшлийн нохойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан...” нөхцөл байдал тогтоогдож байх тул “тусгайлан хамгаалсан агуулах”-д нэвтэрч үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч О.Ө “...Миний бие том алдаа гаргасандаа үнэхээр их харамсаж байна. Миний бие барилгын дүүжин таазны ажил хийж гэр бүлээ авч явдаг. Иймд надад оноосон ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч О.Өын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл “...О.Ө нь гэмт хэргийн зүйлчлэл гэм буруу дээр маргаагүй, учруулсан хохирол хор уршгийг арилгасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм.

Шүүгдэгч О.Өын зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөгдсөн буюу нохойг хохирогч Д.Бд хүлээлгэн өгсөн, түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хорих ялыг багасгах талаар гаргасан түүний болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч О.Өын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/987 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Шүүгдэгч О.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч О.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Өт хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ангийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Өыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ө, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

            ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА

            ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР