Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/66

 

 

 

 

 

 

 

 

2024       10         23                                           2024/ДШМ/66

 

 

Ж.Бид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Н.Д

Шүүгдэгч                                                       Ж.Б                

Нарийн бичгийн дарга                               Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Бид холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Ж-ын Б, Монгол Улсын иргэн,.

 

Ж.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр   аймгийн Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд тус Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, ахмад Б.А-д хохирогчоор мэдүүлэг өгөхдөө, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа, “ ... 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т.Т гэрт ирж, үхэр малаа авна гэж дайрч, өгч чадахгүй гэхэд намайг төмөр зуух руу түлхэж унагаасан” гэсэн мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагааны үед Т.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ж-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогч, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 1 жилийн хугацаанд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож,          зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ж.Бид  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ. 

            Шүүгдэгч Ж.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“... миний бие 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т гэгч залууд хүч хэрэглүүлэн тодорхой хэмжээний гэмтэл авсан учраас Орхон аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан юм. Гэтэл цагдаагийн байгууллага нь миний гомдлыг шалгаж барагдуулах биш харин намайг буруутгаж тоглосон нь янз бүрийн баримт, янз бүрийн хүмүүсийн мэдүүлгийг баримт болгон 68 настай хөгшин намайг хэрэгтэн болгож ял оногдуулсанд гомдолтой байна.

1. Т гэгч залуу гомдол гаргаагүй байхад намайг худал мэдүүлэг өгсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн явдалд гайхаж байна.

2. Т бид хоёрыг нүүрэлдүүлэн байцааж бодит үнэнийг тогтоогоогүй.

3. Байцаалтад Г.Д худлаа мэдүүлэг өгсөн гэдгийг нь тодорхой хэлсэн болно.

4. Шүүх хуралд гол хохирогч болсон гэж байцаагч Т нь ирээгүй /оролцуулаагүй/ байхад хурал хийж надад ял оногдуулсан.

5. Шүүхийн шийтгэх тогтоолд хамгийн гол Т-н мэдүүлэг байхгүй, өөрийгөө Т-н найз нөхөд, хамаатан садан гэх мэт хүмүүсийн мэдүүлгийг нотлох баримтаар оруулж ял оногдуулсанд гайхаж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/366 тоот тогтоолыг хүчингүй болгож иргэн намайг цагаатгаж өгнө үү....” гэжээ. 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Б тайлбартаа: ... Гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Бийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.       

            2023 оны 11 дүгээр сарын 29-ний орой  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Б нь бусдад зодуулж гэмтсэн гэх хэрэгт шүүгдэгч Ж.Бийг хохирогчоор тогтоосон байх бөгөөд

тэрээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 01ий өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “... 2023 оны 11 дүгээр сарын 29-ний орой ... Т.Т гаднаас нэг залуугийн хамт орж ирээд “үхэр малаа авна” гэж надруу дайрч намайг зуух руу түлхэж унагаад баруун гарын шууг гэмтээж хөнгөн хохирол учруулсан...”  гэж худал мэдүүлэг өгч, гүтгэсэн нь хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн:

           Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан тэмдэглэл /хэргийн  19-20 тал/,

            мөрдөн шалгах ажиллагааны үед Ж.Бийн хохирогчоор өгсөн: 2023 оны 11 дүгээр сарын 29-ний орой  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэр “Мухар далай” гэдэг газарт хуучин эхнэр Э-н өвөлжөөн дээр байхад оройн 19-20 цагийн үед гаднаас манай эхнэр Э-тэй хамтран амьдарч байсан Т-н хүү Т гаднаас нэг залуугийн хамт орж ирээд над руу дайраад “үхэр малаа авна” гээд намайг “мал өгч чадахгүй” гэхэд зуух руу түлхэж унагаад төмөр зуухны ирмэгт баруун гарынхаа шуугаар унаж шуунаас минь цус гарсан. Т тоохгүй нөгөө залуугийнхаа хамт зогсож байгаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг / хэргийн  71-72 дахь тал/,

гэрч  Д.Н-н ... Т бид хоёр 10 - 11 цагийн үед Э эгчийн хөдөө гэр лүү нь    суманд очсон. Тухайн үед Э эгч хойноос ирнэ гэж хэлээд ирээгүй. Хөдөө Э эгчийн гэрт очиход настай ах /Б/ ганцаараа байж байсан. Т 2-3 хоногийн өмнө аваачиж өгсөн эд зүйлийг нөгөө ахтай хамт үзэж байгаад бүрэн бүтэн байсан болохоор нь уул руу гарч сүлжээтэй газар очиж байгаад Э руу залгахад утас нь холбогдоогүй. Аав руу залгаж хэлчихээд бид хоёр эргээд машинтайгаа Эрдэнэт рүү явсан ...

... 14 цагийн үед би гэртээ харьж Т бид хоёр хоол хийж идээд 18 цаг болж байхад Дэнжийн дэлгүүрээс юм аваад буцаж гэртээ харьсан ... Төрсөн дүү Д-д сахиур хэрэгтэй гэхээр нь орой эмнэлэг явахаар болсон. Т-н гэрт орой аав Т, эмээ Д, Т бид хэд 19 цагийн үед Юнивишнээс Монгол нэртэй кино түрээслэж үзээд тахиа захиалж идэцгээсэн. Энэ үйл явдал 18-20 цагийн үед болсон. Энэ хооронд Т миний төрсөн дүү Д-д тахиа аваачиж өгөхөөр 19 цаг 30 минутын үед гараад 20 цаг 10 минутын үед эргэж ирсэн. Тэгээд киногоо үзээд амарцгаасан ... гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26 дахь тал/,

            гэрч Д.Д-н “ ... Би Б гэдэг хүнийг танихгүй. Н миний төрсөн эгч, Т түүний үерхэж байгаа залуу нь юм. Э болохоор Т ахын аавынх нь хамтран амьдарч байсан хүн. Би 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтээд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эмнэлгээс гарсан ... Намайг эмнэлэгт хэвтэж байхад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний оройн 19-20 цагийн үед яг нарийн хэлж мэдэхгүй байна. Т ах надад тахиа авчирч өгсөн. Удалгүй гэр лүүгээ явлаа гээд яваад өгсөн. Т ах өрөөнд орж ирсэн ... гэсэн мэдүүлэг /хэргийн 29 тал/

гэрч Д.Б-н “ ... Би Т, Н хоёрыг танина. Би Н-н бэр нь гэсэн үг. Т Н-тэй үерхэж байгаа залуу нь байгаа юм. Э, Б нарыг би танихгүй ... 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг өнгөрч байхад би Н рүү дүрст дуудлагаар ярихад эмнэлэгт Т дүүг маань сахихаар боллоо. Би хоол хийх ажилтай болчихлоо. Өнөөдөр уулзаж амжихгүй юм байна гэж яриад уулзаагүй. Н-тэй сүүлд ярихад Т гэртээ байгаа талаар хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /хэргийн 31 тал/,

гэрч Ү.П-н “ ... 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би Т-тай уулзаагүй. Тааралдаагүй, харин 16 - 17 цагийн үед Б ахын гэрээр ороход Б ах үхрийн баасаа цэвэрлээд ганцаараа байж байсан. Э-н эд зүйлийг Т авчирч өгсөн гэж ярьж байсан ... Биедээ гэмтэл бэртэл аваагүй, эрүүл саруул байсан. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 10-11 цагийн орчим ... манай гэрт Д-р хүргүүлж ирэхдээ баруун шуугаа гэмтээсэн байдалтай ирсэн. Гараа яагаад гэмтээгээв гэхэд “Т гэдэг залуу нэг танихгүй залуутай ирээд үхэр нэхэж байгаад зуух руу түлхчихлээ” гэж хэлсэн. Шөнө дунд ирээд гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34 тал/,

гэрч Б.Х-н ... Н-тэй гар утсаар орой ярихад гэртээ байна гэж ярьж байсан. Т-г эмнэлэг явна гэж хэлж байсан ... гэсэн мэдүүлэг /хэргийн 39 тал/,

гэрч Д.Д-н ... Өдөр хоногийг нь сайн санахгүй байна 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр билүү 12 дугаар сарын эхээр билүү Б ганцаараа мал маллаж байсан юм. Өглөө 9 цаг өнгөрч байхад гаднаас Б баруун гараа сойчихсон “намайг Г-д хүргээд өгөөч” гээд хүрч ирсэн. Би мотоцикльтой хүргэж өгсөн ... Б манай гэрт ирэхдээ гараа бэртээсэн байдалтай хоносон архи үнэртүүлсэн ирсэн. Г-н төрсөн өдөр гээд архи уусан, архи хэтрүүлээд юу болсныг сайн мэдээгүй, өглөө сэрсэн чинь гараа гэмтээсэн байна гэж надад ярьсан. Манай гэрт ирэхийн өмнөх өдөр Г 16 - 17 цагийн үед Э-н гэрээс гараад гэр лүүгээ явж байгаа бололтой байсан. Өөр хүн очихыг хараагүй гэсэн мэдүүлэг /хэргийн 46-47 тал/,

гэрч Д.Д, Ж.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 51-52 тал/,

Орхон аймгийн Шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

тухайн өдөр Т.Т-н жолоодож явсан гэх улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явсан маршрутыг тогтоосон талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүрст дуудлага хийсэн зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэдийгээр Ж.Бийн биед баруун шуунд шарх гэмтэл тогтоогдсон ... гэмтэл нь ... хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байх боловч тэрээр дээрх гэмтлийг хэн учруулсан талаар хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ... Т.Т гэрт орж ирж намайг төмөр зуух руу намайг түлхэж унагааж миний биед хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэж нэр зааж мэдүүлсэн мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул Ж.Бийн үйлдлийг худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна.

Мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 39 дугаартай дүгнэлтээр ... Ж.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон шинжилгээ хийлгэх үед сэтгэцийн хувьд архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй байсан. Шинжилгээ өгөх үед архи үгүйлэх хэлбэрийн хам шинжтэй байна ... Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хий харах боломжгүй, харин архи согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ хий харах боломжтой нь тогтоогдсон байгааг дурьдав.

Түүнээс гадна гэрч Д.Н-н өгсөн “... Т бид хэд 19 цагийн үед Юнивишнээс Монгол нэртэй кино түрээслэж үзээд тахиа захиалж идэцгээсэн ... Энэ хооронд Т миний төрсөн дүү Д-д тахиа аваачиж өгөхөөр 19 цаг 30 минутын үед гараад 20 цаг 10 минутын үед эргэж ирсэн...” гэсэн мэдүүлэг нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цаг 16 минутанд Д.Н-н ХААН банкин дахь ... данснаас “Prada Chicken”-ы данс руу 82.000 төгрөг шилжүүлсэн баримтаар давхар батлагдаж байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангасан байна.

Тиймээс шүүгдэгчийн “... хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье ... ” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн болон бодит үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч  нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн нь хангалттай тогтоогдсон тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн тул энэ талаарх шүүгдэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

             Түүнчлэн шүүгдэгч Ж.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлаж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох  ялаар шийтгэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд нь тохирсон, мөн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Ж.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 З.ХОСБАЯР

 

 ШҮҮГЧ                                 С.УРАНЧИМЭГ

 

 ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА