| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2025/00233/И |
| Дугаар | 191/ШШ2025/05384 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/05384
2025 06 13 191/ШШ2025/05384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт оршин суух, Б.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт оршин суух, Б.Э-т холбогдох,
25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаа нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.******* нь 2024 оны 09 сарын 24-ний өдөр өөрийн худалдаж авсан Тоёото приус 02-74 улсын дугаартай машинаа 25,000,000 төгрөгөөр Б.*******т худалдсан. Бид худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд мөнгийг нь өгөөгүй байхад дансаар өгсөн гэж бичсэн.
Б.******* нь гэрээний дагуу мөнгийг дансанд шилжүүлж өгөх байсан боловч одоог болтол өгөхгүй хохироож байна.
Б.******* нь дээрх машины урьдчилгаа төлбөр 6,700,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны 5755083630 тоот дансанд шилжүүлсэн, үлдэгдэл мөнгийг 360 файнанс ББСБ-аас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан авсан 20,150,000 төгрөг, ингээд нийт 25,000,000 төгрөгөөр худалдаж авч, төлбөрийг төлсөн.
Худалдах, худалдан авах гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан, гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч нь машины төлбөрийг ББСБ-аас зээлж авсан мөнгөө төлсөн талаар тайлбарлаж маргахгүй байна. Б.******* нь дараагийнхаа машиныг мөн зээлээр авсан гэдгээ зөвшөөрч байна.
Хариуцагчийн тайлбарлаад байгаа хамтын амьдралын явцад бий болгосон дундын хөрөнгөөр бий болгож худалдаж авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхүй. Түүнд машинаа худалдсан, машиныхаа мөнгөө буцааж аваагүй нь үнэн, тэрээр машиныг авсан учраас мөнгийг нь төлөх үүрэгтэй гэж бодож байна.
Иймд хариуцагч Б.*******аас машины үнэ 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэн нь татгалзлаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
Б.*******, Б.******* нар 2019 онд танилцаж 2024 оны 09-р сарын 24-ний өдөр хүртэл 5 жил хамтын амьдралтай байсан бөгөөд тус хугацаанд Б.******* амьдралын төлөө болон Б.*******ийн төлөө гэсэн сэтгэлээр хандаж төрөл бүрийн ажил хөдөлмөр эрхлэж янз бүрийн бизнес эхлүүлж жаргал зовлонгоо хамтдаа хуваалцаж туулж явсан. Тэрний нэг амжилттай яваа бизнес нь хороололд байрлах "PRINCESS SHOP" гэх нэртэй эмэгтэйчүүдийн дотуур хувцасны дэлгүүр юм. Санааг анх Б.******* гаргаж түүнийг ч Б.******* дэмжиж хамтдаа 2 жилийн өмнөөс энэ бизнесээ эхлүүлж байсан.
Тус хугацаанд хамтдаа бараагаа татан авч дотуур хувцсаа борлуулахын тулд янз бүрийн хэлбэрээр маркетинг хийж түгээлтээ өөрсдөө хүмүүст хүргэж хоолтой хоолгүй өдрийг өнгөрөөж тус бизнесээ өрөгжүүлэхийн тулд зүтгэсээр 2 жилийн дараа гэхэд хороололд оффис түрээслэж тэр чинээгээрээ бараагаа ч их хэмжээгээр татан авч төвлөрүүлж улмаар 2 дахь салбараа нээж ахиц дэвшилтэй явж нийт бараа үнэ гэхэд 200.000.000-250.000.000 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний бараатай болсон.
Эрэлт нэмэгдэхийн хэрээр ачаалал ихэсэж байсан тул цаг алдалгүй бараагаа худалдан борлуулахын тулд машин худалдаж авахаар шийдсэн. Б.******* нь хөдөө орон нутаг бүртгэлтэй байсан тул 2023 онд 02-74 УЕН улсын дугаартай приүс маркийн авто машиныг Б.Ганцэцэгийн нэр дээр 360 файнанс гэх ББСБ-с дотуур хувцасны дэлгүүрийн ашгаасаа төлөхөөр шийдэж худалдаж авч байсан.
Улмаар Б.*******, Б.******* нар хоорондоо таарамжгүй харилцаа үүсэж хоорондоо хамтын амьдралаасаа салахаар шийдсэн бөгөөд эд хөрөнгөний маргаанаас болж урьдын байсан харилцаагаа сэвтээхгүй, таатай байдлаар салахын тулд Б.******* нь дэлгүүрийн ашгаас авсан 02-74 УЕН улсын дугаартай приус маркийн авто машиныг авч, харин дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн болон ашиг бусад зүйлээс нэг ч төгрөг авахгүй байдлаар хоорондоо харилцан тохиролцсон.
Тус машиныг шилжүүлэх явцад Б.******* нь 10 хоногийн дараа машин авна, энэ 02-74 УЕН дугаарыг авмаар байна, чи хөдөө орон нутагт байдаг юм чинь өөр дугаар авчих гэж хэлсэн болохоор нь зөвшөөрч нотариат дээр очсон.
Тэгсэн чинь дугаар хадгалах гэрээ хийхгүй, худалдах худалдан авах гэрээ хийнэ гэхээр нь тухайн үед юу ч бодолгүй худалдах, худалдан авах гэрээ хийе гээд мөнгөн дүн дээр нь тухайн үеийн зах зээлийн ханшаар 25,000,000 төгрөг байгаа гээд гэрээг хийсэн.
Харин Б.******* нь 10 хоногийн дараа САЙ загварын авто машин болон дугаар авчихсан байсан.
Маргааны зүйл болох машин нь дундын эд хөрөнгөнөөс хувааж Б.*******т оногдох хэсгийн машин болохоос биш Б.******* гэх хүнээс худалдаж авч байгаа явдал биш бөгөөд тус машиныг шилжүүлж авахын тулд худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэвч өнөөдөр худалдан авах гэрээ хийсэн мэтээр нэхэмжилж байгааг ойлгохгүй байгаа бөгөөд гомдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Ингээд гаргах үүргийнхээ хувьд сөрөг нэхэмжлэл гаргаад, тодорхой үл хөдлөх хөрөнгүүдээ харахад машиныг банк бус санхүүгийн байгууллагаас аваад дундын эд хөрөнгө биш хамтын амьдралтай байхад бий болсон эд хөрөнгө гэж тодорхойлогдох байсан. Манай талаас сөрөг нэхэмжлэл болон хүсэлт гаргасан боловч шүүх хангасангүй. Тийм учраас одоо гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Учир нь уг баримтууд Улсын бүртгэлийн газар болон Автотээврийн үндэсний төвд байгаа болно. Хэрэв шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваад холбогдох баримтуудыг гаргуулсан бол нотлогдох байсан.
Иймд Б.*******ийн, 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн:Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, талуудын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, 360 файнанс ББСБ ХХК-ийн 2024.10.07-ны өдрийн 70/24 тоот зээл хаасан тухай албан бичгийн хуулбар, Б.*******ээс 2024.12.12-ны өдөр Ш.Оюумаад олгосон итгэмжлэл, /хх 1-6, 25 /
3б. Хариуцагчаас ирүүлсэн: Б.*******аас 2025.01.24-ний өдөр М.Тэмүүлэнд олгосон итгэмжлэл, хариу тайлбар, /хх 10,17-18/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******т 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Талуудын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан Худалдах,худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.******* нь Toyota Prius маркийн 0274 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, хариуцагч Б.******* нь 25,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.
Гэрээний 3.2-т 2024.09.23 Хаан банк 5131176399 тоот дансанд төлсөн гэжээ. /хх 5/
3б. Зохигч нь гэрээнд үнэ болох 25,000,000 төгрөгийг төлсөн гэж тусгасан боловч хариуцагч уг төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байх ба талууд үүнтэй маргаагүй.
3в. Гэрээний талаар зохигч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
3г. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ....талуудын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
5. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ....2019 оноос 2024.09.24-ний өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байх хугацаанд хамтын хөрөнгөөр Toyota Prius маркийн 0274 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг бий болгосон тул зөвшөөрөхгүй гэж маргасан.
6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.******* нь Toyota Prius маркийн 0274 УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч байх бх тэрээр өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хариуцагч Б.*******ын өмчлөлд шилжүүлэн өгсөн, хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнэ болох 25,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
6а. Тогтоогдож буй энэхүү үйл баримтыг хариуцагч баримтаар няцаагаагүй, тодруулбал тэрээр дээрх тээврийн хэрэгслийг хамтын хөрөнгөөр бий болгосон гэх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.
6б. Түүнээс гадна шүүхийн журмаар нэхэмжлэгчийн нэр дээрх бүртгэлтэй хөрөнгийн мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулсны эцэст хамтын амьдралтай байхад бий болгосон эд хөрөнгө гэдгийг нотлох байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар, хариуцагчийн дээр дурдсан хуульд заасан үүргийг шүүх хэрэгжүүлэх учиргүй гэдгийг дурдах нь зүйтэй.
7. Иймд хариуцагч Б.*******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэв.
8. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ