| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2026/0181/З |
| Дугаар | 128/ШШ2026/0399 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2026/0399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Э,
Хариуцагч: Б дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага:
Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/ тоот захирамжийн Н.Сод холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Равжаа.
Танхимын дугаар: 5
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/ дугаартай захирамж илт хууль бус болох нь дараах үндэслэлээр тогтоогдоно. Үүнд сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 32.1-т Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно гэж тус тус хуульчилсан. Гэтэл эдгээр заалтуудыг зөрчиж захиргааны акт гаргаж газар эзэмшигчийн тайлбар, санал гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
1.2. Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг зөрчсөн. Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны дагуу тухайн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явагдаж, тухайн байршил дахь газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэдгийг дүүргийн Засаг дарга мэдэж байсан бөгөөд иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.4-т шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх гэх заалтыг зөрчсөн.
1.3. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, захирамжийн захирамжлах хэсэгт иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлдээ Газрын тухай хуулийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтуудыг үндэслэсэн боловч 45 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход хүргэсэн зөрчлийг захирамжийн 1 дэх заалтад дурдахдаа газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хавсралтад дурдсан 45 (дөчин тав) иргэний 18,967 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосугай гэж тодорхой зааснаас үзвэл хариуцагч газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байна.
1.4. Эзэмшлийн газарт Нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдахаар болж орон сууцжуулах болсон тул дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарч газрын иргэний ахуйн буй гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь дахин төлөвлөлтийн барилгажуулах зориулалттай болж өөрчлөгдсөн тул маргаан бүхий газар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах сонгосон талбай болох нь одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа учраас эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь газар эзэмшигчээс хамаарах шалтгаан биш бөгөөд Нийслэл болон төсөл хэрэгжүүлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилгажуулах ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй байхад Б дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн аавын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргах нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
1.5. Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т хуульд үндэслэх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 60.1.4-т шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх гэх заалтуудыг зөрчсөн нь мөн хуулийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлтэй тул Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/ тоот захирамжийн Д.д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Агаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Тус маргаан бүхий газартай холбоотой Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Газар зохион байгуулалтын алба-наас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01-06/1932 дугаар Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-аас ирүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10/1612 дугаар Хамтран ажиллах тухай албан бичиг тус тус ирүүлсэн билээ.
2.2. Албан бичигт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын төмөр замын шугамыг тавих ба ашиглахын тулд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн тавдугаар зүйлийн б-д ...төмөр замын бүх шугамын дагуу 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ... гэж, ...дээр дурдсан зурвас газруудаас гадна техникийн байшин барилга (үүний дотор цахилгаан станц, гидростанц) ба тэдгээрт туслах чанарын байруудыг босгох, түүнчлэн төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэгдэх хэмжээний барилгын материал /үүний дотор мод/ бэлтгэхэд зориулагдах хэсэг газруудыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ... хэмээн тогтоож өгсөн байдлыг тодорхойлсон байдаг
2.3. Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт газар олгосон нэгж талбаруудын судалгааг нягтлан газар эзэмших эрхийг хүчингүй болгох тус тус чиглэл өгсөн байдаг.
2.4. Тус чиглэлийн хүрээнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан нөхцөл байдал тус тус тогтоогдсон нэгж талбаруудыг нягтлан хүчингүй болгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
4. Н.С нь Б дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан анх газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт(Хавтаст хэрэг 1-ийн 48 дахь талд) гаргаж, Б дүүргийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай А/546 дугаар захирамж(Хавтаст хэрэг 1-ийн 51-53 дахь талд)-аар газар эзэмших эрх олгож, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б дүүргийн 12 дугаар хороо, Төмөр зам, ******* тоот хаягтай 186******* нэгж талбарын дугаартай 417 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 000******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон(Хавтаст хэрэг 1-ийн 20 дахь талд).
5. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай А/******* дугаар захирамжаар Нийслэлийн Б дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын 23.6 га, Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Ж******* ******* ******* ХХК-ийг шалгаруулж(Хавтаст хэрэг 1-ийн 177 дахь талд), 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр МЗХ2018/25-42 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар(Хавтаст хэрэг 1-ийн 143-144 дэх талд)-ыг Ж******* ******* ******* ХХК-д олгосон.
6. Н.С нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 2341 дугаарт бүртгэгдсэн учир Н.Сын эзэмшилд байсан Б дүүргийн 12 дугаар хороо, Төмөр зам, ******* тоот хаягтай 417 м.кв газрыг С.Эд өвлүүлэхээр 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон(Хавтаст хэрэг 1-ийн 6 дахь талд).
7. Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/ дугаар захирамжаар ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтад үндэслэн Н.Сын эзэмшилд байсан Б дүүргийн 12 дугаар хороо, Төмөр зам, ******* тоот хаягтай 417 м.кв газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон(Хавтаст хэрэг 2-ын 2-6 дахь талд) ба нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагааны Б дүүргийн нутаг дэвсгэрт газраа 2 жил дараалан ашиглаагүй, төмөр замын хамгаалалтын бүс газарт газар эзэмшигч дараах нэгж талбар бүхий иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдэж байна гэх мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б дүүргийн Газар зохион байгуулалтын цахим хуудаст байршуулсан(Хавтаст хэрэг 1-ийн 107 дахь талд).
8. Нэхэмжлэгч болон нэр бүхий иргэдээс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг дарга болон Орон сууцны бодлогын газарт хандан ...Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүй болгох, 2015, 2016 онд нийслэл болон төсөл хэрэгжүүлэгчийн бидэнтэй байгуулсан боловч тамгалуулахаар авч яваад өгөөгүй гэрээ болон гэрчилгээг гаргуулах, гуравласан гэрээ байгуулж, орон сууцжуулахыг төсөл хэрэгжүүлэгчид үүрэг болгох-оор гомдол(Хавтаст хэрэг 1-ийн 28-29 дэх талд) гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргаас 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 05-02/6851 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 36 дахь талд)-ээр ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт захиргааны акт илт хууль бус болох тохиолдлыг тодорхой заасан бөгөөд Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна гэх хариуг өгсөн.
9. 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлээс зохион байгуулж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг дэмжиж Ж******* ******* ******* ХХК-тай 2 талт гэрээ байгуулсан. Төсөл хэрэгжүүлэгч компани иргэдтэй байгуулсан гэрээг тамгалуулахаар авч яваад эх хувийг иргэдэд өгөөгүй бөгөөд бүх гэрээг Нийслэлд хүргүүлсэн гэх тул ... 2 талт гэрээ болон гэрчилгээ зэрэг баримтуудыг авах хүсэлтэй байна гэх хүсэлтийг Нийслэлийн орон сууцны бодлогын газарт гаргасан(Хавтаст хэрэг 1-ийн 31 дэх талд) ба үүний хариуд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/1387 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 34 дэх талд)-ээр ...Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу төслийн байршил дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч иргэн гурван талт гэрээ байгуулах эрхтэй гэх хариуг иргэдэд өгсөн.
10. Шүүхээс нэхэмжлэгчийн газар нь төмөр замын хамгаалалтын бүстэй давхцаж байгаа эсэхийг тодруулахад 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10/759 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 170 дахь талд)-ээр ...186******* нэгж талбар газар нь төмөр замын зурвас газрын гадна байна гэх хариуг шүүхэд ирүүлсэн.
11. Ж******* ******* ******* ХХК-аас Н.Стой орон сууц захиалгын гэрээ байгуулсан эсэхийг тодруулахад 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 124/26 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 174 дэх талд)-ээр хоёр болон гурван талт гэрээ байгуулаагүй гэх хариуг ирүүлсэн.
12. Нийслэлийн орон сууцны бодлогын газраас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/345 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 176 дахь талд)-ээр нэхэмжлэгчийн газар нь Ж******* ******* ******* ХХК-ийн төслийн талбайд хамаарахгүй, гурван талт гэрээ байгуулаагүй гэх, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/464 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 224 дэх талд)-ээр нэхэмжлэгчийн газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар тогтоосон Г хэсэгчилсэн талбайд хамаарч байна. Хавсралтаар 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Н.С болон төсөл хэрэгжүүлэгч Ж******* ******* ******* ХХК нарын хооронд байгуулсан ГХДТ-Г/186 дугаартай гэрээ (Хавтаст хэрэг 1-ийн 227-228 дахь талд)-г хүргүүлэв гэх хариуг тус тус ирүүлсэн.
13. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2/764 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 207-212 дахь талд)-ээр нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрын 2014, 2015, 2017, 2018, 2019 оны агаар сансрын зураг, Хот байгуулалт, хотын стандартын газраас 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/557 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 233 дахь талд)-ээр Б дүүргийн 12 дугаар хороо, гэр хорооллын дахин төлөвлөлтийн Г хэсэгчилсэн талбайд архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажилтын төсөл батлагдаагүй байна гэх хариуг ирүүлсэн.
14. Замын хөгжлийн газраас 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/329 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 2-ын 10 дахь талд)-ээр Дэлхийн банкны санхүүжилтийн эх үүсвэрээр Н******* ******* ХХК зураг төслийн ажлыг гүйцэтгэн, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 247/2025 тоот магадлалын дүгнэлтээр батлагдсан Б дүүрэг, 12, 37 дугаар хороо, Нарны замын зүүн өргөтгөлийн инженерийн нарийвчилсан зураг төсөлтэй давхцалтай байна гэх баримтыг ирүүлсэн.
Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
15. Нэхэмжлэгчийн зүгээс Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, мөн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт гаргахын өмнө тайлбар, санал гаргах боломж олгох, 32 дугаар зүйлийн 32.1-д шийдвэртэй холбоотой баримт бичигтэй танилцах боломж олгох, 60 дугаар зүйлийн 60.1.4-д шийдвэрийн заалт хоорондоо болон бусад эрх бүхий этгээдийн шийдвэртэй зөрчилдөхгүй байх шаардлагуудыг тус тус зөрчсөн, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр илт хууль бус акт гэж маргасан.
16. Шүүхээс маргаан бүхий захиргааны актыг дүгнэхдээ юуны өмнө тухайн актыг гаргасан этгээдийн эрх хэмжээ, мөн уг шийдвэрийг гаргах эрх зүйн зохицуулалт байгаа эсэхийг тодруулан үзэв. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана гэж, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах, түүний эрхийг дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж тус тус заасан байна. Эдгээр заалтаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь эрх бүхий этгээдээс гарсан болох нь тогтоогдож байна.
17. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлийг хууль тогтоогч хязгаарлагдмал хүрээнд тусгайлан тогтоосон бөгөөд мөн зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тохиолдлыг илт хууль бус захиргааны актад тооцохоор заасан нь захиргааны актын эрх зүйн хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх шинжтэй, өөрөөр хэлбэл захиргааны акт илт хууль бусад тооцогдохын тулд тухайн шийдвэр нь эрх зүйн ямар нэг зохицуулалтад огт тулгуурлаагүй байх, эсхүл хэрэглэсэн хуулийн заалт нь тухайн маргаантай харилцаанд эрх зүйн агуулгын хувьд илэрхий хамааралгүй, бодит нөхцөл байдалд илт зөрүүтэй байдлаар хэрэглэгдсэн байх, эсхүл эрх зүйн хэм хэмжээний агуулга, зорилгыг ноцтой гажуудуулсан шинжтэй байх зэрэг нөхцөлүүд бодитой тогтоогдсон байхыг шаарддаг.
18. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх заалтуудыг үндэслэл болгон дурдсан байна. Эдгээр нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан шууд хэрэглэгдэх үндэслэлүүд бөгөөд захиргааны байгууллага уг зохицуулалтыг хэрэглэсэн нь өөрөө эрх зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн захиргааны байгууллага нь холбогдох байгууллагуудаас ирүүлсэн чиглэл, мэдээллийг харгалзан үзсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул уг акт нь бодит нөхцөл байдлаас тасарсан, дур зоргоор гарсан гэж дүгнэх боломжгүй байна.
19. Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар мэдэгдлийг цахим хэлбэрээр нийтэд байршуулсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д заасан тайлбар, санал гаргах боломж олгох, 32.1-д заасан шийдвэртэй холбоотой мэдээлэлд нэвтрэх боломж олгох шаардлагуудыг хэрэгжүүлэх хэлбэр нь тухайн нөхцөл байдлаас хамааран ялгаатай байж болох бөгөөд олон тооны этгээдийг хамарсан шийдвэрийн хувьд нийтэд мэдээлэх хэлбэрийг хэрэглэсэн нь уг ажиллагааг огт явуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 26.1, 32.1-д заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.
20. Газрын ашиглалтын тухайд нэхэмжлэгч нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлнэ гэж 2 талт гэрээг төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсантай холбоотойгоор газраа ашиглаагүй гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар тухайн газарт 2 талт гэрээг хүчин төгөлдөр болгох гурван талт гэрээ байгуулагдаагүй, мөн нэхэмжлэгчээс газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар анх эзэмших эрхтэй болсон цаг хугацаанаас хойш бодитоор ашиглаагүй нь тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан газрыг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох бие даасан үндэслэл бөгөөд уг заалтыг хэрэглэхэд газар эзэмшигчийн буруутай эсэхийг заавал тогтоох шаардлагагүй гэж шүүх үзэв. Иймд нэхэмжлэгчийн дурдсан нөхцөл байдал нь уг зөрчлийг үгүйсгэх, эсхүл захиргааны актыг илт хууль бус гэж дүгнэх үндэслэл болохгүй байна.
21. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 60.1.4-д заасан шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн шийдвэртэй зөрчилдөхгүй байх шаардлагын хувьд хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий захирамж нь өөр эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэртэй шууд зөрчилдсөн гэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн дурдсан дахин төлөвлөлтийн болон дэд бүтцийн асуудлууд нь тухайн акт гарснаас хойших нөхцөл байдал, эсхүл хэрэгжилтийн шатанд байсан асуудал байх тул уг актыг анхнаасаа илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.
22. Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтаар маргаан бүхий захиргааны акт нь тодорхой эрх зүйн зохицуулалтад тулгуурлан гарсан, огт үндэслэлгүй, илэрхий хууль зөрчсөн шинжгүй, мөн процедурын ноцтой зөрчил агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх илт хууль бус захиргааны акт биш байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эаас Б дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Б дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/ тоот захирамжийн Н.Сод холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИ