Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2026/0392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б.ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б..

Хариуцагч: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга.

Гуравдагч этгээд: Ж..

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (Дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалт, үнэлгээний газар)-ын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Сангийн яамны Санхүүгийн хяналт эрсдэлийн удирдлагын газрын дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт, үнэлгээний газрын даргын албан тушаалд эргүүлэн томилуулах тухай шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгууллагын бүтэц өөрчлөгдсөн байсан. Улмаар нэхэмжлэгчийн маргаж буй албан тушаал нь Сангийн яамны Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт, үнэлгээний газар гэдэг нэртэй болсон.

1.2.Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах шаардлага гаргасан. Б. нь 1998 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн бөгөөд энэ үеэс эхлэн тасралтгүй 27 жилийн хугацаанд Сангийн яаманд Төрийн албаны тухай хуульд заасан мерит зарчмаар ажиллаж ирсэн.

1.3.Ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл буюу төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг биелүүлээгүй, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 зэрэг заалтуудыг үндэслэл болгосон байгаа.

1.4.Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн дотоод журмын 2.10.1, 4.3.9, 5.5, 13.1 гэсэн заалтуудыг, мөн журмын 2.10.1-д байгууллагын газар хэлтсийн дарга нар тухайн байгууллагыг өдөр тутам мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаагаар хангаж удирдан чиглүүлэх үүрэгтэй гэж заасан.

1.5.Хөдөлмөрийн дотоод журмын 4.3-д ажилтан дараах үүрэгтэй гээд 4.3.9-д өөрөө эрхэлж буй ажил албан тушаалтай холбоотой асуудлаар аливаа гэмт хэрэгт холбогдож шалгагдсан, дуудлага мэдээлэл, байцаалт өгсөн асуудал гарвал Хууль эрх зүйн хэлтэс болон өөрийн удирдлагад мэдэгдэнэ гуравдагч этгээд заасан байна. Нэхэмжлэгчийг мэдэгдээгүй гэж буруутгасан.

1.6.Б.******* 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа явах замаас нь Авлигатай тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорьсон байдаг. Хавтаст хэргийн 131 дүгээр талд эрүүгийн хэргийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 278 дугаар захирамжаар 48 цагийн хугацаатай саатуулсан үеэс хойш өнөөдрийг хүртэл эрхэлсэн ажилдаа очиж ажил үүрэг гүйцэтгээгүй гэдэгтэй маргахгүй байгаа. Гагцхүү өөрөөс үл хамаарах гаднын нөлөө буюу эрх бүхий байгууллагын шийдвэрүүдээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Энэ талаар тухайн цаг үед удирдлагадаа мэдэгдэж байсан.

1.7.2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй байхад нь ажлаас халаагүй гэж үзэж байгаа. 2024 оны 11 дүгээр сарын 22-ноос хойш ажилдаа очоогүй байхад бүтэн 10 сарын хугацаанд Сангийн яамнаас хариуцлага тооцсон асуудал байхгүй. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл ирүүлсэн.

1.8.Уг сонсох ажиллагааны мэдэгдэлд ажил тасалсан гэх агуулгыг дурдаж, маргаан бүхий тушаал дээр хэдний өдрөөс ажилдаа ирээгүй гэж үзсэн талаар тодорхой дурдаагүй байсан. Өөрөөр хэлбэл, энэ нөхцөл байдлыг хариуцагч маш сайн мэдэж байсан гэж үзэж байгаа.

1.9.Гэтэл 10 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл явуулаад 10 дугаар сарын 17-ны өдөр тухайн мэдэгдэлд нөхцөл байдлаа тайлбарлаж хариу хүргүүлсээр байхад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

1.10.2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны хоногийг тоолоход 369 хоног болж байна. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцоход 3 сая 148 мянга 337 төгрөг, үүнийг тухайн журамд заасны дагуу 21.5-д хуваахаар нэг өдрийн цалин 146 мянга 434 төгрөг болж байна. Үүнийг 377 хоногт үржүүлбэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь 55 сая 205 мянга 668 төгрөг болж байх бөгөөд уг үнийн дүн бүхий ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хоёр.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлийн агуулга:

2.1.Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (Дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалт, үнэлгээний газар)-ын даргаар ажиллаж байсан Б нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, цагийн бүртгэл хийгдээгүй, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журам, дүрэмд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

2.2.Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2401000450412 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаатай холбогдуулан чөлөө авах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн байх ба уг албан бичигт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхийг хориглосон асуудлыг дурдаагүй болно. Иймд 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11/9099 дүгээр албан бичгээр чөлөө олгох боломжгүй тухай хариуг хүргүүлсэн.

2.3.Гэтэл Б. нь хууль болон холбогдох журамд заасан чиг үүргээ биелүүлээгүй тул Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад заасан үндэслэлээр Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, шийдвэрлэсэн.

2.4.Уг шийдвэрийг гарахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11/9389 дугаар мэдэгдлээр сонсох ажиллагаа явуулж, албан ёсоор мэдэгдсэн бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрөө хүлээн зөвшөөрч энэ талаар дурдсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Б. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (Дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалт, үнэлгээний газар)-ын даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасан.

3.Нэхэмжлэгчээс хариуцагч маргаан бүхий захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, түүнтэй холбоотой нотлох баримт цуглуулах, ажиллагааг хийгээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхой хязгаарлалтад орсон зэрэг нөхцөл байдлыг харгалзалгүйгээр төрийн албанаас халсан нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй гэж, хариуцагчаас Б. нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш хүндэтгэн үзэх үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, цэгийн бүртгэл хийгдээгүй, холбогдох журам дүрэмд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа холбогдох сонсох ажиллагааг явуулж, албан ёсоор мэдэгдсэн гэж тус тус тайлбарлан маргасан.

4.Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор Б. /Б./-ийг Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад санал болгожээ.

5.Улмаар Б. нь Сангийн яамны Төрийн бичгийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/47, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/120, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Б26, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б38 дугаар тушаалуудаар тус яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын даргын, Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргын, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын даргын, Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагыг газрын даргаар буюу төрийн жинхэнэ албан тушаалуудад тус тус томилогдон ажиллаж байжээ.

6.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгох тухай 2024/ЦХШЗ/278 дугаар захирамжаар Б.******* 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цаг 55 минутаас 11 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цаг 55 минутаас хэтрүүлэхгүйгээр баривчлах зөвшөөрөл олгосон, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ШЗ282-я дугаар захирамжаар мөн өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорьсон, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЦХШЗ/510 дугаар захирамжаар Б.******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дууссан өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоноос мөрдөгч, прокурор, шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудах, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш гарах, холбогдох эрүүгийн хэргийн яллагдагч, гэрчтэй уулзах, холбоо барих (гар утас, бусад техник хэрэгсэл ашиглах)-ыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

7.Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай 2025/ЦХШЗ/289 дүгээр захирамжаар Б.******* авсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоноос мөрдөгч, прокурор, шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудах, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах таслах сэргийлэх арга хэмжээ авч, түүнд холбогдох эрүүгийн хэргийн гэрч эхнэр Л.*******, төрсөн ах Б.*******, охин Д.******* нараас бусад яллагдагч, гэрчтэй уулзах, холбоо барихыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн, мөн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хэлэлцэх тухай 2025/ЦХШЗ/1932 дугаар захирамжаар Б.******* урьд авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, яллагдагч Н.*******, гэрч Р.*******, Г.******* нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

8.Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 2.10-д Яамны газар, хэлтсийн нэгжийн дарга дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ, 2.10.1-д Газар, хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнг Төрийн нарийн бичгийн даргын өмнө хариуцах-аар, 4.3.9-д Яамны ажилтан, албан хаагч өөрийн эрхэлж буй албан ажлын чиглэлээр хууль хяналтын аль нэг байгууллагад дуудагдах, байцаалт, мэдүүлэг өгөх тохиолдолд энэ тухайгаа яамны удирдлагад болон Хууль, эрх зүйн газрын даргад нэн даруй мэдэгдэнэ гэж тус тус зохицуулжээ.

9.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх; гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Б. нь төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд дээрх хуульд заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах учиртай.

10.Нэхэмжлэгч Б. нь эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрүүд, тухайлбал, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжуудаар ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдож, уг нөхцөл байдлыг ажил олгогчид мэдэгдэх эрх зүйн боломжгүй байдал үүссэн болох нь нотлогдож байна.

11.Гэтэл хариуцагч албан тушаалтан 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш 11 сарын дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байна.

12.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж зааснаас үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргахдаа тухайн ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхдээ шийдвэрийг зөвхөн таамаг дүгнэлт дээр бус, бодит баримт, нөхцөл байдалд тулгуурлан гаргах ёстой.

13.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус зааснаас үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахын өмнө тухайн шийдвэрээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд өөрийн байр суурь, тайлбар, санал гаргах боломжийг олгох үүрэгтэй.

14.Энэ нь сонсох эрх-ийг хангаж, эрх ашигт нөлөөлж болзошгүй шийдвэрийн талаар урьдчилан мэдэж, байр сууриа илэрхийлэх боломж олгох бөгөөд сонсох ажиллагаа явуулах хугацаа нь оролцогчид санал, тайлбараа гаргах боломжийг хангахуйц байх ёстой.

15.Сангийн яам нь Б.******* 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албанаас халах шийтгэл ногдуулах тухай сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл хүргүүлж, уг ажиллагаатай холбоотой тайлбар, саналаа 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна.

16.Гэвч сонсох ажиллагаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд өөрийн байр суурь, тайлбар, нотлох баримтаа бүрэн дүүрэн гаргах боломжийг хангахуйц хугацаа, нөхцөлөөр явагдах ёстой. Харин дээрх тохиолдолд нэхэмжлэгч Б.******* бодитойгоор тайлбар, санал гаргах боломж олгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

17.Өөрөөр хэлбэл, мэдэгдлийг хүргүүлсний маргааш нь маргаан бүхий захиргааны акт гаргасан нь хэлбэрийн шаардлага хангах боловч нэхэмжлэгчид тайлбар гаргаж өгөх боломжит хугацааг олгоогүй байх тул уг ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж үзэхгүй, хууль бус байна.

18.Захиргааны байгууллага нь бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд шаардлагатай ажиллагаа явуулж, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, цугларсан баримтуудыг үнэн зөв, хамааралтай эсэхийг үнэлж, дүгнэсний эцэст шийдвэр гаргах үүрэгтэй.

19.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.6-д Төрийн жинхэнэ албан хаагч /цаашид албан хаагч гэх/-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна, 2.3-д Сахилгын шийтгэн ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна. Зайлшгүй нэмэлт шалгалт хийх, баримт цуглуулах шаардлагатай гэж үзвэл шалгах хугацааг байгууллагын удирдлага 14 хоногоор сунгаж болно, 3.3.3-д албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал, 3.5.3-д зөрчлийг гаргахад хүргэсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал гэж үзсэн бусад тохиолдол гэж тус тус зохицуулсан байна.

20.Дээрх зохицуулалтаас үзвэл албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн шийтгэлийн үндэслэлийг заавал шалгаж тогтоосон байх ёстой бөгөөд энэ талаар албан хаагчид бичгээр мэдэгдсэн байх нь хууль ёсны шаардлага юм. Үндэслэл тогтоолгүйгээр шийтгэл ногдуулсан тохиолдолд шийтгэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

21.Нөгөөтээгүүр, албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэгтэй шууд хамааралтай эсэхийг тогтоох нь зайлшгүй бөгөөд зөрчил гаргахад хүргэсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой. Энэ нь албан хаагчийн буруугүйгээр үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэх зарчим бөгөөд шударга ёсыг хангах зорилготой.

22.Гэтэл хариуцагч албан тушаалтан дээрх ажиллагааг хэрэгжүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

23.Эдгээрээс үзвэл, төрийн жинхэнэ албан хаагч Б. нь өөрөөр үл хамаарах шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалтай байхад, зөвхөн албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлээгүй, албан ажлын чиглэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаагаа байгууллагын удирдлагад нэн даруй мэдэгдээгүй гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн байна.

24.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажилдаа очих боломжгүй болсон нөхцөл байдлыг ажил олгогчид мэдэгдэх боломжгүй байсан нь тогтоогдсон бөгөөд ажилдаа ирэхээ больсноос хойш түүнд тайлбар, санал гаргах бололцоо олголгүйгээр ажлаас халсан нь хуульд нийцээгүй үйлдэл болно.

25.Иймд захиргааны байгууллагын гаргасан шийдвэр нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хуульд заасан үндэслэлд нийцээгүй гэж үзэж, уг шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

26.Шүүх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх-ийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.5, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.******* Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар (Дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалт, үнэлгээний газар)-ын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР