Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
Хэргийн индекс | 2319003370084 |
Дугаар | 2024/ДШМ/47 |
Огноо | 2024-10-23 |
Зүйл хэсэг | 24.3.1., 24.3.3., |
Улсын яллагч | Г.Янжиндулам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/47
Яллагдагч “Т” ХХК, яллагдагч
А.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: Г.Янжиндулам,
Яллагдагч А.Э, өмгөөлөгч: Б.Д,
Яллагдагч “Т ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/447 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Г.Янжиндуламын эсэргүүцэлд үндэслэн яллагдагч А.Э, Т ХХК нарт холбогдох 2319003370084 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Яллагдагч нарын биеийн байцаалт:
1.1.,
1.2.,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Яллагдагч "Т" ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, Дорноговь аймгийн *жоншны бага агуулгатай хүдэр баяжуулах үйлдвэрийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байх үедээ Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан Триэтаноламин /Triethanolamine С6Н1503/ гэх нэршилтэй 0.5 литр хэмжээтэй химийн бодисыг 2023 оны 05 дугаар сард фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан зарын дагуу бусдаас худалдаж авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 07 дугаар сард Три Ти Ар Си ХХК-иас Triethanolamine C6H15NO3/ гэх нэршилтэй 3.5 литр химийн бодисыг авсан, улмаар үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор "Кевин инвест" ХХК-ийн үйлдвэрийн байранд нийт 4 литр хэмжээтэй Триэтаноламин /Triethanolamine C6H15NO3/ гэх нэршилтэй химийн бодисыг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хууль бусаар хадгалсан, яллагдагч А.Э нь "Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Дорноговь аймгийн * бага агуулгатай хүдэр баяжуулах үйлдвэрийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байх үедээ Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан Триэтаноламин /Triethanolamine C6H15NO3/ гэх нэршилтэй 0.5 литр хэмжээтэй химийн бодисыг 2023 оны 05 дугаар сард фэйсбүүк цахим сүлжээнд байршуулсан зарын дагуу бусдаас худалдаж авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 сард Три Ти Ар Си ХХК-иас Триэтаноламин /Triethanolamine C6H15NO3/ гэх нэршилтэй 3.5 литр хэмжээтэй химийн бодисыг авсан, улмаар үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор Кевин инвест ХХК-ийн үйлдвэрийн байранд нийт 4 литр хэмжээтэй Триэтаноламин /Triethanolamine C6H15NO3/ гэх нэршилтэй химийн бодисыг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, яллагдагч А.Э, Т ХХК нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Ц.Б гэрчээр /хх 47 xy/ өгсөн мэдүүлэг болон улсын бүртгэлийн лавлагаагаар /хх 199-203 ху/ Талст дөл ХХК- ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал нь Ц Б болох нь тогтоогдож байна.
Гэтэл хэрэгт хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахад хуулийн этгээдийг төлөөлөх хууль ёсны төлөөлөгчөөр үйлдвэрийн дарга Батбаярыг тус компанийн гүйцэтгэх захирал А.Э нь томилсон нь үндэслэлгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл энэ хэрэгт хуулийн этгээдийг төлөөлөх Т ХХК-ийн ерөнхий захирал Ц.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой атал гүйцэтгэх захирал А.Э нь үйлдвэрийн дарга Б.Б томилж оролцуулж байгаа нь ойлгомжгүй, тэрээр тус компанийг төлөөлөх эрхтэй эсэх тодорхойгүй, хавтаст хэргийн 204 дугаар талд авагдсан бүртгэлийн лавлагаагаар Б итгэмжлэлгүйгээр ТӨЛӨӨЛӨХ этгээдийн мэдээлэлд хэрэгт авагдаагүй” гэж, яллагдагч А.Э, Т ХХК нартай холбогдох эрүүгийн 2319003370084 дугаартай хэргийг прокурор газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч "Т” ХХК, А.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан N/CH2CH2OH/3 химийн найрлага бүхий /Triethanolamine/ гэх нэршилтэй, тус бүр 500 грамм савлагаатай, бор энгийн шилэн савтай 8 ширхэг буюу 4 литр бодис нь Дорноговь аймгийн * бага агуулгатай хүдэр баяжуулах үйлдвэрийн байранд хадгалагдаж байгаа, битүүмжилсэн хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний болон хуулийн этгээдийн бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,
шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Г.Янжиндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан баримтууд болох гэрч Ц.Б мэдүүлэг байгаа. Тухайн Ц.Б мэдүүлэгт /1 дүгээр хх-ийн 47-48 дугаар тал/ би “Т” компанийн ерөнхий захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь юм. Манай байгууллага уул уурхайн жижиглэн худалдаа, барилгын засварын үйлчилгээ зэрэг олон үйл ажиллагаа явуулж байна. А.Э манай гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Манай хамаатны залуу байгаа юм. Би “Т” компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй учраас лабораториос гарч ирсэн бодисын талаар мэдэж байгаа зүйл байхгүй. Харин А.Э энэ талаар 100 хувь мэдэж байгаа гэсэн мэдүүлэг өгсөн. Мөн гэрч С.Х мэдүүлэгт /1 дүгээр хх-ийн 51-52 дугаар тал болон 55-56 дугаар тал/ манай “Три Ти Ар Си” компани 3,5 литр Триэтаноламин бодисыг хамтын ажиллагааны гэрээний дагуу “Талст дөл” компанийн лабораторид 2023 оны 07 дугаар сарын сүүлээр гүйцэтгэх захирал А.Э болон менежер О нарт хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг болон “Т” компанийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24/28 дугаартай эрх бүхий этгээдэд холбогдох тухай албан бичиг /1 дүгээр хх-ийн 133 дугаар тал/ мөн “Кевин инвест” ХХК болон “Т” компанийн хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн болон 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний хуулбар /1 дүгээр хх-ийн 233-239 дүгээр тал/ эдгээр баримтууд болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Т” компанийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа болон хувийн хэргийн хуулбар зэрэг баримтуудаас харах юм бол хэдийгээр Ц.Б “Т” компанийн ерөнхий захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн боловч тухайн компанийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй. А.Э гүйцэтгэх захирлаар ажилладаг. Бүх зүйлийг мэдэж байгаа талаар өөрийн мэдүүлгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн. Мөн энэ хэрэгт тухайлан А.Э гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэрийг баримтаар үйлдээгүй ч гэсэн хэн аль нь А.Э болон Ц.Б нар нь энэ талаар маргаагүй. Мөн гүйцэтгэх захирлын эрх үүргийг эдэлж байсан талаар тухайн компанийн ажилчид болон Б зэрэг хүмүүс бүгд мэдүүлсэн. Мөн тухайн компанийг төлөөлөн “Кевин инвест” ХХК-тай гэрээ байгуулсан түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан түүний гарын үсэгтэй шийдвэр зэргээр буюу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар түүнийг гүйцэтгэх захирлаар томилсон гэж үзэхээр байна. Түүнчлэн компанийн үйл ажиллагаанд А.Э гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр гараагүй. Гүйцэтгэгчийн удирдлагыг хэрэгжүүлж байсан бөгөөд үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т зааснаар хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна. Мөн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасан. Компанийн тухай хуулийн дээрх заалтаас үзэх юм бол гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа яллагдагч А.Э эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийн төлөөлөх, хууль ёсны төлөөлөгчийг томилсон “Т” компанийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24/28 дугаартай эрх бүхий этгээдээр томилох тухай албан бичиг болон томилсон шийдвэр нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч “Т” ХХК болон А.Э нарт болбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэрэгт авагдсан хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэж 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 447 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т заасан хүчингүй болгуулахаар мөн хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн болно.” гэжээ.
6.Яллагдагчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрхэм шүүх бүрэлдэхүүнд энэ өдрийн амгаланг айлтгая. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд хэргийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх саналтай байсан. Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгээр тухайн хэргийн буюу илтгэгч шүүгчийн танилцуулсан үйл баримтын хүрээнд мөн нотлох баримтуудын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх хэрэгтэй гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан. Холбогдох хууль тогтоомжуудаа судлаад үзэхээр анхан шатны шүүхийн буцаасан захирамж үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.
7.Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд А.Э эрхийн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанаас эхлээд өмгөөлөгчөөр оролцсон. Хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж буюу хэргийг прокурорт буцаасан үндэслэл зөв зүйтэй гэж үзэж байгаа. Ийм учраас шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Янжиндуламаас бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх яллагдагчаар татагдсан “Т” ХХК-нийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн шийдвэрээр компанийн хууль ёсны төлөөлөгчийг төлөөлүүлсэн нь хуульд нийцэхгүй байна гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Учир нь: “Т” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай буюу Ц.Б болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт /1хх 198-204/-оор тогтоогдож байх ба Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар “Т” ХХК-г төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь Ц.Б гэж үзнэ.
Иймд хэрэгт “Т” ХХК-ны үүсгэн байгуулагч Ц.Б өөрөө эсхүл түүний шийдвэрээр томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч компанийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох байтал компанийн гүйцэтгэх захирал А.Э компанийн хууль ёсны төлөөлөгчийг томилсон шийдвэрт үндэслэн компанийн хууль ёсны төлөөлөгчийг томилсон мөрдөгчийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөгч, прокуророос тогтооно” гэсэнд нийцсэнгүй.
2.Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд компанийн гүйцэтгэх удирдлага компанийн дүрэм, гэрээгээр заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх хэмжээтэйгээр томилогдохоор заагдсан.
Хэрэгт “Т” ХХК-ний гүйцэтгэх захирал А.Э нь ямар хэлбэрээр /компанийн дүрэмд зааснаар, эсхүл гэрээгээр/, ямар эрх хэмжээтэйгээр, яаж томилогдсон тухай шийдвэр хэрэгт зайлшгүй авагдсан байх шаардлагатай.
Учир нь: Улсын бүртгэлийн лавлагаа, тодорхойлолтод бичигдсэнээр “Т” ХХК нь 11 төрлийн эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр үүсгэн байгуулагдсан ба гүйцэтгэх захирал А.Э эрх хэмжээ нь компанийн эрхлэх 11 төрлийн үйл ажиллагааг бүхэлд нь эсхүл зөвхөн уул уурхайн чиглэлээр явуулах үйл ажиллагааны хүрээнд үү гэдэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой.
3.Яллагдагч “Т” ХХК Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, торгох шийтгэл оногдуулахаар заасан, мөрдөгч, прокуророос эрх хасах албадлагын арга хэмжээ болон торгох шийтгэлийг шүүхээс авах нөхцөлийг хангалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл: Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн компанийн 11 төрлийн эрхлэх үйл ажиллагаа бүрэн хэрэгжиж байгаа эсэх, компанийн хөрөнгийн эх үүсвэрийн талаар огт ажиллагаа хийгээгүй орхигдуулсан.
4.Хэрэгт авагдсан баримтуудаар “Т” ХХК, түүний гүйцэтгэх захирал А.Э нарыг Дорноговь аймгийн * багт орших газарт жоншны бага агуулгатай хүдэр баяжуулах үйлдвэрийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байх үедээ Монгол Улсад ашиглахыг хязгаарласан, химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан “триэтаноламин” гэх нэршилтэй 0,5 литр химийн бодисыг зарын дагуу бусдаас худалдан авч, хадгалсан, мөн 2023 оны 07 дугаар сард “Трү Ти Ар Си” ХХК-иас мөн бодисыг 3,5 литрийг авч, үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх үйл баримтуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3-т зааснаар “Т” ХХК-ыг, компанийн гүйцэтгэх захирал А.Э Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Гэтэл “Т” ХХК-ний гүйцэтгэх захирал А.Э“... тухайн лабораториос гарч ирсэн 4 литр бодисын 3,5 литр бодисыг хамтран ажиллах гэрээний дагуу “Трү Ти Ар Си” ХХК-иас манайд авч ирж хадгалж байсан бодис юм. Харин 1 шил буюу 500 мл бодисыг манай үйлдвэрийн дарга Б.Б олж авсан, ... тухайн бодисыг Трү Ти Ар Си ХХК 2023 оны 07 дугаар сарын сүүлээр авч ирж хадгалуулсан санагдаж байна ... тухайн байгууллага нь манай лабораторид 1-2 удаа ирж манай байгууллагын лабораторид зааварчилга, зөвлөгөө өгч ажиллаж байсан “ гэж /1хх 35-36, 40/,
“Трү Ти Ар Си” ХХК-ны захирал С.Хандмаа” ...2022 оны эхээр “Т” ХХК нь манай байгууллагад хамтран ажиллах санал тавьсан, энэ санал нь бол тухайн байгууллага нь өөр дээрээ ямар нэгэн химийн бодисын тусгай зөвшөөрөл байхгүй байсан тул манай байгууллагаар ашигт малтмалын баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүний шинжилгээг хийж гүйцэтгүүлэхээр тохирсон. Улмаар 2022 оны 03 сарын 01-нээс нэг жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж манай байгууллага нь “Т” ХХК-ний лабораторийн үйл ажиллагаа, судалгааны ажлыг хариуцаж хийж эхэлсэн. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ дуусч нэмэлтээр 2023 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал сунгалт хийж ажиллаж байсан. ... Т ХХК-ний лабораториос гарч ирсэн “триэтаноламин” бодис нь хамтран ажиллах гэрээний дагуу манай байгууллагын ашиглаж байсан химийн бодис юм, яагаад ... үлдээгээд явсан гэвэл Т ХХК нь тухайн химийн бодисыг хадгалах агуулахын дүгнэлт нь 2023 оны 06 дугаар сард гарч зөвшөөрөлтэй болсон тул манай байгууллага тухайн бодисыг үлдээж явсан” гэж /1хх 52/ тус тус мэдүүлсэн байна.
Хэрэгт авагдсан энэ нөхцөл байдал нь хэргийн бодит байдал бодитой, эргэлзээгүйгээр тогтоогдсон эсэхэд эргэлзээ үүсч байгаа буюу “Т” ХХК-г шууд буруутгаж байгаа нь үндэслэлтэй эсэхэд мөрдөгч, прокуророос анхаарах нь хэргийн бодит байдлыг тогтоох тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэх юм.
5.Эдгээр бүх ажиллагаанууд нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй хийгдэх ажиллагаанууд байх тул анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/447 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хэргийг прокурорт очтол яллагдагч "Т” ХХК, А.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ
ШҮҮГЧ А.САЙНТӨГС