Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 313/ШШ2025/00463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: ******* /, Өмнөговь аймаг, Ханхонгор сум, *******, ******* гэх газар

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл мал маллан амьдарч байна.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот бригадын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай нэгдлийн даргын тушаалаар малчнаар томилогдон ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл 1992 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гараагүй, 1988 оны 10,11 дүгээр сарууд Б.******* нэрээр бусад нь С.******* нэрээр цалин гарсан байх тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа тооцогдохгүйд хүрээд байна.

Иймд *******ын ******* намайг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуусталх хугацаанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот бригадын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие шүүхэд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд: Б.******* намайг 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот бригадын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгох хүсэлтэй байна. Цэргийн алба хаагаагүй. Учир нь би ээжтэйгээ хамт хоёулаа байдаг байсан учраас нэгдлээс цэрэгт явуулаагүй. Нэгдэл татан буугдах хүртэл тасралтгүй ажилласан. Нэгдэл 1993 онд татан буугдсан. 1992 онд авсан цалин болохоор мал бэлтгэлийн мөнгө гэж авдаг байсан. Түүнийгээ жилийн эцсээр бөөнд нь өгсөн байсан юм. Үүнээс хойш цалин аваагүй. Тухайн үед сарын цалин дунджаар 150 төгрөг байсан гэв.

Нэхэмжлэгчийн өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс *******ын ******* нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 140 дугаартай Б.*******ын цалингийн тодорхойлолт, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 465 дугаартай албан тоот, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай тушаалын хуулбар,

гэрч Т.*******, Д.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Т.*******ын ажилласан байдлыг тогтоосон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 243 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Д.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.*******, Д.******* нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.******* нь өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан байдлыг гэрчлэх хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуугийн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт,

2. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс *******ын ******* нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

3. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 140 дугаартай архивын лавлагаанд: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Хондот бригадад 1988-1992 онуудад малчны ажил эрхэлж байсан Б.*******ын цалингийн тодорхойлолтыг олгов. Үүнд: 1988 оны 10-11 дүгээр сард 301-657 төгрөг, 1989 оны 05 дугаар сард 5 төгрөг, 11-12 дугаар сард 500 төгрөг, 1990 оны 01-10 дугаар сард 150-700 төгрөг, 1991 оны 04 дүгээр сард 1 000 төгрөг, 06 дугаар сард 500 төгрөг, 08 дугаар сард 13 312 төгрөг, 1992 оны 09 дүгээр сард 15 061 төгрөг гэж бичигдсэн байдал,

4. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай 10-р анги төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаалын хуулбарт Аймгийн төвийн 10 жилийн сургуулийн 10-р анги төгсөж хуваариар ирсэн доорхи хүмүүсийг 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тус тус ажилд томилсугай. Үүнд: ...*******ын *******-Хондот бригадад малчнаар гэж бичигдсэн байдал,

5. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 465 дугаартай Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн 1989, 1990, 1991 онуудын тушаалд нэр гараагүй, 1992, 1993 онуудын тушаалын баримт байхгүй, мөн Гэрэлт зам нэгдлийн татан буугдсан тушаал байхгүй байна гэх албан тоот,

6. Гэрч Т.*******ын Б.******* 1978 оноос сургуульд сурч байгаад 1988 онд Ханхонгор сумын *******ийн төв дээр нэг настай мал хүлээж авч байсан. Тэрнээс хойш одоог хүртэл тус багтаа мал маллан амьдарч байгаа. 1988 оноос Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд тарах хүртэл нь бага мал малласан. 1993 онд бүрэн хувьчлал явагдаж дууссан. Ханхонгор сумын *******т өөр ******* байгаагүй. Ээжийг *******, аавыг ******* гэдэг байсан. Бид нар буюу багийн хүмүүс *******гийн ******* л гэж дууддаг гэх мэдүүлэг,

7. Гэрч Д.*******ийн Б.******* сургуульд сурч байгаад 1988 онд Ханхонгор сумын *******ийн төв дээр нэг настай мал хүлээж авч байсан. Тэрнээс хойш одоог хүртэл тус багтаа мал маллан амьдарч байгаа. 1988-1991 онд Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд бага мал малласан. 1991 оноос хойш гэрээ түрээс гээд ерөнхийдөө хувийн аж ахуйтан болсон. Нэгдэл 1991 онд татан буугдсан байхаа. Ханхонгор сумын *******т ******* нэртэй өөр хүн байсан гэж миний санаанд л лав алга. Байхгүй байхаа. Ээжийг *******, аавыг ******* гэдэг байсан. Бид нар бол *******гийн л гэж дууддаг гэх мэдүүлэг,

8. Гэрч Т.*******, Д.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Т.*******ын ажилласан байдлыг тогтоосон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 243 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Д.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгч Б.******* нь 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ыг 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Хондот бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН