Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 532

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч Б.Нямбат,

Шүүгдэгч М.В, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /ҮД:0192/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хиад боржигин овогт Мын Вд холбогдох 1808021400654 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “...” ХХК-нд хэвлэлийн дараах туслах ажилтан, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хиад боржигин овогт Мын В /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

М.В нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн хэвлэх үйлдвэрийн байранд ажлаа хийж байхдаа М.Гтой “чи н.Н согтуу байхад орхиод явсан байна лээ” гэж хэлсэн байсан гэх асуудлаас болж муудалцан түүнийг цаасны хайчаар цээжин тус газарт нь нэг удаа хатгаж “цээжний зүүн талд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            1.Хохирогч М.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өглөө ажил дээрээ ажлаа хийж байтал хамт ажилладаг В ах уурласан байдалтай хүрч ирээд чи хэнд юу яриад яваад байгаа юм, миний тухай хүмүүст сонин сонин юм ярьсан байна гээд маргахад нь өөрөөсөө холдуулаад түлхэхэд миний зүүн суганд цохиод авсан, тэгээд би та болио гээд холдуулах үед миний нуруунаас хүйт оргиод ирэхээр нь бариад үзсэн чинь цус гарч байсан, тэгээд гэмтлийн эмнэлэп хүргэгдсэн. Нэг оёдол тавиулсан, маргаашнаас нь эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Надад учирсан гэмтлийг В ах хайчаар нэг удаа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,

 

           2.Шүүгдэгч М.Вгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би Гыг ажлаа хийж байхад нь очоод чи ахыгаа хүнд юу гэж ярьсан юм бэ, янз бүрээр яриад байгаа юм уу гэхэд миний цээж рүү гараараа түлхээд би тэгээгүй гэж хэлсэн. Би хойшоо савахдаа хайчтай гараараа зүүн суга орчимд нэг удаа цохисон. ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, би учруулсан гэмтэл байна, уучлалт гуйж эмчилгээний зардал мөнгийг төлсөн, эвлэрэлийн гэрээ байгуулсан ...” гэх мэдүүлэг /хх 35 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

  1. Гэрч Э.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...В ах Гтой муудалцаад байхаар нь явж очоод салгатал В ах баруун гартаа саарал өнгийн бариултай хайч барьчихсан байдалтай байхаар нь хайчаа тавиа гээд хэлээд зогсож байхад Г араас дуудаад эргээд харахад газар хэвтчихсэн зүүн суганы доод талаас нь цус гарч байхаар нь В ах бид хоёр түшиж аваад машиндаа суулган гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 21 х/,

 

4.Шинжээчийн 5378 тоот дүгнэлт

1.М.Гын биед цээжний зүүн талд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 24 х/,

 

5.М.Вгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53, 56 х/

6.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 54 х/

7.Ажлын тодорхойлолт /хх 36 х/

8.Эвлэрлийн гэрээ /хх 67 х/

9.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 54 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Шүүгдэгч М.В нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн хэвлэх үйлдвэрийн байранд ажлаа хийж байхдаа М.Гтой “чи н.Н согтуу байхад орхиод явсан байна лээ” гэж хэлсэн байсан гэх асуудлаас болж муудалцан түүнийг цаасны хайчаар цээжин тус газарт нь нэг удаа хатгаж “цээжний зүүн талд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Хохирогч М.Гын “...2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өглөө ажил дээрээ ажлаа хийж байтал хамт ажилладаг В ах уурласан байдалтай хүрч ирээд чи хэнд юу яриад яваад байгаа юм, миний тухай хүмүүст сонин сонин юм ярьсан байна гээд маргахад нь өөрөөсөө холдуулаад түлхэхэд миний зүүн суганд цохиод авсан, тэгээд би та болио гээд холдуулах үед миний нуруунаас хүйт оргиод ирэхээр нь бариад үзсэн чинь цус гарч байсан, ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,

            Шүүгдэгч М.Вгийн “...би Гыг ажлаа хийж байхад нь очоод чи ахыгаа хүнд юу гэж ярьсан юм бэ, янз бүрээр яриад байгаа юм уу гэхэд миний цээж рүү гараагаар түлхээд би тэгээгүй гэж хэлсэн. Би хойшоо савахдаа хайчтай гараараа зүүн суга орчимд нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 35 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Э.Тийн “...В ах Гтой муудалцаад байхаар нь явж очоод салгатал В ах баруун гартаа саарал өнгийн бариултай хайч барьчихсан байдалтай байхаар нь хайчаа тавиа гээд хэлээд зогсож байхад Г араас дуудаад эргээд харахад газар хэвтчихсэн зүүн суганы доод талаас нь цус гарч байхаар нь В ах бид хоёр түшиж аваад машиндаа суулган гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 21 х/,

Шинжээчийн 5378 тоот дүгнэлт

1.М.Гын биед цээжний зүүн талд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 24 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч М.В нь М.Гыг цаасны хайчаар цээжин тус газар нь хатгаж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол М.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь М.В түүний цээжний зүүн талд нь хайчаар хатгаснаас үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 24 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

 

Шүүгдэгч М.В өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. М.В хуулиар тогтоосон насанд хүрсэн болно.    

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М.Вгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч М.Гын эмчилгээний төлбөр төлөгдсөн болох нь хохирогчийн мэдүүлэг /хх 10 х/-ээр тогтоогдсон тул шүүгдэгч М.Вг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Шүүгдэгч М.В гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд шүүгдэгч гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хоорондын таарамжгүй харилцаанаас болж гэмт хэрэг гарсан, хохирогч гомдол, саналгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

            Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Хиад боржигин овогт Мын Вг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Вг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан М.Вд үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Вд мэдэгдсүгэй.

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цаасны хайч 1 ширхэгийг устгасугай.

  6.М.Вгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Вд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ