Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 68

 

 

Д.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч Ч.А, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн, шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Г.Сүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

            Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 32 дугаар магадлалтай, Д.Ж-д холбогдох 183000230253 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, Б т овгийн Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ж-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа ”... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөвөөр үнэлж дүгнээгүй. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.Б, А.Э, Г.Э, Б.Э, Б.Б, Б.Г нарын мэдүүлгээр хохирогч Ч.А нь өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтуу байсан, машинаас буухдаа унаж байсан, шүүгдэгч Д.Ж-ын толгой руу цохиж, хэл амаар доромжилж байсан болох нь хангалттай тогтоогддог. Д.Ж-д холбогдох хэрэг анхан шатны шүүхээр хоёр удаа, давж заалдах шатны шүүхээр хоёр удаа хэлэлцэгдсэн. Ч.А-гийн биед Д.Ж хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй. Гэрч Э.Б, хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг яллах гол баримт болгосон бөгөөд Э.Б хохирогч, шүүгдэгч нартай нэг машинд яваагүй. Гэсэн хэдий ч нэг машинд явсан мэт мэдүүлэг өгсөн. Гэтэл хоёр дахь мэдүүлэгтээ “Д.Ж-ыг цохихыг хараагүй, унаж байгаа харагдсан” гэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч нар Ч.А-г биеэ авч явах чадваргүй, өмдөө ч татаж чадахгүй байсан талаар хэлдэг. Гэтэл Д.Ж-ын түлхсэнээс болж гэмтэл учирсан эсвэл өөрөө унахдаа гэмтэл учирсан эсэхийг тогтоогоогүй атлаа хариуцлага тооцсонд гомдолтой байна. Шинжээч эмч чигчий хурууны яс цуурсан гэх дүгнэлт гаргасан боловч хэрэгт шинжилгээний материал буюу объект байхгүй. Мөн хавтаст хэргийн 56 дугаар талд авагдсан хэн гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй зүйлийг үндэслэж дүгнэлт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, Гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчсөн. Ямар баримтад үндэслэж дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байна. Гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдоогүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн шүүх Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг хэрэглэх ёстой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байхаар тогтоосон. Гэтэл шүүх материаллаг хуулийн энэ заалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалын тодорхойлох хэсэгт улсын яллагчийн яллах нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн дүгнэлт, өмгөөлөгч миний Д.Ж-ыг ялалсан яллах нотлох баримтыг үгүйсгэж няцаахдаа үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ огт заагаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэргийг үзэмжээрээ шийдсэн буюу анхан шатны шүүх хоёр удаа шийдэхдээ эрс тэс шийдвэр гаргасан нь эргэлзээтэй байна. Иймд Д.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн хэлсэн саналдаа “... Хэрэг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд, Боловсрол өргөөний амралтын өрөөнд болсон. Д.Ж нь согтуурсан үедээ өрөөндөө амарч байсан Ч.А-г хэл амаар доромжилж, шалны гишгүүрээр цохиж, түлхсэний улмаас зүүн гарын тавдугаар хуруунд цууралт бүхий хөнгөн хохирол учирсан. Д.Ж-ыг гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Гэрч Г.Э, Г.Ц нарын түлхсэн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр зүүн гарын тавдугаар хуруунд цууралт бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон. Тэгэхээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу хоёр шатны шүүх шүүгдэгчид шийтгэл оногдуулсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Д.Ж-д холбогдох хэрэг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Б Ө” төвийн амралтын өрөөнд үйлдэгдсэн. Хэрэг гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Хэрэг гарах үед Н.Б, Г.Э нар хохирогчтой хамт байсан. Гэрч Н.Б шүүүгдэгч Д.Ж-ыг хаалга өшиглөж орж ирээд, хохирогчийг шалны гишгүүрээр цохисон тухай мэдүүлсэн. Гэрч Г.Ц Ч.А гарынхаа зургийг надаар авахуулж байсан” гэх мэдүүлэг өгсөн байдаг. Гэмт хэрэг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гарсан хэдий ч 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сумынхаа эмчид үзүүлсэн. Нэмэлт шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон. Шүүх Д.Ж-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Ж-ын өмгөөлөгч Г.Сүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Б Ө”-ний амралтын өрөөнд амарч байсан Ч.А-г шалны гишгүүрээр цохиж, хогийн сав шидэж орноос нь татаж унагаан зодож, эрүүл мэндэд нь зүүн гарын 5 дугаар хурууны цууралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ж-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчил тогтоогдоогүйн дээр шүүхийн үйл баримтын дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэдийгээр хохирогч Ч.А нь зүй бус үйлдлүүд гаргасан боловч энэ нь Д.Ж-ын гэм бурууг үгүйсгэх, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн гаргасан “Д.Ж гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэх үед шүүгдэгч Д.Ж-ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад энэхүү үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан атал давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өдрөөс эхлэн тоолж Эрүүгийн хуулийг илт буруу хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Ж-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд, магадлалд оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгохоор хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 32 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Д.Ж-д холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Жын өмгөөлөгч Г.Сүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН