| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0510/Э |
| Дугаар | 523 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 523
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Ц.Гансүлд,
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дгийн Гт холбогдох 1808019180554 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1954 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, багаж тоног төхөөрөмжийн мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, эхнэр, зээ охины хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунднарангийн 6 дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Дгийн Г /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Г нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 6-... тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Ныг “цагдаад гомдол гаргалаа” гэх асуудлаас болж маргалдан аягаар толгойн тус газар нь цохиж “дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Л.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Г нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ирээд намайг яахаараа чи цагдаад өгдөг юм гээд элдвээр хэлээд дарамтлаад байхаар нь би аяга таваг угааж байсан шүүрээр Ганбаа руу 2 удаа ус цацсан. Тэгтэл тэр аяга бариад надруу цохих гээд дайраад ороод ирэхээр нь би аяга угаасан усаа цацаад хувцсыг нь норгосон. Тэгтэл тэр намайг орлуу чирч аваачаад аягаар тархи толгойруу цохиж цус гаргасан. Би “миний толгой хагарчихлаа цус гараад байна” гэж хэлэхэд тоохгүй байсан. Арай хийж гарыг нь тавиулж 102-т дуудлага өгснөөр цагдаа ирсэн. ... Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг миний нөхөр болох Г учруулсан. ...Гт гомдолтой, энэ хүнээс сална, гэмтлээ эмчлүүлмээр байна. Одоогийн байдлаар 120.000 төгрөгөөр тархины зураг авхуулсан, энэ мөнгөн дээрээ 250.000 төгрөг Гаас нэхэмжилж авмаар байна. ....” гэх мэдүүлэг. /хх 56 х/,
2.Шүүгдэгч Д.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад цагдаагаас дуудсан, Н миний нэр дээр гомдол гаргасан байсан. Тэгээд орой нь гэртээ ирэхэд Н “чи цагдаад очоод үнэн зөвөөр ярьсангүй” гээд гомо, банзал, янхан, алмас гэх мэтээр хэл амаар доромжлоод аяга угааж байсан усаа цацахаар нь би цай уух гэж байсан аягаа бариад өөдөөс нь явж байгаад цацсан угаадас дээр нь халтирч унаад босоход намайг заамдаад авахаар нь би түүний 2 гарыг нь бариад орон дээр дарж унагаасан, 2 гарыг нь бариатай хэвээр байсан. Н гараа салгаж авах гээд хөдөлж байхдаа чи миний толгойг хагалчихлаа, цус гарч байна гэхээр нь би итгээгүй “чиний муу цус гарвал гарч байг" гээд толгойноос нь цус гарсныг мэдээгүй хэлсэн. Тэгээд толгой руу нь хартал цус гарч байсан... Нод учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 88-89 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.Гэрч Г.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эцэг, эх хоёр амьдраад 38 жил болж байгаа, дундаасаа 4 хүүхэдтэй, том эгч 38 настай, би хамгийн доороосоо хоёр дахь охин нь бөгөөд 34 настай. Би тусдаа гараад 10 гаруй жил болсон. Ээж мөнгө төгрөгнөөс болоод энэ хоёр маргалдаад байдаг болсон. Аавыг шал дэмий Ч эгчтэй хардаад хэрүүл хийгээд байдаг болсон. Ч эгч бол манай эмээгийн эгчийнх нь хүүхэд, ээжийн ойрын хамаатны эгч, тэгтэл түүнтэй хардаад тэднийд ажил хийгээд яваад байна гээд аавд уурлаад байдаг болсон. Аав тэдний сүм барих ажилд нь туслаад Төв аймагт зундаа ажиллаад байгаа юмаа. Манай ээж огцом ууртай, ааштай, би ээжээсээ хөндий, тусдаа амьдарснаас хойш надад амьдралд минь тусалж дэмжсэн зүйл байхгүй, би өөрийгөө болгоод явдаг. Аав ч гэсэн хөндийвтөр харьцаатай байдаг, манай эгч дүүс ч гэсэн надаас хөндий байдаг. Аавд би та нар наад асуудлаа болиоч гэж хэлдэг, ээжтэй бол огт харьцаж ярилцаагүй. Би бараг л уулзаад байдаггүй үр хүүхдээ ч очуулдаггүй. ...Ээж Чехэд олон жил болоод ирсэн. Ирээд 6-н жил болж байгаа, олон жил хол байцгаасан хүмүүс одоо таарахгүй байгаа юм байлгүй дээ. Би тэдний хооронд ямар зодоон болсон талаар мэдэхгүй тул ярих юм алгаа. Энэ хоёрын асуудалд би оролцох сонирхол алга. Ээж эмэгтэй хүний хувьд аавыг хайрлаад, арга эвээр нь явдаггүй, хоорондоо эвтэй байхыг боддоггүй хүмүүс, миний бодлоор бол ээжээс болж л ийм хэрүүл маргаан болоод байдаг санагддаг. ...” /хх 59 х/
5.Шинжээчийн 4489 тоот дүгнэлт
1.2.Л.Нын биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.6.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
7.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 61 х/,
6.Д.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 66, 67 х/
7.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 72 х/
8.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 33, 51 х/
9.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 83 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Д.Г нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 6-... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Ныг “цагдаад гомдол гаргалаа” гэх асуудлаас болж маргалдан аягаар толгойн тус газар нь цохиж “дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Нын “... намайг ор луу чирч аваачаад аягаар тархи толгойруу цохиж цус гаргасан. Би “миний толгой хагарчлаа цус гараад байна” гэж хэлэхэд тоохгүй байсан. ... Шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг миний нөхөр болох Г учруулсан. ....” гэх мэдүүлэг. /хх 56 х/,
Шүүгдэгч Д.Гын“...би цай уух гэж байсан аягаа бариад өөдөөс нь явж байгаад цацсан угаадас дээр нь халтирч унаад босоход намайг заамдаад авахаар нь би түүний 2 гарыг нь бариад орон дээр дарж унагаасан, 2 гарыг нь бариатай хэвээр байсан. Н гараа салгаж авах гээд хөдөлж байхдаа чи миний толгойг хагалчихлаа, цус гарч байна гэхээр нь би итгээгүй “чиний муу цус гарвал гарчил байг" гээд толгойноос нь цус гарсныг мэдээгүй хэлсэн. Тэгээд толгойруу нь хартал цус гарч байсан... Нод учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх 88-89 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Г.Бын “...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой ажлаа тараад гэртээ ирэхэд ээжийн толгой нь хагарсан гээд боолт хийлгэсэн байсан. Юу болсон талаар асуухад тэр 2 хоёулаа дуугаа хураасан юм ярихгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 58 х/,
Шинжээчийн 4489 тоот дүгнэлт
1.2.Л.Нын биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.6.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
7.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 61 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Д.Гын эхнэр Л.Ныг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэх шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон эсэхийг тус тус шалгахад үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой гэдгийг шалгуур болговол: Л.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Д.Г түүний толгойн тус газарт аягаар цохисноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Д.Г хохирогчийг зодсон нь шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Д.Г хуулиар тогтоосон насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.-д ..., эхнэр, нөхөр ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Д.Г, хохирогч Л.Н хоёр гэр бүлийн баталгаатай нэг гэр бүлд хамтран амьдардаг болох нь тэдгээрийн гэрлэлтийн баталгаа /хх 72 х/-аар тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Гын эхнэр Л.Нын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, харин хохирогч Л.Н эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтуудаа бүрдүүлж ирүүлээгүй тул энэ тогтоолоор уг хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй учраас холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж үзсэн.
Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл болох хэл амаар доромжлох, усаар цацах зэрэг нь нөлөөлсөн болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд өндөр насны тэтгэвэрт байдаг, анх гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Дгийн Гыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Д.Гт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Гт мэдэгдсүгэй.
5.Д.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Л.Н хохирлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ