Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сугар Болортуяа |
Хэргийн индекс | 2403003480490 |
Дугаар | 2024/ДШМ/1165 |
Огноо | 2024-10-22 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ДШМ/1165
***т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар /цахимаар/,
хохирогч ***,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1001 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч ***ийн гаргасан давж заалдах гомдлоор ***т холбогдох 2403003480490 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
*** овгийн ***ын ***, 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “***” ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт амьдардаг гэх, *** оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, /РД:***/.
Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** шатахуун түгээх станцын зүүн талын авто замд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 07 цаг 10 минут орчимд “Toyota Prius-30” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн хавсралтын 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Yamaha WR450F” маркийн *** улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж мотоциклийн жолооч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч *** нь холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч *** давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*** миний бие 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** шатахуун түгээх станцын зүүн талын замаар мотоцикл жолоодон явах үедээ зам тээврийн осолд өртөж баруун гарын ядам хурууны 1 дүгээр үе бүрэн тасарч хүндэвтэр гэмтэл авсан тул би анхан шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцож сэтгэл санааны хохирол болон хор уршгаа нэхэмжилсэн боловч шүүхээс надад сэтгэл санааны хохирол болон хор уршгийн хохирол тогтоож өгөөгүй тул гомдолтой байна. Миний бие одоо 9 хуруутай болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад дурдсан “Хүний сэтгэцэд учирсан хор хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын гуравдугаар зэрэглэлд заасны дагуу “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх /14.520.000 төгрөг/ хэмжээгээр сэтгэцийн хор уршгийн хохирлыг тооцож өгнө үү. …” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад учирсан хохирол тогтоогоогүй. Шүүхээс сэтгэл санааны хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсэн учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн 1022 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос *** нь Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** шатахуун түгээх станцын зүүн талын авто замд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 07 цаг 10 минут орчимд “Toyota Prius-30” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн хавсралтын 1.4. “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Yamaha WR450F” маркийн *** улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж мотоциклын жолооч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ***ыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.
Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш энэхүү зохицуулалтыг хэрэглэхээр заасан байна.
Мөн, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэж,
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж, 2.1.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж,
2.3 дахь хэсэгт “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж тус тус журамлажээ.
Гэтэл гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргах ажиллагаа хийгдээгүй, энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй, хохирогч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэл санааны хохирлын талаар сайн мэдэхгүй байна гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүх энэ талаарх шаардлагатай ажиллагааг хийлгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэснийг зөрчсөн үндэслэлд хамаарна.
Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх асуудлыг хууль, журамд заасны дагуу нарийвчлан шалгаж тогтоох, сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзвэл тухайн хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэргийн үйл баримтад нийцүүлэн хууль зүйн дүгнэлт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул хохирогч ***ийн гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/1001 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч ***ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА