2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/07774

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  ******* банк ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй

******* овогтой ******* /рд:/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* овогтой ******* /РД:/ нь 2018 оны 10 сарын 01-ний өдөр ******* банктай 622445****2456 дугаартай, зээлийн эрхтэй кредит карт ашиглах гэрээ байгуулж, 500,000 төгрөгийн зээлийг бэлэн сзээлийн хэрэглээнд сарын 3,5 хувийн хүүтэй, бэлэн бус зээлийн хэрэглээнд 2.0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Г.*******ээс ******* банкны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор, Дүүргийн Эрүү, Иргэний Хэргийн Хялбар Ажиллалгааны анхан шатны тойргийн шүүхэд 2024 оны 12 сарын 01-ны өдрөөр хариуцагчаас 2,640,984.91 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, 2025 оны 06 сарын 09-ны өдрийн 197/Ш32025/30634 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд заасан хаягт амьдардаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд эрэн сурвалжилж өгнө үү.... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 1-13-р тал.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: утсаар ярьсан тэмдэглэл 1 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК Г.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.

Хэрэгт кредит картны тооцооллын хүснэгт, кредит картын гэрээ, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 6730 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 22-ны өдрийн 7184 дугаартай захирамж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 30634 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, утсаа ярьсан тэмдэглэл зэрэг баримт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Г.*******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Г.*******  тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогтой ******* /рд:/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.*******ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Г.*******ийг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, утас:/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ