| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0539/Э |
| Дугаар | 551 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 551
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
Улсын яллагч А.Ганзориг,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Далай ээж овогт Сийн Бд холбогдох 18080250007000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксийн үйлчилгээ эрхэлдэг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Далай ээж овогт Сийн Б /РД .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын ...тоотод хашааны гадаа найз Б.Быг “агсам тавилаа" гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би С.Бийн гэрт очсон өөр газар очоогүй. Би эхнэртэйгээ уулзаж асуухад Б намайг манай хашааны гадаа зодсон юм шиг байна лээ манай эхнэрийг гэрээс гарч ирэхэд Б намайг гараараа хэд хэдэн удаа цохиж байхыг нь харсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 6-8 х/,
2.Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б архи ууж согтчихоод манай тэнд орилоод байсан мөн Быг гэр лүү нь хүргэж өгөх гэж байхад манай найз Э руу дайрсан бас машины цонх нүдээд намайг ална гээд орилоод байсан тэгэхээр нь би Бын гэрийн гадаа ирээд Быг машинаасаа буулгаж байгаад нүүр лүү нь гараараа хоёроос гурван удаа цохисон юм. Б намайг цохиж зодоогүй ...” гэх мэдүүлэг /хх 60-63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
5.Шинжээчийн 6265 тоот дүгнэлт
1.Б.Б-н биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 27 х/,
6.С.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34 х/
7.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 38 х/
8.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 35 х/
9.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 37 х/
10.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 40 х/
11.Хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх 33 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын ...тоотод хашааны гадаа найз Б.Быг “агсам тавилаа" гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Бын “... Би эхнэртэйгээ уулзаж асуухад Б намайг манай хашааны гадаа зодсон юм шиг байна лээ манай эхнэрийг гэрээс гарч ирэхэд Б намайг гараараа хэд хэдэн удаа цохиж байхыг нь харсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 6-8 х/,
Шүүгдэгч С.Бийн “... би Бын гэрийн гадаа ирээд түүнийг машинаасаа буулгаж байгаад нүүр лүү гараараа хоёроос гурван удаа цохисон юм. ...” гэх мэдүүлэг /хх 60-63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Э.Сын “...Б гэх хүнийг машинаас буулгаад хашааны гадаа маргалдаж байхдаа Б нүүр лүү нь хоёр удаа гараараа цохисон тэгсэн чинь хашаанаас нэг эмэгтэй гарч ирээд тэр Б гэх залууг аваад хашаа руугаа дагуулаад орсон. ...” гэх мэдүүлэг /хх 17-19 х/,
Гэрч Э.Эын “... Б Бын нүүр лүү хоёр удаа гараараа цохисон чинь хашаанаас нэг эмэгтэй гарч ирээд тэр Б гэх залууг аваад хашаа руугаа дагуулаад орсон. ...” гэх мэдүүлэг /хх 14-16 х/,
Гэрч Н.Нын “...2018 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед байхаа хашааны гадаа хүн чанга чанга орилолдоод байхаар нь би гарсан чинь Б манай нөхрийн нүүр болон гэдэс рүү нь хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан бөгөөд манай нөхрийн нүд хөхөрсөн, хавдсан байсан тэгээд би нөхрийгөө аваад гэртээ оруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 20-21 х/
Шинжээчийн 6265 тоот дүгнэлт
1.Б.Б-н биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх 27 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:
С.Бийн Б.Быг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.
Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь С.Бийн түүний нүүрэн тус газар цохисноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 27 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.
Шүүгдэгч С.Б өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. С.Б хуулиар тогтоосон насанд хүрсэн болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Б.Б эмчилгээний зардалд 250,000 төгрөг авсан болох нь хохирол төлсөн баримт /хх 33 х/-аар тогтоогдсон тул С.Бийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн гэж шүүх үзсэн.
С.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Далай ээж овогт Сийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бийг 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан С.Бд үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.Бд мэдэгдсүгэй.
5.С.Бийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 250,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ