| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0435/Э |
| Дугаар | 449 |
| Огноо | 2018-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 449
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Б.Энхбат,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Бийн Тд холбогдох 1808014760483 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа авто угаалга хийдэг, ам бүл 6, ээж, 3 дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын ..тоотод оршин суух бүртгэлтэй, тус дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн ..тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бийн Т /РД:../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Т нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Арвайн үндэс” ХХК-ны орчимд иргэн М.М зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч М.Ммөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ямар шалтгаанаар намайг зодсоныг мэдэхгүй, шууд хүрч ирээд нүүрэнд нэг удаа цохиод газар унах үед нүүр уруул, нуруун хэсэгт өшиглөж зодсон, би сүүлд нь тэр залуу найз охинтойгоо машиндаа хэрэлдэж байгаад намайг хэрэгт хийгээд өгчих гэж хэлээд намайг зодсон байсан. Намайг зодуулж байхыг хамт ажилладаг эгч Б, хамгаалагч ах Д хоёр харсан, бас хяналтын камерт бичигдсэн байгаа. Одоо миний зүүн нүд хөхөрч, хавдаж, улайгаад дээд уруул хавдаж мөн хөхөрсөн нуруу хөндүүртэй байна. Би тэр залууг урьд өмнө харж байгаагүй, ямар нэгэн холбоо харилцаа байхгүй, тэр залуу эрүүл байсан. Шууд зодоод эхэлсэн, би зөрүүлж цохиж аваагүй, зодуулаад үлдсэн. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд оролцохгүй. ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
2.Шүүгдэгч Б.Тгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед урьд нь хамт амьдарч байсан миний хүү Чингүүнийг төрүүлсэн эх Угийн хамт түүнийг машинтай нь гэрт нь хүргэж өгөх гээд гэрээсээ гарсан. У манайд ирэхдээ аавынхаа машинтай ирсэн юм. Бид хоёр замдаа хүүхдээсээ болж маргалдсан, салсан эхнэр У машин дотор уйлж унжаад байхаар нь Сонгинохайрхан дүүргийн 4 хорооны нутагт байдаг “Арвайн үндэс” ХХК-ийн гадна байрлах зогсоолд Угийн ирсэн ...дугаартай AQUА маркын саарал өнгийн автомашинтай зогсоод үргэлжлүүлэн маргалдаж байх яг тэр үед нэг залуу нэг хүүхний хамт хажуугаар явж байхаар нь Уд хандаж би хүүхдээ харж чадахгүй байгаа бол хэрэг хийгээд шоронд орчье гэж хэлээд машинаасаа буугаад хажуугаар зөрөх гэж байсан залууг зодсон. Ийм л асуудал болсон. ..." гэх мэдүүлэг /хх 28-29 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.Шинжээчийн 3910 тоот дүгнэлт
1.М.Э-н биед тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд цус хуралт, дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх 20 х/,
5.Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл.
2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2129 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвайн үндэс” ХХК-н хүнсний дэлгүүрийн орчимд иргэн М.М тараад явж байхад үл таних залуу шалтгаангүй зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт “Арвайн үндэс” ХХК-ийн хяналтын камерын бичлэгийг цагаан өнгийн дискэн дээр хуулбарлан авчирсаныг албаны компютерт тоглуулан үзэхэд: Дэлгэцийн баруун дээд буланд 03-18-2018, 21:29:09 цагт гэсэн бичэглэл байх байх ба цааш бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд иргэн М.Э хамт ажилдаг гэх эмэгтэйн хамтаар “Арвайн үндэс” ХХК-н хүнсний дэлгүүрийн урд байрлах явган хүний замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй баруун гартаа цагаан өнгийн тортой эд зүйл барин алхаж байгаа бичлэг байх цагийн зүүгээр 12 цагийн байрлалд автомашины зогоол дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зогсож байсан цайвар өнгийн 2 ширхэг автомашины арын автомашины баруун урд талын хаалга онгорхой туранхай биетэй бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гадуур хувцасаа тайлан автомашиныхаа суудлын зүгт шидчихээд М.Мчиглээд алхан ирж байгаа бичлэг байх ба бичлэгийг цааш тоглуулан үзэхэд: Иргэн М.Мзүгт алхан тулж ирээд нүүрэнд гараар цохиж газар унагаан зодон улмаар газарт унасан байхад өмссөн хувцаснаас нь чирж авто замруу татан гаргаж ирээд толгой нуруунд хөлөөрөө 2-3 удаа өшиглөж байгаа бичлэг байлаа. М.Мөнхэрдэнийг газарт унагасан байдалтай өшиглөөд зодож байхад цайвар өнгийн автомашин “Арвайн үндэс” ХХК-ийн авто зогсоолруу орж ирээд зодуулж байгаа иргэн М.Мөнхэрдэнэ болон зодож байсан Б.Т нарын хажууд ирээд зогсох үед М.Э зодуулсан газраасаа босож явахыг оролдоход дахин зодох гэж дайрна тэр үед Б.Тгийн автомашинаас нэг эмэгтэй хүн гарч ирээд Б.Тг хориглох үед дахин зодох гэж дайрч байгаа дүрс бичлэгт тусгагдсан байна. Үзлэгийг оролцогч нарт танилцуулахад санал хүсэлт байхгүй гэснээр үзлэгийг 15 цагт дуусгав. /хх 30-33 х/,
6.Б.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34 х/
7.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 36 х/
8.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 37 х/
9.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39 х/
10.Хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх 47 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ:
Б.Т нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2130 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Арвайн үндэс” ХХК-ны хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр хамтран амьдрагч н.Утай муудалцсан уурандаа “хүүхдээ харж чадахгүй байгаа бол хэрэг хийгээд шоронд орчье” хэмээн замаар явж байсан М.Мнүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж унахаар нь ар нуруу хэсэгт нь 2-3 удаа өшиглөн зодсон болох нь:
Хохирогч М.М“...Ямар шалтгаанаар намайг зодсоныг мэдэхгүй, шууд хүрч ирээд нүүрэнд нэг удаа цохиод газар унах үед нүүр уруул, нуруун хэсэгт өшиглөж зодсон, ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Тгийн “... Сонгинохайрхан дүүргийн 4 хорооны нутагт байдаг “Арвайн үндэс” ХХК-ийн гадна байрлах зогсоолд Угийн ирсэн ...дугаартай AQUА маркын саарал өнгийн автомашинтай зогсоод үргэлжлүүлэн маргалдаж байх яг тэр үед нэг залуу нэг хүүхний хамт хажуугаар явж байхаар нь Уд хандаж “би хүүхдээ харж чадахгүй байгаа бол хэрэг хийгээд шоронд орчье” гэж хэлээд машинаасаа буугаад хажуугаар зөрөх гэж байсан залууг зодсон. ..." гэх мэдүүлэг /хх 28-29 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Э.Эийн “...Манай хүү Т найз охинтойгоо маргалдаж байгаад машинаас буугаад гудамжинд явсан хүүхдийг зодсон байсан,...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,
Шинжээчийн 3910 тоот дүгнэлт
1.М.Э-н биед тархи доргилт, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд цус хуралт, дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх 20 х/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл.
“... Иргэн М.Мзүгт алхан тулж ирээд нүүрэнд гараар цохиж газар унагаан зодон улмаар газарт унасан байхад өмссөн хувцаснаас нь чирж авто замруу татан гаргаж ирээд толгой нуруунд хөлөөрөө 2-3 удаа өшиглөж байгаа бичлэг байлаа. ...” /хх 30-33 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар: Б.Т М.Мзодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.
Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой гэдгийг шалгуур болговол М.Мэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Б.Т түүнийг зодсон үйлдлээс болсон явдал тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаас харахад Б.Тгийн хохирогчийг зодсон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Б.Т хуулиар тогтоосон насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Тгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч М.М“...хохирлын болон эмчилгээний зардалд 400,000 бэлнээр төлсөн тул надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. гэх хүсэлт /хх 47 х/-ээр шүүгдэгч хохирлыг бүрэн нөхөн төлсөн, цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байгаа.
Б.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Бийн Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.Тд үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Тд мэдэгдсүгэй.
5.Б.Тгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ