| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0513/Э |
| Дугаар | 526 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 526
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
Улсын яллагч М.Амарзаяа,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сартуул овогт Б М-д холбогдох 1808025520708 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Зүүнсалааны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт БМ /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн товч агуулга:
Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Зүүнсалааны ...тоотод эхнэр Н.Сг “цэцэрлэгээс хүүхдээ оройтуулж авлаа” гэх шалтгаанаар нүүрэнд нь гараар нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Н.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн орой ажил тараад цэцэрлэгээс хүүхдээ аваад 18 цагийн үед гэртээ ортол нөхөр Б.М нь ганцаараа байж байсан. Тухайн үед М уурлачихсан “хүүхдээ эрт авахад яадаг, цэцэрлэгийн багш нь удаа дараа утсаар залгаад байна” гэж хэлээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би гэрээсээ 4 настай Оаваад гарсан. Баянхошууны эцсийн автобусны буудал дээр том хүүхэд болох Эрдэнэбилгийг хүлээж байгаад ирэхээр нь хамт гэртээ орж хоносон. ...” гэх мэдүүлэг /хх 43 х/,
2.Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэр Н.Стай гэр бүл болоод 23 гаруй жил амьдарч байна. Дундаасаа 19-өөс 24 насны 4 хүүхэдтэй, бид хоёр тэр болгон маргалдаад хэрүүл хийгээд гэр бүлдээ таарамжгүй уур амьсгал төрүүлээд байдаггүй. Гэр бүл болсон хойно жижиг маргаан байна. 23 жил хамт амьдрахдаа эхнэр Н.Сд анх удаа буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед би гэртээ эхнэр хүүхдээ хүлээгээд ирэхгүй болохоор нь уур хүрээд эхнэр Н.С гэрт ороод ирэхээр нь чи яасан оройтож ирдэг юм хаагуур юу хийгээд яваад байдаг юм, хүүхдээ цэцэрлэгээс эрт авахгүй гэж уурлаж гараараа нүүрлүү нэг удаа цохисон. Тэгсэн чинь С уйлаад баруун нүдээ дараад гэрээс гараад явчихаар нь би ардаас гарч гудамжинд гэртээ ор яах гээд байгаа юм гэж зууралдсан. С би явна гээд намайг гудамжинд үлдээгээд явсан. Орой 21 цагийн үед С том банди Этэй хамт гэрт орж ирээд унтсан. Ийм л юм болсон ...” гэх мэдүүлэг /хх 58-61 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.Шинжээчийн 5517 тоот дүгнэлт
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 49 х/,
5.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 16 х/
6.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 17 х/
7.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 72 х/
8.Эвлэрсэн тухай баримт /хх 76 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Зүүнсалааны ...тоотод эхнэр Н.Сг “цэцэрлэгээс хүүхдээ оройтуулж авлаа” гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.Сгийн “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн орой ... М уурлачихсан “хүүхдээ эрт авахад яадаг, цэцэрлэгийн багш нь удаа дараа утсаар залгаад байна” гэж хэлээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 43 х/,
Шүүгдэгч Б.Мгийн “... эхнэр Сг ороод ирэхээр нь хүүхдээ цэцэрлэгээс авахгүй юу хийгээд явдаг юм гэж хэлээд нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 58-61 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч М.Эийн “... ажлаа тараад Баянхошууны эцэс дээр ирэхэд миний ээж С автобусны буудал дээр нүд нь хавдчихсан зогсож байхаар юу болсон талаар асуусан чинь аав Мг зодсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 45 х/,
Шинжээчийн 5517 тоот дүгнэлт
1.Н.Сгийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнген зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 49 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Б.Мгийн эхнэр Н.Сг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэх шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон эсэхийг шалгахад үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой гэдгийг шалгуур болговол: Н.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Б.М түүний нүүрэн тус газарт гараар нэг удаа цохисноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч Б.М хохирогчийг зодсон үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Б.М хуулиар тогтоосон насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.-д ..., эхнэр, нөхөр ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Б.М, хохирогч Н.С хоёр гэр бүлийн баталгаатай нэг гэр бүлд хамтран амьдардаг болох нь тэдгээрийн гэрлэлтийн баталгаа /хх 16 х/-аар тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Мгийн эхнэр Н.Сгийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Н.С эмчилгээний төлбөр нэхэмжлээгүй болох нь хохирогчийн мэдүүлэг /хх 43 х/-ээр тогтоогдсон тул шүүгдэгч Б.Мг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Б.Мгийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд ахуйн хүрээнд хувийн асуудлаас болж үйлдэгдсэн, хохирогч гомдол, саналгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сартуул овогт БМг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.Мд үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Мд мэдэгдсүгэй.
5.Б.Мгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ