Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00630

 

 

“ХБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/00504 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ХБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.О, Б.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 41,666,457 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, Ц.Анхбаяр, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч Д.О, Б.Б нар нь ХБ ны Партизан тооцооны төвөөс 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/000000 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, Бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 000000, 000000, 000000 тоот барьцааны гэрээ байгуулж Д.Дэлгэрцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэлтэй, ... дүүрэг ... хороо 00 дугаар гудамж 00 тоот, 104.5 м.кв талбайтай хувийн сууц, ....ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 15 гудамж, 00 тоот, 692 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Д.Оын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Баянтуул суурин 4 дүгээр хэсэг 1-100 тоот, 2148 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Д.О, Б.Б нарын өмчлөлийн 36 толгой үхэр сүрэг, гэр, гэрийн эд хогшил зэргийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 16,091,968 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,780,411 төгрөг нийт 19,872,379 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /349 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй. Иймд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нараас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 33,908,032 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,758,425 төгрөг нийт 41,666,426 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 41,696,457 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Д.Дэлгэрцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэлтэй, ... дүүрэг ... хороо 00 дугаар гудамж 00 тоот, 104.5 м.кв талбайтай хувийн сууц, Д.Дэлгэрцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 15 гудамж, 00 тоот, 692 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Д.Оын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг Баянтуул суурин 4 дүгээр хэсэг 1-100 тоот, 2148 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Д.О, Б.Б нарын өмчлөлийн 36 толгой үхэр сүрэг, гэр, гэрийн эд хогшил зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

          2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: ХБ ны 41,666,456 төгрөгийг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус зээлийг А.М нь өөрийн компанийн үйл ажиллагааг явуулах зорилгоор бидний эд зүйлийг барьцаалсан. Банк нь өөрсдөө жинхэнэ зээлдэгчийг мэдсээр байж бидний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан хууль бус үйлдэл хийсэн. А.М нь банкинд би энэ зээлийг авч байгаа гэсэн байдлаа илэрхийлж 9,000,000 төгрөгийн өрийг төлж байсан энэ хугацаанд банк нь А.Маас мөнгө нэхэмжлэх байтал биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид уг зээлээс нэг ч төгрөг аваагүй, А.М гэгч нь банкныхантай хуйвалдаж бидний хөрөнгийг барьцаалсан зээл болсон гэж үзэж байна. Бид 2-9 насны 5 хүүхэдтэй тэдний хууль бус үйлдлээс болж маш их хохирч байна. А.М болон "ХХХ" ХХК-ийн захирал Б.Б нар нь бидний хөрөнгийг барьцаалж зээл аваад нэг ч төгрөгийг өгөөгүй тэд компанийн ажилчдынхаа цалин хөлсөнд хэрэглэсэн энэ талаар банк анхнаасаа мэдэж байсан. Бид банкийг хариуцвал зохих этгээдүүдийг татахыг хүсэж байна гэжээ.

          3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйдийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч  Д.О Б.Б нараас 41,666,456 төгрөг гаруулан нэхэмжлэгч “ХБ ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаалагдсан хариуцагч нарын өмчлөлийн 36 толгой үхэр, эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй, хариуцагч Д.Оын өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сумын 3 дугаар баг, Баянтуул суурин, 4 дүгээр хэсэг, 1-100 тоот, 2148 м.кв газар, 00000, 000000 дугаарт бүртгэлтэй, Д.Дэлгэрцэцэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 00 дугаар гудамж 00 тоот хаягт байрлалтай 104,5 м.кв талбайтай хувийн сууц, 692 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 506,832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 506,832 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.                  

          4. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

          4.1. 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг зээлийг хариуцагч нар нэг ч төгрөг аваагүй. Харин банк нь А.М гэдэг этгээдийн авч байгаа зээл гэдгийг мэдэж А.Маар гарын үсэг зуруулсан энэ талаар шүүхэд хандаж, зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд хариуцагч Д.О, Б.Б нарыг гарын үсэг зурсан эсэх талаар хариуцагч биш гэж мэтгэлцсэн бөгөөд шүүхэд удаа дараалан шинжээч томилуулахыг хүсэлт гаргасан байтал шүүх хариуцагч нарыг зээлийг авсан гэдгээ хүлээсэн гэж нэг талыг баримтлан шинжээч томилоогүйд гомдолтой байна. А.М нь зээл олгосон банкны хүмүүсийг өөрөө таньдаг би гаргуулах арга хэмжээ авна, та хоёр хөрөнгөө барьцаалаад өгчих гэсэн байр сууриар хандсан болно.

          4.2. Д.Дэлгэрцэцэгийн хашаа байшиндаа хууль ёсны зөвшөөрөл өгч, гарын үсэг зураагүй байхад хөрөнгийг нь барьцааны гэрээнд оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл болно. Шүүх шийдвэртээ гуравдагч этгээдийг оролцуулах эсэх талаар хүсэлтийг зохигч гаргаагүй гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.

          4.3. Хариуцагч Б.Б нь гэр бүлээрээ ковидсон тул өвчтэй талаараа “Цэцэгхайрхан” өрхийн эмнэлгийн магадлагаагаар миний 2 настай хүү н.Эийг өвчтэй талаар хүсэлтийг өгсөөр байтал шүүх хуралд оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж оролцогчдын эрхийг бүрэн хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь зээлийн гэрээ байгуулсан тухайн зээлийг авсанд маргаагүй. Гэхдээ банкнаас авсан мөнгийг гуравдагч этгээдэд зээлдүүлсэн эсэх талаарх тайлбараа өгсөн гэдэг. Банкнаас авсан мөнгөө өөрсдөө хүлээн авсан, гэрээ байгуулсан гэж ярьдаг. Хариуцагчийн төлөөлөгч гарын үсэг дээр шинжээч томилуулъя гэж ярьж байгаа боловч анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Барьцааны гэрээ байгуулахад банк Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд заасны дагуу барьцаалагчийн хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрлийг аваад тухайн этгээд өөрөө хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр тухайн гэрээ байгуулагдсан. Ковид туссан асуудлаас болж шүүх хуралдаан 2 сар гаруйн хугацаанд хойшлогдсон. Энэ нь нэг удаагийн асуудал биш хариуцагч манай хүүхэд өвчтэй байсан гэдэг. Тухайн үед өөрөө ковид туссан гэдэг дараа нь хүүхэд нь ковид туссан гэж шүүх хуралдааныг хойшлуулсан. Энэхүү хэрэг маргааны шүүх хуралдаан нийтдээ 7 удаа хойшилсон. Энэ хугацааны туршид шүүх талуудын мэтгэлцэх боломж бололцоог хангасан. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

          Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

          1. Нэхэмжлэгч “ХБ ” ХХК нь хариуцагч Д.О, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 41,666,457 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

          2. Хариуцагч нар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус тус шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШЗ2021/14406 дугаар, 184/ШЗ2021/15071 дугаар захирамжаар тус тус хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Энэ талаарх хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байна. /4.1/

          3. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгийн талаар хариуцагч нар маргаж байгаа тохиолдолд гарын үсэг зурагдсан эсэхтэй холбоотой шинжээчийн дүгнэлт хэрэгт ач холбогдолтой. Тухайлбал, нэхэмжлэгч “ХБ ” ХХК нь хариуцагч Д.Оын дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх боловч тусгай зөвшөөрөлтэй зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувьд хуульд заасан журмыг баримталж зээлийн гэрээг байгуулсан эсэх нөхцөл байдал ач холбогдолтой болно.

          Түүнчлэн, нэхэмжлэгч нь барьцааны зүйлтэй холбоотой шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой барьцаалуулагч буюу Д.Дэлгэрцэцэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар шүүхийн шийдвэр гаргасан тохиолдолд Д.Дэлгэрцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай эсэхийг тодруулах шаардлагатай. /4.2/

          Учир нь Д.Дэлгэрцэцэгийн өмчлөх эрхтэй холбоотой түүний эрх, хууль ёсны ашиг хөндөгдөх эсэх, хуульд заасны дагуу барьцаалуулагч этгээдийн хувьд үүргийг шилжүүлж авах асуудлаар өөрийн тайлбар татгалзал, зөвшөөрлөө илэрхийлэх эрхтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан. Барьцаалуулагч Д.Дэлгэрцэцэг нь хариуцагч Д.Оын төрсөн эгч бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт гаргаагүй гэх нөхцөл байдал хэргийг шийдвэрлэх буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдэд холбогдуулан шаардлага шийдвэрлэх үндэслэл болохгүй.

          4. Харин, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааныг зохих ёсоор явуулсан, хариуцагч талаас шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүхээс хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4.3/  

 

          Иймд хариуцагч нарын давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/00504 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,482 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                           ШҮҮГЧИД                                        Д.БЯМБАСҮРЭН

                                                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ