Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00618

 

 

 

 

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00618

 

 

 

 

 

                                        Б.Агийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/02384 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/00555 дугаар шийдвэрээр О.У68,803,732 төгрөгийг гаргуулж Д.Болгох, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021205 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 43 дугаар байрны 41 тоот орон сууцыг битүүмжлэн, хурааж 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилоход орон сууцыг илт бага үнээр үнэлсэн. Тус орон сууц нь баригдаад удаагүй, эдэлгээ сайтай, хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрладаг. Гэтэл шинжээч үнэлэхдээ зах зээлийн болон хөрөнгийн өөрийнх нь онцлог шинжийг харгалзалгүй, ердийн орон сууцны зориулалттай хөрөнгө мэтээр хязгаарлаж дутуу үнэлсэн. www.unegui.mn сайт дээр байрлах бусад хөрөнгөтэй харьцуулж харьцуулалтын арга ашигласан гэдэг боловч харьцуулсан хөрөнгүүдийг нь судлахад уг зар, үнэлгээ байдаггүй, өөр хөрөнгийн үнэлгээнд ашигласан материалаа тавьсан гэж үзэхээр байна. Хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн материаллаг үнийг тодорхойлсноос үнэ цэнийг тогтоолгүйгээр үр дүнг гаргасан тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1-т нийцээгүй. Хотын төвийн А бүсэд орон сууцны 1 м.кв талбайг 5,000,000 төгрөгөөс дээш үнэтэй захиалга авч байгаа. Хуучин байрны 1 м.кв талбай 4,000,000 төгрөгөөс дээш үнэтэйгээр худалдаалагдаж байгаа талаар нь www.unegui.mn зарын сайтаас харагдана гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Шүүхийн шийдвэрээр О.У68,803,732 төгрөг гаргуулж Д.Болгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021205 дугаарт бүртгэлтэй, ...3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох Б.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021205 дугаарт бүртгэлтэй .... 41 тоот хаягт байршилтай 82,3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалтад нийцээгүй, хөрөнгийн материаллаг үнийг тодорхойлсноос үнэ цэнийг тогтоолгүйгээр үр дүнг гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ орон сууцны зах зээлийн онцлог, хөрөнгийн өөрийн онцлог байдлын талаар жишээ татан дурьдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, агуулгын хувьд хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.А хариуцагч НШШГГт холбогдуулан .... 82,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/00555 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1680 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 001/ТТ2021/00181 дугаар тогтоолоор төлбөр төлөгч О.У68,234,410 төгрөг гаргуулж, Д.Болгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Агийн өмчлөлийн ... 82,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх журамтай. /хх121-125/

4. Хариуцагч НШШГГ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байна. /хх42-55/

 

5. Төлбөр төлөгч нь барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналаа өгөхөөс татгалзан хөрөнгийн өмчлөгч Б.А үнийн саналаа ирүүлээгүй байх ба төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Энэ нөхцөлд талуудыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн талаар харилцан тохиролцсон гэж үзэхгүй. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт зааснаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнэлгээг 196,280,000 төгрөгөөр тогтоожээ. /хх56, 58-60, 65-68/

 

5.а. Шинжээч нь үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2.1-9.2.3, 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасан “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлох, хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, хөрөнгийн үнэлгээ хийх явц дахь хөрөнгийн үнэлгээний стандарт, дүрэм, журам, норм, нормативыг зөрчсөн аливаа тохиолдлын талаар тэмдэглэсэн байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох эрхтэй гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.б. Хэргийн 68-87 дугаар тал дахь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч хөрөнгийг өртгийн болон зах зээлийн хандлагаар үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн хандлагын аргаар эд хөрөнгийг үнэлжээ. Шинжээч нь тухайн объектыг 2021 оны 09 дүгээр сарын байдлаар www.unegui.mn зарын сайтад худалдахаар зарлагдсан байршил, хийц, талбайн хэмжээ, загварын хувьд ойролцоо ... 84 м.кв талбайтай 1 ширхэг орон сууц, Спортын төв ордны зүүн талд байрлалтай 92,60-137,51 м.кв 2 ширхэг орон сууцтай харьцуулан барилгын байршил, насжилт элэгдэл, талбайн хэмжээ, засвар үйлчилгээ зэргийг тооцоолон үзэх замаар зах зээлийн үнэлгээг 196,280,000 төгрөг гэж үзсэн байна. 

 

6. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь эд хөрөнгийг эрс үнэгүйдүүлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг үгүйсгэх зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт шүүхэд гаргаагүй, барьцаа хөрөнгийг 196,280,000 төгрөгөөс өндөр үнээр үнэлэх байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг орхигдуулсныг нэмж өөрчлөлт оруулав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/02384 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 ...” гэсний дараа “ ... Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт ...” гэж нэмж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ

 

                   ШҮҮГЧИД                                   Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                А.МӨНХЗУЛ