| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2024/0356/Э |
| Дугаар | 2024/ДШМ/65 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/65
2024 10 23 2024/ДШМ/65
Г.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Д
Шүүгдэгч Г.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б
Хохирогч З.Э
Хохирогчийн өмгөөлөгч Э.Т /цахимаар/
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч З.Эр, түүний өмгөөлөгч Э.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Ад холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Г-н А, Монгол Улсын иргэн,
Г.А нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагийн орчим аймгийн сумын Согоот баг дугаар байрны ар талын төв зам дээр өөрийн эзэмшлийн “Ford Escape-ZD” /Форд Ескапи-зэтди/ загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган хүний замаар зам хөндлөн гарч явсан хохирогч З.Эрдэнэчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь “тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овогт Г-н Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүгдэгч Г.Агийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор хэрэгт хураан ирүүлсэн “В” ангиллын дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг, шүүгдэгч Г.Ад тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах болон торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон аймаг сум баг дугаар байрны ар талын явган хүний гарц болон түүний ойр орчмыг харуулсан хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Хохирогч З.Э, хохирогчийн өмгөөлөгч Э.Т нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/370 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч үйлчлүүлэгчтэй зөвлөлдсөний дагуу эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт "Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл”-ийг тусгахаар заасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэхэмжлэлийг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь хангасан, эсхүл хэлэлцэхгүй орхисон талаар огт дурьдаагүй байна.
2. Тогтоолын тодорхойлох хэсгийн агуулгаас үзвэл “Хохирогчийн осолд орох үедээ өмсөж явсан, өмсөх боломжгүй болсон куртик болон гутлын зах зээлийн үнэлгээ тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэж ойлгогдохоор байна. Хохирогч осолд орох үедээ өмсөж явсан куртик болон гутлын үнийг нэхэмжлэлдээ оруулан нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирлыг барагдуулна гэж хэлж байсан тул үнэлгээ хийлгэх талаар тусгайлан хүсэлт гаргаж үнэлгээ хийлгээгүй.
Энэ үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч, хохирогч, прокурорын зүгээс хохирогчийн осолд орох үедээ өмсөж гутал, куртик урагдсан талаар маргадаггүй, зөвхөн үнэлгээ тодорхойгүй талаар маргасан.
Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж заасны дагуу хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх боломжтой байсан.
Гутал, куртикний үнийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосноор хохирогч уг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоо гаргуулах боломжгүйд хүрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн "хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” үндсэн зорилт алдагдаж, хохирогч хохирч үлдэхэд хүрч байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдахаар, хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй байхаар зохицуулсан болно. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/370 дугаартай шийтгэх тогтоолд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б хариу тайлбартаа:
“... 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл” -ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заана гэж заасныг зөрчсөн гэжээ. Шүүх дээр заасны дагуу хохирол төлбөртэй асуудлаарх гаргасан шийдвэрээ Шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй хэмээн тодорхой тусгасан байна.
2. Хохирогчийн өмсөж явсан хувцасны хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэжээ. Хохирол төлбөрийг шийдвэрлүүлэхэд баримтын шаардлага хангахгүй буюу зарим төлбөрийн баримтын бичиг харагдахгүй болсон, нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирол төлбөртэй холбоотой баримт дутуу байгаа нь шүүгдэгчийн хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна гэснээр зөвтгөгдөхгүй.
Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч 3. Э эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учирсан гэж нийт 13,977,300 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлээ багасгаж 9.093.228 төгрөг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн. Үүнээс хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүх шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүх хуралдаан даргалагч хохирол төлбөртэй холбоотой зарим тодорхойгүй баримт, шаардлага хангахгүй байгаа баримтуудыг хэрхэн тооцох, энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй орхих эсэхийг асуухад хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар энэ шүүх хуралдаанаар байгаа баримтын хүрээнд хохирол төлбөрийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүссэн ... Шүүхийн төлүүлэхээр шийдвэрлэсэн эмчилгээний зардал 711,582 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 төгрөг, авах ёстой цалин 1,800,000 төгрөг, Улаанбаатар хот явж Шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал 344,766 төгрөг нийт 6,149,348 төгрөгийг Г.А тэр даруй хохирогчид бүрэн төлж барагдуулсан.
Эрүүгийн хэргийн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд дээрх эрх зүйн үр дагаврыг хохирогч үүсэхийг урьдчилан тодорхойлох боломжтой төдийгүй хэрэг бүртгэлтийн шатнаас хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авах эрхээ эдэлж ирсэн.
Гэтэл хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч гомдолдоо иргэний журмаар хохирол төлбөрийг шийдвэрлэх эрх үлдээгээгүй гэж үзсэн байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийн нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгохоор хуульд зохицуулсан.
Анхан шатны шүүх хохирогчид учирсан хохирлын талаар түүний гаргаж өгсөн нотлох баримт нь бодитой /үндэслэл/ болон хуулийн шаардлага хангаж буй эсэхийг /нотлогдсон байдал/ үнэлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ. Иймд хуулийг буруу тайлбарлан гаргаж буй давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/370 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.А тайлбартаа: “...Тайлбар санал байхгүй...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б тайлбартаа: “...шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт хохирол төлбөрийг хэрхэн шийдвэрлэснийг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар хэсэгт бусдад төлөх төлбөргүй гэж зааж тусгасан байна. Тэгэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй байна, тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч З.Э тайлбартаа: “...анхан шатны шүүх гутал, куртиктэй холбоотой гомдлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх байсан. Гутал, куртикний хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээрээ гэмт хэргээс учирсан бодит хохирлыг төлүүлэх эрхийг зөрчиж байна гэсэн гомдлыг гаргасан. Тиймээс шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү…” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Э.Т тайлбартаа: “... Осолд орох үедээ өмсөж явсан гутал, куртик урагдаж дахин ашиглах боломжгүй болсон тул үнийг нь гаргахгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: “... Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаарт бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан байна. Энэ зүйлд хохирогчийн ярьж байгаа нотлох баримтын шаардлага хангаагүй зүйлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээгээд шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. Ингэж өөрчлөлт оруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохооргүй байна гэж үзэж байна…” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч З.Э, түүний өмгөөлөгч Э.Т нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Г.А нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагийн орчим аймгийн сумын баг дугаар байрны ар талын төв зам дээр өөрийн эзэмшлийн “Ford Escape-ZD” /Форд Ескапи-зэтди/ загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган хүний замаар зам хөндлөн гарч явсан хохирогч З.Эрдэнэчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь “тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7/,
аймгийн сумын баг дугаар байрны ар талын явган хүний гарц болон түүний ойр орчмыг харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-17/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч З.Э-н өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10.40 цагийн орчим ...“Натур мед” эмнэлэг буюу ажил руугаа очихоор гэрээсээ гарсан, ... намайг 6-15 дугаар байрны арын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун чигтээ дунд оврын цагаан өнгийн жийп машин хурдтай ирж явахаар нь би “хурдаа хасаарай” гэж баруун гараараа жолооч руу дохисон, гэвч жолооч хурдаа хасалгүй явган хүний гарцаар гарч явсан намайг хүчтэй мөргөж унагасан ... хөл рүүгээ харсан чинь өмсөж явсан годон гутлын арьс нь урагдаж, миний баруун хөл ил гарчихсан байсан. Намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч 40-50 орчим настай, эрэгтэй хүн машинаас бууж ирээд “эгч ээ та зүгээр үү, таныг гутлыг оёулаад өгье” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм” гээд өөрийнхөө утаснаас нөхөр Л руу залгаж, машинд мөргүүлсэн талаараа хэлж дуудсан, удалгүй нөхөр хүрч ирсэн, бид хоёр түргэний машинд суугаад БОЭТ рүү явсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,
гэрч Б.Л-н өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10-11 цагийн үед... эхнэр Э “ажилдаа явлаа” гээд гэрээсээ гарсан ... тэгээд 10-15 минутын дараа өөрийнхөө утаснаас над руу залгаж “намайг машин дайраад унагачихлаа, би машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн, би түүнийг сонсоод гайхаж, балмагдаад хаана байгаа гэдгийг нь асуугаад 6-15 дугаар байрны арын явган хүний гарц дээр гүйж очиход замын хойд талд эхнэр маань өөрийг нь машинаараа мөргөсөн гэх эрэгтэйтэй зогсож байсан. Намайг хараад “энэ залуу намайг мөргөөд унагачихлаа, би мөргүүлчихлээ” гээд доголчихсон, өмсөж явсан годон гутал нь юу ч үгүй задарч урагдсан, гадуурх куртик нь урагдсан байдалтай боржур дээр сууж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,
Г.Агийн яллагдагчаар өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед санагдаж байна, БОЭТ орж шинжилгээ өгчихөөд буцаад гэртээ харих замдаа баг дугаар байрны ар талын явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан танихгүй эмэгтэй хүнийг мөргөж унагасан. Би гарц дээр хүн мөргөчихөөд машинаасаа буугаад нөгөө эмэгтэйгээс шууд уучлалт гуйж, “миний буруу” гэдгээ хэлсэн. Тэгээд нээх удалгүй тэр эмэгтэйн хүү болон нөхөр ирсэн, хүү нь гэх залуу ирээд “ээжийг мөргөсөн” гээд уурлаж, миний цээж рүү нэг удаа түлхсэн. ...ийм явдал болсонд маш их харамсаж байна, миний машинд мөргүүлсэн эмэгтэйн эмчилгээний мөнгийг олж өгөх болно.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 91, 99/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 299 дугаартай; “... З.Э-н биед тахилзуур ясны хугарал, зүүн тохой, баруун өвдөг, баруун гуя, баруун шилбэ, баруун шагай, баруун тавхай, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 33-35/,
мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “...Г.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 83-86 дахь тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Г.А нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 16.1-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зам гарч явсан хохирогч З.Э-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хаан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний гэм бурууд нь тохирсон байна.
Хохирогч З.Э, түүний өмгөөлөгч Э.Т нар нь “... Гутал, куртикний үнийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон ... , шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч З.Э-н өмсөж явсан куртик, гутал нь урагдаж гэмтсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх боловч анхан шатны шүүх “зах зээлийн ханш, үнэлгээ тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хохирогчийн нэхэмжлэлээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол нь шүүгдэгч Г.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан, шууд шалтгаант холбоотой тул хохирогч З.Э нь нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй юм.
Иймд хохирогч З.Э, түүний өмгөөлөгч Э.Т нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын “... бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай ...” гэснийг
“ ... хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Хохирогч З.Э, хохирогчийн өмгөөлөгч Э.Т нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР