Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 21

 


 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

          Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа би Асгат сумын иргэн Ц.Баасанжав, Н.Дашдондог, Ц.Эрдэнэсүрэн, С.Энхтуяа, Ц.Оюунчимэг, Г.Батхолбоо нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Асгат сумын Сонгуулийн хороонд холбогдох “Асгат сумын Сонгуулийн хорооны 2016.10.18-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, хууль бус шийдвэрээс гарсан хохирол буюу бие даан нэр дэвшигч нарын сонгуулийн сурталчилгаанаас гаргасан зардлуудыг гаргуулах”-ыг хүссэн шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунчимэг, С.Энхтуяа, Г.Батхолбоо, тэдгээрийн өмгөөлөгч Д.Зулаа, хариуцагч Ж.Түвшинжаргал нар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: 
Асгат сумын иргэн Ц.Баасанжав, Н.Дашдондог, Ц.Эрдэнэсүрэн, С.Энхтуяа, Ц.Оюунчимэг, Г.Батхолбоо нарын нэхэмжлэлтэй, Асгат сумын Сонгуулийн хороонд холбогдох “Асгат сумын Сонгуулийн хорооны 2016.10.18-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, хууль бус шийдвэрээс гарсан хохирол буюу бие даан нэр дэвшигч нарын сонгуулийн сурталчилгаанаас гаргасан зардлуудыг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан. 
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунчимэг, С.Энхтуяа, Г.Батхолбоо, тэдгээрийн өмгөөлөгч Д.Зулаа, хариуцагч аймгийн Сонгуулийн хорооны дарга Ж.Түвшинжаргал, Асгат сумын Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Отгонбаяр нар харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд: 
1. Бие даагч нар анхнаасаа сонгуульд нэр дэвшихдээ хуулийн зарим заалтыг зөрчсөн, мөн Асгат сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 тоот тогтоолыг гаргахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаа байна. Ийм учраас Асгат сумын Сонгуулийн хороо нь хууль зөрчсөн үйл ажиллагаа байгаа талаарх мэдэгдлийг орон нутгийн BBS телевизээр явуулахаар тохиролцлоо.

2. Нэхэмжлэгч нар хууль бус үйл ажиллагаанаас гарсан зардал болох 3.680.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд талууд харилцан тохиролцож, Асгат сумын Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Отгонбаяр нь 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөхөөр шийдвэрлэлээ. 1.500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор өгөхөөр тохиролцож эвлэрч байна гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

          Асгат сумын иргэн Ц.Баасанжав, Н.Дашдондог, Ц.Эрдэнэсүрэн, С.Энхтуяа, Ц.Оюунчимэг, Г.Батхолбоо нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Асгат сумын Сонгуулийн хороонд холбогдох “Асгат сумын Сонгуулийн хорооны 2016.10.18-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, хууль бус шийдвэрээс гарсан хохирол буюу бие даан нэр дэвшигч нарын сонгуулийн сурталчилгаанаас гаргасан зардлуудыг гаргуулах”-ыг  хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан                                      шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
                                                                                                                                                                                                                                                                                                   
          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:
                                                                                                                  
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Асгат сумын иргэн Ц.Баасанжав, Н.Дашдондог, Ц.Эрдэнэсүрэн, С.Энхтуяа, Ц.Оюунчимэг, Г.Батхолбоо нарын нэхэмжлэлтэй, Асгат сумын Сонгуулийн хороонд холбогдох “Асгат сумын Сонгуулийн хорооны 2016.10.18-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, хууль бус шийдвэрээс гарсан хохирол буюу бие даан нэр дэвшигч нарын сонгуулийн сурталчилгаанаас гаргасан зардлуудыг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Баасанжав, Н.Дашдондог, Ц.Эрдэнэсүрэн, С.Энхтуяа, Ц.Оюунчимэг, Г.Батхолбоо нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.       
  
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.      

 

 


ШҮҮГЧ                        Х.ЭРДЭНЭТУЯА