Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/50

 

  

 

Г.Отгон-Эрдэнэ, Б.Шижирбаатар нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Б.Дашням,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Т,

            Шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч М.Э, Ц.Д,

            Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Ж.Ж, Ж.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Одбаяр даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч М.Э, Ц.Д, шүүгдэгч Г.О өмгөөлөгч Ж.Жнарын гаргасан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Ш, Г.О нарт холбогдох 2319000000218 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

*, 

*,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.О, Б.Ш нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн * тоотод Б.Ц шалтгаангүйгээр бүлэглэн толгой, нуруу, цээж хэсэгт нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож биед нь их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн чих орчмын толгойн хуйхан доорх зөөлөн эдийн цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, доод уруулын гадна салст, цээжний цус хуралт, доод уруулын гадна салст, зүүн чихний дэлбэн, баруун мөр, цээж, нурууны зулгаралт гэмтлүүд бүхий олон тооны гэмтэл шарх учруулан төвийн гаралтай амьсгал, зүрх судалны дутагдалд оруулан онц харгис хэрцгийгээр алсан, мөн дээрх цаг хугацаанд дээрх газарт дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Б.Ш, Г.О нар нь бүлэглэн, О.А, Б.М, Б.Э нарт хүч хэрэглэж, бие махбодын халдашгүй байдалд халдаж, нүүрэн тус газруудад нь цохиж, хэрүүл маргаан үүсгэж олон нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч Г.О, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч: “...гэм буруутай” гэж дүгнэжээ.

5.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар бүлэглэн, онц харгис хэрцгийгээр Хүнийг алах гэмт хэргийг,-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 шүүгдэгч * нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тус бүр 13 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч * нарт тус бүр оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч * нарын цагдан хоригдсон 297 /хоёр зуун ерэн долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч * нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 15.703.813 төгрөгөөс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, оршуулгын зардалд шүүгдэгч тус бүрээс 6.851.906,5 төгрөгийг сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч тус бүрээс 49.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 4 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, 74 см урттай улан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар өнгийн мод 1 ширхэг, хар хөх өнгийн оймс 1 ширхэг, саарал өнгийн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 00-ын цаас 1 ширхэг, улаан өнгийн зүйлээр бохирлогдсон маарал 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн алчуур 1 ширхэг, цагаан өнгийн маарал 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр 4, 5, 6 дугаараар тэмдэглэсэн цэгээс хураан авсан улаан өнгийн зүйлээр бохирлогдсон шороо, 3 уут, 00113396 дугаартай 5 миль хуруу шилтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шороо 1 ширхэг, 00112940 дугаартай 5 миль литрийн хуруу шилтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шороо 1 ширхэг, 00112816 дугаартай 5 миль литрийн шилтэй шороо 1 ширхэг, 0.75 литрийн багтаамжтай Хараа нэртэй архины шил 4 ширхэг, 0,75 литрийн багтаамжтай Экс нэртэй архины шил 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан толботой хар хөх өнгийн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх коммист даалгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

6.Шүүгдэгч Г.О өмгөөлөгч Ж.Ж давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5, 1.6 дахь хэсэгт заасан хууль зүйн шаардлагыг нотолж чадахгүй учир дутагдалтай үнэлэлт, дүгнэлт хийсний улмаас шүүхээс хэргийн байдалд ноцтойгоор нөлөөлж болохуйц үндэслэлийг анхаарч үзэлгүй орхигдуулсан төдийгүй хэргийн байдалд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг харилцан дүгнэж чадаагүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6-д заасантай зөрчилдөж байгаа гэж үзэж байгаа. Хэргийн сэдэл санаа зорилготой холбоотой зайлшгүй хийгдэх ажиллагааны гол үндэслэл нь анх хэсгийн төлөөлөгч Шижирбаатарт дуудлага өгсөн, дуудлагын дагуу *г дагуулан хэргийн газарт очсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон Батмөнх-Очир прокурор энэ байдлыг үгүйсгэж, цагдаа нарын үйлдэлтэй холбоотой хэргийн нөхцөл байдлыг шалгаж тогтоосон хандлага гаргасан шалтгаант холбоотой гэж үзэж байгаа. Тиймээс ч энэ хэргийг танхайн сэдэлтэй гэж үзэж эхнээсээ учир дутагдалтай хандаж шийдвэрлэсэн. Дуудлага өгсөн болох нь гэрч нарын мэдүүлэгт байдаг. Мөн бусад нотлох баримтуудаар тогтоогддог ч шүүхээс эдгээрийг харьцуулан шинжлэн судлаагүй. Нотлох баримтыг харьцуулан үнэлж дүгнээгүй хэргийг буруу зүйлчилсэн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт уг хэргийн эх сурвалжтай холбоотой гол нөхцөл байдлууд харагдаад байхад эдгээрийг эхнээс нь шалгаж тогтоогоогүй. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатнаас шат дараалан гомдол гаргасан боловч энэ талаар шалган тогтоож чадаагүй. Цагдаа нар өөрсдийн санаачилгаар уг хэргийн газарт очиж нутгийн иргэдийн биед халдаж эмх замбараагүй байдал үүсгэсэн мэт хэрэгт хандаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Энэ үйл баримтын нотолгоог нэр бүхий гэрч нарын мэдүүлэгт тулгуурласан байдаг боловч эдгээр гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, яг үндэслэл бүхий үйл баримтууд тогтоогддоггүй. Тухайлбал үйл баримт болж байх үед буюу О нарыг дуудлагаар очиж үед Тогтохжаргал гэгч тэр хавиар байж байсан нь хэрэгт авагдсан гэрч О мэдүүлгээр тогтоогддог. Энэ хоёр гэрчийн мэдүүлгээр Балиа гэх хүн тэр хавиар явсан нөхцөл байгаа, энийг дүгнээгүй. Балиа яг тэр хавиар явсан болох нь * нар мэдүүлээд байхад нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэгт энэ талаар огт дурдаагүй. Энэ хүмүүс энэ талаар мэдүүлэхгүй нуугаад байдаг нь юутай холбоотой юм гэдэг талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Иймээс гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байх шинжийг харгалзан үзээч. Мөн хэрэгт Т гэрчийг хэрэг гарснаас хойш сар гарангийн дараа нэг л удаа гэрчээр асуусан байдаг. Энэ хэрэгт анхнаасаа өмгөөлөгчөөр оролцсон тул хийгдвэл зохих ажиллагааны талаар тодорхой хэмжээгээр мэдэж байна. Өөрөөр хэлбэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шүүх хуралдаан дээр улсын яллагч Дашням орж байсан тухайн үедээ Тогтохжаргал гэж хүнийг гэрчээр асуух шаардлагатай, хаяг нь тодорхойгүй байна гэж ярьж байсан. Гэвч түүний сүүлд өгсөн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолгүй зүйлийн талаар мэдүүлсэн байдаг. Хэргийн газарт байсан хэр нь байгаагүй мэтээр нуун дарагдуулж ярьдаг. Тэгэхээр энэ мэдүүлгийн зөрүүг зайлшгүй арилгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн Т мэдүүлэгт дурдсанчлан тухайн гэрт Тулгаа, Зулаа гэх нэр бүхий хүмүүс байсан талаар дурдсан байдаг. Гэтэл бусад гэрчүүд энэ хүмүүсийн талаар дурдаагүй байдаг. Тулгаа гэж хүн Т л мэдүүлэгт дурдагдсанаас өөр бусад хүний мэдүүлэгт дурдагдаагүй байдаг. Мөн Зулаа гэж хүн байсан гэдэг. Зулаа гэж хүн нь хэрэгт авагдсан Мөнхзул гэдэг хүн байсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Т мэдүүлэгт З гэх эмэгтэй хүн байсан гэдэг. Ийм зөрүүтэй байдлууд гарч ирээд байгаа учраас эдгээрийг зайлшгүй шалгах шаардлагатай. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед олон тооны шарх сорви учирсан гэдэг. Гэвч аль шарх сорви нь хэний үйлдэлтэй холбоотой гэдэг нь тодорхой бус, үүнийг зайлшгүй шалгах 4 шаардлагатай. Ийм үндэслэлээр хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн үндэслэлээр гомдол гаргасан.” гэв.

7.Шүүгдэгч Б.Ш давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Тухайн өдөр талийгаач зодуулчихлаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход талийгаач зодуулсан байдалтай “та нар ямар удаан ирдэг юм” гэж надад хандаж хэлсэн. Тухайн үед би сумын гурван эмч рүү залгасан. Тэгээд хүмүүсийг тараагаад гэртээ харьж амарсан байдаг. Миний хувьд хийгээгүй хэргийнхээ төлөө энэ олон жил бие, сэтгэлээрээ хохирохыг хүсэхгүй байна. Тухайн өдөр хоёр пиво уугаад дуудлага мэдээлэлд явсан нь миний буруу, энэ дээрээ хариуцлага хүлээхэд бэлэн байна.” гэв.  

8.Шүүгдэгч Г.О өмгөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хувь өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргахдаа хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц зүйлийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэдэг үндэслэлийг гаргаж байгаа. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц ямар үндэслэлийг орхигдуулсан талаар анхан шатны хуралдаанд тодорхой ярьсан. Хэрэг гарсан гэх газрыг тойрч үзэхээр нийт 5 газарт цусны ул мөр илэрдэг. Энэ цусны ул мөртэй холбоотой шалгалтын ажиллагаа хийгээгүй. Уг цусны ул мөр үлдсэн газарт талийгаач байсан уу, үгүй юу. * нарыг ирснээс хойших асуудлыг л шалгасан болохоос биш ирэхээс өмнөх асуудлыг дутуу шалгасан гэдэг байдлаар хандаж байгаа. Мөн хэргийн газраас хар өнгийн оймс олддог, үүнийг эд мөрийн баримтаар тооцсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4-т “...гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан...” гэж үзэж уг оймсыг хураан авсан байдаг. Уг оймс дээрээс эрэгтэй хүний цус илэрсэн ч уг цус нь хохирогч, шүүгдэгч нарынхтай таардаггүй. Тэгсэн хэр нь оймс дээрх цусанд харьцуулах шинжилгээ хийгээгүй, орхигдуулсан. Энэ талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр энэ ажиллагаануудыг хийгээгүй байна, эдгээр ажиллагаануудыг хийвэл хэргийн нотолбол зохих байдал тогтоогдоно гэсэн боловч анхан шатны шүүхээс ямар нэгэн байдлаар шийтгэх тогтоол дээр дүгнэлт хийлгүйгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шийдвэрлээд шийтгэх тогтоол дээрээ энэ талаар тайлбарлаагүй учраас шийтгэх тогтоол үндэслэл бүхий болоогүй байна гэдэг байдлаар хандаж байгаа. Иймээс шийтгэх тогтоолыг хуульд зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.

9.Шүүгдэгч Г.О давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “…Миний хувьд гэрч *, насанд хүрээгүй гэрч * нар нь худал мэдүүлж байгаа гэж үзэж байна. * мэдүүлэхдээ амь хохирогчийг бид хоёр хоёр талаас нь зодож байхад Мөнгөнцоож ах ирээд салгасан гэдэг. Тухайн бичлэгт *намайг гэрийнх нь ард “энэ ямар даварсан бацаан бэ цохичихоор юм аваад ир” гэж хэлсэн л бичлэг байдаг. *бичлэг хийж байснаа бичлэгээ зогсоогоод “*боль миний дүү наад хүн чинь цагдаа шүү” гээд *гэр рүүгээ авч явсан байдаг. *гэдэг гэрч нь “намайг бичлэг хийж байх үед * миний утсыг цохиж унагаад би айгаад гэр рүүгээ орсон” гэж мэдүүлдэг. Уг нь өөрөө бичлэг хийж байгаад бичлэгээ зогсоосон байдаг байж ингэж худал мэдүүлээд байдаг. *мөн бид хоёрыг амь хохирогчийг зодож байхад нь гарч салгасан. * намайг цохисон гэж мэдүүлсэн байдаг. Энэ бичлэгт авагдсанаар худал ярьж байгаа нь тогтоогддог. Бичлэгт бид хоёр хүн зодоогүй, харин *гэрийн ард намайг боож унагаад цохиж байхад *бичлэг хийсэн байдаг.” гэв.

10.Шүүгдэгч Б.Ш өмгөөлөгч Ц.Д давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар нэр бүхий гурван этгээдийг биед халдаж, нийгмийн хэв журмыг зөрчиж хүч хэрэглэсэн гэж буруутгаж байгаа боловч бодит байдал дээр *нар нь шүүгдэгч * эсрэг цагдаагийн алба хаагчийн эсрэг хүч хэрэглэн түүний баруун гуяны ар хэсэг, шуунд нь зүсэгдсэн шарх, хүзүүнд нь шарх учруулсан. Хүзүүнд үүссэн шарх нь бусдад боолгуулсны улмаас үүссэн болох нь хэрэгт авагдсан баривчлан цагдан хоригдсон шийдвэрт заагдсан этгээдийг магадласан тэмдэглэлд авагдсан байдаг. Гэтэл яагаад энийг шалгахгүй орхигдуулж байгаа юм. Хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгж эрхтэй, бүх хүн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Энэ хуулийн заалт үйлчлээгүй гэдэг нэг баримт нь энэ байна. Өөрөөр хэлэх юм бол цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэхээр ирсэн үйлдлийг эсэргүүцэж, хууль бус үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байгаа. Түүнээс шүүгдэгч нар хоорондоо муудалцаж, зодолдож, цохилцоогүй болох нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа. Шүүгдэгч нар нь дуудлага мэдээллийн дагуу нийтийн хэв журмыг хамгаалах, хууль сахиулах, зөрчлийг таслан зогсоох ажиллагаа явуулахдаа цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн 49.1.1-т заасан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн үндэслэлээр биеийн хүч хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор заасан үйлдлийг аргагүй байдлаар хийж тухайн хүнд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Хуульд зааснаар Эрүүгийн хуульд хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарах юм бол түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалт байгаа. Энэ заалтуудад тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Б.Ш холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

10.Шүүгдэгч Б.Ш өмгөөлөгч М.Э давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөн шүүгдэгч нарын мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар нотлогдох юм бол нотлох баримтаар тооцогдох үндэслэлтэй байдаг. Ш анхнаасаа мэдүүлэхдээ дуудлагаар очиход “та нар яасан удаан юм хүн үхчихвэл яах юм” гээд гарч ирэхээр нь гурван эмч рүү дуудлага өгөхөөр залгасан гэж ярьдаг. Гурван эмчээс нь мэдүүлэг авахаар дуудлага ирээгүй гэдэг. Гэрч * болон талийгаачийн гар утсанд хаашаа хэдэн удаа дуудлага хийснийг нь үзсэн мөртөө Ш утсанд огт үзлэг хийгээгүй. Ш утсан дээр гурван эмч рүү дуудлага хийсэн. Гурвуулаа холбогдох боломжгүй байсны улмаас дуудлагыг аваагүй байдал харагддаг учраас энэ талаар нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ мэт цагаатгах талын нотлох баримтыг шалгах ажиллагааг огт хийгээгүй. Зөвхөн яллах талын нотлох баримтуудыг л бүрдүүлсэн үндэслэлүүд байгааг шүүх анхаарч үзээсэй. Шүүгдэгч нар нь бүлэглэн хүний амь насанд онц харгис, хэрцгий аргаар халдаад, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаад хүний амь насыг хохироосон санаатай үйлдлийг гаргасан болох нь хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотлогдсон зүйлгүй. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар эргэлзээ байх юм бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалтын дагуу хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хэрэгт шүүх дүгнэлт хийгээгүй. Гэхдээ шүүгдэгч нар нь *биед халдаж танхайрсан гэж дүгнэсэн байсан боловч Шижирбаатарын хувьд * нарын биед халдсан үйлдэл тогтоогддоггүй. Тиймээс гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.” гэв.

11.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хүмүүсийн ял шийтгэлийн асуудал үнэхээр багадсан байна. Дээрх зүйл заалтад заасан хэрэг нь хамгийн багадаа 12 жил, дээшээ бүх насаар нь хорих ял оногдуулах заалттай. 12 жилээс дээш бүх насаар нь оногдуулахаар заасан ял шийтгэлийг дундаж ял нь гэж үзэх юм бол 16 жил нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний дундаж ял байгаа. Тэгэхээр энэ хүмүүс хуульд зааснаар хамгийн бага хэмжээгээр хорих ял оногдуулсан нь хэр зохимжтой тал дээр та бүхэн дүгнэлт хийж өгөөч. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй. Сэтгэл санаа болон оршуулгын зардалтай холбоотой 100 төгрөг ч төлөөгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ өнөөдрийг хүртэл гэмшээгүй, ухамсарлаагүй байхад анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял оногдуулсан. Тухайн үед аль аль нь залуу хүмүүс байна, хэдий гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн нийгэмд гарч ирээд амьдрах, хүмүүжих боломж олгоё гэж ийм байр суурь илэрхийлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар нотлох баримтын өө сэв, хуулийн зохицуулалт харж ял завших агуулгаар гаргасан үйлдэлдээ хандаж байна. Тиймээс шүүгдэгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй. Гэм буруугийн асуудал нотлох баримтын хүрээнд хөтөлбөргүйгээр тогтоогдсон учраас анхан шатны шүүхийн гэм буруутай гэж үзсэн тогтоолыг хэвээр үлдээж, ял шийтгэлийг хүндрүүлэхээр агуулгатайгаар өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

12.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө саналтай санал нэг байна. Ээж сэтгэл санааны хувьд маш хүнд байна, нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй, ялыг хүндрүүлж өгнө үү, гомдолтой байна.” гэв.

13.Прокурор Б.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэн бодитой гэж үзэх үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэж байна. Эсэргүүцлийн тухайд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хураан авсан эд мөрийн баримтыг дутуу шийдвэрлэсэн буюу прокуророос хараа нэртэй 0.75 литрийн багтаамжтай архи 4 ширхэг, 0,75 литрийн багтаамжтай эдэн нэртэй архины шил нэг ширхэг, 0,5 литрийн багтаамжтай ногоон өнгийн экс нэртэй архины шил нэг ширхгийг тус тус шилжүүлсэн. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...0.75 литрийн багтаамжтай хараа нэртэй архины шил 4 ширхэг, 0,75 литрийн багтаамжтай экс нэртэй архины шил 1 ширхэг...“гэж зөрүүтэй бичсэн. Эдэн нэртэй архины шилийг орхигдуулсан байгаа. Үүнээс болоод шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд эд мөрийн баримтуудыг устгах шийдвэр гаргахад зөрүүтэй байдал үүсэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймээс шийдвэрт хараа нэртэй 0.75 литрийн багтаамжтай архи 4 ширхэг, 0,75 литрийн багтаамжтай эдэн нэртэй архины шил нэг ширхэг, 0,5 литрийн багтаамжтай ногоон өнгийн экс нэртэй архины шил нэг ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан толботой хар хөх өнгийн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай гэж өөрчлөлт оруулж шийдвэр нь зүйтэй байна гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч М.Э, Ц.Д, шүүгдэгч Г.Он өмгөөлөгч Ж.Ж нарын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж, тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

2.Шүүгдэгч * нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2023 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн * тоотод Б.Ц шалтгаангүйгээр толгой, нуруу, цээж хэсэгт нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож биед нь их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зүүн чих орчмын толгойн хуйхан доорх зөөлөн эдийн цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн чихний дэлбэн, доод уруулын гадна салст, цээжний цус хуралт, доод уруулын гадна салст, зүүн чихний дэлбэн, баруун мөр, цээж, нурууны зулгаралт гэмтлүүд бүхий олон тооны гэмтэл шарх учруулан төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд оруулан онц харгис хэрцгийгээр алсан, мөн цаг хугацаанд мөн газарт дээрх гэмт хэргийг үйлдэхдээ * нар бүлэглэн, * нарт хүч хэрэглэж, бие махбодын халдашгүй байдалд халдаж, нүүрэн тус газарт цохиж, хэрүүл маргаан үүсгэж олон нийтийн хэв журмыг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан  болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогджээ.

3.Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь шүүгдэгч * нар бүлэглэн, амь хохирогч Б.Ц зодож, алсан түүнчлэн * нарт хүч хэрэглэж, бие махбодын халдашгүй байдалд халдаж, нүүрэн тус газарт цохиж, хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолсон, хоорондоо зөрүүгүй.

4.Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс гадна камерын бичлэг, шинжээч /3хх140-146/-ийн “...гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлүүд нас барахаас 24 цагийн дотор үүссэн шинэ гэмтлүүд байна, хохирогч их тархины баруун, зүүн зулай, баруун чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархи, өнчин тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт зэрэг олон тооны гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судалны дутагдлаар нас барсан” гэсэн дүгнэлтээр шүүгдэгч нарын гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлтэй ба эдгээр нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримтгүй байна.    

5.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн,  шүүгдэгч Г.Отгон-Эрдэнэ, Б.Ш нарыг бүлэглэн, онц харгис хэрцгийгээр хүнийг алах”  олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах”  гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хохирогчийг зодож, гэмтээсэн  нь хохирогчийн амь нас хохироход хүргэсэн байна.

6.Шийтгэх тогтоолд шүүгдэгч * нарын нийт эдлэх ялыг тус бүр 13 жилийн хугацаагаар тогтоож, энэ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдал, гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилго,  шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцжээ.

 7.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “...“...гэм буруутай” гэсэн дүгнэлтийг шийтгэх тогтоолд үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.26 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д болон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “...шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэлээр хүчингүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгоно.

8.Түүнчлэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлах бөгөөд  хэрэгт хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахтай холбоотой нотлох баримтгүй байх тул  сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч тус бүрээс 49.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн дээр дурдсан  хуулийн 40 дүгээр зүйл зааснаар  “Шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилсан учир шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах буюу хохирогч гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахтай холбоотой нэхэмжлэлийг, нотлох баримтын үндсэн дээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх гэж өөрчлөх нь зүйтэй байна.

            9.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...хөх өнгийн өмд”  гэж заасан харин “...0,75 литрийн багтаамжтай Eden нэртэй архины шил 1 ширхэг, 0,5 литрийн багтаамжтай ногоон Экс нэртэй архины шил 1 ширхэг” гэж заагаагүй орхигдуулсан байх тул эдгээрийг мөн заалтад  нэмж, прокурорын эсэргүүцлийг энэ үндэслэлээр хангав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч * нар шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 134 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад   “Иргэний хуулийн...511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар ...сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч тус бүрээс 49.500.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О олгосугай” гэснийг хасаж,

8 дугаар заалтад “...0,75 литрийн багтаамжтай Eden нэртэй архины шил 1 ширхэг, 0,5 литрийн багтаамжтай ногоон Экс нэртэй архины шил 1 ширхэг...” гэж нэмж, тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч *нарын цагдан хоригдсон 134 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТГӨГС

ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

 

 

А.СА