| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0529/Э |
| Дугаар | 541 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 541
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч Т.Отгонтөгс,
Шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дгийн Пд холбогдох 1808014770664 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 08 сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ... тоотод оршин суух, 2015 оны 01 сарын 28-ны өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн 25 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар уг хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овгийн Дгийн П /РД: .../..
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Ц.Хтай утсанд ирсэн захианы асуудлаас болж маргалдан улмаар түүний эрүү лүү өшиглөх, толгой, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зэргээр зодон эрүүл мэндэд нь “чамархай, нүүр, хацар, шанаа, дух, хүзүү, мөр, сарвуу, шуунд цус хуралт, мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Ц.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 03 сарын 19-ний орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын ... тоотод гэрээсээ найз эмэгтэй Мтэй уулзахаар гартал хашааны үүдэнд хамтран амьдрагч Д.П машинтай ганцаараа зогсож байсан. Тэгээд би машинд нь суугаад Пгийн гэр рүү буюу Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...тоотод очтол гэрт нь Пгийн найз байсан. Тэгээд Х, П бид гурав 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгтэл Пгийн чатанд эмэгтэй хүнээс мессеж ирсэн тэрнээс болж бид 2-н хооронд маргаан болсон тул 2-улаа салъя гэж хэлтэл П намайг чи хаа холддог юм бэ би чамайг хаа байгаа газраас нь олж чадна гээд чиний хүүхэд миний хүүхэд биш гэж хэлээд эрүү рүү 1 удаа өшиглөж, толгой нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Найз Х нь болиочээ гээд бид 3 унтацгаасан. Маргааш өглөө нь П намайг гаргахгүй байхаар нь би бие заслаа гэж хэлээд гараад зугатаасан. Тэгээд урд талын айлын хүнээс утсыг нь гуйж аваад бэр эгч Нарааг дуудсан. Тэгтэл миний араас тэр айлд П орж ирээд тэр айлын ах Пгийн үснээс зулгаасан чинь зугатаагаад явсан. Тэгээд би тэр айлаас цагдаа дуудсан. Би жирэмсэн биш байсан, тухайн үед сарын тэмдэг ирэхгүй байхаар нь өөрийгөө хүүхэдтэй болсон гэж бодсон юм. П миний эрүү шанаа очим өшиглөж, гараараа нүүр болон толгой мөр рүү 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан. П бид 2 нэг жилийн өмнөөс үерхэж, Пгийн хамт илүү гэрт нь байсан ...” гэх мэдүүлэг /хх 15-21 х/,
2.Шүүгдэгч Д.Пгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 03 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо тахилт ... тоотод найз охин Хтай уулзаж байгаад манай гэрт очиж хонохоор болоод Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо орбит ...тоот гэр рүү явж байхдаа найз Хтай утсаар яриад манайд ирэхээр болсон юм. Х бид 2 явж байх замдаа дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад гэртэй ирэхэд манай найз Х гэрт ирсэн байж байсан. Тэгээд бид 3 архиа уугаад сууж байхад Хын гар утсанд захиа ирсэн би тэр захидлыг уншаад бид 2 маргалдсан миний уур хүрээд Хын хацар руу гараараа 2-3 удаа алгадсан, тэр үед хамт байсан Х босож ирээд бид 2-г болиоч ээ гэж хэлж байсан, тэгээд бид 2 маргалдахаа болиод унтаад өглөө сэрээд Х бие засна гээд гэрээс гарсан удаад байхаар нь араас нь гарахад хашаанаас гараад доод талын айл руу орж байсан. Би араас нь айлын хашаа руу ороход айлын ах гараад ирсэн байсан. Тэгээд би Хыг гэртэй орох уу гэхэд тэр ах намайг барьж авсан би ахаа та буруу ойлгоод байна ш дээ гэж хэлчихээд гараад явсан. Ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх 52-53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.Шинжээчийн 3917 тоот дүгнэлт
1.Ц.Хын биед чамархай, нүүр, хацар, шанаа, дух, хүзүү, мөр, сарвуу, шуунд цус хуралт, мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” гэх дүгнэлт /хх 32 х/,
5.Д.Пгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35 х/
6.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36 х/
7.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 38 х/
8.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 39 х/
9.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 40 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Д.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Ц.Хтай утсанд ирсэн захианы асуудлаас болж маргалдан улмаар түүний эрүү лүү өшиглөх, толгой, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зэргээр зодон эрүүл мэндэд нь “чамархай, нүүр, хацар, шанаа, дух, хүзүү, мөр, сарвуу, шуунд цус хуралт, мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц.Хын “...Пгийн чатанд эмэгтэй хүнээс мессеж ирсэн тэрнээс болж бид 2-н хооронд маргаан болсон тул 2-улаа салъя гэж хэлтэл П намайг чи хаа холддог юм бэ би чамайг хаа байгаа газраас нь олж чадна гээд чиний хүүхэд миний хүүхэд биш гэж хэлээд эрүү рүү 1 удаа өшиглөж, толгой нүүр рүү гараараа 2 удаа цохисон....” гэх мэдүүлэг /хх 15-21 х/,
Шүүгдэгч Д.Пгийн “... захиа ирснээс болж бид 2 маргалдсан миний уур хүрээд Хын хацар руу гараараа 2-3 удаа алгадсан. ... уг гэмтлүүдийг би учруулсан ...” гэх мэдүүлэг /хх 52-53 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч С.Дийн “... юу болсон талаар асуухад ахаа би танай дээд талын хашаанд амьдардаг юм, найз залуутай муудалцаад шөнөжин намайг зодлоо тэгээд би утсаараа цагдаа дуудсан. ...Тэр охины баруун хацар хавдаж хөхөрсөн, зүүн гар нь хөдлөж болохгүй байна гэж хэлж байсан. Тэр залуу цээж нь нүцгэн, хөлдөө тавчик өмссөн явж байсан, би халамцуу байна гэж бодсон. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х/,
Шинжээчийн 3917 тоот дүгнэлт
1.Ц.Хын биед чамархай, нүүр, хацар, шанаа, дух, хүзүү, мөр, сарвуу, шуунд цус хуралт, мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” гэх дүгнэлт /хх 32 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:
Д.Пгийн Ц.Хыг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.
Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Ц.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Д.П түүний толгой, нүүрэн тус газар хөл, гараараа цохисноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 32 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч Д.П өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Д.П хуулиар тогтоосон насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.-д ..., хамтран амьдрагч ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Д.П, хохирогч Ц.Х хоёр гэр бүлийн баталгаа байхгүй ч гэсэн нэг гэр бүлд хамтран амьдардаг болох нь тэдгээрийн өөрсдийн мэдүүлэг /хх 15-21, 52-53 х/-р тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Пгийн хамтран амьдаргч Ц.Хын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Пгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Ц.Х эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй болох нь хавтаст хэргийн 12-13, 65 дугаар хуудсан дахь баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Д.Пд холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ ахуйн хүрээнд үйлдэгдсэн, хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Дгийн Пг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Пг 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Д.Пд үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Пд мэдэгдсүгэй.
5.Д.Пгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ