| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0528/Э |
| Дугаар | 540 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 540
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Д.Ууганцэцэг,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД: 0165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Мын Бт холбогдох 1808014810544 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ..:.тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн ..:.тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Мын Б /РД: ..:./.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн нэгдсэн төвийн 225 тоот өрөөнд суух Э.Хгаар эрүүл мэндийн даатгалын дэвтэр бөглүүлэх гэж орсон хойноо арын өрөөнөөс нь 4 ширхэг бөгжийг хулгайлж 1,359,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Э.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр миний таньдаг Б миний ажил дээр өрөөнд орж ирээд гарахдаа 3 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монетон бөгжийг хулгайлаад явсан байсан. ... дараа нь би хувцсаа солих гээд шүүгээгээ онгойлгоод бөгжөө авах гэхэд байхгүй байсан. Би өрөөндөө ганцаараа суудаг. Бээс өөр хүн манай өрөөнд орж ирээгүй. ...Б манай өрөөнд байхдаа намайг тэнд бөгжөө хийхийг харж байсан. ...2017 оны 12 дугаар сард Мөнгөн завъяагаас талст маягийн хээтэй алтан бөгж 238.000 төгрөгөөр, 2018 оны 01 дүгээр сард 6,9 грамм жинтэй 490.000 төгрөгийн үнэтэй авсан. 1 монетон бөгжийг ядам хуруундаа, зүүн гарын дунд хуруундаа өөрөөсөө 2 ширхэг цэцгэн нүдтэй алтан бөгж зүүдэг байсан. Энэ бөгжний сорьцыг мэдэхгүй, 3,5 грамм жинтэй байсан. Чигчий хуруундаа хонхон цэцгэн хээтэй 1,2 грамм жинтэй алтан бөгж зүүдэг байсан. ...хулгайд алдагдсан бөгжнүүдээ олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг / хх 8-9 х/
2.Шүүгдэгч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед танил найз болох Хгийн монетон бөгж 1 ширхэг, алтан бөгж 3 ширхэгийг хулгайлж аваад Урт цагаан дээр ченжид 744.000 төгрөгөөр зарчихсан юм. ...Тэр өдөр би Хтай уулзаж хүний эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх гэж уулзаж сууж байгаад Хгийн хувцас солих өрөөн дотор модон хувцасны шкафнаас хар өнгийн цаасан картон хайрцаганд бөгжнүүд байхаар нь авчихсан юм. ...Бөгж зарсан мөнгөө байрны түрээс, хүнээс зээлсэн мөнгөний өрөнд өгөөд дууссан. ...” гэх мэдүүлэг /хх 64-65 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Л.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр өрөөнөөсөө бөгжнүүдээ алдчихлаа гээд ирсэн. Б гэдэг хүн орж ирээд явсан гэхээр нь би гэрт нь өмнө нь 1 удаа очиж байсан болохоор маргааш нь гэрийн хаягаар нь очиход Б шал согтуу хажуудаа 2 танихгүй эрэгтэй хүнтэй байхаар нь би эхнэр рүүгээ утсаар ярихад Бийг дагуулаад ир гэсэн. Тэгээд би Бийг дагуулж ирж цагдаад өгсөн. ...Манай эхнэр 1 ширхэг монетон бөгж, 3 ширхэг алтан бөгжтэй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 15 х/,
4.Гэрч М.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү М.Б айлын ганц охин юм. Бага наснаасаа манай аав, ээжийн гар дээр өсөж, сургууль цэцэрлэгээр хүмүүжиж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Нөхөргүй ганц бие болохоор 1 охин өргөж авсан юм. Би эх, эцгээс 5-уулаа төрсөн. Бусад ах дүү нар маань Улаанбаатар хотод амьдарч байгаа. Б надад хэлэхдээ эхлээд мөнгө хэрэг болоод байна. Та 700,000 төгрөг олж өгөөч гэж гуйхаар нь би хашаа, байшингаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад зээл авч өгсөн. Дараа нь өөрөө надад хүний бөгж энэ тэр хулгайлаад зарчихсан юм гэж хэлсэн. Тэгээд би нэлээд загнаж уурлаж байгаад нэгэнт хийсэн хэрэг болохоор хүнийг хохиролгүй болгож өгөх талаас нь хэлсэн. Манай дүү өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Зан харьцааны хувьд эелдэг ааштай хүн байгаа. Миний үгнээс гардаггүй л байсан. Энэ удаа яагаад гэмт хэрэг үйлдэх болсон талаар би мэдэхгүй байна. Би Бт нэлээд хэлж ойлгуулсан. Одоо эрх биш ойлгосон байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,
5.Гэрэл зургийн үзүүлэлт /хх 23 х/
6.Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх 34 х/
7.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36 х/
8.М.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40 х/
9.Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 19-20 х/
10.Хохирол төлсөн баримт /хх 82 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Шүүгдэгч М.Б 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн нэгдсэн төвийн 225 тоот өрөөнд суух Э.Хгаар эрүүл мэндийн даатгалын дэвтэр бөглүүлэх гэж ороод арын өрөөнөөс нь 4 ширхэг бөгж хулгайлж 1,359,700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.Хгийн “... Би 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр миний таньдаг Б миний ажил дээр өрөөнд орж ирээд гарахдаа 3 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монетон бөгжийг хулгайлаад явсан байсан. ... дараа нь би хувцасаа солих гээд шүүгээгээ онгойлгоод бөгжөө авах гэхэд байхгүй байсан. Би өрөөндөө ганцаараа суудаг. Бээс өөр хүн манай өрөөнд орж ирээгүй. ...” гэх мэдүүлэг /хх 8-9 х/,
Шүүгдэгч М.Бийн “... Би 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед танил найз болох Хгийн монетон бөгж 1 ширхэг, алтан бөгж 3 ширхэгийг хулгайлж аваад Урт цагаан дээр ченжид 744,000 төгрөгөөр зарчихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 64-65 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Л.Жы “...2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр өрөөнөөсөө бөгжнүүдээ алдчихлаа гээд ирсэн. Б гэдэг хүн орж ирээд явсан гэхээр нь би гэрт нь өмнө нь 1 удаа очиж байсан болохоор маргааш нь гэрийн хаягаар нь очиход Б шал согтуу хажуудаа 2 танихгүй эрэгтэй хүнтэй байхаар нь би эхнэр рүүгээ утсаар ярихад Бийг дагуулаад ир гэсэн. Тэгээд би Бийг дагуулж ирж цагдаад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 15 х/,
Гэрч М.Бы “... өөрөө надад хүний бөгж хулгайлаад зарчихсан юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх прокурорын дүгнэлтийн талаар:
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой гэдгийг шалгуур болговол.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр төгссөнд тооцогддог бөгөөд М.Б Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв рүү Э.Хтай уулзахаар түүний өрөөнд орсон нь хууль ёсны дагуу үйлдэл боловч, түүнийг ажлаа хийж байх хойгуур арын өрөөнөөс нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг бөгжийг авсан, уг үйлдлийн улмаас хохирогчид 1,359,700 төгрөгийн хор уршиг учирсан нь М.Бийн дээрх хууль бус үйлдлээс үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул уг хор уршиг, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, М.Б 4 ширхэг бөгжийг хулгайлж авсны улмаас 1,359,700 төгрөгийн хохирол учирсан зэрэг нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч М.Б хүний 4 ширхэг бөгжийг хулгайлж авсан үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. М.Б нь насанд хүрсэн болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Э.Хгийн 4 ширхэг бөгж 1,359,700 төгрөгийн үнэлгээтэй болох нь “Мика” ХХК-ийн дүгнэлт /хх 19-20 х/-ээр тогтоогдсон.
Уг хохирлыг шүүгдэгч М.Б төлсөн болох нь хохирогч Э.Хгийн “М.Бээс хохиролд 1360,000 т авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх баримт /хх 82 х/-аар нотлогдсон тул шүүгдэгч М.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч М.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн хор уршиг их биш, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзсэн тул түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тайж овогт Мын Бийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Бт мэдэгдсүгэй.
4.М.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
|
|