| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/08410/И |
| Дугаар | 191/ШШ2025/05202 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05202
2025 06 06 191/ШШ2025/05202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Э.У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:хаягт байрлах, Б-д холбогдох,
******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/94 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Санхүүгийн менежерийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэлд 58, 287, 909 төгрөг гаргуулах, тухайн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрээр нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б,
Шинжээч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.******* нь өмгөөлөгч С.Эрдэнэсайханы хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Э.******* миний бие 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ******* *******-ийн Санхүүгийн хэлтэст Санхүүгийн менежерийн албан тушаал, ажлын байранд ажиллахаар болж тус компанийн Хүний нөөц хариуцсан дэд менежер Д. ******* болон Ерөнхий менежер Б.******* нар Хөдөлмөрийн гэрээг надад танилцуулсан, мөн миний 3 сарын ажлын гүйцэтгэлийг минь үнэлж сайшаасан учраас үргэлжлүүлэн ажиллуулахаар 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг сунгаж, нэмэгдэл цалин хөлсийг олгож байхаар гэрээнд тусган урт хугацаагаар ажиллуулах хүсэлтээ Гүйцэтгэх удирдлагын баг илэрхийлсэн учраас миний бие гэрээнд гарын үсэг зурж байсан.
Намайг анх ажилд ороход Бринкс Монгол ******* нь өмнөх Санхүүгийн менежерээ ажлаас нь гаргасан, Азийн бүс хариуцсан хэлтсээс тайлан мэдээ нь нэхэгдсэн, дутуу, Бүс хариуцсан дарга нартайгаа тэрээр утсаар ярьж орилон хашхирч, хэрэлдэн уйлсан, дараагийн Ерөнхий нягтлан бодогчийг /Санхүүгийн менежер/ авч ажиллуулсан хэдий ч тус байгууллагын ажлын ачаалал үлэмж их байснаас ажлаас гарах хүсэлтээ өгсөн, ажилчдын цалин, ЭМНДШ-ийг буруу бодож, тайланг тушаасан гэсэн маргаантай, бүртгэл, систем, тайлан мэдээ нь хүлээгдсэн, бусад салбар орны бүртгэлийн кодыг Нэгдсэн систем рүү буруу оруулсан учраас Турк, Хонг Конг, Сингапураас Бринкс Монгол ******* руу засахыг шаардсан, бухимдалтай имэйл ар араасаа овоорсон байдалтай ажлыг хүлээн авсан.
Намайг ажилд авахдаа хийсэн 3 шатны ажлын ярилцлагын үеэр байгууллагад үүсээд байсан энэхүү замбараагүй байдлаа огт дурдаж байгаагүй бөгөөд эсрэгээрээ хэдхэн гүйлгээтэй учраас ачаалалгүй гэж тайлбарлаж байсан.
Миний бие ийнхүү ажлын эхний өдрөөс эхлэн тус байгууллагын нөр их ачааллыг өөр дээрээ авсан ба шөнө орой унтаж амрах үеэр Монголоос болон гадаадаас надад мессеж, имэйл ирдэг, олон төрлийн мэдээг гэнэт шаардахад нь би анх гайхаж байсан хэдий ч бэлдэж илгээгээд өглөө ажилдаа очдог байсан. Би тус байгууллагад үүсээд байсан ачааллыг өөрийн өмнөх туршлага, сурч мэдсэн бүхнээ дайчлан ажил амралтын зааггүйгээр, хоёргүй сэтгэлээр хандан, 2022, 2023 оны бүртгэл тайланд гарсан алдааг илрүүлэн засаж, 2023 оны эхлээгүй байсан Санхүүгийн тайлангийн аудитын ажлыг эхлүүлэн дуусгаж, аудитаар илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засан сайжруулахын зэрэгцээ 2023, 2024 оны заагт хийсэн бүртгэл, анхан шатны баримтуудын ойлгомжгүй байдлыг тодорхой болгон архивлаж, аудитын ажлыг гүйцээхэд онцгой анхаарч амралт, Олон Нийтийн баярын өдрүүдээр илүү цагаар ажиллаж байсан.
Үүний зэрэгцээ 2023 оны хүлээгдэж байсан дутуу Татварын тайлангуудад шаардлагатай мэдээллийг цуглуулан, бэлдэж тушаахын зэрэгцээ 2022-2024 оны систем дээрх алдаа, дутуу бүртгэлийг судалж, залруулсан, мөн нягтлан бодогчийг сургаж чиглүүлэн тухай бүр санхүүгийн баримтуудыг архивлах, бүртгэлд тусгах, ажлын цагийг бүтээмжтэй ашиглах, НББ-ыг ОУ-ын стандарт, МУ-ын холбогдох хууль, Санхүү бүртгэлийн дотоод журмын дагуу хөтлөх, үнэн зөв тайлагнах арга барилд сурган, үүнийг байгууллагын хэмжээнд мөрдүүлж ажилласан. Мөн би хөрөнгө оруулалтын шинжилгээ, санхүүгийн прогноз, дүгнэлт болон бусад Удирдлагын тайлан мэдээг бэлдэх, санхүүгийн хяналтыг тавих зэргээр нийт 40-өөд төрлийн тайлан мэдээг гар бие оролцож тогтмол тушааж амжилттай ажиллаж, үүссэн байсан бэрхшээлийг даван туулсан.
Э.******* миний бие Монголын Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй, ОУ-ын Мэргэшсэн Нягтлан Бодогч нарын Институтээс Ахисан Шатны дипломын зэрэгтэй, СЭЗДС-ийг бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд МУ-ын Тэргүүний ажил олгогчоор шалгарсан Трансвест Монголиа *******-д ёс зүй, зарчимч байдлаараа хүндлэгдэн олон жил ажилласан, мөн ОУ-д үйл ажиллагаа явуулдаг Лхамур *******-д ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын хөгжил дэвшилд өөрийн хөдөлмөр, зүтгэл, авьяас чадвар, мэдлэг оюунаа харамгүй зориулан ажиллаж, ажил хөдөлмөртөө амжилт гарган хамт олноо манлайлсан учраас 2019 оны Шилдэг Ажилтан шагналыг хүртэж, аль ч байгууллагад мэргэжлийн ёс зүйтэйгээр ажиллаж ирсэн Мэргэшсэн нягтлан бодогч, санхүүч юм.
Гэтэл Бринкс Монгол *******-ийн Хүний нөөцийн дэд менежер Д.*******, Ерөнхий менежер Б.******* нь тайлан мэдээ, аудитын ажил дуусаж, анхан шатны баримтууд цэгцлэгдэн санхүү бүртгэлийн үйл ажиллагаа жигдэрсний дараа гэнэт харилцаа хандлагаа өөрчилж, ажил дээр сүрдүүлж, ажилтнуудад надтай холбогдохгүй байхыг даалгаж, зөөврийн компьютерыг дотоод аудит шалгана гэсэн нэрийдлээр хураан авч буцааж өгөөгүй, эрэгтэй менежер болон гаднын хүнээр айлгуулан, хөөлгүүлж зодуулах гэж оролдсон, оффисын түлхүүрийг сольж, хаалгыг онгойлгохгүй орхиж, хамгаалалтын ажилтнуудаар намайг бүслүүлж, цагдаад хүртэл хөөлгүүлэхээр дуудлага өгч ажлын байрны дарамт, шахалтыг хэд хэдэн удаа үзүүлсэн явдалд би үнэхээр гайхаж бас цочиж айсан.
Хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2024/94 тоот захирлын тушаалыг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шуудангаар хүлээж авсан, тус тушаалд хэд хэдэн үндэслэлээр намайг ажлаас халсан болохыг олж мэдсэн.
Тушаалд дурдсан асуудлуудаар өмнө нь надтай огт ярилцаж байгаагүй учраас би их гайхаж, яагаад ажлын байран дээр минь гэнэт оруулахгүй хаалт тавин, дарамт шахалт үзүүлэх болсныг байгууллагын гэхээс илүү тэдний хувийн эрх ашиг, амбицтай холбоотой гэж таамаглаж байна.
Дээрх үндэслэлүүд нь 100% худал, учир нь тус байгууллагын гүйлгээ, төлбөр тооцоо, тооцоолол нь шат шатны менежерээр батлагдаж хянагдсаны дараа би хяналт тавьж ажилладаг бөгөөд НББ-ийн тухай хуулийн 13.4, 13.5, 13.6-д заасны дагуу хариуцсан менежер, удирдлага хяналт тавьж баталгаажуулсны дараа Гүйцэтгэх захирлын 1-р гарын үсгээр бүх төлбөрүүд баталгаажин шилждэг. Мөн ******* компанийн зүгээс ажилчдын ажилласан цаг, тооцоолол, байгууллагын тайлан мэдээг дор бүр нь байнга асууж, хянаж, баталгаажуулж байсан учраас энэхүү гүтгэлэг нь худал юм.
******* *******-ийн Удирдлага, Хүний Нөөцийн зүгээс ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулж инээмсэглэн угтаад, сэтгэл хангалуун хэргээ гаргаж ашиглаж дуусаад, ажлаас халах шийдвэр гараагүй байхад миний оронд танил хүнээ авч ажиллуулан, намайг ажлын байран дээр минь дарамталж, хөөж үдэж байгаа энэхүү Хүний эрхийн мэдрэмжгүй Хөдөлмөрийн харилцаа нь Э.******* миний мэргэжлийн нэр төрийг гутааж, олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл санаа болон санхүүгийн хувьд үнэхээр их хохироож байгаад би маш гомдолтой байна.
Энэхүү байгууллагад ажиллаж байх хугацаандаа би өөрийн хувийн аж амьдралын чухал асуудлуудаа хойшлуулан ажлын бус цагаар ажилласан, надад олдсон зарим боломжуудаасаа татгалзан байж би Бринкс Монгол компанийн Санхүүгийн хэлтэст бөөгнөрсөн нөр их ажлыг хариуцлагатайгаар хийж гүйцэтгэсэн.
******* ******* нь худал мэдээлэл өгч анх ажилд орсон хэмээн 2024 оны 08-р сарын 26-ны өдрөөс эхлэн ерөнхий менежер *******, дэд менежер ******* нар намайг гүтгэж ажлын байрны дарамтыг үзүүлэн, улмаар ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна.
Мөн намайг ажил хөдөлмөр эрхлэх эрхгүй болгож, мэргэжлийн нэр хүндэд халдсан, хувийн мэдээллийн талаар бусдад буруу ташаа мэдээлэл тараасныг тэдний байгууллагын тамга тэмдэг ашиглан нөхөж үйлдсэн баримт, тайлбаруудаас нь харж болно.
Миний бие 2024.08.12-ны өдрөөс 2024.08.24-ний өдөр хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн, тэгээд 2024.08.26-ны өдөр 1 дэх өдөр ажилдаа орохоор 13 дугаар хороололд байдаг оффис дээрээ ирсэн. Ажил дээр тооцооны нягтлан, Мөнхдэлгэр, Чимэгээ гэсэн 3 хүн ирсэн байсан, би ажлынхаа лак тагийг авах гэтэл ******* менежерт байгаа, ирэхээрээ өгнө гэсэн. Тэгж байтал 11 цагийн үед Чимэгээ менежер намайг дуудаад ******* менежер өөртэй чинь цаашдаа хамт ажиллах сонирхолгүй гэсэн учир цаашид ажиллуулахгүй гэхэд нь учрыг асуутал ******* менежер өөрөө 13 цагт ирээд тайлбарлана гэсэн боловч ирээгүй тул хүлээж байтал 16 цагт ирсэн боловч надтай уулзахгүй байсан.
Ингээд байж байтал Чимэгээ менежерийн өрөөнөөс хуульч гэх Зоригтбаатар гэдэг хүн надтай уулзана гээд цаас барьж гарч ирэхээр нь би өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг авъя гэтэл чи хаачих гэж байгаа юм, чамайг ажлаас халах шийдвэр гарсан гээд дээрэнгүй байдлаар харьцаж эхэлсэн.
Тэгээд би ажил дээрээ сууж байгаад захирал руу англи хэл дээр мэйл бичсэн. Тэгтэл Улаанхуарангийн оффист ажилладаг *******а гээд эрэгтэй хүн орж ирээд өндөр дуугаар энэ ажлын байрыг орхи гэхэд нь яагаад ингэж өндөр дуугаар харьцаж байгаа болохыг асуусан бөгөөд тушаал гараагүй байхад намайг ажлын байрнаас хөөж дарамталсан үйлдэл гаргасан. Тэгснээ цагдаагийн хэлтэст дуудлага өгч 2 цагдаа, 3 хамгаалагчийн хамт 6 хүртэл ажил дээр байсны эцэст ажлын байрнаас гарч явсан.
Маргааш нь ажил дээрээ ирэхэд ажлын оффисын түлхүүрийг сольсон байхаар нь бүх менежер, ерөнхий менежер рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би гайхаад өмгөөлөгчийн утасны дугаар олоод яах учиртайг асуухад Дүүргийнхээ хөдөлмөрийн маргаан таслах албанд хандах, ингэхдээ байгууллагаас тушаалаа авах ёстой гэдгийг хэлж өгсөн.
Ямар шалтгаантай ингэж байгаа талаар мэйл бичиж захирал, менежерээс асуухад ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд 2024.08.31-ний өдөр надад цалин олгоогүй, учир нь би 8 сард тодорхой хэмжээнд ажилласан, энэ цалинг маань олгох ёстой гэж үзэж байна.
2024.09.03-ны өдөр өөрийнхөө хэрэглэж байсан утасны дугаар руу залгахад өмнө нь ажиллаж байсан хүн утсыг авахад нь та ажиллаж байгаа юм уу гэсэн чинь тийм ээ намайг ажиллаж өгөөч гэсэн хариу өгсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээж аваад 30 хоногийн дотор гомдол гаргаагүй гэх боловч 2024.08.26-ны өдөр ерөнхий менежер *******ийн чамайг цаашид ажиллуулах боломжгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байна гэсэн мэдэгдлийг өгсөн. Ийнхүү мэдэгдснээс гадна ажлын байрны хаалганы цоожны голыг сольчихсон зэргээс цаашид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэх нөхцөл боломжгүй болсон тул уг харилцаа дуусгавар болгосон гэж үзээд хуульд заасан хугацааны дотор Дүүргийн маргаан таслах гурван талт хороонд гомдлоо гаргасан.
Уг тогтоолд Э. гаргасан гомдлыг тодорхой тусгасан, хороо шийдвэрлэх боломжгүй шүүхээр шийдвэрлүүл гэсэн шийдвэр гарсны дагуу шүүхэд хандсан.
Намайг цалин буруу бодсон, тайлан буруу явуулсан гэх нягтлан Мөнхдэлгэрийн гарын үсэг бүхий баримтыг үндэслэл болгосон боловч ямар нэгэн нэхэмжлэл, цагийн бүртгэл нь баримттай явагддаг, бараа хүргэсэн бол харилцагчийн хүргэгчийн гарын үсэг, тамгатай байдаг. Ажилтны цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээний дагуу бодох бөгөөд ажилласан цагийг нь холбогдох менежерүүдтэй нь холбогдож баталгаажуулдаг, ээлжийн амралтын олговрыг ээлжийн амралтын тушаалын дагуу тооцдог.
Харилцагч руу нэхэмжлэл илгээхдээ харилцагчтай байгуулсан үнийн санал зэргийг хардаг. Монгол банктай холбоотой надад нэг ч гэрээ үзүүлээгүй үүнийг нь тодруулж асууж байсан.
Анх ажилд авахдаа өмнө ажиллаж байсан байгууллагынхаа тодорхойлолтыг авчир гэсний дагуу өгсөн, түүнийг аваад холбогдох албан тушаалтнууд өөрсдөө, түүнчлэн дээд, дээд шатныхаа удирдлага, хариуцсан захиралд танилцуулсны үндсэн дээр боломжтой гэж үзээд ажил авсан.
Гэтэл өнөөдөр ажлаас халсан тушаал, түүнийхээ үндэслэлийг ажилд ороход шаардлагатай мэдээллийг худал мэдүүлсэн гэж байгааг зөвшөөрөхгүй, хэрэв ажилд орохдоо шаардлагатай мэдээллийг худал мэдүүлсэн бол тухайн үедээ ажилд авахгүй байх боломжтой байсан.
Нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг шаардаагүй, шаардсан гэдгээ хариуцагч нь 1 хавтаст хэргийн 98-101 талд Бринкс Монгол гэх чатанд бичигдсэний дагуу гэдгийг бүх ажилтнаас шаардсан гэдэг, гэтэл уг чатанд Э.******* байдаггүй, үүнээс үзэхэд тэрээр үүнийг олж мэдээгүй болж таарч байна. Албан ёсоор гэдгийг компанийн удирдлагын зүгээс албан бичиг, ямар нэгэн байдлаар өгөхийг шаардсан баримтгүй. Гэтэл дэд захирал мэдүүлэхдээ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээллийг шинэчлэх зорилгоор шаардсан гэсэн. Үүнээс үзэхэд уг лавлагаа нь ажилласан жил, ямар байгууллагад ажиллаж байсан, хэдэн сар ажиллаж байгааг харах зорилготой бус зөвхөн тэр хүний датаг шинэчлэх, тодруулбал мэдээллийг шинэчлэх зорилгоор шаардсан байгаа нь ажилд ороход шаардлагатай үндсэн мэдээлэл гэдэгт хамаарахгүй болж байна.
Тэгэхээр хөдөлмөрийн гэрээний 8.5.1-д заасныг зөрчсөн гэдэг нь энэ үндэслэлд хамаарахгүй, харин үүнд зааснаас бусад буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцааг цуцлах үндэслэлийг тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй, тайлбарт дурдсан зүйл нь ноцтой зөрчилд хамаарахгүй байна.
Цагийн бүртгэл, цалингийн тооцоололыг санхүүгийн менежер нэгтгэдэг болохоос, түүнд хяналт тавих үүрэг байхгүй, тухайн хэлтэс бүрийн дэд менежерээс гаргаж ирсэн цагийн тооцооллыг ******* нэгтгэдэг, ийнхүү нэгтгэсэн тооцоололыг ерөнхий менежер болон дэд менежер хянуулсны эцэст тэдгээр хүмүүс зөв байна гэж үзсэний дараа дараагийнхаа цалингийн тооцооллыг гаргаж, цалингаа тавьдаг.
Түүнээс биш шууд ажилтнуудын ажилласан цагийг программаас татаж аваад ажилласан цагийг тооцоод цалин тавих талаар ганцаараа, өөрөө, бие дааж тооцоо гаргасан зүйл байхгүй, хяналт хэрэгжүүлдэг удирдлага байсаан зөвхөн Э.Уянгыг ажилласан цагийн тооцоо, цалингийн тодорхойлолтыг буруу гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнээс гадна санхүүгийн анхан шатны баримтыг хариуцагчийн зүгээс мөн шинжээчийн зүгээс аль аль нь тайлбарлаж чадахгүй, өөрөөр хэлбэл зөрчил нь нотлогдохгүй байна.
Иймд ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/94 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Санхүүгийн менежерийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэлд 58, 287, 909 төгрөг гаргуулах, тухайн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрээр нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Ажилгүй байгаа хугацааны цалин хөлсний олговрыг дараах байдлаар тооцсон болно. Үүнд:
1. 2024 оны 09 сард ажлын 2 өдөр байна. 1 сарын цалин 6,500,000 төгрөг бөгөөд үүнээс ажилласан 2 өдрийн цалин 590,909 төгрөг, хоолны мөнгө 12,000 төгрөг гэж тооцвол 24,000 төгрөг, шатахууны зардал 100,000 төгрөг, нийт 714,909 төгрөг,
2. 2024 оны 10 сард ажлын 23 өдөр байна. 1 сарын цалин 6,500,000 төгрөг, хоолны мөнгө 12,000 төгрөгөөр тооцож 276,000 төгрөг, шатахууны мөнгө 100,000 төгрөг, нийт 6,876,000 төгрөг,
3. 2024 оны 11 сард ажлын 20 өдөр байна. 1 сарын цалин 6,500,000 төгрөг, хоолны мөнгө 12,000 төгрөгөөр тооцон 240,000 төгрөг, шатахууны мөнгө 100,000 төгрөг 6,840,000 төгрөг,
4. 2024 оны 12 сард ажлын 21 өдөр байна. 1 сарын цалин 6,500,000 төгрөг, хоолны мөнгө 12,000 төгрөг, шатахууны мөнгө 100,000 төгрөг, нийт 252,000 төгрөг 6,852,000 төгрөг, мөн жилийн эцсийн урамшуулал 1 сарын цалинтай тэнцэх урамшуулал буюу 6,500,000 төгрөг,
5. 2025 оны 01 сард ажлын 22 өдөр ажилласан байна. 1 сарын цалин 6,500,000 төгрөг, хоолны мөнгө 12,000 төгрөгөөр тооцон 264,000 төгрөг, шатахуун 100,000 төгрөг, нийт 6,864,000 төгрөг,
6. 2025 оны 02 сард ажлын 17 өдөр байна. 1 сарын цалин 6,500,000 төгрөг, хоолны мөнгө 12,000 төгрөгөөр тооцон 204,000 төгрөг, шатахуун 100,000 төгрөг, нийт 6,804,000 төгрөг,
7. 2025 оны 03 сард ажлын 20 өдөр байна. 1 сарын цалин 6,500,000 төгрөг, хоолны мөгө 12,000 төгрөгөөр тооцон 240,000 төгрөг, шатахуун 100,000 төгрөг, нийт 6,840,000 төгрөг,
8. 2025 оны 04 сард ажлын 22 өдөр байна. 1 сарын цалин 6,500,000 төгрөг, хоолны мөгө 12,000 төгрөгөөр тооцон 264,000 төгрөг шатахуун 100,000 төгрөг, нийт 6,864,000 төгрөг,
9. 2025 оны 05 сард ажлын 20 өдөр байна. Үүнээс 9 өдөр ажилласан ба цалин хоолны мөгө 12,000 төгрөгөөр тооцон 108,000 төгрөг 2,925,000 төгрөг, шатахуун 100,000 төгрөг, нийт 3,133, 000 төгрөг буюу бүгд 58,287,909 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь өмгөөлөгч Л. хамт татгалзлынхаа үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Э. Бринкс Монгол *******-д холбогдуулан гаргасан Ажилд эргүүлэн тогтоолгон ажилгүй байсан хугацааны цалин 58,287,909 төгрөг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгал нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх, 2024/94 тоот захирлын тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Э.******* нь Бринкс Монгол *******-д 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Санхүүгийн менежерийн албан тушаалд туршилтын хугацаагаар ажилд орсон ба Компанийн Гүйцэтгэх Захирлын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/94 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон.
Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус компанийн санхүү нь замбараагүй, тайлан мэдээ нь хүлээгдсэн, бүртгэлийн систем нь алдаатай, ажилчдын цалин , ЭМ, НДШ-ийг буруу бодож тайлан тушаасан, ажпын ачаалал маш их байсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй бөгөөд Э.Уянгыг ажилд орох үед манай компанийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан.
Түүнээс бус Э.******* нь ажилд ороод эмх замбараагүй байсан санхүүгийн үйл ажиллагааг засч сайжруулсан зүйл огт байхгүй ба тэрээр хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон өөрийн хариуцсан, хийх ёстой ажил үүргээ гүйцэтгэсэн.
Харин Э.******* нь ажиллах хугацаандаа компанийн Дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ болон бусад хэм хэмжээнд заасан үүргээ зөрчиж, Хөдөлмөрийн гэрээнд заасан дараахь ноцтой зөрчлийг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Тухайлбал:
Э.******* нь Хөдөлмөрийн гэрээний 8.5.1 дэх заалтыг зөрчиж анх ажилд орохдоо шаардлагатай үндсэн мэдээллийг дутуу худал мэдээлсэн.
Ажилтны анкетыг үнэн зөв бөглөөгүй, тус компанид ажилд орохоос өмнө ажиллаж байсан ажил эрхлэлтийн байдал дутуу худал мэдээлсэн.
Компанид ажилд ороход шаардлагатай баримт бичиг болох Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тодорхойлолт лавлагааг Хүний нөөцийн менежер олон удаа шаардсан боловч гаргаж өгөөгүй болно.
Тиймээс урьд нь хэдэн газар, хэрхэн ажиллаж байсан талаархи мэдээлэл, тодорхойлолтыг ажил олгогч авах боломжгүй байсан ба Э.******* нь анкет дээр дутуу, худал мэдээлэл бичиж ажил олгогчийг төөрөгдүүлсэн.
Э.******* нь Хөдөлмөрийн гэрээний 8.5.3 дэх заалтыг зөрчиж зохих ёсоор ажил үүргээ шударгаар гүйцэтгээгүй, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, Дотоод журам, дүрмээр хүлээсэн үүргээ бүрзи биелүүлээгүй, хугацаатай тайлан мэдээг удаа дараа хоцроосон бөгөөд 2024 оны 6, 7-р сарын ажилчдын цалин хөлсийг бодохдоо 6-р сард 8 ажилтны цалинг үндэслэлгүйгээр илүү тооцон бодож 3,952,174 төгрөгийн илүү цалин, 7-р сард нэр бүхий 9 ажилтны цалинг илүү тооцон бодож 4,681,062 төгрөгийн, нийт 9,288,690 төгрөгийн илүү цалин олгосон, мөн өөрийнхөө ажилласан цагийг үндэслэлгүйгээр нэмж, 06 сард 655,454 төгрөгийн илүү цалин, 07 дугаар сард 1,311,425 төгрөг, нийт 1,966,879 төгрөгийн илүү цалинг өөртөө авсан бөгөөд үүгээрээ тэрээр компанид 10,600,115 төгрөгийн хохирол учруулсан болох Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон Комиссын дүгнэлт, актаар тогтоогдсон. Энэ нь мөн аудитын дүгнэлтээр батлагдсан.
Мөн санхүүгийн буруу тооцоо, гүйлгээ хийснээс болж 6,175,349.79 төгрөгийн илүү гүйлгээ, 23,063,806.32 төгрөгийн дутуу нэхэмжлэх илгээж компанид хохирол учруулсан.
Түүнчлэн Э.******* нь Хөдөлмөрийн гэрээний 8.5.24 дэх заалтыг зөрчиж, харьцаа хандлагын доголдол гаргасан, Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн ба компанийн болон удирдах ажилтнуудын нэр хүндийг унагаах утга бүхий емэйлийг удаа дараа явуулсан, мөн олон нийтийн цахим группт пост оруулсан зэрэг зөрчлүүдийг гаргасан.
Э.******* нь намайг ажил дээр сүрдүүлж, ажилтнуудад надтай холбогдохгүй байхыг даалгасан, эрэгтэй менежер болон гадны хүнээр айлгуулан хөөлгүүлж зодуулах гэж оролдсон гэх мэтээр үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай зүйлүүд бичснийг зөвшөөрөхгүй байна.
Түүнчлэн тушаалд дурьдсан үндэслэлүүдийг шүүх дээр ирээд анх олж мэдсэн, өмнө надтай огт ярилцаж байгаагүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй, тушаалд дурьдсан зарим үндэслэлийг түүнд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бичгээр мэдэгдсэн, бусад үндэслэлийг мэдэгдэж танилцуулахад тэрээр хүлээж авахгүй тэр надад хамаагүй гэж уурлан гарч явсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, комиссгүй бол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гаргах ёстой байсан боловч Э.******* нь ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргаагүй байдаг. Түүний Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд 2024 оны 09 сарын 23-ны өдөр гаргасан гомдол нь ажлын байрны дарамттай холбоотой гомдол байсан.
Гомдол гаргах үе буюу 2024 оны 09 сарын 23-ны өдөр Э.******* ажпаас халагдаагүй байсан ба халсан талаар ямар нэг шийдвэр тушаалыг ажил олгогчоос гараагүй байсан тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасны дагуу ажлаас халсан шийдвэрт гомдол гаргаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна.
Ажлын анкетыг бөглөхдөө өмнө ажиллаж байсан байгууллагынхаа талаар өөрөө мэдсээр байж санаатай худал мэдүүлсэн, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаанаас харахад 6 байгууллагад ажилласан, гэхдээ энэ 6 байгууллагынхаа 5-д нь 1-2 сар ажилласан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 244 хуудаст нотлох баримтаар авагдсан. Эдгээр байдлаа үнэн зөвөөр мэдүүлээгүй байгааг ажил олгогчийг санаатай төөрөгдүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэв анх ажилд орохдоо энэ талаарх мэдээллээ үнэн зөв гаргаж өгсөн бол түүнийг ажилд авахгүй байх бүрэн боломжтой байсан.
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т сонгон шалгаруулалтыг зөвхөн мэдлэг, ажлын туршлага дээр суурилж хийхээр заасан, хэрэв өмнө нь 5 байгууллагад 1-2 сар ажилласан туршлагатай байсан бол журамд нийцэхгүй учраас ажилд авахгүй байсан гэдгийг зориуд тодотгож хэлж байна.
Мөн ажилтныг анх ажилд авахдаа хөдөлмөрийн дотоод журамд шинэ ажилтан хүлээж авах хөтөлбөр-т тусгаад 6.2.3-д заасан ажлын байрны тодорхойлолтыг танилцуулах, 8.1, 8.2, 8.3-д заасан гүйцэтгэх ажил үүргийг бүтэн сарын турш тодорхой болгож зааж зааварчилж, хийх ажлыг тайлант хугацаагаар тооцож, ажилчдын ирцийг хэрхэн яаж бүртгэх, хаанаас татаж авах, тооцоог хянаж, мөнгийг нь шилжүүлнэ гэсэн маш тодорхой дэс дараарал баримталдаг журамтай.
Энэ журмынхаа дагуу ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх ажлыг тодорхой болгосон байтал зориудаар өөртөө болон бусдад давуу тал олгож санхүүгийн менежерийн албан тушаалыг ашиглаж, ажлын цагийн илүү тооцооллыг гаргаж илүү цалин олгосон, мөн өөртөө авсан байна. Үүнийг комиссын акт болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-т ажилтнаас ажил олгогч хөдөлмөр эрхлэлттэй холбоотой баримт бичгийг, 4.2.2.10-т ажилтан нь ажил олгогчийн өмч хөрөнгийг зохистой хэмнэлттэй ашиглах буюу зарцуулах үүрэгтэй гэж заасныг зөрчсөн. Мөн илүү үнийн дүнгээр нэхэмжлэл бусдад явуулсан нь ажил олгогчийн хөрөнгийг зохисгүй зарцуулж байгаа нь, дутуу нэхэмжлэл явуулж байгаа нь хэмнэлтгүй зарцуулалт болж хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн, өөрөөр хэлбэл ажил олгогчийн ажил хэргийн нэр хүндийг унагаасан, түүнчлэн хөрөнгийг хэмнэлтгүй, эсвэл зохисгүй зарцуулсан хэлбэрийг илэрхийлж байгаа юм.
Тийм учраас зөвхөн энэ хоёр үндэслэл нь хангалттай сахилгын ноцтой зөрчил болох бөгөөд Э.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.5.1, 8.3.5-т заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлтэй.
Дээр дурьдсан сахилгын зөрчлийг Э.******* гаргасан нь тогтоогдож байх тул Компанийн Гүйцэтгэх Захирлын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/94 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Э.******* нь намайг ажил дээр сүрдүүлж, ажилтнуудад надтай холбогдохгүй байхыг даалгасан, эрэгтэй менежер болон гадны хүнээр айлгуулан хөөлгүүлж зодуулах гэж оролдсон гэх мэтээр үндэслэлгүй гүтгэлгийн чанартай зүйлүүд бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд дээрхи үндэслэлээр ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/94 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг Санхүүгийн менежерийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдэлд 58,287,909 төгрөг гаргуулах, тухайн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрээр нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Э. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шинжээч Миндүг аудит *******-ийн гүйцэтгэх захирал Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүгчийн захирамжаар Бринкс Монгол *******-ийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001 тоот комиссын тайлан үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах шинжээчээр томилогдсоны дагуу аудитын дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг тус компанийн 2024 оны санхүүгийн анхан шатны баримт дээр тулгуурлан холбогдох хуульд нийцүүлэн, асуултын хүрээнд гаргасан.
Дээр дурдсан Бринкс Монгол *******-ийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001 тоот комиссын тайланг үндэслэлтэй гэж үзсэн.
Хэрэв энэхүү дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол мэргэжлийн өөр хөндлөнгийн аудит томилуулан шалгуулах боломжтой бөгөөд санхүүгийн анхан шатны баримтыг тулган баталгаажуулчихсан баримтыг Олон улсад хүлээн зөвшөөрдөг.
Аудитын дүгнэлт гаргасантай холбоотой баримтыг дүгнэлтэд нэгбүрчлэн жагсааж тусгасан гэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох:
4а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э. иргэний үнэмлэхийн хуулбар, Бринкс монгол *******-ийн гүйцэтгэх захирлын 2024.02.09-ний өдрийн 2024/11 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулах, албан тушаалд томилох тухай тушаалын хуулбар, талуудын хооронд 2024.05.08-ны өдөр байгуулагдсан А-2024/05-2 тоот хөдөлмөрийн гэрээ, 2024.02.09-ний өдрийн ЕА-2024/02-3 тоот Хөдөлмөрийн гэрээ, Бринкс монгол *******-ийн гүйцэтгэх захирлын 2024.09.26-ны өдрийн 2024/94 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024.10.04-ний өдрийн №40 тоот тэмдэглэл, Э. Санхүү эдийн Засгийн дээд сургуулийн дипломын хуулбар, мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээний хуулбар, өргөмжлөл, сургалтын гэрчилгээний хуулбар, нэхэмжлэл ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын лавлагаа, Э. цалингийн задаргаа, Трансвест монгол *******-ийн 2021.04.06-ны өдрийн №21046/53 тоот тодорхойлолт, Лхамур Монгол *******-ийн 2021.03.09-ний өдрийн тодорхойлолт, ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2024.07.30-ны өдрийн 2024/81 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Э. ******* *******-ийн Удирдлага хүний нөөцийн албанд гаргасан хүсэлт, Э.*******ас ******* *******-руу явуулсан имэйл, 2025.01.13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүгийн офицер Д/Ч Н.Хүрэлтулгын илтгэл хуудас, өргөдөл мэйл, Э. анкет,Монгол Улсын Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2025.01.29-ний өдрийн 08/17 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, өмгөөлөгч С.Эрдэнэсайхантай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ихэсгэсэн шаардлага / 1хх 1-35, 104-110, 114-138, 146-148, 247, 2 хх 61/,
4б. Хариуцагчаас ирүүлсэн: ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.11.22-ны өдөр Б.т олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Э. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр Халамжийн газрын маргаан таслах 3 талт хороонд 2024.09.23-ны өдөр гаргасан гомдлын хуулбар, гүйцэтгэх захирлын 2024.08.26-ны өдрийн 2024/93-1 тоот Комисс байгуулах тухай тушаал, 2024.09.17-ны өдрийн 001 тоот Ажил шалгасан комиссын тайлан /дүгнэлт/, түүнд хавсаргасан хавсралт, 2024.08.26-ны өдрийн 16 тоот Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2024.09.25-ны өдрийн №17 тоот Захиргааны зөвлөлийн /Менежерүүдийн / хурлын тэмдэглэл, 2024.08.26-ны өдрийн 2024/01 тоот Мэдэгдэл, түүнйи хуулбар, магадлан шалгалтын тайлан, сахилгын шийтгэлийн хуудасны хуулбар, өмгөөлөгч Л.Баасанжавыг оролцуулах хүсэлт, гүйцэтгэх захирал Гарри Жерард Фрийдман 2023.03.06-ны өдөр Б.*******т олгосон итгэмжлэл, Э. анкет, ******* *******-ийн хөдөлмөрийн дотоод журам, гүйцэтгэх захирлын 2023.11.01-ний өдрийн 2023/029 тоот Цалингийн системд өөрчлөлт оруулах тухай тушаал, 2023.12.26-ны өдрийн 2023/037 тоот Томилолтын төсөвт өөрчлөлт оруулах тухай тушаал, 2024.04.22-ны өдрийн 2024/39 тоот Цалин, нэмэлт олговорт өөрчлөлт оруулах тухай тушаал, Э. ажилд орохыг хүссэн хүсэлт, Үйл ажиллагааны болон санхүүгийн менежерийн ажлын байрны тодорхойлолт, санхүүгийн менежерийн ажлын байрны тодорхойлолт, /1хх 43-45, 54-79, 87, 101-103, 164-241, 2хх 27-32, 56-60, 196-199/,
4в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Ниймгийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн Э. нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Миндүг аудит *******-аас ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжийн хуулбар, Д.*******, К.Айнур, Д.Батжаргал, Б.******* Г.******* нарыг гэрчээр асуусан зүйлийн тэмдэглэл, мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 242-246, 2 хх 16-23, 41-46, 63-81, 96-195/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* *******-д холбогдуулан
******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/94 тоот тушаалыг хүчингүй болгож, Санхүүгийн менежерийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, олговорт 58,287,909 төгрөг гаргуулах, тухайн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрээр нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* *******-д 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс Санхүүгийн хэлтэст Санхүүгийн менежер-ээр 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй тул тэдний хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзнэ.
4а. Хэрэгт, талуудын хооронд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 3 сарын туршилтын хугацаатай байгуулагдсан ЕА-2024/02-3 тоот, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 3 сарын хугацаатай байгуулагдсан ЕА-2024/05-02 тоот хөдөлмөрийн гэрээ тус тус авагдсан. /1 хх 7-14/
4б. 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ЕА-2024/05-2 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-т Гэрээний хугацаа 3 /гурав/ хүртэл сар байна.
2.2.2-т Туршилтын болон дагалдан ажиллах хугацаа дуусгавар болсноор эсхүл түүнээс өмнө ажилтны гүйцэтгэлийн тайлан, удирдлагын үнэлгээ дүгнэлтэд үндэслэн ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг ажил олгогч шийдвэрлэнэ. Туршилтын болон дагалдан ажиллах хугацааг дуусгавар болгон, үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нөхцөлд энэ тухай ажилтанд бичгээр мэдэгдэх ба хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсанд тооцно гэж тусгасан байна.
5. ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/94 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 19.4.3, 19.4.1.8, Хөдөлмөрийн гэрээний 8.5.1, 8.5.3, 8.5.11, 8.5.12, 8.5.19, 8.5.2 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.
5а. Талуудын хооронд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-т ажилтны гаргасан дараах үйлдэл, эс үйлдлийг ноцтой зөрчил-д тооцож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-т заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах сахилгын шийтгэл ногдуулахаар тусгасан.
5б. Энэхүү гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.1-т Ажилд ороход шаардлагатай үндсэн мэдээллийг худал мэдээлсэн эсхүл материалыг хуурамчаар бүрдүүлж өгсөн, 8.5.2-т Хөдөлмөр эрхлэх хугацаандаа ажил үүргийнхээ талаар аливаа тайлан, дүгнэлт, бусад мэдээлэл, материалыг худал мэдээлсэн, хуурамчаар бүрдүүлж өгсөн, ажил үүргийн дагуу завдсан; олж авсан мэдээллийг хувийн зорилгоор ашигласан, эдгээр үйлдлийг хийхийг оролдсон, завдсан, 8.5.3-т Хариуцсан ажил, үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй, ажлын ажлын байрны бүрэн биелүүлээгүй; тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод дүрэм, журмаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, 8.5.11-тКомпанийн эд хөрөнгө эсхүл Ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо эсхүл санхүүгийн ашиг олох үүднээс урвуулан эсхүл хэтрүүлэн ашигласан, ашиглахыг оролдсон, завдсан; 8.5.12-т Мөнгө буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан Ажил олгогчийн итгэл алдсан, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, түүнд халдах оролдлого гаргасан, бусдаас иймэрхүү оролдлого гаргахад тусалсан, Ажил олгогчийн болон харилцагчийн нууц, дансны мэдээлэл задруулсан, ажлын хамааралгүй дансанд нэвтэрсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь тогтоогдсон, 8.5.19-тХамтран ажиллагчаа бүдүүлэг үг хэллэгээр доромжилсон, биеийн хүчээр дарамталсан болон бэлгийн дарамт учруулсан, учруулахыг оролдсон, завдсан үйлдэл гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчилд хамааруулсан.
6. Хариуцагч ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2024.08.26-ны өдрийн 2024/93-1 тоот Комисс байгуулах тухай тушаалаар Санхүүгийн үйл ажиллагаа болон 2 сараас 8 сар хүртэлх санхүүгийн тооцоо, гүйлгээнд шалгалт хийх, санхүүгийн менежер Э. тус компанид ажиллаж байх хугацаанд хийсэн ажил, гүйлгээнүүдийг шалган баталгаажуулж, дүгнэлт гаргах комиссыг Дэд менежер Д.*******, Аюулгүй байдал хариуцсан дэд менежер Г.*******, Нягтлан бодогч М.Мөнхдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. /1хх 60/
6а. Дээрх тушаалын дагуу байгуулагдсан комисс 2024.08.27-2024.09.13-ны хооронд шалгалтыг хийж, 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр №001 тоот тайлан дүгнэлт гаргаж, уг дүгнэлтээр Ажилчдын цалинг 6,7 саруудад илүү тооцоолж олгосон, Э.******* өөрийн ажилласан цагийг илүү тооцоолж олгосон, харилцагч руу илүү дүнгээр нэхэмжлэл илгээсэн, харилцагч руу дутуу дүнгээр нэхэмжлэл илгээсэн, харилцагчтай зүй бусаар харьцаж байсан зэрэг зөрчил гаргасан гэжээ. /1 хх 61-68/
6б. Хариуцагчийн зүгээс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/01 тоот мэдэгдлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 14.7.5.2, 19.4.1.8, 2024.05.08-ны өдөр байгуулагдсан 2024/05-02 тоот хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5.1-т тус тус заасны дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгохыг мэдэгдсэн байна. /1хх 73-74/
6в. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр №001 тоот тайлан дүгнэлтэд Аудит томилуулан дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2025.02.11-ний өдрийн 191/ШЗ2025/07623 дугаар захирамжаар дээрх тайлан дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргах шинжээчээр Миндүг аудит *******-ийг томилсон. /1 хх 152-156/
6г. Шинжээч Миндүг аудит *******-ийн дүгнэлтээр: -Ажилчдын цалинг 7,942,846.86 төгрөг илүү бодож, тухайн цалинд ногдох ажил олгогчоос төлөх нийгмийн даатгал илүү тооцож төлсөн, -Э.******* ... 2024 оны 06 сард 17 цагийн илүү цагийн цалин болох 896,399 төгрөгийн, ...2024 оны 07 сард 19 цагийн илүү цагийн цалин болох 1,471,387 төгрөгийн,...нийт 2,367,786 төгрөгийн илүү цалинг илүү тооцож олгосон, -2024 оны 06-р сарын 27-ны өдөр харилцагч ХХБанк руу 4,785,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэхийг 10,960,349.79 төгрөгөөр нэхэмжлэл /Зөрүү 6,175,349.79 төгрөг илүү/ илгээсэн байх ба 2024 оны 10-р сарын 09-ний өдөр харилцагч байгууллагатай харилцан тооцоо нийлж баталгаажуулсан, -2024 оны 07-р сарын 19-ний өдөр Монгол банк руу 748 кг ачааны 116,539,173.12 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх хүргүүлэх байсныг 600 кг ачааны нийт 93,475,366.80 төгрөгийн нэхэмжлэх бичиж, 23,068,806.32 төгрөгийн дутуу нэхэмжлэх хүргүүлснийг 2024 оны 07-р сарын 31-ны өдөр залруулж нэхэмжилсэн боловч 2024 оны 08-р сарын 05-ны өдөр Монгол банк нь ******* *******-ийн ХААН банкин дахь 5010022437 тоот харилцах дансанд 93,475,366.80 төгрөг шилжүүлэн 23,068,806.32 төгрөг дутуу төлбөр орсон, - Харилцагчтай зүй бусаар харьцаж байсан гомдлууд зэрэгтэй холбоотой хангалттай нотлох баримт ирүүлээгүй байна гэжээ. /2хх 16-23, дүгнэлттэй холбоотой баримт/
7. Зохигчийн тайлбар, ******* *******-ийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр №001 тоот тайлан дүгнэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дах шинжээч Миндүг аудит *******-ийн дүгнэлтээр Э.******* нь 2024 оны 6,7 сард нэр бүхий 17 ажилтны цалинг 7,942,846.86 төгрөгөөр, өөрийн 2024 оны 6,7 сарын илүү цагийн цалинг 2,367,786 төгрөгөөр тус тус илүү тооцсон, харилцагч руу илүү болон дутуу дүнгээр нэхэмжлэл илгээсэн үйл баримт тогтоогдож байна.
7а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй бөгөөд Миндүг аудит *******-ийн дүгнэлттэй холбогдуулан хүсэлт гаргаагүй болно. /2хх 74-77/
7б. Дээр дурдсан тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* *******-ийн санхүүгийн хэлтэст санхүүгийн менежерээр ажиллаж байх хугацаандаа 2024 оны 6,7 сард нэр бүхий 17 ажилтны цалинг илүү бодож олгосон, мөн өөртөө 2024 оны 6,7 сарын илүү цагийн цалинг илүү тооцож олгосон, харилцагч руу илүү болон дутуу дүнгээр нэхэмжлэл илгээсэн зөрчил гаргасан болохыг ажил олгогч нь өөрөө шалгаж тогтоосон, ийнхүү тогтоосны үндсэн дээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
7в.Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээний 8.5.3, 8.5.11, 8.5.12-т тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарах бөгөөд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацаанд зөрчлийг илрүүлж, сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээг авсан байна.
7г. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар зөрчлийн талаар урьдчилан мэдэгдэж, 2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн №001 тоот тайлан дүгнэлтийг ажил олгогч танилцуулаагүй, тайлбар аваагүй гэж тайлбарласан боловч тэрээр уг баримттай танилцахаас татгалзсан болох нь гэрч Б.*******ийн мэдүүлгээр тогтоогдож байхаас гадна энэ нь нэхэмжлэгчийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчлийг үгүйсгэх, түүнчлэн тухайн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй юм.
8. Хариуцагч ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/81 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалаар нэхэмжлэгч Э.*******д 2024.08.12-ны өдрөөс 2024.08.24-ний өдөр хүртэл 10 хоног ээлжийн амралттай байсан, түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үед 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дээрх хугацаа дуусгавар болсон байжээ.
8а. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүргийг хүлээхгүй.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.7-т зааснаар маргалдагч тал нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах, уг байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
9а.Ажил олгогчоос, ажилтанд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг танилцуулж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шуудангаар хүргүүлсэн, ажилтан 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэрийн талаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан, тус хороо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-т заасны дагуу уг маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул дуусгавар болгосон. /1 хх 17-19/
9б.Нэхэмжлэгч нь уг шийдвэрийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээж авснаар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасантай нийцжээ. /1 хх 3/
Үүнээс үзэхэд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
10. Иймд ажил олгогч нь ажилтны гаргасан хөдөлмөрийн гэрээгээр ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон зөрчлийг олж тогтоосны үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх тул хариуцагч ******* *******-д холбогдох,
гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/94 тоот тушаалыг хүчингүй болгож, Санхүүгийн менежерийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, олговорт 58,287,909 төгрөг гаргуулах, тухайн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрээр нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Э. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг тус тус баримтлан хариуцагч хариуцагч ******* *******-д холбогдох,
******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/94 тоот тушаалыг хүчингүй болгож, Санхүүгийн менежерийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт 58,287,909 төгрөг гаргуулах, тухайн хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрээр нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Э. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлйин 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ