Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сугар Болортуяа |
Хэргийн индекс | 1809047752030 |
Дугаар | 2024/ДШМ/1178 |
Огноо | 2024-10-23 |
Зүйл хэсэг | 17.3.2.2., |
Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/1178
***, *** нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөнцэцэг /томилолтоор/,
хохирогч ***ы өмгөөлөгч Б.Батбаяр,
яллагдагч ***,
яллагдагч ***, түүний өмгөөлөгч Р.Машлай,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/1892 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч ***ы өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдол үндэслэн ***, *** нарт холбогдох эрүүгийн 1809047752030 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. *** овгийн ***ы ***, 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал зуучлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/,
2. *** овгийн ***ын ***, 1989 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, “***” ХХК-нд хөрөнгө оруулалтын шинжээч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/;
Яллагдагч ***, *** нар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-нд ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 83 нэр төрлийн 2056 ширхэг 367,618,551 төгрөгийн өртөгтэй компьютер техник хэрэгслийн худалдах үнийг өртгөөс нь багаар буюу үнэ бууруулж нийт 65,812,280 төгрөгөөр программд тогтоож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан худалдан борлуулж өөрсдөө худалдан авч “***” ХХК-нд 301,806,271 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: ***, ***, *** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1809047752030 дугаартай тогтоолоор ***т, *** нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1, 3.7 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...***, ***, *** нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-д санхүүгийн хэлтэст санхүүгийн ахлах шинжээчээр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 83 нэр төрлийн 2056 ширхэг 367.618.551 төгрөгийн өртөгтэй компьютер техник хэрэгслийг худалдах үнийг өртгөөс нь багаар буюу үнэ бууруулж нийт 65.812.280 төгрөгөөр программд тогтоож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан худалдан борлуулж өөрсдөө худалдан авч “***” ХХК-д 301.806.271 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэхээр тогтоосугай...” гэсэн атлаа тус эрүүгийн хэрэгт ***г холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эсэх нь тодорхойгүй байгаагаас гадна түүнд холбогдох хэргийг тусгаарласан эсэх нь тодорхойгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, яллагдагч нарын хэн нь хэдэн төгрөг хариуцах талаар тогтоогоогүй байна гэх үндэслэлээр яллагдагч ***, *** нарт холбогдох эрүүгийн 1809047752030 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч ***ы өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг 2 үндэслэлээр прокурорт буцаасан. Миний бие 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Нэгдүгээрт, уг хэргийг ***, ***, н.*** нар үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдана. Гэвч н.*** нь тус хэрэг шалгагдаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэхээс өмнө Монгол Улсын хилээр гарсан, буцаж ирээгүй. Иймээс н.***тэй холбоотой ажиллагаанууд хийгдээгүй. Гэтэл анхан шатны шүүх н.***г яллагдагчаар татсан эсэх, түүнд холбогдох хэргийг тусгаарласан эсэх зэрэг асуудлыг шалгуулахаар буюу тухайн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хэрхэн хийгдсэн, прокурор хэрхэн хянасан, шүүхэд хэрхэн шилжүүлсэн болохыг мэдэхгүй мэтээр дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцааж байгаад гомдолтой байна. Энэ талаар хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс бүхий л гомдол, хүсэлтийг гаргаж байсан. Түүнчлэн “н.*** олдохгүй байгаа бол байгаа хүмүүст нь эрүүгийн хариуцлага оногдуулж, хохирол, төлбөртэй холбоотой асуудлуудаа тогтоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байсан. Хоёрдугаарт, анхан шатны шүүх нотолбол зохих байдал буюу хохирол, хор уршгийг тогтоогоогүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан. Хохирол, хор уршгийн хэмжээ тодорхой тогтоогдсон. Ямар аргаар гэмт хэрэг үйлдэгдсэн талаар аудит, шинжээч нарын дүгнэлт гарсан. Уг баримтуудыг үнэлж шийдвэр гаргах боломжтой. Харин яллагдагч нарын хувьд, хэн хэдэн төгрөг авсан болох нь тодорхойгүй. Уг асуудлыг тодруулах ажиллагаа хийх гэтэл “энэ талаар хэрэгт холбогдсон 3 хүн хэлэхгүй бол мэдэх боломжгүй” гэж аудит, шинжээч нар мэдүүлсэн. Тэгэхээр яллагдагч нар уг нөхцөл байдлын талаар мэдүүлэхгүй бол тус үйл баримт хэзээ ч тодорхой болохгүй. Өөрөөр хэлбэл, хэзээ ч энэ хэргийг шийдвэрлэж чадахгүй, мухардсан нөхцөл бий болж байна. Энэ талаар миний бие прокурорын бүх шатанд гомдол гаргаж байсан. Учир нь, уг нөхцөл байдлыг тогтоох гэж 3, 4 жилийн хугацаанд шалгах ажиллагаа хийгдсэн боловч тогтоогоогүй. “Уг асуудлыг дахин тогтоо” гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хариуцлага нь зайлшгүй байх ёстой. Хэн нь хэдийг авснаа хэлэхгүй болохоор энэ хэрэг шийдэхгүй байгааг анхаарч үзнэ үү. Гуравдугаарт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг өмгөөлөгч нарт мэдэгдээгүй, мэдэгдэхдээ 08 дугаар сарын 05-ны өдөр гэж мэдэгдсэн. 08 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанд оролцох гэж очоод шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцах гэтэл надад өөр хэргийн материал авчирч өгсөн. “Энэ биш шүү дээ” гэхэд шүүгчийн туслах гайхаж байснаа хэргийн материалыг сольж өгөхдөө “өө танай хурал орчихсон” гэж хэлсэн. Энэ асуудлын хүрээнд өмгөөлөгчийн эрх зөрчигдсөн. Энэ хэргийг маш удаан хугацаанд шалгаж, бүхий л ажиллагааг хийсэн. Иймээс хэргийг шийдвэрлүүлж өгнө үү. н.*** нь хилээр гарч явчхаад буцаж ирэхгүй байх, мөн яллагдагч нар хэдэн төгрөг авсан, өгснөө хэлэхгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэхгүй байх боломжгүй, уг нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагаас зайлсхийх шалтгаан болохгүй гэж үзэж байна. ...” гэв.
Яллагдагч ***гийн өмгөөлөгч Р.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний болон миний үйлчлүүлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, хэргийг шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй, яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоол зэрэг нь хууль, журмын дагуу үйлдэгдсэн эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. Уг асуудалд н.***гийн талаарх асуудал хөндөгдөнө. Түүнд холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэх боловч тус хүн хэрэгт шалгагдсан, түүний үйлдэл тусгаарлагдсан тухай үйл баримт хэрэгт авагдаагүй. Хоёрдугаарт, энэ хэрэгт н.*** гэх хүний талаарх асуудал яригддаг боловч түүний талаар шалгасан зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаж байна” гэж байна. Миний үйлчлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, шалгуулахгүй гэсэн зүйл байхгүй. Тэрээр гэмт хэрэг үйлдсэн. Гэхдээ дээрх асуудлыг үнэн зөв, бодитой шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Биднээс гаргасан санхүүгийн баримтуудыг хүлээж аваагүй. Хохирогч компанийн зүгээс тодорхой баримтуудыг гаргаж, тус баримтуудыг бүгдийг нь хохирол гэдэг боловч бид уг үндэслэлийг эс зөвшөөрч “тус хохирол гэх ойлголт нь ялгаатай, тухайн эрх мэдлийн хүрээнд хийгдсэн, яллагдагч нарт хамааралгүй зүйлийг хүртэл нийтэд нь хохиролд тооцуулсан” гэж удаа дараа гомдол гаргасан. Гэвч уг асуудал шалгагдаагүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн, хэзээ, хэрхэн үйлдсэн болохыг тогтоох зайлшгүй шаардлагатай. Уг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй тул өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргаж, улмаар шүүх хуралдаан явагдаж, шийдвэр гарсан. Нөгөөтээгүүр, н.*** нь хэрэг шалгагдах 3, 4 жилийн хугацаанд Монгол Улсад байсан. Энэ хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэх нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд, өөрт холбогдох асуудлыг үнэн зөвөөр мэдүүлж, хохирол, төлбөрийг төлж байгаа. ...” гэв.
Яллагдагч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Яллагдагч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хэлэх тайлбар байхгүй. Миний бие гэм буруугаа ойлгож байгаа бөгөөд тодорхой хэмжээнд хохирол, төлбөр төлсөн. Миний бие хохирлын дүн болон бусад яллагдагчидтай холбоотой асуудлыг шалгаж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Прокурор Б.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг хууль зүйн үндэслэлтэй, н.***г яллагдагчаар татаагүй, тухайн хэргийг тусгаарласан эсэх нь тодорхойгүй атлаа ***, *** нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...Шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд яллагдагч ***, *** нарын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Харин өмнө нь хяналт тавьж байсан прокурор дээрх ажиллагаануудыг ямар учраас хийгээгүй болохыг мэдэхгүй байна. Хэргийг бүрэн бодитой тогтоох, яллагдагч нарын гэм буруу, хохирлын асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ***, *** нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч ***ы өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/1892 дугаартай захирамж үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар зөв хууль зүйн дүгнэлт хийснээр мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан яллах дүгнэлтэд тавигдах шаардлага хангагддаг.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээдүүд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1, 3.7 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,
***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1, 3.7 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар тус тус татсан.
Гэтэл яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “***, ***, *** нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-нд санхүүгийн хэлтэст санхүүгийн ахлах шинжээчээр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 83 нэр төрлийн 2056 ширхэг 367.618.551 төгрөгийн өртөгтэй компьютер техник хэрэгслийн худалдах үнийг өртгөөс нь багаар буюу үнэ бууруулж нийт 65.812.280 төгрөгөөр программд тогтоож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан худалдан борлуулж өөрсдөө худалдан авч “***” ХХК-нд 301.806.271 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэж тусгажээ.
Тодруулбал, ***, *** нарт ял сонгосон хэргийн зүйлчлэл болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэсэн шинжийг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дүгнэж бичсэн атал тогтоох хэсэгт энэ зүйл, заалтаар зүйчлээгүй, мөн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад ***тэй бүлэглэж үйлдсэн талаар бичээгүй атлаа тогтоох хэсэгт ***, ***, *** нар нь бүлэглэж гэж тэмдэглэх, тогтоох хэсгүүд зөрүүтэй бичигдсэн байгаа нь яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
Энэ нь гэмт хэрэг үйлдэхэд хэн, ямар оролцоотой оролцсон талаарх хамтран оролцооны хэлбэр, гэмт хэргийн шинжийг бүрэн, эргэлзээгүй, зөв тогтоох шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэж байна.
Мөн прокурор уг гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсан, хохирлыг хэн, хэрхэн хариуцах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, яллах дүгнэлтэд тодорхой тусгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-д заасан шаардлагад нийцнэ.
Түүнчлэн, хэрэгт ***ий үйлдэлтэй холбоотойгоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан эсэх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эсэх, хэргийг тусгаарласан, түдгэлзүүлсэн эсэх талаарх ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй, баримт авагдаагүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нь “...шүүгчийн захирамжид заасан дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэх шаардлагатай...” гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн хохирогч ***ы өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/1832 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хохирогч ***ы өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА