Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2026/0386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Т.Гангэрэл, Ц.Должинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар О.Э******* нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х, 21-р хороо, 64-44 тоотод оршин суух хаягтай, Монгол ургийн овогтой О Э,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар.

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газарт 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хандсан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газарт даалгаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар надад олгосон 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг өөрчилж, О.Э миний цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх миний ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн мөрдөгч, түүнтэй адилтгах албан тушаалын 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Г.М, иргэдийн төлөөлөгч О.Ц******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Эрдэнэсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Би 2023 онд өндөр насны тэтгэвэрт гарсан ба Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу миний гаргасан өргөдлийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 тушаалаар надад 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас миний Хаан банкны дансанд 1120793 /нэг сая нэг зуун хорин мянга долоон зуун ерэн гурав/ төгрөгийг шилжүүлж олгосон.

1.2.Иргэний хуулийн 510 дугаар зүйл, 498 дугаар зүйлийн 498.2, 498.5, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Цагдаагийн Ерөнхий газраас надад 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үүрэгтэй боловч олгоогүй бөгөөд 21 жилийн дараа би өөрөө өргөдөл гарган материал бүрдүүлж өгсний дараа 1120973 төгрөгийг олгосон нь тухайн үед /жишээ нь: 2003 онд Улаанбаатар хотын төвд Баянгол дүүргийн Ханбүргэдэйн 15 дугаар байранд нэг өрөө байрыг сарын 40.000 төгрөгөөр түрээсэлж амьдардаг байсан ба энэ мөнгөөр 28 сарын түрээс буюу 2 жил 4 сарын түрээс байсан авч өнөөдөр уг байрыг сарын 800.000 төгрөгөөр түрээсэлж байна/ олгосон бол амьдралд нэлээдгүй санхүүгийн дэмжлэг болохоор мөнгө боловч өнөөдрийн нийгэмд бодит байдал дээр нэг өрөө байрны 2 сарын түрээс хүрэхгүй мөнгө байгаа нь хэтэрхий өрөөсгөл бодит байдалд нийцэхгүй байх тул Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн гол зорилго болох амьдралын чанарт нөлөөлөхүйц тэтгэж дэмжих бодлого илтэд алдагдаж байгаа.

1.3.Би 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагад хандан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу надад олгосон тэтгэмжийг одоогийн бодит ханшаар тооцон олгоно уу гэж өргөдөл гаргасан боловч надад ямар нэгэн хариу өгөөгүй 30 хоногийн хугацаа өнгөрсөн, миний өргөдлийн хугацааг сунгасан талаар надад ямар нэгэн хариу өгөөгүй учир Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандаж байгаа юм.

1.4.Миний бие өмнөх шүүх хуралдаанд гаргасан О.Э надад 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны Б/1305 дугаар тушаалд заагдсан хэмжээг одоогийн мөрдөн байцаагчийн алин хөлсний өнөөгийн ханшаар тооцож олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах гэж тодорхойлсон шаардлагаа одоо ч хэвээр гэж үзэж байна.

1.5.Цалин хөлс гэдэг нь тухайн тэтгэмж авах эрх үүссэн үеийн цалин хөлс гэж үзэж байна. Энэ эрх үүссэн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх цагдаагийн жижүүрийн мөрдөн байцаагчийн буюу мөрдөгчийн цалин хөлсөөр тооцох аваас дээрх хуулийн зорилгод нийцнэ.

1.6.Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар надад олгосон 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг өөрчилж, О.Э миний цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх миний ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн мөрдөгч, түүнтэй адилтгах албан тушаалын 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хоёр.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар нэхэмжлэгч О.Э******* надад олгосон 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг О.Э******* биеийн цалин тэтгэмж тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх миний ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч буюу мөрдөн мөрдөгчийн цагдаагийн ахмад цолтой алба хаагчийн эсвэл түүнтэй адилтгах албан тушаалын зэргийн цолтой 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмж олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалган шийдвэрлэж өгнө үү

2.2.Өмнөх шүүх хурал ямар болсон талаар би сайн мэдэхгүй байна. Саяхан 3 хоногийн өмнө гадаад улс руу яваад ирсэн. Миний ойлгосноор нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох шаардлагатай гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан. Тэгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосны дараа бид одоо энэ шатанд явж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгохдоо өмгөөлөгчтэйгөө ярилцаж зөвлөлдөөд, ер нь өмнө гаргасан шаардлага дээрээ тогтож байх нь зөв гэж үзсэн. Илүү өөрчлөх шаардлагагүй гэж бодсон. Хуулийн хэрэглээ, мэтгэлцээний асуудал дээр миний хувьд хуулийг сайн мэдэхгүй, гэхдээ эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа.

2.3.2003 оны Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагаатай холбоотой болон цалингийн тооцоолол дээр маргаан байхгүй.

2.4.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалыг хүчингүй болгуулах бус өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2.5.Тухайн хуулийн заалтыг сүүлийн 5 жилээр тооцож жирийн ажиллаж байгаа албан хаагч тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэртээ гарлаа гэж бодъё. Тэгвэл тэр хүн тэтгэмжээ авах нөхцөл үүсэж байгаа гэсэн үг. Энэ асуудал 2003 оноос хойш сүүлийн 5 жилийн ажилласан цалинг нь тооцож байгаа нь угтаа хууль өөрөө тэтгэвэрт гарах үеийн албан тушаал, тухайлбал, мөрдөгч, мөрдөн байцаагч зэрэг тухайн үеийн цалин хөлсөөр тооцно гэж үзэж байгаа. Ингээд сүүлийн 18 сарын дундаж цалинг гаргаж, мөн сүүлийн 5 жилийн үзүүлэлтээр тооцоод 18 сарын тэтгэмж олгоно гэж гэх юм бол болж байна. Тэгэхээр угтаа бол боломжтой зохицуулалт байна гэсэн үг. Миний хувьд ийм л зорилготойгоор тайлбараа гаргаж байна.

Гурав.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан яг энэ нэхэмжлэлийн шаардлагаар өргөдлөө гаргасан. Өргөдлийн хариуг өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Энэ асуудлуудыг шийдвэрлэх гээд шүүхэд хандсан байгаа.

3.2.2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж тэтгэмжийг одоогийн мөрдөгчийн цалингийн дунджаар бодож олгохыг хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэх хууль асуудлыг тогтоолгож, 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмж олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалган шийдвэрлэж өгнө үү гэсэн ийм шаардлага тавьж байгаа.

3.3.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар нэхэмжлэгч О.Э******* олгосон 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг О.Э******* цэргийн тэтгэвэр олгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар түүний ажиллаж байсан Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаах буюу мөрдөгчийн цагдаагийн ахмад цолтой албан хаагчийн эсвэл түүнтэй адилтгах албан тушаал, цэргийн цолны 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож нэг удаагийн тэтгэмж олгохыг Цагдаагийн ерөнхий газар даалгаж өгнө үү.

3.4.Сая тооцоолол дээр ямар маргаан байгаа вэ гэдэг асуудал дээр жаахан ойлгомжгүй хэлбэрээр тайлбарлачихлаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь 1,100,000 төгрөгийн тэтгэмж олгосон асуудал байгаа. Тэр тэтгэмжийн хэмжээ болон түүнийг тооцоолсон тооцооллыг дахин хянаж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь ерөнхийдөө нэхэмжлэлийн шаардлагыг агуулаад явж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд 2003 онд Цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэрт гарсан гэдэг нь тодорхой байна. Тэгэхээр 2003 оны үеийн цалингийн мэдээллийг авч, 2023 он хүртэлх сүүлийн 5 жилийн дундаж цалингаар тооцоолон нэг сая гаруй төгрөгийн тэтгэмж олгосон байна. Гэтэл энэ тохиолдолд 2003 он гэдэг нь одоогоос 23 жилийн өмнөх үе бөгөөд тэтгэмж олгох үйл явдал 2024 онд болсон гэж үзвэл, тухайн үед 22 жилийн өмнөх цалингийн суурьтайгаар тооцоолсон асуудал яригдаж байна. Ингээд харахад тухайн тэтгэмжийг 2003 онд тэтгэвэрт гарах үедээ авах боломж байгаагүй. Тухайн үеийн хуулийн зохицуулалтаар тэтгэвэрт гарах үед тэтгэмж авах нөхцөлтэй байсан бөгөөд дараа нь хуулийн өөрчлөлт орсон гэж үзэж байна.

3.5.Тэтгэмж олгосонтой холбогдуулаад 1,100,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосонтой холбогдуулаад энэ тэтгэмжийн хэмжээ нь нэхэмжлэгчийн тухайн тэтгэмж авах хуулийн зорилгод нийцэхгүй, амьдралын чанарт нь нөлөөлөхгүй байна гэсэн үндэслэлээр 2025 оны 5 дугаар сард Цагдаагийн ерөнхий газарт энэ шийдвэрийг дахин хянаж үзээд, тэтгэмжийн хэмжээг одоогийн тэтгэвэр тогтоолгох үеийн мөрдөгчийн буюу мөрдөн байцаагчийн цалин хөлсөөр тооцож олгож өгнө үү гэсэн өргөдөлд хариуцагч байгууллагаас ямар нэгэн хариу өгөөгүй, шийдвэрлээгүй тул энэ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа.

3.6.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэсэн зохицуулалттай холбогдуулан нэхэмжлэгчийн хувьд нэг удаагийн тэтгэмжийг тэтгэвэр тогтоолгох үе буюу 2023 оны 02 дугаар сарын 14-ний байдлаарх ижил албан тушаалтай мөрдөн байцаах буюу мөрдөгчийн 18 сарын дундаж цалин хөлсөөр тооцож олгох ёстой гэж үзэж байна.

3.7.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт цэргийн алба хаагчийг биеийн эрүүл мэндийн үнэлгээ болон нас хэтэрсэн үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно гэж, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт цэргийн алба хаагчийг биеийн эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан бол түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж тус тус заасан байна.

3.8.Энэ хуульд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт орж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр болсон байна. Иймээс дээрх хуулийн заалтууд нь О.Э******* нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсгэх нөхцөлд тохирч байгаа гэж үзэж байна.

3.9.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаасан тохиолдолд тэтгэвэрт гарч, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно гэж заасан байна.

3.10.Харин биеийн эрүүл мэндийн шалтгаанаар алба хаах боломжгүй болсон тохиолдолд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор мөн зохицуулсан байна. Тэгэхээр агуулгаар нь авч үзвэл нэг удаагийн тэтгэмжийг тухайн албан хаагч тэтгэвэрт гарч, албанаас чөлөөлөгдөх үед олгохоор хуульчилсан байна.

3.11.Энэ нөхцөл нь О.Э******* хувьд ч тохирч байгаа, өөрөөр хэлбэл хууль хэрэглэх үндэслэлд хамаарч байна гэж үзэж болно. Мөн цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын 4-д зааснаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг тооцохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60 хувааж гарсан дундаж хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэн дүнгээр тооцно гэж заасан байна.

3.12.Гэтэл О.Э******* хувьд энэ журам нь ердийн нөхцөлд, тухайн үедээ ажиллаж байгаад чөлөөлөгдөж байгаа албан хаагчид хэрэглэдэг заалт гэж ойлгож байна. О.Э 2003 оноос хойших нөхцөл байдалтай холбоотой, олон жилийн өмнө тэтгэвэрт гарах үндэслэл үүссэн тохиолдолд энэ журам цаг хугацааны хувьд хуулийнхаа зорилтод биелүүлэх үү үгүй юу эсэх асуудал яригдаж байна.

3.13.2003 оны цалингийн түвшин, бараа үйлчилгээний үнэ, инфляц зэрэг үзүүлэлтүүдийг 2024 оны нөхцөлтэй харьцуулахад асар их өөрчлөлт орсон байна. Гэтэл хуулийн зорилт нь нэхэмжлэгч цаашид ажиллах боломжгүй болсон нөхцөлд, төрийн албанд удаан хугацаагаар ажилласныг нь баталгаажуулж, амьдралын чанарт нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх зорилготой нэг удаагийн тусламж олгож байгаа асуудал юм.

3.14.2003 оны цалингийн суурь дээр тооцсон тэтгэмж 2024 онд нэхэмжлэгчид олгогдох үед хуулийн зорилт бодитоор биелэх эсэх нь эргэлзээтэй байна. Ерөнхийдөө энэ нь тэтгэврийн шинжтэй хэмжээнд очиж, хуулийн зорилтот утга алдагдаж байгаа асуудал гэж харагдаж байна.

3.15.Хуульд тухайн үеийн буюу тухайн хүний авч байсан цалингийн дунджаар тооцно гэсэн заалт одоогоор байхгүй. Энэ нь хуулиа баримталбал нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангах боломжтой гэж тайлбарлаж байгаа юм. Учир нь хуулийн агуулга, зорилтыг үндэслэн тайлбарлавал энэ хүний зөрчигдсөн эрхийг хуульд заасан журмаар сэргээх боломжтой.

3.16.2003 онд нэг удаагийн 18 сарын тэтгэмжийг олгоогүй байгаа нь Цагдаагийн ерөнхий газрын үйл ажиллагаатай холбоотой асуудал байна. Тухайн үед албан хаагчид энэ эрхээ мэдэж байсан эсэх, гомдол гаргаж байсан эсэхийг тусад нь ярих асуудал өөрөөр яригдана. Учир нь албан хаагчийг ажлаас чөлөөлж, бүрэлдэхүүнээс гаргаад офицероос нь болиулж байгаа энэ процесс дээр байгууллага хуульд үндэслээд гарсан учраас нэг удаагийн тэтгэмж олгоно гэж үзээд олгож байсан.

3.17.Гэтэл тухайн үед нь энэ тэтгэмжийг олгоогүй атлаа хожим нь нэхэмжлэгч өөрөө мэдээд нэхэмжлэл гаргахад тухайн үеийн цалингаар тооцож олгосон байгаа. Энэ байдлыг харахад байгууллагын буруутай үйл ажиллагаа байж болзошгүй гэж үзэгдэж байна гэв.

Дөрөв.Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга;

4.1.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл (Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох)-ийн 2 дахь хэсэгт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар чөлөөлөгдсөн бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно, 19.7 дахь хэсэгт Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэмж, дэмжлэг олгох журмыг Засгийн газар тогтооно гэж тус тус хуульчилжээ.

4.2.Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 1 дэх хэсэгт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгоход энэхүү журмыг мөрдөнө, 4 дэх хэсэгт Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж тус тус зохицуулсан.

4.3.Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.1 дэх хэсэгт Төрийн тусгай албан хаагчид Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр, мөн хуулийн 19.1-19.3 дахь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгоход Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг баримтална гэжээ.

4.4.Үүнээс үзэхэд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгоход Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмыг баримтлах бөгөөд сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор байна.

4.5.Иймд нэхэмжлэгчид одоогийн мөрдөгчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн дундаж хэмжээгээр бодож тэтгэмж олгох боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар О.Э******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Иргэдийн төлөөлөгч О.Ц******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчид тэтгэмжийг зохих журмын дагуу олгох нь зөв гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч О.Э******* Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн О.Э******* 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай Б/1305 дугаар тушаалд заагдсан тэтгэмжийн хэмжээг ахин нягталж, ажиллаж байх үеийн сүүлийн 5 жилийн цалингийн дунджийг мөнгөний ханшийн уналт, инфляцтай уялдуулан, одоогийн мөрдөн байцаагчийн ажлын цалингийн итгэлцүүрээр бодож тооцоолон, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-32.9 дэх заалтуудыг тус тус баримтлан Нийгмийн даатгалын тухай хуулиар ойролцоо төрлийн төрийн албан хаагчийн 2003, 2013, 2023 онуудын итгэлцүүрийг холбогдох байгууллагаас гаргуулан бодож тооцуулах, Батлан хамгаалах жанжин штабын нууцлал бүхий итгэлцүүрээр өнөөгийн (2024 оны 12 сар хүртэлх) ханшаар тооцон уг олгосон тэтгэмжийг одоогийн ханшаар тооцож олгуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Э******* 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай тушаалд заагдсан тэтгэмжийн хэмжээг хянаж, мөрдөн байцаагчийн цалин хөлсний өнөөгийн ханшаар тооцож олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах тухай гэж тодруулсан.

2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1305 дугаар тушаалаар О.Э миний цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх миний ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч буюу мөрдөгчийн, цагдаагийн ахмад цолтой алба хаагчийн, эсхүл түүнтэй адилтгах албан тушаал, цэргийн цолтны 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож нэг удаагийн тэтгэмж олгохыг Цагдаагийн ерөнхий газарт даалгах тухай гэж тодруулсан, шүүх хуралдаанд дээрх шаардлагаа Цагдаагийн ерөнхий газарт 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хандсан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газарт даалгаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар надад олгосон 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг өөрчилж, О.Э миний цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх миний ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн мөрдөгч, түүнтэй адилтгах албан тушаалын 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах тухай гэж өөрчилснийг хянан шийдвэрлэв.

3.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд биеийн эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн үндэслэлээр 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоогүй гэх хариуцагчийн 2003 оны үйл ажиллагаатай маргаагүй, тухайн үед тэтгэмж олгоогүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг нэхэмжлээгүй, энэ талаар хариуцагч байгууллагад хүсэлт гаргаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны Б/1305 дугаар тушаалын дагуу тэтгэмж олгохдоо тооцооллын алдаа гаргасан талаар мөн маргаагүй болохоо илэрхийлсэн болно.

4.Нэхэмжлэгчээс гаргасан өргөдөлд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй нь хууль бус, тухайн үед олгосон бол амьдралд дэмжлэг болох байсан ч 1.120.973 төгрөг олгож байгаа нь амьдралын чанарт нөлөөлөхүйц тэтгэж дэмжих хуулийн бодлого илтэд алдагдаж байна гэж, хариуцагчаас одоогийн мөрдөгчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн дундаж хэмжээгээр бодож тэтгэмж олгох хууль зүйн боломжгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

5.Тогтоогдсон үйл баримтын тухайд:

5.1.Нэхэмжлэгч О.Э анх цагдаагийн албанд Цагдаагийн ерөнхий газрын даргын 1996 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр тушаалаар Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар томилогдсон, Хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон үндэслэлээр мөн газрын даргын 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 400 дугаар тушаалаар мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

5.2.Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалсан тухай 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн актаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа-г 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс сэргээсэн.

5.3.Нэхэмжлэгч О.Э Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ахлах мэргэжилтнээр ажилласан.

5.4.Улмаар Төв аймгийн нийгмийн даатгалын газар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр О.Э******* цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоосон-той холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1305 дугаар тушаалаар олгосон 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг түүнд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн.

5.5.Нэхэмжлэгч О.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр одоогийн мөрдөн байцаагчийн цалингийн дундаж ханшаар бодож олгуулах-аар гаргасан өргөдөлд Цагдаагийн ерөнхий газар хариу өгөөгүй байна.

6.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

6.1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. ... гэж тус тус заасан.

6.2.Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн ерөнхий газарт хандаж одоогийн мөрдөн байцаагчийн цалингийн дундаж ханшаар бодож олгуулах-аар өргөдөл гаргажээ.

6.3.Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтийн дарга 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр О.Э******* 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны Б/1305 дугаар тушаалаар олгогдсон 18 сарын тэтгэмжийн мөнгийг одоогийн мөрдөн байцаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцуулж авахаар гаргасан өргөдлийн хариуг өгөөгүй гэх 5б/10058 дугаар албан бичгийг тус газрын Хэлтсийн даргад хүргүүлсэн нь хэрэгт авагдсан.

6.4.Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн өргөдөлд хариу өгөөгүй болох-оо хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн болно.

6.5.Дээрх нөхцөл байдлаас үзвэл хариуцагч төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна.

6.6.Нэхэмжлэгч О.Э 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн дээд сургуулийн хуулийн өдрийн ангийн сонсогчоор элсэн орсноос Цагдаагийн ерөнхий газрын даргын 2003 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 400 дугаар тушаалаар цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, тус албанд 11 жил, 1 сар, 1 өдөр ажилласан, улмаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй.

6.7.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. гэж заасныг Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. гэж өөрчилж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн.

6.8.Ийнхүү хууль мөрдөгдсөнөөр цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан, биеийн эрүүл мэндээр ажлаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгч О.Э 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрх үүссэн байна.

6.9.Нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөнтэй холбогдуулан нэг удаагийн тэтгэмж авах, олгох харилцаа нь тухайн үйл баримт болсон цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэгдэх ёстой.

6.10.Тодруулбал, нэхэмжлэгч нэг удаагийн тэтгэмжийг одоогийн мөрдөгчийн албан тушаалын цалин хөлсөөр тооцон олгох тухай шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй байна.

6.11.Учир нь нэг удаагийн тэтгэмж нь тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу албан тушаалын цалин хөлсөөр тооцогдоно. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах нь түүнийг цэргийн албанаас чөлөөлөгдсөн үйл баримт болсон цаг хугацаанд хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэгдэх зарчимд харшилж байна.

6.12.Иймд нэхэмжлэгчийн миний цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх миний ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн мөрдөгч, түүнтэй адилтгах албан тушаалын 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

6.13.Хариуцагч төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан албан тушаалын цалин хөлсөөр тооцож тэтгэмж олгосон нь үндэслэлтэй.

6.14.Гэвч хариуцагч төрийн захиргааны байгууллага тэтгэмжийг нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн хугацаанаас хойш батлагдсан Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам-ын 4-д Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан иргэнд олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж зааснаар тооцож олгосон нь буруу байна.

6.15.Тодруулбал, дээрх журмын зохицуулалт нь маргаан бүхий энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордсон гэж үзэхээр байна.

6.16.Зүй нь хариуцагч энэ тохиолдолд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хамгийн сүүлд авч байсан цалин хөлсийг 18 сараар тооцож олгох нь хуульд нийцнэ.

6.17.Иймд хариуцагч төрийн захиргааны байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн нэхэмжлэгчийн хамгийн сүүлд авч байсан албан тушаалын цалинг 18 дахин нэмэгдүүлсэн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

6.18.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч, хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан.

6.19.Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч төгрөгийн ханшийн зөрүүний улмаас өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй, энэхүү шүүхийн шийдвэр уг эрхийг хязгаарлахгүйг дурдах нь зүйтэй.

6.20.Иргэдийн төлөөлөгчөөс Нэхэмжлэгчид тэтгэмжийг зохих журмын дагуу олгох нь зөв гэж дүгнэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э******* Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, О.Э******* 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хандсан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажиллаж байсан албан тушаалын 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасан журмын дагуу бодож олгох-ыг Цагдаагийн ерөнхий газарт даалгаж, үлдэх О.Э миний цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаарх ажиллаж байсан цагдаагийн хэлтсийн мөрдөгч, түүнтэй адилтгах албан тушаалын 18 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, нэг удаагийн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР

ШҮҮГЧИД Т.ГАНГЭРЭЛ

Ц.ДОЛЖИНСҮРЭН