Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/49

 

  

 

Э.Өт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

   Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Г.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Ж,

Шүүгдэгч: Э.Ө,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.Ө гомдолд үндэслэн 2320001950074 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*, 

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Ө 2023 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн * газарт байрлах хохирогч Н.Х гэрийн гадаа хураалттай байсан бог малын арьснаас ямааны арьс 45 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, учрах саадыг арилгах зорилгоор * дугаарын Toyota brevis маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, машин механизм ашигласан гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “...шүүгдэгч * Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч * 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч Э.Ө энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-т зааснаар прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай цагаан өнгийн * улсын дугаартай Toyota brevis маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолоор битүүмжлэгдсэн тээврийн  хэрэгслийг Ш.Б олгож, шүүгдэгч Э.Ө гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнэ болох 600,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

5.Шүүгдэгч Э.Ө давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг * гэдэг. Өөрийн хэрэгтээ гэм буруутайгаа гэмшиж байна. Гэм буруутайгаа ойлгож байгаа. Х ах би нар хамаатнаас дутахааргүй хүмүүс. Хэрэгт байцаалт өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр өгсөн байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Жоохон сандраад байна.” гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Ж.Ж миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд Э.Ө эрхийн туслалцаа үзүүлж албан ёсоор оролцож байна. Э.Ө давж заалдсан гол үндэслэл нь хэргийн үндсэн шалтгаантай холбоотой тухайн үед өөрөө өвчтэй зовлонтой, ажил төрлөө хийдэггүй байсан. Тухайн үед П.Х гуйлтаар удаа дараа түүнд тусалж байсан. Өөрөө сайн дураараа арьсыг буцаан өгсөн гэсэн үндэслэл байдаг. Мөн хүүхдүүд ар гэрийн ахуй байдлыг харгалзан үзнэ үү. Өөрөө ажилтай, төрөлтэй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолоор оногдуулж өгсөн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн үндэслэлийг нэмсэн байдаг. Өмгөөлөгчийн хувьд давж заалдах гомдолтой холбогдуулан нөхцөл байдлыг дүгнэж хэлэхэд энэ гомдолд миний хувьд хулгайлан авсан нь үнэн боловч тэр даруйдаа буруутай үйлдэлдээ сайн дураараа татгалзаж авсан арьсаа зарж борлуулж, үрэн таран хийлгүйгээр буцааж өгсөн гэсэн үндэслэлийг өргөдөл дээрээ дурдсан байдаг. Энэ үндэслэл нь хууль зүйн үндэслэлээр харгалзан үзэх үндэслэл болж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хулгайн гэмт хэргийг хамгийн гол нь өөрийн эзэмшилдээ бүрэн шилжүүлэх тууштай санаа зорилгод бүрэн автсан байхыг шаардаж байгаа юм. Нөгөө талаас зарж борлуулсан байхыг шаардаж байгаа. Дээд шүүхийн бүгд хурлын тайлбартай холбогдуулаад ийм нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад учир дутагдалтай хандаж, тогтоож чадаагүй асуудал гарч байна. Энэ үндэслэлээр хэргийг нь хянаж өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.” гэв.

7.Прокурор Г.Ганцэцэг шүүх хуралдаад гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Ө гомдолд  үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

2.Энэхүү дурдсан хуулийн агуулга болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагааг хянаж, үзвэл:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч Э.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Э.Ө “машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Ө 1 жил хорих ялаар шийтгэж, оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй. 

            Тухайлбал шүүгдэгч Э.Ө нь 2023 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн * газарт байрлах хохирогч Н.Х гэрийн гаднаас ” ямааны арьс 45 ширхгийг, * дугаарын Toyota brevis маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж, тогтоосон байна.

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгч Э.Ө хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсаны зэрэгцээ шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Ө тээврийн хэрэгсэл ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Н.Х 45 тооны ямааны арьсыг хулгайлж, 1,575,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн  хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Ө оногдуулсан 1 жил хорих ял түүний гэм бурууд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялыг  мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хөнгөрүүлж, нэг жил хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хүнд гэмт хэрэгт хамаарах тул дээр дурдснааас өөрөөр оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй болно. 

Тиймээс дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Ө гаргасан “...миний ам бүл 4-үүлээ, эхнэр 1-6 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр ажил төрөлгүй, эднийг маань тэжээн тэтгэх гол хүн би учраас оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч Э.Ө шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 119 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/68 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ө гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 119 /нэг зуун арван ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА