2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/05248

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 10 191/ШШ2025/05248

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Ч.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  хаягт байрлах, Г  ******* /Регистрийн дугаар /,

 

Хариуцагч:  хаягт оршин суух бүртгэлтэй,  тоот хаягт оршин суух, Д.Д нарт холбогдох,

 

108,253,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М,

Хариуцагч Д.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч ******* ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.гийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгч М.Мягмартуяагийн хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Ч.******* нь 2021 оны 3-р сард нийгмийн сүлжээгээр Гачууртад "Төгөл" хэмээх хаус хотхоны захиалга авч байгааг олж мэдээд уг зар дээрх "******* Мандал Трейд" *******-ийн 99118856, 99105977 дугаар утсаар холбоо барьж төслийн талаар тодруулсан. Тэгээд төсөл хэрэгжих газар дээр нь очиж танилцахад тухайн газарт юу ч баригдаагүй эрүүл газар байсан.

2021 оны 03 -р сарын 31-ний өдөр "******* Мандал Трейд" *******-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Континентал зочид буудлын 311 тоотод байрлах оффисст очиж тус компанийн захирал Д.тай уулзсан.

Тэгээд 105,100,000 төгрөгийн үнийн дүн бүхий 69 мкв хэмжээтэй 1.25 дугаартай хувийн сууцны барилгын захиалгын Төгөл 2021/55 тоот дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 5,100,000 төгрөгийг энэ өдрөө буюу 2021.03.31-ний өдөр төлсөн. Үлдэгдэл төлбөрийг ажлын явцаас хамааран үе шаттай хийгдэхээр гэрээнд тусгагдсан.

Ажлын явцтай танилцахад 2021.05.17-нд 48 м.кв байруудын бетон суурь цутгагдсан, 69 мкв байруудын суурийн газар ухагдсан, бетон суурь цутгагдаагүй байсан, 2021.06.19-нд дахин очиход манай байрны хувьд ч ямар ч ажил хийгдээгүй байсан.

"******* Мандал Трейд" компанийн офисст 2021.06.30-нд очиж барилгын ажил явахгүй байгаа талаар болон түүнтэй холбоотойгоор дараагийн шатны төлбөр хийх нөхцөл бүрдэхгүй байгаа талаар хэлсэн. Компанийн зүгээс тодорхой шалтгааны улмаас барилгын ажил графикаас хоцролттой яваа учир захиалагч төлбөрийн шахалт үзүүлэхгүй өөрсдийн нөөцөөр ажлаа явуулж 2021 оны 10-сар гэхэд дуусгаж хүлээлгэн өгнө гэж байв.

Компанийн өмнөх амлалтын хэрэгжилттэй танилцахаар 2021.09.10-ны өдөр очиход манай бетон суурь хийгдэж суурийн дүүргэлт, дагтаршуулалт хийгдсэн бетон хучилт хийгдэхээр хүлээгдэж байгаа байдалтай байсан.

Ажлын явц хангалтгүй огт урагшлахгүй байгаа талаар компанийн удирдлагад гомдол мэдүүлэхээр залгахад утсаа авахгүй, офисст нь очиход хүнгүй зугтаадаг болсон.

Захиалагчдын шахалт шаардлагаар 2021.10.02-ны өдөр компанийн удирдлагууд барилгын талбайд захиалагчидтай уулзсан. Тэдний зүгээс захиалагчид төлбөрөө хийхгүй байгаагаас санхүүгийн хүндрэл үүсч байгааг ярьсан. Анх захиалагчидтай гэрээ байгуулахдаа төлбөрийн нөхцлийг ажлын гүйцэтгэлээр болон тодорхой огноотой хугацаа зааж төлбөр хийхээр гэрээ байгуулсан захиалагчид барилгын ажил урагш ахихгүй болохоор төлбөрөө түдгэлзсэн юмуу гэж ойлгогдсон.

Энэ уулзалтаар компанийн зүгээс 2021 оны 11 сарын дунд хүртэл гадаад ажлуудаа хийж бүх байруудын дээвэр, цонх, хаалгыг битүүлээд дотоод ажилдаа орно гэсэн ээлжилт амлалтаа хийсэн. Компанийн зүгээс Ковидын нөхцөл байдал, хил гааль хаагдаж барилгын материалын үнэ өссөн нь компанийн санхүүгийн нехцелд сөргөөр нөлөөлж барилгын ажлын явц удааширч байгаа тул боломжтой бол төлбөрөөсөө хийж байхыг хүссэний дагуу 2021.07.06-нд 20,000,000 төгрөгийн төлбөр хийсэн. Мөн компани үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Захиалгын гэрээнд нэмэлт, өөрчлөлтөд заасан хуваарийн дагуу төлсөн тохиолдолд анхны үнийг хэвээр үлдээх, хэрэв эс зөвшөөрвөл гэрээний анхны үнийг нэмэгдүүлнэ гэсэн шахалт үзүүлсэн тул 2023.11.23-ны өдөр "Захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Төгөл 2021.1.25 тоот нэмэлт гэрээ байгуулсан.

Ингээд 2021.11.23-ны өдөр 27,700,000 төгрөгийн төлбөр хийж үлдэгдлийг нэмэлт гэрээнд заасан хуваарийн дагуу хийснээр 2022.05.31-ний өдөр гэхэд төлбөрийг бүрэн төлсөн.

Төлбөрийг бүрэн барагдуулсан ч одоог хүртэл ажил олигтой явагдаагүй байруудын гүйцэтгэл зуун задгай зогсонги байдалтай байгаа бөгөөд компанитай холбоо тогтоож чадахгүй, офиссын хаяг байршлаа өөрчилсөн.

Компани хаана байрлаж байгааг хайж байгаад Сүнжингранд зочид буудалд байгааг 2023 онд олж тогтоосон, захиалагчдын шахалтаар 2023.06.10-нд энэ офисст нь Д. захиралтай уулзсан.

Уг уулзалтаар одоо захиалагчдын байрууд гүйцэтгэлийн хувьд харилцан адилгүй байгааг жигдрүүлж, нийтэд нь 80 хувийн гүйцэтгэлд хүргэх, ингэснээр дотоод заслаас бусад ажлыг хийж гүйцэтгэсний дараа захиалагч нэг бүртэй гэрээг дүгнэхээр тохиролцсон. Гэвч энэ тохиролцоо ажил хэрэг болоогүй.

Анх гэрээ байгуулснаар урьдчилгаа төлбөр төлснөөр барилгын ажил эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл 3 жил өнгөрсөн боловч ажил дуусаагүй, сүүлийн үед бүүр ажил нь таг зогссон байдалтай, өмнө нь хийгдсэн байсан ажлууд нь цаг хугацааны эргэлтээр чанар нь муудаж шаардлага хангахгүй болсон байдалтай байна.

Гэрээ байгуулснаас хойш 3 жилийн дараах байдлаар 1.25 тоот байрны блокон өрлөг хийгдсэн боловч чанар муу, зай засвар ихтэй чигжээс хийгээгүй, хананд гадна гадна талд нь ерлег дулаалгын хөөсөн хавтан тогтоосон нь бороо цасанд цохигдон чанар муудсан, дээвэрт хучилтын хавтан тавиад орхисон, дээврийн ажил бүрэн хийгдээгүйгээс бороо, цасны ус чөлөөтэй ордог, цонх, хаалга хийгдээгүйгээс задгай байдалтай, гражийн хана өрсөн боловч дээвэр, хаалгагүй задгай, бохирын цооног ухаж кольцо суурилуулсан боловч тэр нь таггүйгээс шороо,цас орж дүүрсэн, байранд цахилгааны үзүүр ороогүй, цахилгааны дотуур монтаж хийгдээгүй, цэвэр усны оролт хийгдсэн боловч тэр нь ажиллагаатай, усаар хангах боломжтой эсэх нь тодорхойгүй байдалтай байна.

Захиалгын гэрээний 4.1-т "Гүйцэтгэгч тал нь гэрээг ажлын стандартын дагуу гэрээнд зааснаар чанартай барьж гүйцэтгэн 2022 оны 06 сарын 20-нд багтааж ашиглалтанд оруулан захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй" гэж заасан.

Гэвч гүйцэтгэгч тал гэрээнд заасны дагуу зуслангийн сууцыг барьж дуусгаагүй, 50 хувийн гүйцэтгэлтэй, одоогийн байдлаар ажлын явц зогссон байдалтай, 2024 оны 03 дугаар сард барилгын ажлыг эхлүүлнэ гэсэн боловч эхлүүлээгүй байна.

Д.гийн төлөөлөгч нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж байгааг зөвшөөрөхгүй. Анх байгуулсан гэрээнд төлбөрийг гүйцэтгэлийн 3 үе шатаар 3 хувааж хийнэ гэж тохиролцсон, гэтэл өнөөдрийн байдлаар 2 дахь үе шатны ажиллагаа хийгдээгүй байна. Гүйцэтгэгч талтай нэмэлт гэрээ байгуулж, үнээ нэмж төлбөрөө төлсөн нь миний буруу болж байх ба төлбөр төлөх хугацааны хувьд заагдсан өдрөөс хэдэн хоногоор хоцорч төлбөр төлөгдсөн зүйл байдаг.

Дээрх гэрээг байгуулахад Д.Дэжид нь өөрийгөө ******* ******* ******* *******-ийн захирал гээд захиалгын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу зарим төлбөрийг түүний дансанд шилжүүлсэн.

Гэрээний үүрэгт 2021.05.31-ний өдөр 5,100,000 төгрөг, 2021.07.06-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021.11.23-ны өдөр 27,700,000 төгрөг, 2021.12.21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022.01.17-ны өдөр 10,920,000 төгрөг, 2022.03.17-ны өдөр 10,460,000 төгрөг, 2022.04.27-ны өдөр 10,460,000 төгрөг, 2022.05.31-ний өдөр 10,460,000 төгрөг, нийт 105,100,000 төгрөг төлсөн.

Гэрээний 5.7-д зааснаар алданги тооцох дээд хугацаа нь 30 хоног байна гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногийн 0,1 хувийн алданги тооцно гэж заасны дагуу 105,100,000 төгрөгөөс алдангийг хоногийн 0,1 хувиар 30 хоногоор тооцоход 3,153,000 төгрөгийг нэхэмжилсэн.

******* ******* ******* ******* нь төслөө хэрэгжүүлэхийн тулд Гачууртад эзэмших эрхтэй байсныг 70, 80 захиалагч нарт хувааж эзэмшүүлсэн. Уг газрыг Засаг даргын захирамжаар компани эзэмших эрх олгосон байх, надад ногдох газар нь 700 мкв-аар 2 газар гэхээр нийт 1,400 мкв газар бөгөөд газар дээр 4 блокоор өрсөн 4 хана байдаг. Энэ нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд шаардлага хангахгүй болсон. Энэ талаар гэрээний 1.3-т тусгагдсан, хэрэгт газар эзэмших эрхтэй холбоотой баримт байхгүй бөгөөд газар эзэмших эрхийг буцаагаад өгөхөд татгалзах зүйл байхгүй.

 

Иймд ******* Мандал Трейд *******-тай 2023 оны 03 сарын 31-ны өдөр болон 2021 оны 11 сарын 23-ны өдөр тус тус байгуулсан гэрээг тус тус цуцалж, хариуцагч ******* ******* ******* ******* болон Д. нараас гэрээний төлбөрт төлсөн 105,100,000 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлж үүргээ гүйцэтгээгүй алданги 3,153,000 төгрөг буюу нийт 108,253,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэлэнгэ нь шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Ч.*******ын нэхэмжлэлтэй "******* Мандал Трейд" *******, Д. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч "******* Мандал Трейд" *******, Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь талуудын хооронд 2021 оны 03-р сарын 31-ний өдөр №Төгөл 2021/55 тоот "Захиалгын гэрээ, 2021 оны 11 сарын 23-ны өдөр №Төгөл 2021/55 тоот Захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдсан.

"******* Мандал Трейд" ******* болон Ч.******* нарын хооронд 2021 оны 03-р сарын 31-ний өдөр байгуулагдсан №Төгөл 2021/55 тоот захиалгын гэрээгээр барилгын гүйцэтгэлийг 3 үе шаттай хийж гүйцэтгээд 2021 оны 07-р сарын 10-ны дотор байрыг "түлхүүр гардуулах" нөхцөлтэйгөөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээнд хугацаа, төлбөрийн хуваарь, гүйцэтгэлийн шатлал, стандартын шаардлага зэргийг тодорхой тусгасан.

Захиалагч нь Баянзүрх дүүргийн 20-р хороо Шар хоолой Бурхантын аманд байрлах газарт 69 мкв хэмжээтэй 1.25 дугаартай 1 ширхэг хувийн сууцны барилгыг төлөвлөсөн зургийн дагуу нийт 105,100,000 төгрөгийн үнэтэй бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээний нийт үнийн дүнгийн урьдчилгаа төлбөр 5,100,000 төгрөгийг 2021 оны 03 сарын 31-ний өдөр төлж, үлдэгдэл төлбөр болох 100,000,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Үүнд:

1-р үе шат: 2021 оны 05 сарын 04-ны өдөр буюу тухайн ажлын гүйцэтгэл 30 хувь хүрэх үед 27,700,000 төгрөг, 2-р үе шат: 2021 оны 05 сарын 15-ны өдөр тухайн гэрээний ажлын гүйцэтгэл 60 хувь хүрэх үед 27,700,000 төгрөг, 3-р үе шат: 2021 оны 06 сарын 15-ны өдөр тухайн гэрээний ажлын гүйцэтгэл 90 хувь хүрэх үед 44,600,000 төгрөг гэсэн хуваарийн дагуу төлбөрийг төлөх байсан.

Гэвч захиалагч болох Ч. ******* нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй бөгөөд үлдэгдэл үнийн дүнг хоёр удаа, хугацаа хэтрүүлэн, 2021 оны 07 сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын 23-ны өдөр 27,700,000 төгрөг тус тус төлсөн. Түүнээс гадна захиалагчийн зүгээс анх тохирсон хуваарийн дагуу гүйцэтгэлийн явцад төлбөрөө бүрэн төлөөгүй, 20,000,000 төгрөг төлчихөөд дараагийнхаа төлбөрийг төлөхгүй урт хугацаанд саатсан.

Ингээд талууд 2023.11.23-нд нэмэлт хэлэлцээр хийж, гэрээний үлдэгдэл төлбөр 52,300,000 төгрөгийг 2022 оны 5 сар хүртэл тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон боловч мөн адил хугацаа хэтрүүлсэн.

2021.12.21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022.01.17-ны өдөр 10,920,000 төгрөг, 2022.03.17-ны өдөр 10,460,000 төгрөг, 2022.04.27-ны өдөр 10,460,000 төгрөг, 2022.05.31-ний өдөр 10,460,000 төгрөг тус тус төлсөн.

Захиалагч нь гэрээгээр тохиролцсон төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлд шууд нөлөөлж, ажлыг цагт нь гүйцэтгэж дуусахад саад учруулсан. Мөн "КОВИД-19" цар тахлын нөхцөлөөс шалтгаалан барилгын материалын нийлүүлэлтэд хомсдол үүсч тасалдсан, хил гааль хаагдсанаас материалын үнэ огцом нэмэгдсэн, мөн дээрээс нь захиалагчийн санхүүжилт удааширсан зэргээс шалтгаалан тухайн ажил бүрэн хүчин чадлаар ажиллах нөхцөл бүрдээгүй юм.

Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ байдаг тухайн үйл баримт нийтэд илэрхий баримт учраас шүүхэд гаргаж өгөөгүй болно.Мөн захиалагчийн хүсэлтээр гэрээгээр тохирсон газрын эзэмших эрхийг Ч.*******ын нэр дээр шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн 20-р хороо Шар хоолой Бурхантын аманд байрлах газарт 69 мкв хэмжээтэй 1.25 дугаартай 1 ширхэг хувийн сууцны барилгын нөхцөлүүд нь компанийн санхүүд хүчтэй нөлөөлсөн бөгөөд олон захиалагч ижил нөхцөлтэй гэрээтэй байсан тул хүний болон материалын нөөцийг оновчтой хуваарилах боломж хязгаарлагдмал болсон.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.7-д заасан нөхцөл буюу гүйцэтгэгч тал тухайн гэрээнд заасан хугацаанаас 30 хоногоос дээш хугацаанд ажил эхлүүлээгүй, бүрэн зогсоосон тохиолдолд, захиалагч нь урьдчилан албан бичгээр мэдэгдэн гэрээ цуцлахаар заасан. Гэвч энэ нөхцөл хангагдаагүй, захиалагч нь 2023 оны 6 сард 50 хувийн гүйцэтгэлтэй үед ажлыг хийж дуусгах талаар тохиролцсон нь гэрээ цуцлагдаагүй болохыг нотолно.

Түүнчлэн, гүйцэтгэгч талын оффис, холбоо барих хаяг өөрчлөгдсөн хэдий ч алга болоогүй, захиалагч нартай холбогдож уулзсан нь гэрээ цуцлахаар заасан зугтаасан" гэдэг нөхцөлд нийцэхгүй.

Гүйцэтгэгчийн зүгээс 2021-2023 онд бетон суурь, суурийн дүүргэлт, дээвэр, хаалга цонхны хүрээ, грашны хана зэрэг ажил гүйцэтгэсэн бөгөөд гэрээний хугацаа хэтэрсэн ч гэрээт ажлыг гүйцэтгэх үүргээс татгалзаагүй, шаардлагатай тохиолдолд дуусгаж өгөх саналтай хэвээр байгаа болно.

Гэвч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар "Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ" гэж заасны дагуу гэрээг цуцлах саналаа албан ёсоор гүйцэтгэгч талд мэдэгдээгүй.

Хэрэв гэрээнээс татгалзаж байгаа бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй" заасны дагуу тэрээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан газрыг буцааж шилжүүлэн өгөх ёстой.

Анх талууд захиалгын гэрээ байгуулж, төлбөрөө төлсөн тохиолдолд барилгын ажил 2021.06.15-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлд буюу 44,600,000 төгрөг шилжүүлснээр манайх газар эзэмших гэрчилгээг шилжүүлнэ гэсний дагуу газар нэрийг шилжүүлсэн. Захиалагчийн зүгээс нийт төлөлтийг төлсөн тохиолдолд газар эзэмших эрхийг шилжүүлнэ гэсний дагуу газрыг шилжүүлж өгсөн.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаас үзэхэд захиалагч хэдийгээр гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн боловч тэрээр төлбөр төлөх хугацаа хэтрүүлснийг үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Нэгэнт захиалагч өөрөө төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх тул тэрээр Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж заасны дагуу алданги шаардах эрхээ алдсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2 тал аль аль нь хугацаа хэтрүүлсэн байгаа боловч гүйцэтгэгчийн зүгээс алданги шаардаагүй, захиалагч хэдийгээр гүйцэтгэл ярьж байгаа боловч үндсэн болон нэмэлт гэрээгээр хугацааг тохирсон.

Түүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.8-т "Захиалагч талаас гэрээг цуцлах санал гаргасан тохиолдолд төлсөн төлбөрийн нийт үнийн дүнгийн 10 хувийг гүйцэтгэгч тал авч үлдэгдэл төлбөрийг захиалагч талд дараагийн захиалагчийн төлбөрөөс шилжүүлэн өгч гэрээг цуцална гэж заасан.

Хэрэв захиалагчийн зүгээс гэрээг цуцалж байгаа бол Иргэний хуулийн 204.1, 205.1-т заасны дагуу гэрээний хоёр тал харилцан өгсөн авснаа буцаан авах зарчим үйлчлэх учиртай.

Иймд нэхэмжлэгч Ч.******* нь гэрээг цуцалж, 108,253,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа тохиолдолд тэрээр Иргэний хуулийн 204.1, 205.1-т заасныг үндэслэн газар эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлж өгөх үүрэг хүлээх учиртай тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, Ч.******* болон ************** ******* *******-ийн хооронд 2021.03.31-ний өдөр байгуулагдсан №Төгөл 2021/55 тоот захиалгын гэрээний хуулбар, 2021.11.23-ны өдрийн №Төгөл 2021/1.25 тоот захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, шилжүүлгийн мэдээлэл, 2024.03.22-ны өдөр М.Мягмартуяад олгосон итгэмжлэл, /хх 1-15/,

3б. Хариуцагч ******* ******* ******* *******-иас ирүүлсэн: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.05.29-ний өдөр Д.д олгосон итгэмжлэл, компанийн дүрэм, Д.гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 21-25/,

3в. Хариуцагч Д.гаас ирүүлсэн: Иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч Б.Лхагвадоржтой байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2025.04.17-ны өдөр Д.Сэлэнгэд олгосон итгэмжлэл /хх 41, 69, 85/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч ******* ******* ******* *******, Д. нарт холбогдуулан,

Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан №Төгөл2021/55, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан №Төгөл 2021/1.25 тоот гэрээг тус тус цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 105,100,000 төгрөг, алданги 3,153,000 төгрөг, нийт 108,253,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч Д. эс зөвшөөрч маргасан, хариуцагч ******* ******* ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4а. Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч ******* ******* ******* *******-ийн хооронд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан №Төгөл 2021/55 тоот Захиалгын гэрээ-ээр,

******* ******* ******* ******* нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой Бурхантын аманд байрлах газарт 69 мкв хэмжээтэй, 1.25 дугаартай 1 ширхэг хувийн сууцны барилгыг төлөвлөсөн зургийн дагуу /1400 мкв хэмжээтэй эзэмшлийн газар, нийтийн хашаа, нийтийн тогны шугам, нийтийн тоглоомын талбай, замаар тусгаарлагдсан айлуудыг багцлаад модон хайсан хашаа хийх /машин орох гарцыг үлдээж/ 6,7х4 метрийн хэмжээтэй машины граж, камин зуухны иж бүрдэл 1 ширхэг/ тохиролцсон хугацаанд захиалагч талд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хүлээлгэн өгөх,

Захиалагч нь харилцан тохиролцсон хугацаанд зохих төлбөрийг саадгүй төлөх,

Гэрээний 2.1.1-т Гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар гэрээ баталгаажих ба урьдчилгаа төлбөр 5,100,000 төгрөгийг 2021.03.31-ний өдөр төлөх,

2.1.2-т Гэрээний үлдэгдэл төлбөр болох 100,000,000 төгрөгийг,

-2021.05.04-ний өдөр буюу тухайн ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрэх үед /Үүнд: Цахилгааны эх үүсвэр тавигдах, цэвэр усны эх үүсвэр буюу гүний худаг гаргах, бохирын танк хийх нүх бэлдэх, шугаман суурь болон шал цутгах/ 27,700,000 төгрөг,

-2021.05.15-ны өдөр тухайн гэрээний ажлын гйүцэтгэл 60 хувьд хүрэх үед /Үүнд: Байшин болон гражийн хана болон дээврийн ажил, хаалга, цонх суулгах, гадна өнгөлгөө хийх /27,700,000 төгрөг,

-2021.06.15-ны өдөр тухайн гэрээний ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрэх үед /Үүнд: цэвэр усны болон бохирын холболтууд хийх, дотор дулаалга, цахилгааны холболт хийх, халаалт суурилуулах, заслын ажил хийгдэх, газрын эрх шилжүүлэх гэрээ хийх / 44,600,000 төгрөг тус тус төлөхөөр

4.1-т Гүйцэтгэгч нь стандартын дагуу чанартай барьж гүйцэтгэн 2021 оны 07 дугаар сарын 10-нд багтааж ашиглалтанд оруулан захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээсэн. /хх 7-8/

 

4б. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №Төгөл/1.25 тоот Захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.2-т Гүйцэтгэгч тал нь 2021/55 тоот захиалгын гэрээний хугацааг сунгаж 2022.06.20-нд багтааж хувийн сууцны байрыг ашиглалтад оруулан захиалагч талд хүлээлгэн өгөх,

2.1-т Захиалгын үлдэгдэл төлбөр болох 52,300,000 төгрөгийг, 2021.12.15-ны өдөр 10,460,000 төгрөг, 2022.01.15-ны өдөр 10,460,000 төгрөг, 2022.03.15-ны өдөр 10,460,000 төгрөг, 2022.04.15-ны өдөр 10,460,000 төгрөг, 2022.05.15-ны өдөр 10,460,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож, энэхүү гэрээг 2021.03.31-ний өдрийн №Төгөл 2021/55 тоот гэрээний салшгүй хэсэг гэж тохиролцсон. /хх 9/

 

5. Хэрэгт, ******* ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл авагдсан, эдгээр баримтад компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.******* байх тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу түүнийг гүйцэтгэх удирдлага гэж үзнэ. /хх 21,23-24,52-53/

 

5а. Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан захиалгын гэрээг ******* ******* ******* *******-ийг төлөөлж захирал Д. гэж байгуулсан хэдий боловч түүнийг иргэний хувьд уг гэрээний оролцогч гэж үзэхгүй.

 

6. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн утгыг анхаарна гэж заасан байх ба зохигчийн тайлбар, гэрээний агуулга, үгийн утга зэргээс үзэхэд дээрх гэрээ байгуулагдах үед хувийн сууцны байр баригдаагүй байсан, энэ талаар зохигч маргаагүй тул Ч.******* болон ******* ******* ******* *******-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

6а. Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн байх тул тэдний хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

6б. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2-т заасан төлбөрийн нөхцлийн дагуу нэхэмжлэгч Ч.******* нь 2021.03.31-ний өдөр 5,100,000 төгрөг, 2021.07.06-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021.11.23-ны өдөр 27,700,000 төгрөг, 2021.12.21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022.01.17-ны өдөр 10,920,000 төгрөг, 2022.04.27-ны өдөр 10,460,000 төгрөг, 2022.05.31-ний өдөр 10,460,000 төгрөг, нийт 94,640,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* *******-ийн дансанд,

2022.03.17-ны өдөр 10,460,000 төгрөгийг хариуцагч Д.гийн дансанд, нийт 105,100,000 төгрөгийг гэрээний үүрэгт төлсөн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдсон. /хх 10-19/

 

7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан ба хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрээгээр тохиролцсон хувийн сууцны байрыг ашиглалтанд оруулахаар тохиролцсон хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, түүнчлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд барилга баригдаж дууссан талаарх баримтыг ирүүлээгүй байгааг үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэж үзэн нэхэмжлэгч гэрээг цуцлах шаардлага гаргасан байна.

 

7а. Хариуцагч Д. татгалзлын үндэслэлээ ...талуудын хооронд байгуулагдсан 2 удаагийн гэрээний 2.1-т заасан хугацаанд хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул алданги шаардах эрхгүй, түүнчлэн тэрээр гэрээнээс татгалзаж байгаа бол өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан газрыг буцааж шилжүүлэн өгөх ёстой, Ковид цар тахалтай холбоотой эдийн засгийн нөхцөл, үнийн өсөлттэй холбоотой барилгын ажил товлосон хугацаанд баригдах боломжгүй байсан гэж тайлбарласан.

 

7б. Хариуцагч ******* ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.д 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2024 оны 06 дугаар сарын 13ы өдөр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд тайлбараа ирүүлээгүй болно.

 

7в. Түүнчлэн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч ******* ******* ******* ******* нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлийг бий болгосон гэж үзнэ. /хх 25-28, 78-84/

 

8. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Уг тогтоолын хавсралтаар 11 төрлийн төрийн байгууллага, хуулийн этгээдээс бусад бүх хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнээс хойш удаа дараа Засгийн газрын тогтоолоор 11-12 төрлийн төрийн байгууллага, хуулийн этгээдээс бусад хуулийн этгээд буюу барилгын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын үйл ажиллагааг зогсоож байсан.

 

8а. Үүнээс хойш 2021 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-т шилжүүлсэн үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт байна.

 

8б. Монгол Улсын Засгийн газраас гаргасан удаа дараагийн тогтоолоор барилгын үйл ажиллагааг зогсоосноос хувийн сууцны байрыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, бараа материалын хомсдол үүссэн гэж хариуцагч Д. тайлбарласан боловч талууд дээрх хязгаарлалт тогтоосон хугацаанд бус харин уг хугацаанаас хойш буюу 2021.03.31-ний өдөр, мөн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг 2021.11.23-ны өдөр тус тус байгуулсан байх ба гэрээгээр барилгыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр багтааж ашиглалтад оруулж, захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх 7, 9/

 

8в.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын удаа дараагийн тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоосноос хойших хугацаанд талууд гэрээ байгуулсан, өнөөдрийн байдлаар хувийн сууцны байр хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа болох, баригдаж дууссан эсэх нь тодорхойгүй байгаа болох нь тогтоогдож байна.

 

Үүнээс үзэхэд барилга бүрэн гүйцэд дуусгавар болоогүй гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* нь гэрээгээр тохиролцсон хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

8г. Дээрх тогтоогдож буй үйл баримтаар хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх ба талуудын хооронд 2021.03.31-ний өдөр байгуулагдсан №Төгөл 2021/55 тоот гэрээний 5.7-т Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийт гэрээний үнийн дүнгийн 0,1 хувиар захиалагчид алданги төлнө. Захиалагч тал нь гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нийт гэрээний үнийн дүнгийн 0.1 хувиар гүйцэтгэгч талд алданги төлнө. Алданги тооцох дээд хугацаа нь 2 талд ижил 30 хоног байх ба үүнээс хэтэрсэн тохиолдолд гэрээг цуцалсанд тооцно гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч алданги тооцсоныг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзэв.

8д. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2021.03.31-ний өдөр, мөн 2021.11.23-ны өдөр тус тус байгуулагдсан гэрээг цуцлах шаардлага гаргасан тул гэрээ цуцлах хүртэл хүртэлх хугацаа буюу нэхэмжлэгчийн шүүхэд хандсан 2024.05.09-ний өдрөөр гэрээг цуцалж, гэрээг цуцлах хүртэлх хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

9. Иймд хариуцагч ******* ******* ******* *******-иас гэрээний үүрэгт 105,100,000 төгрөг, алданги 3,153,000 төгрөг, нийт 108,253,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ******* ******* *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 699,215 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 699,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

11. Хариуцагч ******* ******* ******* ******* нь нэхэмжлэгч Ч.*******аас 2022.03.17-ны өдөр гэрээний үүрэгт Д.д шилжүүлсэн 10,460,000 төгрөг болон газар эзэмших эрхтэй холбоотойгоор өөрийн эрх зөрчигдсөн эсэх талаар шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болох учиргүйг,

Түүнчлэн хариуцагч Д. нь 2025.04.17-ны өдөр өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг Д.Сэлэнгэд олгосон байх тул Д.Сэлэнгийг хариуцагч ******* ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэх боломжгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. /хх 85/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* *******-иас гэрээний үүрэгт 105,100,000 төгрөг, алданги 3,153,000 төгрөг, нийт 108,253,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******ад олгож, хариуцагч Д.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 699,215 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******ад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 699.215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШЗ2025/12909 дугаар захирамжийн 2 дах заалтаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ