| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2308002600601 |
| Дугаар | 2024/ДШМ/1166 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ДШМ/1166
***д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Рэгзэдмаа,
шүүгдэгч ***,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/610 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн ***д холбогдох 2308002600601 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овгийн ***гийн ***, 2000 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, борлуулалтын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, хоёр дүү, хоёр хүүхдийн хамт амьдардаг гэх, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:***/,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/322 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 /ер/ хоногийн буюу 3 /гурав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг 01 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, уг ялаас 01 жил 13 хоногийг эдэлж, 02 сар 17 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй.
Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогч ***ийн *** дугаарын утас руу өөрийн эзэмшлийн *** дугаарын утсаар холбогдож “халаагуур худалдаж авна” гэж хуурч, захиалга өгч Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны *** дугаар байрны автобусны буудлын дэргэд үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй цайны газарт хүргүүлж, үлдээлгэн 170,000 төгрөгийн үнэ бүхий халаагуурыг авч залилсан,
2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** төвийн 2 давхарт байрлах “***” нэртэй дэлгүүрээс малгайтай цамц 2 ширхэг, хантааз 1 ширхэг зэрэг эд зүйлсийг худалдан авахаар тохирч улмаар мөнгийг шилжүүлсэн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчоос эд зүйлсийг шилжүүлэн авч 292,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: ***гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйл зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоолоор шийтгэсэн 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоног буюу 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар, 17 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 05 сар 17 хоногийн хугацааг тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 75 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний нийт биечлэн эдлэх ялыг 03 сар, 02 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 03 /гурав/ сар 02 /хоёр/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 292.000 /хоёр зуун ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулж, хохирогч ***д олгож, хохирогч *** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар *** овогт ***гийн *** /РД:***/-д асран хамгаалагч томилохыг түр оршин сууж байсан гэх хаягийн бүртгэлийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс тоолж, шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн гэмт хэрэгт холбогдон 2024/ШТЦ/610 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сарын хорих ялаар шийтгэж байгаа. Би урьд үлдсэн 2 сар 17 хоногийн хорих ялтай байсан ба түүнийг нэгтгэж 5 сар 17 хоногийн ял болсон. Гэтэл би анхнаасаа өөрийн гэм бурууг хүлээсэн бөгөөд миний үргэлжилсэн үйлдлийг нэгтгэлгүй, хорих ангиас дуудлагаар авч ирэн дахин ялласан. Би бага насны хүүхэдтэй, 2 дүүтэй, ээжтэйгээ амьдардаг. Ээж минь хорт хавдар гэх аюулт өвчнөөр оношлогдож 2 дүү болон миний охиныг асрах, харах асуудал үнэхээр тулгамдаж байгааг минь эрхэм шүүгч та бүхэн бодолцож өгнө үү. Би өөрийн хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж хүүхэд болон дүү нараа маш их санаж, төрүүлж өсгөсөн ээжийгээ өвчтэй байхад нь шоронд орж зовоосондоо гэмшиж дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна. Сайн охин, сайн эгч, сайн ээж болж үнэнч шударгаар ажиллаж хөдөлмөрлөн амьдрах, 1 өдрийн өмнө ч гэсэн гэр бүлдээ очих боломж өгнө үү хэмээн гуйж байна. ...” гэв.
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдолдоо: “...Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч *** нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн бага хүү болох ***г төрүүлсэн бөгөөд шүүх хурал болох өдөр 1 жил 11 сартай байсан, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1228 дугаар шийтгэх тогтоол гарч байхад хүү *** 1 жил 3 сартай байсан бөгөөд хүүхдийн асрамжийн талаар шийдвэрлээгүй, ял шийтгэл хойшлуулах тухай огт хөндөгдөөгүй байдаг. Түүнийг ээжийнх нь төрсөн дүү өнөөг хүртэл асарч байгаа. ***д холбогдох хэргийг мөрдөгч бусад хэргүүдтэй нь нэгтгэн шалгаж нэг мөсөн нэг удаагийн шүүх хурлаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан боловч ажлын хариуцлагагүй улмаас ***гийн эрх зүйн байдлыг маш ихээр дордуулсан. Анхан шатны шүүх Тогтоох: хэсгийн 4-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон 75 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний нийт биечлэн эдлэх ялыг 03 сар 02 хоногийн хугацаагаар тогтоочхоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ***д оногдуулсан 3 сар 02 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *** 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн. Хорих ял эдэлж байх хугацаандаа буюу 5 сард ялтанг дуудлагаар авч ирэн энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо хэргийн нэгтгэх боломжтой талаар дурдсан байна. Шүүгдэгчийн хувьд нэгтгэхгүйгээр дахин ялласан гэж гомдолдоо дурдаж байна. Цаг хугацааны хувьд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрүүдэд тус тус хэрэг үйлдэгдсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд уг гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Энэ хэрэг дээр шалгагдаж байх хугацаандаа шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэргээ хүлээсэн нөхцөлд шийдвэрлэх боломж байсан хэдий ч энэ талаар мэдүүлээгүйгээс хэргүүд нь нэгтгэгдэхгүйгээр дахин шүүхээр шийдвэрлэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоос үлдээгүй үлдсэн 2 сар 17 хоногийн хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгээд нийт биечлэн эдлэх ялыг 5 сар 17 хоногийн хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
. ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хохирогч ***ийн *** дугаарын утас руу өөрийн эзэмшлийн *** дугаарын утсаар холбогдож “халаагуур худалдаж авна” гэж хуурч, захиалга өгч *** дүүргийн *** дугаар хорооны *** дугаар байрны автобусны буудлын дэргэд үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй цайны газарт хүргүүлж, үлдээлгэн 170,000 төгрөгийн үнэ бүхий халаагуурыг авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч ***ийн “...Би фейсбүүк цахим орчинд халаагуур зарна гэсэн зар байршуулсан байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний тавьсан зарын дугаар болох *** дугаарын гар утас руу *** дугаартай үл таних эмэгтэй хүн залгаад тень худалдаж авъя, хүргэлт байгаа юу гэхээр нь би хүргэлттэй хүргэлтийн мөнгө 5,000 төгрөг гэж хэлээд нийлээд 175,000 төгрөг болно гэж хэлэхэд тухайн хүн Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ***-н автобусны буудлын “***” гэх нэртэй цайны газарт хүргүүлье гэхээр нь би 21 цагийн үед захиалгынх нь дагуу тухайн газарт аваачиж өгөхөд миний барааг захиалсан хүн байхгүй байсан. Бараа захиалсан хүн рүүгээ залгаж ярихад та наад цайны газраа орхичих, тухайн цайны газрын хүнтэй яриулчих гэхээр нь би зөөгч гэх үл таних эмэгтэй хүнд өөрийн гар утсаа өгч яриулахад за за энд орхичих гэж хэлснийх нь дагуу үлдээгээд бараа захиалсан эмэгтэй хүн рүү залгаж ярихад би таны дансанд мөнгийг нь шилжүүлчихнэ, та явж бай гэж хэлснийх нь дагуу би бараагаа цайны газарт үлдээгээд явсан. Барааны мөнгө орж ирэхгүй байхаар би маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед очоод танайд орхисон бараагаа авъя гэтэл таны өчигдөр үлдээсэн барааг чинь саяхан нэг үл таних эмэгтэй хүн аваад явчихсан шүү дээ гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. ...” гэсэн мэдүүлэг /хх 25, 80-81/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 18/,
хохирогч ***ийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх 19/,
Скайтел ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 24/3880 дугаар “...*** дугаар эзэмшигч 2021.08.23-ны өдрөөс 2022.04.08-ны өдөр хүртэл *** /***/, 2022.04.26-ны өдрөөс хойш *** овогтой *** /***/ УБ хот, *** -р хороо ***” гэсэн албан тоот /хх 58/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,
Мөн 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *** дүүргийн *** дугаар хороо *** төвийн 2 давхарт байрлах “***” нэртэй дэлгүүрээс малгайтай цамц 2 ширхэг, хантааз 1 ширхэг зэрэг эд зүйлсийг худалдан авахаар тохирч улмаар мөнгийг шилжүүлсэн гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчоос эд зүйлсийг шилжүүлэн авч 292,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч ***ийн: “...2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *** дүүргийн *** дугаар хороо, *** төвийн 2 давхарт байх *** нэртэй хувцасны дэлгүүрт ажлаа хийгээд байж байтал 18 цагийн үед гаднаас 25-30 орчим насны эмэгтэй хүн орж ирээд хувцас үзэж байгаад 2 ширхэг малгайтай цамц, хантааз зэрэг 292,750 төгрөгийн үнэ бүхий 3 хувцас худалдаж авсан бөгөөд надад өөрийн гар утаснаасаа банкны аппликейшн рүү ороод гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн байсныг харуулаад гараад явсан. Тэгтэл тухайн эмэгтэй хувцасны мөнгөө өгөөгүй байсан. Тухайн эмэгтэйд би И баримт гаргаж өгсөн байсан болохоор баримтаараа шүүж үзэхэд уг баримтыг ***гийн *** гэх хүн шивж оруулсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. ...” гэсэн мэдүүлэг /хх 148-149/,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 160-162/,
“Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн Х-00042 дугаартай “...малгайтай цамц 2 ширхэг-212,000 төгрөг, хантааз 1 ширхэг-80,000 төгрөг, нийт 292,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 163-164/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч ***г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс ***гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Түүнчлэн, уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоног буюу 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1228 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар, 17 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 05 сар, 17 хоногийн хугацаагаар тогтоож, цагдан хоригдсон 75 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний нийт биечлэн эдлэх ялыг 03 сар, 02 хоногийн хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9, 6.10 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцсэн байна.
Шүүгдэгч *** “...Миний үргэлжилсэн үйлдлийг нэгтгээгүй. Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр “...Шүүгдэгчид холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгаж нэг мөр шийдвэрлээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай эрх зүйн зохицуулалт нь анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарна.
Шүүгдэгч *** нь удаа дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр залилах гэмт хэрэг үйлдэж, уг үйлдэлдээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/322 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд залилах, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1228 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх хуулийн шаардлагыг хангахгүй, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлд хамаарахгүй юм.
Түүнчлэн, дээрх шийтгэх тогтоолууд гарахаас өмнө шүүгдэгч *** өөрийн үйлдсэн гэмт хэргээ нэг бүрчлэн хүлээн мэдүүлж, нэгтгэн шалгуулах талаар санал хүсэлт гаргаагүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгах ажиллагаа явуулаагүй, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэхгүй болно.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3, 7.4 дүгээр зүйлд зааснаар яллагдагч, шүүгдэгчээс өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглодог бөгөөд яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, сонгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах бүрэн эрхийг зөвхөн өөрийн сайн дурын үндсэн дээр эдэлдэг.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, ялын хэмжээг багасган өөрчлөх хууль зүйн үндэслэл бий болоогүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***гийн “...хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлөгч Ч.Энхбаярын “...Шүүгдэгч ***д холбогдох хэргийг бусад хэргүүдтэй нэгтгэн шалгаж нэг мөр нэг удаагийн шүүх хурлаар шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан..., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *** нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/610 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА