Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ДШМ/1211

 

                                                    

                                                            ***д холбогдох

                                                       эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Баяр-Эрдэнэ,

хохирогч ***,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/791 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ***ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2409000000813 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

*** овгийн ***ын ***, 1998 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны  мэргэжилтэй, “***” ХХК-нд аяллын хөтөч, орчуулагч ажилтай, ам бүл 2, аавын хамт *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:***/;

Шүүгдэгч *** Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ны захиалгын менежерээр ажиллахдаа тус компанийн Хүй долоон худагт байрлалтай “***” амралтын газарт захиалга авахдаа баримт бичиг хуурамчаар үйлдэж 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “***” 1,557,775 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “***”  3,361,743 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банкны *** тоот дансаар шилжүүлэн авч нийт 4,919,518 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 2,419,518 төгрөгийг гаргуулан хохирогч / “*** ХХК”/ ***д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар *** нь зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *** давж заалдах гомдолдоо: “Миний бие *** овогтой *** нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШТЦ/791 дугаартай тогтоолоор 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял авсан. Шүүхийн шийтгэх тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан. Миний зүгээс үлдсэн хохирлыг бага багаар төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд одоогоор “***” ХХК-д Guide-ийн ажил эрхэлж байгаа, хохирлыг төлж торгуулийн шийтгэлийг төлөх бүрэн боломжтой тул давж заалдах шатны шүүхэд хандан ял хөнгөвчлөх хүсэлтийг гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өнгө үү. ...” гэжээ.

Хохирогч *** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*** нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш компанид учруулсан хохирлоо төлөөгүй. Өнөөдрийн байдлаар компанийн дансанд нэг төгрөг ч ороогүй байна. Миний бие компаниа төлөөлж шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд компанийн ерөнхий менежерээр ажилладаг. Компанийн гүйцэтгэх захирал “компанийн тайлан, тооцоо дуусах гэж байгаа тул хохирол, төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ талаар ямар арга хэмжээ авах хэрэгтэйг тодруулж ирээрэй. Эхний ээлжид хохирлоо барагдуулах хэрэгтэй. Энэ хооронд бид цаг хугацаагаар хохирч байна” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Одоогийн байдлаар *** нь ямар ч хохирол төлөөгүй. Тэрээр давж заалдах гомдолдоо “хохирлоо бүрэн барагдуулах боломжтой” гэсэн байна. Гэвч *** хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бол хохирлыг бага багаар төлөх боломжтой байсан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй атлаа ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдол гаргасан тул тус давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. ... Миний бие Хүй долоон худагт байрлах салбар болон Улаанбаатар хотод байрлах оффис, ресторан зэргийг ерөнхийд нь хариуцдаг. ...” гэв.

Прокурор С.Баяр-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *** нь “ял хөнгөрүүлж өнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. Анхан шатны шүүх ***д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлага нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа ойлгож ухамсарласан байдал, хохирол, төлбөр төлсөн байдал зэрэг шинжүүдэд нийцсэн байх ёстой. Анхан шатны шүүх ***д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *** нь Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн захиалгын менежерээр ажиллаж байхдаа баримт бичиг хуурамчаар үйлдэж, тус компанийн “***” амралтын газарт захиалга өгсөн “***”-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн 3,361,743 төгрөгийг, “***”-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн 1,557,775 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банкны *** тоот дансаар шилжүүлэн авч, нийт 4,919,518 төгрөгийг хувьдаа завшсан болох нь:

хохирогч ***гийн “...*** нь манай компанийн *** байрлах ресорт буудлын захиалгыг авах, зуучлагч компаниудыг төлөөлөн гэрээ хийж, захиалга хариуцах ажлын чиг үүрэгтэй байсан. *** ажилд орсон цагаасаа ажлын цагаар ажлын байран дээр, өглөө дандаа хоцордог, шаардлага тавихаар өөдөөс эсэргүүцээд өвчтэй, зовлонтой гэж шалтаг тооцдог байсан. Хэд хэдэн удаа сануулга өгсөн ба тэр сануулга үр дүнтэй байгаагүй. ...*** нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас гарах өргөдөл бичиж өгсөн. ***ын оронд шинэ хүн ажилд аваад ажил шалгаж байх явцад ***, *** хоёр компаниас *** байрлалтай ***-д захиалга авч  *** 1,557,775 төгрөг, *** 3,361,743 төгрөгийг байгууллагын дансыг өөрчилж өөрийн хувь данс Худалдаа Хөгжлийн банк *** дугаартай долларын дансаар авсан байна. Нийт 4,919,518 төгрөгийг хувьдаа завшсан. ...” /хх 5-6/,

гэрч ***гийн “...2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр *** нь харилцагч байгууллага болох ***-гээс 3,361,743 төгрөгийн нэхэмжлэлийг бэлдэж надаар татваруудын нэхэмжилж байгаа дүн зөв байна уу гэж шалгуулсан. ...Уг нэхэмжлэлийг *** бэлдсэн ба мөнгөн дүн нь таарсан зөв байсан учраас нэхэмжлэлийг хувь үйлдээд надаар гарын үсэг болон тамга тэмдгийг даруулсан. Хоёр хувь гаргадаг ба эхний хувийн цаасыг байгууллагын данстай зөв нэхэмжилсэн байсан. Хоёр дахь хувийн байгууллагын дансыг өөрийн дансаар сольж бичсэнийг анзааралгүй гарын үсэг болон тамга тэмдгийг дарсан. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр  ***-гээс 1,557,775 төгрөгийн нэхэмжлэлийг *** нь надад мэдэгдэлгүй хуурамч нэхэмжлэл үйлдэж уг нэхэмжлэлдээ миний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, тамга тэмдгийг хулгайгаар дарсан байна. ...” /хх 9-10/ гэсэн мэдүүлгүүд,

“***” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх 17-20/,

*** ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Үндсэн ажилтнаар томилох тухай” тушаалын хуулбар /хх 37/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан 4,919,518 төгрөгийг хувьдаа завшсан гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч *** ял хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна анхан шатны шүүхээс түүнд сонгон оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.   

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх бөгөөд үүнийг өөрчлөх үндэслэл бүхий нөхцөл байдал давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт бий болоогүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/791 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ын гаргасан ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/791 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ***ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА