| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0501/Э |
| Дугаар | 514 |
| Огноо | 2018-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 514
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч А.Мөнхзул,
Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Уийн Бт холбогдох 1808016720619 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын өртөөний жижүүр, найруулагч мэргэжилтэй, “...” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Уийн Б /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
У.Б нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын гадна талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “найз М.Гтамхи асуухад байхгүй гэж хэлсэн асуудлаас болж” маргалдан улмаар түүний толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж, нүдэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч М.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 10-ны орой Баянгол дүүрэгт гэртээ байж байтал манай найз болох Б нь 20 цагийн орчим утсаар яриад У, Н, Бнартай хамт хөзөр тоглож байна, хүрээд ир гэхээр нь би очсон. Содон хорооллын байрны гадаа явж очоод Б руу залгаад би ирчихлээ гэтэл надад байгаа газраа зааж өгсөн. Очтол Соната-5 маркийн машинтай зогсож байсан. Тэд нар архи ууж байсан. Машинд нь дөнгөж суугаад байж байтал Б надаас тамхи байна уу гэхээр нь би байхгүй гэсэн чинь Б чи надаас 250 төгрөгний тамхи харамлаад байхдаа яадаг юм, хөгийн арчаагүй новшийн зантай пизда гэж хэлэхээр нь би зүгээр “чи намайг ингэж хэлдэг ер нь хэн юм бэ” гээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгтэл Б намайг машинаас буу гээд хөөхөөр нь би машинаас буутал Б бас хойноос буугаад ирсэн. Тэгээд Б шууд миний зүүн нүдний доор шанаа хэсэгт гараараа 1 удаа цохьсон. Би шууд доошоо тонгойсон. Тэгтэл Б, тэр дүү нь гэх залуу 2-ын нэгнийх нь хөл миний зүүн нүдний яг доор нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд бас дагз руу 1-2 удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх 23-26 х/,
2.Шүүгдэгч У.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр найз Н, дүү Б нарын хамтаар Уыг аваад миний эзэмшлийн 99-46 УНЭ улсын дугаартай саарал өнгийн Соната-5 маркийн машинтай “Содон” хороолол дахь Уын байрны гадаа зогссон. Тэгээд удалгүй Батхүү, У нар нэмэгдэж ирээд бид нар архи уусан. Г руу яриад Гантулгыг дуудсан. Тэгээд би Гд хандаж чи одоо найзууд дундаа муухай зан гаргахаа болиоч гэж хэлтэл Г надад уурлаад чамд ямар хамаатай юм бэ, чи юу юм бэ гээд над руу уурлаад бид 2 маргалдсан. Маргалдаж байгаад Г машинаас түрүүлж буухаар нь би хойноос нь буугаад бид 2 хоорондоо барьцалдаж аваад харилцан зодолдсон. Манай дүү Б бид 2-ыг салгасан. Би Г нүүр рүү гараараа цохьсон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх 66-67 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
5.Гэрч М.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад У над руу залгаад Н, Б, Бнарын хамт байна гэхээр нь Содон хорооллын гадаа явж очтол Бын машин дотор боөндөө сууж байсан. Миний дараа Г ирсэн. Тэгээд бид нар юм яриад байж байтал Г, Б 2 гэнэт маргалдаад гарч уулзъя гээд машинаас буусан. Тэгээд байж байхад Б Б, Г 2 зодолдоод байна гэж хэлээд машинаас шууд буусан. Бид нар хамтдаа буухад Б, Г 2 зууралдаад зогсож байсан. Г хамарнаас цус гарсан байдалтай байсан. Яг ямар шалтгаанаар маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Б нь Гантулгыг ерөөсөө цохиогүй ...” гэх мэдүүлэг /хх 33-34 х/,
6.Шинжээчийн 3533 тоот дүгнэлт
1.М.Г биед тархи доргилт, зүүн нүдний дотор булан, доод зовхи,
хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүилийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх
дүгнэлт /хх 15 х/,
7.У.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35, 36 х/
8.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38 х/
9.Хохирол төлсөн баримт /хх 60 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
У.Б нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын гадна талбайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “найз М.Гтамхи асуухад байхгүй гэж хэлсэн асуудлаас болж” маргалдан улмаар түүний толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж, нүдэн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М.Г “...Тэгээд Б шууд миний зүүн нүдний доор шанаа хэсэгт гараараа 1 удаа цохьсон. ... Тэгээд бас дагз руу 1-2 удаа цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх 23-26 х/,
Шүүгдэгч У.Б “...Маргалдаж байгаад Г машинаас түрүүлж буухаар нь би хойноос нь буугаад бид 2 хоорондоо барьцалдаж аваад харилцан зодолдсон. Манай дүү Б бид 2-ыг салгасан. Би Г нүүр рүү гараараа цохьсон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх 66-67 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Б.Нн “...Б нь Б, Г 2-ыг хоорондоо зодолдоод байна гэхээр нь бид бүгдээрээ буусан. ... Г хамарнаас цус гарсан байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х/,
Гэрч Б.Б.Уын “...Тэр 2 босоогоороо зууралдчихсан байсан. Г хамраас нь цус гарсан байсан. ... Тухайн үед тамхинаас болоод маргалдаж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х/,
Гэрч М.Уын “...Г 2 зууралдаад зогсож байсан. Г хамарнаас цус гарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 33-34 х/,
Шинжээчийн 3533 тоот дүгнэлт.
1.М.Г биед тархи доргилт, зүүн нүдний дотор булан, доод зовхи,
хацарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүилийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гзмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх 15 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:
У.Б М.Г зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.
Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол М.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь У.Б түүнийг цохиж, зодсоноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 15 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч У.Б өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. У.Б хуулиар тогтоосон насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, У.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч М.Г эмчилгээний зардалд 200,000 төгрөг авсан болох нь хохирол төлсөн баримт /хх 60 х/-аар тогтоогдсон тул У.Быг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн гэж шүүх үзсэн.
У.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Уийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан У.Бт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан У.Бт мэдэгдсүгэй.
5.У.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 200,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ