Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 524

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О,

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Шүүгдэгч О.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жамъянгарав овогт Оын Бт холбогдох 1808004530620 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” үйлчилгээний төвд зөөгчийн ажил хийдэг, ам бүл 4, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Баянгол ...тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жамъянгарав овогт Оын Б/РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

О.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн урд зам дээр “хойд эцэг Ч.Ань түүний эх болох С.Ггийн гар луу цохиж авсан асуудлаас” үүдэн түүний толгойн тус газар 3-4 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн сарвууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            1.Хохирогч Ч.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн урд найз Хийн хамт явж байсан чинь манай эхнэр Ггийн дагавар хүүхэд О.Бминий машины түлхүүрийг булааж авах гэхээр нь өгөхгүй гэсэн чинь О.Бминий толгой нүүр лүү 3-4 удаа цохиж гэмтэл учруулсан юм. Тухайн үед Бийн ээж Гтай гэр бүлийн харилцаанаас болж маргалдсан байсан, тэгээд уурандаа цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. Одоо би Бийн ээж Гтай эвлэрсэн хамт амьдарч байгаа, би одоо ямар нэгэн санал гомдолгүй.

      ...манай дагавар хүү О.Бнадаас уучлалт гуйсан, бид нар хоорондоо эвлэрсэн..." гэх мэдүүлэг /хх 20 х/

 

         2.Шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Аах үл таних эмэгтэйн хамт араас ирээд манай автомашиныг зогсоосон. Тэгээд А ах бууж ирэнгүүтээ шууд машин руу гүйж ирээд миний өмсөж байсан хувцсаар хоолойг боохоор нь өөдөөс нь эсэргүүцээд 1 удаа гараараа нүүрэн тус газарт цохиход Аах газарт унасан. Тэгээд босч ирээд барилцаж авахад цагдаа нар бид 2-ыг салгасан. ...цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд хүлээлгийн танхимд байж байтал Аах ээж Гтай маргалдаад ээжийн гарыг цохичихоор нь би ээжийгээ өмөөрөөд Аахын нүүрэн тус газар нь гараараа 3-4 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 74 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

           3.Гэрч А.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...автомашины баруун талын арын хаалганаас Бгарч ирээд Аы толгой, нүүрэн тус газар 2 удаа цохиод Агазар унасан. ...Цагдаагийн алба хаагч нар Аа, Б2-ыг салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 24-25 х/,

 

           4.Гэрч С.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр Аөөрийн ...УБО улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаа унаад гэрээсээ гараад 3-4 хоног ирэлгүй алга болсон. Тэр үед утас нь холбогдохгүй алга болчихоор нь гайхаад байж байтал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөр нэг үл таних Хоролсүрэн гэх эмэгтэйтэй уулзаад харилцаатай болсон талаар мэдсэн. Тэгээд байж байтал манай хүү БАахын ...УБО улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг зарах гээд зар тавьсан байна гэхээр нь гайхаад зарын дагуу яриад автомашиныг үзэхээр болоод 2018 оны 01 дүгээр саарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын ‘Хөх монгол" рестораны урд машин зарж байсан хүнтэй уулзахаар болсон. Тэгээд уулзах газраа очиход үл таних хүн машиныг барьж ирэхээр нь би өөрийнхөө машиныг аваад явсан. Тэгээд машинаа аваад явж байтал Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо "Сансар" худалдааны төвийн урд зам дээр явж байхад Аүл таних эмэгтэйн хамт араас ирээд манай автомашиныг зогсоосон. Тэгээд Абууж ирэнгүүтээ шууд машин руу гүйж ирээд манай хүү Бтэй муудалцаад бие биенийгээ цохиод байсан. Тэгтэл цагдаа нар тэр 2-ыг салгасан. ... цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд байж байтал Анадтай маргалдаад миний нүүр лүү цохиход манай хүү Бөмөөрөөд Аы нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. ...Манай хүү Бнь надаас тусдаа амьдардаг. Би анхны нөхөр Оаас салаад Аатай сууснаас хойш манай хүү хуучин нөхөр бид 2-ын голд ирж, очин амьдарч байгаад 10 жил төгсөөд төрсөн эцэгтэйгээ хамт амьдрах болсон. Одоо найзтайгаа хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт түр оршин сууж байгаа..” гэх мэдүүлэг /хх 29-30 х/

 

5.Шинжээчийн 1468 тоот дүгнэлт

1.Аа-н биед баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 37 х/,

 

6.О.Бийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд оршин суугаа болох тухай тодорхойлолт /хх 52 х/

7.О.Бийн төрсөн эх С.Ггийн Сонгинохайрхан дүүргиййн 30 дугаар хороонд оршин суугаа тухай тодорхойлолт /хх 58 х/

8.О.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36, 41 х/

9.Хохирогч Ч.А гомдол саналгүй тухай хүсэлт /хх 62 х/

10.Эвлэрсэн тухай баримт /хх 87 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

О.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн урд зам дээр “Ч.Ань түүний эх болох С.Ггийн гар луу цохиж авсан асуудлаас” үүдэн түүний толгойн тус газар 3-4 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн сарвууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч Ч.А “...Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн урд найз Хийн хамт явж байсан чинь манай эхнэр Ггийн дагавар хүүхэд О.Бминий машины түлхүүрийг булааж авах гэхээр нь өгөхгүй гэсэн чинь О.Бминий толгой нүүр лүү 3-4 удаа цохиж гэмтэл учруулсан юм. ..." гэх мэдүүлэг /хх 20 х/,

           Шүүгдэгч О.Бийн “... Аах ээж Гтай маргалдаад ээжийн гарыг цохичихоор нь би ээжийгээ өмөөрөөд Аахын нүүрэн тус газар нь гараараа 3-4 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 74 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч А.Хийн “...автомашины баруун талын арын хаалганаас Бгарч ирээд Аы толгой, нүүрэн тус газар 2 удаа цохиод Агазар унасан. ...” гэх мэдүүлэг /хх 24-25 х/,

           Гэрч С.Ггийн “... Анадтай маргалдаад миний нүүр лүү цохиход манай хүү Бөмөөрөөд Аы нүүрэн тус газар нь гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х/

Шинжээчийн 1468 тоот дүгнэлт

1.Аа-н биед баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 37 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:

О.Бийн Ч.Аыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Ч.А эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь О.Бтүүний нүүрэн тус газар гараар цохисноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 37 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

 

Шүүгдэгч О.Бөөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. О.Бхуулиар тогтоосон насанд хүрсэн болно.    

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Ч.Аэмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй болох нь хавтаст хэргийн 20 дугаар хуудсан дахь баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            О.Бт холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хор уршиг их биш, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа шүүхээс ял шийтгүүлж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Жамъянгарав овогт Оын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан О.Бт үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан О.Бт мэдэгдсүгэй.

  5.О.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ