2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/07767

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  ******* банк ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй

******* овогтой ******* /рд:/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* овогтой ******* нь 2023 оны 09 сарын 07-ны өдөр ******* банктай ЗГ-R180413350 дугаартай дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2023 оны 09 сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.40 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй банкийг хохироож байсан тул банк шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 197/Ш32025/33416 дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан тоот хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд эрэн сурвалжилж өгнө үү.... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 1-12-р тал.

 

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: мэдэгдэх хуудас 1 хуудас, хорооны тодорхойлолт 1 хуудас.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК Ц.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.

Хэрэгт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны 33416 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, ******* банк болон Ц.******* нарын хооронд байгуулагдсан дижитал зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, шүүхийн мэдэгдэх хуудас, БГД-ийн 32-р хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Ц.*******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Ц.*******  тоотод оршин суух бүртгэлтэй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогтой ******* /рд:/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ц.*******ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Ц.*******ийг хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содном, утас:/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ