Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 305/ШШ2025/00656

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын *********** баг, ********* хороолол *********** тоотод оршин суух, Р овогт Л-н М-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь хөтлөв.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын Худалдаа бэлтгэлийн анги, ********** хоршоонд туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Л.М миний бие 1967 оны 12 дугаар сарын 27-ний өдөр тус аймгийн ********* сумд төрсөн. Миний бие 1985-1987 онд Завхан аймгийн худалдааны техникум төгсөөд тус аймгийн ******** сумд ажиллаж байсан. Миний бие тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох болсон юм. Иймд Л.М намайг 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******** сумын худалдаа бэлтгэлийн анги, ********* хоршоонд туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /Л.М/

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 549 дугаартай лавлагаа, түүний хавсралт

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.М нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Д.М нь 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын Худалдаа бэлтгэлийн анги, ********** хоршоонд туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3. Нэхэмжлэгч Л-н М нь 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын Худалдаа бэлтгэлийн анги, *********** хоршоонд туслах нягтлан бодогчоор ажиллаж болох нь:

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 549 дугаартай Тус аймгийн ******** сумын Худалдаа бэлтгэлийн анги, *********** хоршоонд тусах нягтлан бодогчоор ажиллаж байсан М нь 1988 оны 05 дугаар сараас 1992 оны 06 дугаар сард цалин хөлс авч байсан-ыг тодорхойлсон архивын лавлагаа.

-Говь-Алтай аймгийн ******** сумын Худалдаа бэлтгэлийн анги, ********** хоршоонд тусах нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.М-н 1988-1992 оны цалингийн картын архивын хуулбар үнэн дарагдсан хуулбар гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

5. Иймд Р овогт Л-н М-н 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******** сумын Худалдаа бэлтгэлийн анги, ************* хоршоонд тусах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Харин 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******** сумын Худалдаа бэлтгэлийн анги, *********** хоршоонд тусах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Учир нь дээрх хугацаанд нэхэмжлэгч Л.М нь дээрх хугацаанд Говь-Алтай аймгийн ********* сумын Худалдаа бэлтгэлийн анги, ********** хоршоонд тусах нягтлан бодогчоор ажиллаж байсныг нотлох баримт байхгүй, цалингийн картад бичилт хийгдээгүй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Шүүхээс нэхэмжлэгч Л.М-н ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Л-н М-н 1988.05.01-1992 онуудад ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох ажилд томилсон, чөлөөлсөн шийдвэр, хөдөлмөрийн дэвтэр дутуугийн улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн нь нотлогдож байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Р овогт Л-н М-н 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ******** сумын Худалдаа бэлтгэлийн анги, ********** хоршоонд туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн ********* сумын Худалдаа бэлтгэлийн анги, *********** хоршоонд туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ