Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: “Э т” ХК,

                    “Э т” ХК-ийн ******* дугаартай Тендерийн үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “М с” ХХК,

                                 “С м с” ХХК.

Маргааны төрөл: “ 1.Э т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Э т” ХК-ийн дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг “Э т” ХК-д даалгуулах, 2.“Э т” ХК-ийн ******* дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан *******/01/01 урилгын дугаартай, тендер шалгаруулалтын ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагч “Э т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Б.Ц, хариуцагч “Э т” ХК-ийн ******* дугаартай Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, А.А, гуравдагч этгээд “М с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунс /цахим/, гуравдагч этгээд “С м с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Б” ХХК-иас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Манай “Б” ХХК нь 2001 онд байгуулагдсан цагаасаа хойш тэсэлгээний ажил, тэсрэх бодисын үйлдвэрлэл, импорт, тээвэрлэлтийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Бид “Э т” ХК-иас зарласан дугаартай “Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил”-ын тендерт оролцож, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шаардлага хангасан баримт бичгүүдийг бүрдүүлэн, хамгийн бага буюу 435,647,168,000 төгрөгийн үнийн санал илгээсэн.

Гэтэл Захиалагч 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоот мэдэгдлээр “Б” ХХК-ийн санал болгосон өрмийн машины хошууны диаметр 165 мм болон 229 мм болохыг “нотлох баримт ирүүлээгүй” гэх үндэслэлгүй шалтгар татгалзаж, “С м с” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон. Энэ шийдвэрийг бид эс зөвшөөрч ТБОНӨХБАҮХАТХ-ийн 59.1-д заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот шийдвэрээр гомдлыг хангаж, Захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин үнэлгээ хийхийг даалгасан. Ингэхдээ Сангийн яамнаас “Өрмийн машинуудын мэдээлэл Авто тээврийн үндэсний төвийн autobox.mn сайтад бүртгэлтэй байх тул шалгаж хянан үзэх” үүргийг захиалагчид өгсөн болно.

Тус шийдвэрийн дагуу захиалагч “Э т” ХК-иас 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тоот “Тендер хүчинтэй байх хугацаа сунгах тухай” албан бичгээр өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг ажлын 60-аас дээш хоног байхаар тооцон баталгаажуулан 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө ирүүлэхийг болон Захиалагч тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг ажлын 15 хоногоор сунгаж байгааг мэдэгдсэн байдаг. Тус албан бичгийн дагуу манай байгууллагаас харгалзах материалыг бэлтгэн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тоот албан бичгээр Тендерийн хүчинтэй байх хугацаа сунгасан тухай албан бичиг хүргүүлсэн. Гэсэн хэдий ч тус ажлын 15 хоногийн хугацаанд аливаа нэгэн шийдвэрийг захиалагч гаргаагүй тул манай байгууллагаас 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тоот тендер шалгаруулалтын үр дүнгийн талаарх мэдээлэл өгөхийг хүссэн албан хүсэлт хүргүүлсэн боловч хариу өгөөгүй.

Гэтэл 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 28 минутад худалдан авах ажиллагааны цахим системд тендер шалгаруулалтын үр дүнг нийтэлсэн. Ийнхүү шийдвэрт захиалагч “Э т” ХК нь манай “Б” ХХК-ийн илгээсэн тендерээс эхэнд дурдсан асуудлаар (“Б” ХХК-ийн санал болгосон өрмийн машины хошууны диаметр нь 165 мм болон 229 мм болохыг нотлох баримт ирүүлээгүй нь шаардлага хангахгүй байна) хоёр дах удаагаа татгалзсан. Захиалагчийн энэхүү шийдвэрийн талаар Сангийн яаманд 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан ба Сангийн яамнаас 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “... дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан танай компаниас ирүүлсэн гомдлыг тус яам хянаж үзэж, холбогдох шийдвэрийг захиалагчид 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот албан бичгээр хүргүүлсэн байна” гэжээ.

Иймд, “Э т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тоот мэдэгдэл бол “Б” ХХК-ийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ээр шалгаруулж, “Гэрээ байгуулах эрх олгох” тухай захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр тул ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус... бол шаардагдах захиргааны акт гаргахыг... даалгах” гэж заасныг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Хоёр. Маргаан бүхий тоот “Б” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан, тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болох талаар:

Сангийн яамны шийдвэрийн дагуу манай компани тендерийн хүчинтэй хугацааг сунгаж, Захиалагч дахин үнэлгээ хийх хугацаагаа 15 хоногоор сунгасан боловч ямар нэгэн шийдвэр гаргалгүй хугацаа алдсан. Улмаар 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай мэдэгдлийг ирүүлэхдээ: “Өмнө нь Сангийн яамнаас хууль бус болохыг нь тогтоож хүчингүй болгосон “нотлох баримт ирүүлээгүй” гэх үндэслэлийг дахин хуулбарлан бичиж, төрийн эрх бүхий байгууллагын (autobox.mn) нээлттэй мэдээллийн сангаас шалгах үүргээ хэлбэрийн төдий гүйцэтгэн биднээс дахин татгалзсан”.

Ийнхүү татгалзахын зэрэгцээ “хугацаандаа үнэлж чадаагүй, хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн” хэмээн өөрсдийн дотоод зохион байгуулалтын догол, эс үйлдэхүйгээ шалтаг болгож тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон байна.

Захиалагчийн гаргасан энэхүү тоот шийдвэр нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 15.2 дахь хэсгийн “...нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй”, Сангийн сайдын тушаалаар баталсан журмын 2.18 дахь “... мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээлэлд үндэслэн тендер хянан үзэж болно” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн. Түүнчлэн, тус мэдэгдлээр манай тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж гэрээ байгуулах эрх олгохоос татгалзсан нь бодит байдалд нийцээгүй төдийгүй Сангийн яамны шийдвэрийг илтэд зөрчсөн үйлдэл болсон.

Захиалагч нь Сангийн яамны шийдвэрийг үл хэрэгсэж, өөрийн дотоод зохион байгуулалт, ажлын хариуцлагагүй байдлаа тендерийг хүчингүй болгох үндэслэл болгон өөртөө эрх зүйн давуу байдал бий болгохыг орсон нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 5.1-д заасан “хариуцлагатай байх” зарчимд огт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Захиалагч өөрийн буруутай үйл ажиллагааны үр дагаврыг хууль ёсны дагуу оролцож буй оролцогчид нялзааж, тендерийг зориудаар хүчингүй болгосны улмаас манай компанийн гэрээ байгуулах, шударгаар өрсөлдөх хууль ёсны эрх, ашиг сонирхол шууд зөрчигдөж байна.

Түүнчлэн тендерт заасан тэсэлгээний ажил гүйцэтгэх ажлыг нийт 36 сарын хугацаанд хэрэгжүүлэх урт хугацааны ажил тул зөвхөн 2025 оны төсвийн жилд багтаж дуусах нэг удаагийн ажил биш, харин 2025-2027 оныг дамжсан төсөвт өртөг бүхий ажил билээ. Иймд, “Б” ХХК-ийг шалгаруулах захиргааны акт гаргахаас татгалзсан энэхүү шийдвэр нь хууль бус юм.

Гурав. “Б” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэх, гэрээ байгуулах үндэслэл:

Шүүгчийн захирамжид дурдсаны дагуу манай компанитай гэрээ байгуулах үндэслэл нь дараах гурван үндэслэлээр нотлогдоно. Үүнд:

3.1 Техникийн шаардлага бүрэн хангасан байдал: Бидний санал болгосон 229 мм-ийн хошуутай 8 ширхэг, 165 мм-ийн хошуутай 2 ширхэг, нийт 10 ширхэг өрмийн машин (АНУ, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн) нь ТШББ-д заасан хүчин чадлын шаардлагыг бүрэн хангасан бөгөөд энэ нь “autobox.mn" мэдээллийн санд тодорхой байдаг. Яг ийм хүчин чадалтай машинууд өнөөдөр “Э Т” ХК-ийн уурхайд хэвийн ажиллаж байна.

Манай “Б” ХХК нь “Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын баримт бичигт (ТШББ) заасан шаардлагуудын дагуу Техникийн чадавхын шаардлагын хүрээнд тендер шалгаруулах зааварчилгааны (ТШЗ) 19.2.2-ийн 2.1-т “...Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын жагсаалтын дагуу бөглөж ирүүлнэ...”, 2.4-т “...Ажил гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан санал болгоно...” гэжээ. Тус шаардлагын хүрээнд өөрийн эзэмшлийн 229 мм-ийн өрмийн машин болох 68-70 ММА, 68-71 MMA, 68-72 ММА, 68-74 ММА, 23-37 ММА, 01-68 ММА, 18-68 ММА, 81-08 MMA, мөн 165 мм-ийн өрмийн машин болох 68-07 ММА, 74-50 ММА улсын дугаартай нийт 10 тооны өрмийн машиныг ТШББ, тендерийн өгөгдлийн хүснэгт (ТӨХ)-д нийцүүлэн санал болгож, тендерийн жишиг маягтуудад (файл 5, Маягт 3. Үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл 1-2 хуудас, Хавсралт 1 хүснэгт 4. Уурхайд ажиллах тоног төхөөрөмжийн жагсаалт 3-р хуудас) холбогдох мэдээллийг үнэн зөв бөглөн, гарын үсэг болон тамгаар баталгаажуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (файл 5, 15-24 дүгээр хуудаст санал болгосон)-ын хамт илгээсэн болно. Ийнхүү илгээсэн нь мэдээллийн үнэн зөв байдалд компани хуулийн өмнө бүрэн хариуцлага хүлээж буй хэрэг.

Санал болгосон өрмийн машинуудыг хошууны диаметр нь 165 мм болон 229 мм түүнээс дээш байгаа болох нь техникийн хүчин чадал, тодорхойлолт зэргийг бүрэн хангаж байгаа болохыг Тендерт илгээсэн Маягт-3, Хүснэгт 4-т зааснаар тодорхой харагдаж байгаа нь дараах байдлаар нотлогдож байна. /Нэхэмжлэлийн үндэслэлд хүснэгтэлсэн/

Гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сангийн яамнаас дээр дурдсанчлан “...Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын авто тээврийн цахим систем (www.autobox.mn)-ээс шалгахад “Б” ХХК-ийн тендерт санал болгосон өрмийн машины сериал, өнгө, нүхний хэмжээ, диаметр урт, модель, хүчин чадал, морины хүч, эргэлтийн хүч зэрэг мэдээлэл бүртгэлтэй байх тул дээрх журамд заасны дагуу тус мэдээлэлд үндэслэн шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх зүйтэй байна” гэжээ. Ийнхүү захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгон хуулийн 59.10.2 дах хэсэгт заасны дагуу дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн атал ТӨҮГ-ын авто тээврийн цахим системд өрмийн хошууны диаметрийн талаар шаардлагатай мэдээлэл байсаар байхад мэдээлэл тусгагдаагүй хэмээн тендерээс татгалзсаар, үнэлгээг хууль журамд нийцүүлэн дээд шатны захиргааны байгууллагын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллахгүй, хэлбэрийн төдий, үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргасан.

3.2 Хамгийн бага үнийн санал: Манай компани хамгийн бага буюу 435,647,168,000 төгрөгийн үнийн санал өгсөн нь төсөвт хамгийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай санал бөгөөд гэрээ байгуулах эрх олгогдсон байсан “С м с” ХХК-ийн 461,665,600,000 төгрөгийн үнийн саналаас 26,018,432,000 төгрөгийн бага юм.

3.3 Өмнө гэрээ байгуулах олгох эрх олгосон “С м с” ХХК-ийн илгээсэн тендерээс татгалзах хууль зүйн үндэслэл:

Захиалагчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр “С м с” ХХК-ийг тус тендерт шалгаруулсан бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн худалдан авах ажиллагааны цахим системд тус компанийн ирүүлсэн тендерээс ТБОНӨХБАҮХАТХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу хасагдсан төлөвт оруулсан боловч татгалзаагүй байна.

Захиалагчаас ТБОНӨХБАҮХАТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу цахим системд нийтэд ил болгосон “С м с” ХХК-ийн тендерийн материалтай танилцахад тендерээс татгалзах дор дурдсан нөхцөл байдлууд бүрдсэн байсан. Тус асуудлуудыг гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий Сангийн яаманд 2025 оны 12 дугаар сарын 12-нд гаргасан гомд дурдсан боловч 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Гомдол хянасан тухай шийдвэрт тендерт шалгарсан “С м с” ХХК-д холбогдох хэсгүүдэд тодорхой хариу өгөөгүй, асуудлын мөн чанарыг хэлэлцээгүй, ерөнхий тайлбар хийн ирүүлсэн.

“С м с” ХХК-ийн ил болгосон тендерийн материалтай танилцахад:

4. ТШЗ-ны 19.3-т Тусгай зөвшөөрөл: “Шаардана.” Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна. Төрийн эрх бүхий байгууллагаас олгодог: Үйлдвэрийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах Тендерт оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч нь гэрээнд заасан гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай гэжээ.

Мөн “Э т” ХК-иас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Тендерт оролцохыг сонирхогч этгээдүүдэд хандсан тоот Тодруулга хүргүүлэх тухай албан бичгийн Хавсралт №3-ийн Тодруулга №9-д Ажлын даалгаврын 2.1-д “Ерөнхий шаардлага”- 2.1 гүйцэтгэгч нь 3-с доошгүй жил уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, тэсэлгээний ажил үйлчилгээ гүйцэтгэж байсан туршлагатай байх гэж заасныг тусгай зөвшөөрлөөр нотлох уу? гэх тодруулгад захиалагч “... туршлага нь тусгай зөвшөөрлөөр нотлогдох ба ...гишүүн бүрд хамаарна” хэмээн тодруулжээ.

Гэтэл “С м с” ХХК-ийн ил болсон тендерийн баримт бичгийн 2. Тендерийн баталгаа, баримт бичиг, тодорхойлолтууд.pdf гэх оноосон нэр бүхий файлын 6-7 хуудсанд “С м с” ХХК-ийн Үйлдвэрийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах 960 тоот дугаартай тусгай зөвшөөрөл нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн огноотой байх бөгөөд тус тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендер нээсэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 8 сарын туршлагыг илэрхийлж байгаа бөгөөд Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэх ажлын даалгаврын 2.1 гүйцэтгэгчид тавигдах ерөнхий шаардлагын 1 дэх хэсэгт заасан 3-аас доошгүй жилийн туршлагын шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Энэ асуудлыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Сангийн яамны шийдвэрт “...нотлоход шаардлагатай тусгай зөвшөөрлийн хуулбарыг ирүүлээгүй байна...” гэж дүгнэсэн ч туршлагын шаардлагыг хангаагүй байгууллагаас Захиалагч татгалзаагүй.

5. ТШЗ-ны 19.1-т Техникийн болон туршлагын шаардлага: “Шаардана” 1. Ажил гүйцэтгэх хүний нөөц: “Шаардана” гэжээ. “С м с” ХХК-ийн ил болсон тендерийн баримт бичгийн

5. Санал болгож буй хүний нөөц 1.pdf,

7. Санал болгож буй хүний нөөц 3.pdf-гэх оноосон нэр бүхий файлуудтай танилцахад дараах ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлага хангахгүй нөхцөл байдлууд илэрсэн. Үүнд:

Тэсэлгээний ажлын хариуцлагатай удирдагчид санал болгосон Доржпалам овогтой Б тухайн албан тушаалд ажилласан жил гэрчилгээний хуулбараар нотлогдоогүй. “Э т” ХК-иас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Тендерт оролцохыг сонирхогч этгээдүүдэд хандсан тоот Тодруулга хүргүүлэх тухай албан бичгийн Хавсралт №3-ийн Тодруулга №6-д “Тендерийн баримт бичигт Мэргэжлээрээ ажилласан жилийн туршлагыг Тэсэлгээний ажлын хариуцлагатай удирдагч болон тэсэлгээний удирдагч нар тэсэлгээний чиглэлээр 2 болон түүнээс дээш жил ажилласныг нотлох гэрчилгээний хугацаагаар тооцно” гэжээ.

Тус мэргэжилтний гэрчилгээний хуулбараар ажилласан 5. Санал болгож буй хүний нөөц 1.pdf гэх оноосон нэр бүхий файлын 36-р дугаар хуудаст авагдсан ШУТИС-ийн Тэсэлгээний сургалт, судалгааны төв, УУХҮЯамны Салбарын хяналтын газрын дэргэдэх Мэргэжлийн комиссын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24/2024 дугаарыг протоколыг үндэслэн 2024 оны 06 сарын 24-ний өдөр олгосон тоот дугаар бүхий Уурхайн нөхцөлд тэсэлгээний ажилд туслан гүйцэтгэх эрхийн үнэмлэх тусгагдсан байх боловч тухайн үнэмлэхийн QR бар кодыг уншуулахад 2025 оны 06 сарын 23-ны өдөр олгосон № Тэсэлгээний ажлын удирдагчийн үнэмлэх гарч ирж байна.

Тэсэлгээний туслах ажилтны үнэмлэх нь 2024 оны дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон байх атал бар кодоор шалгахад 2025 оны “удирдагч”-ийн бар код байршсан нь уг баримт бичгийг засварласан, эсхүл бусдын баримт бичгийг ашиглан хуурамчаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрч байна. Иймд тус туслах ажилтны үнэмлэхийн үнэн зөв эсэхэд эргэлзээ үүсэж чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн байж нөхцөл байдал үүсжээ.

Түүнчлэн 5. Санал болгож буй хүний нөөц 1.pdf гэх оноосон нэр бүхий файлын  37-р дугаар хуудаст авагдсан тэсэлгээний ажлын удирдагчийн үнэмлэх авсан, ажилласан хугацааны хувьд Тэсэлгээний ажлын хариуцлагатай удирдагчид санал болгосон Доржпалам овогтой Б ажлын туршлагыг ТШЗ-ны дагуу бэлтгэх Маягт 2. Хүний нөөцийн мэдээлэл (5. Санал болгож буй хүний нөөц 1.pdf файлын 5-6 дугаар хуудас)-д 2 жил хэмээн санал болгосон байх боловч нотлох баримтууд нь зөвхөн 6 сарын хугацааг хамарч байгаа нь ТШЗ-д заасан туршлагын шаардлагыг хангахгүй, Маягт 2-т зөрүүтэй мэдээлэл илгээсэн гэж үзэхээр байна.

Иймд, “С м с” ХХК нь ТШЗ-ийн 13.2.1-т заасан ТШЗ-ны 14-т заасны дагуу бэлтгэх маягтууд, 13.2.5 -т заасан тендерт оролцогчийн чадавх, туршлага ТШЗ-ны 17,18,19-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангахыг нотлох баримт бичиг зэргийг үнэн зөв ирүүлсэн эсэх нь үндэслэл бүхий эргэлзээтэй. Мөн ТБОНӨХБАҮХАТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна”, ТШЗ 13.3-д “Оролцогч өөрийн тендерийн бүх баримт бичиг, мэдээллийн хүчинтэй байдлыг нягтлах үүрэгтэй бөгөөд үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцна” гэсний дагуу мэдээллээ нягтлах үүргээ биелүүлээгүй байна.

Сангийн яамнаас “...4 тэсэлгээний удирдагчийн шаардлагыг Г.Төрб, О.М, Э.Н, Б.Н нарын дээр дурдсан мэргэжлийн үнэмлэхийн хуулбараар нотлогдож байна. Иймд тэсэлгээний удирдагчаар санал болгосон Д.Б мэргэжлийн үнэмлэхийг хянан үзээгүй нь үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг эс зөвшөөрч байна. Учир нь 36 сарын хугацаанд хэрэгжих тэсэлгээний ажлыг удирдахаар санал болгож буй мэргэжилтнүүд бүгд баримт бичигт заасан шаардлагыг хангаж байж тендерийн материал шаардлага хангах ёстой. Гэтэл дээрх байдлаар дүгнэлт гаргасан нь нэг талд илт давуу байдал олгосон гэж үзэхээр байна.

2.5. “С м с” ХХК -ийн ил болгосон 7. Санал болгож буй хүний нөөц 3.pdf-гэх оноосон нэр бүхий файлын 18-р хуудаст Б овогтой Б Ажилтны мэдээллийг оруулсан бөгөөд тус нүүр 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс “С м с” ХХК-д шилжин ажиллаж байгаа нь зүүн дунд хэсэгт дардас бүхий байдлаар тэмдэглэгдсэн, мөн файлын 20-р хуудаст 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөг хүртэл тус компанид ажиллаж байгааг тодорхойлсон байна. Мөн энэ талаар ТШЗ-ны дагуу бэлтгэх Маягт 2. Хүний нөөцийн мэдээлэлд 2 жилийн ажлын туршлагатай хэмээн санал болгожээ. Гэтэл дээр дурдсан 18 дугаар хуудаст буй Ажилтны мэдээллийн доор байрлах Тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцах эрхийн үнэмлэхийн QR бүхий бар кодыг уншуулж үзэхэд тендер илгээх хугацааны сүүлийн өдөр болох 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Г г и” ХХК-иас “С м с” ХХК-д шилжин ирсэн байх бөгөөд Маягт 2, болон 7 дугаар файлын 20-р хуудаст ирүүлсэн ажлын туршлагыг худал мэдээлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.6. “С м с” ХХК-ийн ил болгосон 7. Санал болгож буй хүний нөөц 3.pdf-гэх оноосон нэр бүхий файлын 22-р хуудаст Дэлгэрмаа овогтой Ууганбаярын Ажилтны мэдээллийг оруулсан бөгөөд тус нүүр 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс “С м с” ХХК-д шилжин ажиллаж байгаа нь зүүн дунд хэсэгт дардас бүхий байдлаар тэмдэглэгдсэн, мөн файлын 24-р хуудаст 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс өнөөг хүртэл тус компанид ажиллаж байгааг тодорхойлсон байна. Мөн энэ талаар ТШЗ-ны дагуу бэлтгэх Маягт 2. Хүний нөөцийн мэдээлэлд 3 жилийн ажлын туршлагатай хэмээн санал болгожээ. Гэтэл дээр дурдсан 22-р хуудаст буй Ажилтны мэдээллийн доор байрлах Тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцах эрхийн үнэмлэхийн QR бүхий бар кодыг уншуулж үзэхэд мөн л 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Г г и” ХХК-иас “С м с” ХХК -д шилжин ирсэн байх бөгөөд Маягт 2, болон 7 дугаар файлын 24-р хуудаст ирүүлсэн ажлын туршлагыг худал мэдээлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.7. “С м с” ХХК -ийн ил болгосон 7. Санал болгож буй хүний нөөц 3.pdf-гэх оноосон нэр бүхий файлын 32-р хуудаст Батбаатар овогтой Оргилын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр олгосон, тус төвийн захирал М.Д гарын үсэгтэй № дугаартай сертификат хавсаргагджээ. Уг сертификат нь олгогдсоноос хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байхаар заагдсан байна. Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-ийн “АЗ Гэрчилгээ эзэмшигчдийн мэдээллийн сан”-гаас тус ажилтны мэдээллийг шүүж үзэхэд тус хүчинтэй хугацаа дууссан гэрчилгээний мэдээлэл гарч ирж байна. Мөн 7-р файлын 33-р хуудаст авагдсан тус гэрчилгээний хавсралтыг үзэхэд хэдэн тоот гэрчилгээний дугаар хавсралт гэдэг нь тодорхойгүй, сургалтад хамрагдсан хүний эцэг/эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, төгссөн огноо, хичээлийн нийт цаг нь байхгүй байна. Түүнчлэн тус гэрчилгээний хавсралтын төгсгөлд МҮЭХ-ийн “Хөдөлмөр” сургалт, судалгааны төв гэсэн сургалтын байгууллага, М.Г гэх дарга, захирлын нэр, гарын үсэгтэй зэрэг үндсэн гэрчилгээтэй зөрүүтэй нөхцөл байгаа тул тус 33-р хуудас нь бусдын баримт бичгийг ашиглан худал мэдээлэл илгээсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.

Дээр дурдсанчлан хуурамч мэдээлэл болон зөрүүтэй баримт бичгүүд ирүүлсэн нь ТБОНӨХБАҮХАТухай хуульд зааснаар тендерээс татгалзах, цаашлаад тендерт оролцох эрхийг хязгаарлуулах үндэслэл бог тул дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан тендерт шалгарсан, захиалагчийн татгалзаагүй “С м С” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нягтлан шалгаж, зохих арга хэмжээг авч өгнө үү.

6. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл дутуу

ТШЗ-ны 19.1-ийн 3 дах хэсэгт Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага- “Шаардана” Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага: “Шаардана” Захиалагч байгууллагын тодорхойлолтын хуулбарыг ирүүлнэ. (Захиалагч байгууллагын тодорхойлолт нь тендер зарласнаас хойш огноотой байна) гэжээ. Мөн “Э т” ХК-иас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Тендерт оролцохыг сонирхогч этгээдүүдэд хандсан тоот Тодруулга хүргүүлэх тухай албан бичгийн Хавсралт №3 -ийн Тодруулга № 8-д “ТББ-ийн ӨХ-ийн ТШЗ-ын 19.1-ийн 3-д заасны дагуу ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээллийг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Захиалагч байгууллагын тодорхойлолтыг “хяналтын хуудас”-аар дүйцүүлэн хянан үзэхгүй болно” гэсний дагуу заавал захиалагч байгууллагын тодорхойлолтыг ӨХ-ээр шаардсан байдаг. Гэтэл “С м с” ХХК ирүүлсэн тендерийн баримтуудыг (нийт 14 файл) нягтлан үзэхэд захиалагч байгууллагын тодорхойлолт авагдаагүй байна. Захиалагч байгууллагын тодорхойлолт нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын салшгүй хэсэг бөгөөд тус тодорхойлолт байхгүй нь тендерийг “шаардлагад нийцээгүй” гэж үзэхээр байх ба ТШЗ-ын 19.2-т заасанчлан “ӨХ-д шаардсан материалуудын аль нэг ирүүлээгүй ... бол тендерээс татгалзах үндэслэл болно” гэсэн нөхцөлийг бүрдүүлсэн тул оролцогчийн тендерээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл, манай компани техникийн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд хамгийн бага үнийн санал бүхий (эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай) тендер ирүүлсээр байхад Захиалагч илт шаардлага хангаагүй “С м с” ХХК-ийг шалгаруулан хууль бус давуу байдал олгосон байдаг. Улмаар Сангийн яамны шийдвэрээр уг хууль бус шалгаруулалт  хүчингүй болмогц Захиалагч дахин үнэлгээ хийж манай компанийг шалгаруулах хуулийн этгээдийн үүргээ биелүүлэхийн оронд тендер шалгаруулалтыг бүхэлд нь зогсоосон нь тэдний үнэлгээ анхнаасаа шударга бус, хэт нэг талыг барьсан байсныг давхар нотлон харуулж байна. Захиалагчийн энэхүү үйлдэл нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 5.1-д заасан “өрсөлдөх боломжтой, эрх тэгш, ил тод, хариуцлагатай байх” зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Тиймээс хуулийн дагуу “Б” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, гэрээ байгуулах эрх эдлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Дөрөв. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал (ЗХШХШТХ-ийн 52.5.1):

Захиалагч байгууллагын дугаартай хууль бус мэдэгдэл болон Тендерийн үнэлгээний хорооны удаа дараагийн үндэслэлгүй шийдвэрүүдийн улмаас “Б” ХХК-ийн ТБОНӨХБАҮХАТХ болон Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, шударгаар өрсөлдөх, хөдөлмөрийнхөө үр дүнг хүртэх хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдсөөр байна. Манай компани тус тендерт оролцохдоо ихээхэн хэмжээний цаг хугацаа, оюуны болон санхүүгийн нөөц бололцоог дайчлан, техникийн болон үнийн саналын хувьд хамгийн ашигтай нөхцөлийг санал болгосон. Гэтэл Захиалагч нь хуулиар хүлээсэн “нээлттэй мэдээллийн сангаас баримтыг нягтлан шалгах” үндсэн үүргээ биелүүлээгүй төдийгүй, өөрийн ажлын зохион байгуулалтгүй байдал, эс үйлдэхүйгээ оролцогчид нялзаан, хэлбэрийн төдий шийдвэр гаргаж гэрээ байгуулах эрхийг хууль бусаар хязгаарлаж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасныг тус тус үндэслэн: “Э т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тоот хууль бус шийдвэрийг (мэдэгдлийг) хүчингүй болгож; “Б” ХХК-ийн тендерийг хуульд заасан үндэслэл журам, Сангийн яамны шийдвэрийн дагуу үнэлж, гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож; манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан эсэх: Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагын хүрээнд “Э т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг эс зөвшөөрч “Б” ХХК нь Сангийн яаманд 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дугаартай гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Сангийн яамнаас хянан үзээд 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ******* дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн болно. Иймд ЗХШХШТХ-ийн 14-р зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаандаа эсэх: Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55, 56 дугаар зүйлд зааснаар Сангийн яам нь тендерт оролцогчийн зүгээс захиалагчийн шийдвэр гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Ийнхүү Сангийн яамны 2026 оны 03-р сарын 04-ний өдрийн ******* дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авснаас 5 хоногийн дараа хуулийн 30 хоногийн хугацаанд багтан шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

            Нэхэмжлэгч “Б” ХХК-иас 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: ““Б” ХХК нь “Э т” ХК, “Э т” ХК-ийн Тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “...”Э т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах; “Э т” ХК-ийн дугаартай “Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг “Э т” ХК-д даалгуулах...” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, улмаар шүүхээс захиргааны хэрэг үүсгэн шалгаж байна.

Гэтэл хариуцагч “Э т” ХК-иас “...”Э т” ХК-ийн дугаартай “Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тендер шалгаруулалтын ******* дугаартайгаар 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл тендер шалгаруулалтын баримт бичиг хүлээж авахаар шийдвэрийг гаргаж, улмаар тендерийн нээлтийг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 10 минут-т худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр зохион байгуулахаар дахин зарласан байна.

Уг тендерийн нийт төсөвт өртөг 489,491,200,000.00 төгрөг байхаар заасан бөгөөд тендерийн баримт бичигт дурдсан мэдээллүүд нь өмнөх тендерийн дахин зарласан үйл баримт нийтэд нээлттэй баримтаар тогтоогдож байна.

Иймд өмнө зарласан “Э т” ХК-ийн дугаартай “Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендертэй маргаж байхад дахин зарлаж ялагчийг сонгон шалгаруулах гээд байгаа нь өөрөө нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд зөрчихөөр байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, улмаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: “Э т” ХК-ийн дугаартай “Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан *******/01/01 урилгын дугаартай, тендер шалгаруулалтын ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах...” гэж нэмэгдүүлж байна.

Шүүхэд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээр бөгөөд дээрх шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байгаа ба “Э т” ХК-ийн дахин тендер шалгаруулалт зарласан шийдвэр Худалдан авах ажиллагааны цахим системд байршаагүй байх тул хариуцагчаас шийдвэрийг гаргуулан дээрх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж өгөхийг хүсье.” гэжээ.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Б.Ц, Э.У нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э Т” ХК, “Э Т” ХК-ийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Э Т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах", “Э Т” ХК-ийн дугаартай “Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг “Э Т” ХК-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Үйл баримтын тухайд: дугаартай “Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу тендерт оролцогчоос гомдол гаргасан тул Сангийн яам “хуулийн 59 дугаар зүйлийн 59.8 дахь хэсэг”, Сангийн сайдын 2023 оны дугаар тушаалаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу “Б” ХХК гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхээр болсон.

1. Сангийн яамны 2026 оны ******* дугаартай гомдол хянасан албан бичгийн дагуу Тендерийн Үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг дахин хянаж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны цахим хуудас (www.mmhi.gov.mn)-д “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн судалгаа” -ийн-судалгаа “40.Эзэмшигч: “С м с” ХХК; Үйл ажиллагааны төрөл: Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах; Олгосон, сунгасан огноо: 2022.03.17; Гэрчилгээний дугаар, хугацаа, жил: 808, 3 жил, Сунгасан байдал /хүчинтэй хугацаа: 2025.03.17” гэж тусгасан байх тул хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн шаардлага хангаж байна” гэж үзсэн.

2. Сангийн яамны ******* дугаартай албан бичгээр “...“Б” ХХК тендерт 6870MMA, 6871MMA, 6872MMA, 6874MMA, 2337MMA, 0168MMA, 1868MMA, 8108MMA улсын дугаартай өрмийн машиныг санал болгосон байна” уг мэдээллийг хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй” гэж, Сангийн сайдын 2023 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 2.5.3-т “авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг, өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээлэл”, 2.18-д “Энэ журмын 2.5-д зааснаас бусад болон цахим системд холбогдоогүй мэдээллийг хуулийн 15.2-т заасан мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээлэлд үндэслэн тендер хянан үзэж болно” гэж тус тус заасны дагуу дээрх өрмийн машины мэдээллүүдийг "Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын авто тээврийн цахим систем (www.autobox.mn)-ээс шалгасан.

Мөн Үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг дахин хянаж “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын авто тээврийн цахим систем (www.autobox.mn)-ээс тендерт оролцогчдын санал болгосон өрмийн машины мэдээллийг шалгахад тендерт оролцогч компаниудын санал болгосон өрмийн машины мэдээлэл (www.autobox.mn) цахим системийн “гааль” хэсэгт харилцан адилгүй байсан тул “Э Т” ХК-ийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдийн дугаартай “тодруулга хүсэх тухай” албан бичгээр тендерт оролцогчдын санал болгож буй өрмийн машинуудыг Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн болохыг нотлох баримтууд шаардсан.

Гэтэл Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд “улсын дугаар, мэдүүлгийн №, огноо, горим, гарал улс, барааны код, барааны нэр, марк, тоо, ширхэг, үнийн дүн” туссан бөгөөд өрмийн диаметртэй холбоотой мэдээлэл тусгагдаагүй ба зарим өрмийн машины огноо нь (www.autobox.mn) цахим системийн импортлогдсон огноотой зөрүүтэй мэдээлэгдсэн байх тул хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн хянан үзэх хууль зүйн боломжгүй Тендерийн үнэлгээний хороо үзсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана.”, 24.3-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.10-т заасан шийдвэр гаргасан, эсхүл гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас шалтгаалан захиалагч энэ хуулийн 24.1-д заасан хугацааг ажлын 15 хүртэл өдрөөр нэг удаа сунгаж болно” гэж заасны дагуу хугацааг сунгасан боловч тодруулгын хариу дээрх хугацаа дуусгавар болсны дараа ирсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д “Энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах” гэж заасан бөгөөд уг хугацаанд шийдвэр гаргаагүй тул 2026 онд дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар болсон бөгөөд, тендер шалгаруулалтыг зарласан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “М с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний хувьд “М С” компанийг төлөөлөн оролцож байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Бүх оролцогчдоос татгалзан дахин тендер зарлагдсан байгаа учир уг тендерт өөр этгээдүүд шалгарах боломжтой гэж харж байна. Хариуцагч компанийн хувьд хугацаа алдсан зүйл байна. Гэхдээ аль нэг компанийг сонгон шалгаруулаад гэрээ байгуулах эрхийг олгохгүйгээр тухайн төсвийн жилдээ тендерийг зарлахгүйгээр тендерээ хаагаад 2026 онд тендерээ зарласан бол харин зөв байна гэж миний хувьд үзэж байна. Тендерт оролцсон бүх гишүүдийг тендерээс татгалзсан шийдвэр гаргасан нь зөв гэж үзэж байна. Хугацаа алдсан ч гэсэн аль нэгийг нь шалгаруулахгүйгээр дахин зарлаад шинээр дахиад явуулъя гэсэн шийдвэр гаргасан нь зөв гэсэн үг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниас манайх шууд тодорхойлолт, холбогдох баримтуудыг гаргаад өгсөн. Тендерт нотлох баримтуудыг гаргаж өгнө гэсэн үүднээс хүсэлтээ тавиад үйлдвэрлэгч компаниасаа гаргаж өгсөн. Түүнийг заавал “авто бокс”-оос биш тендерт оролцож байгаа этгээд өөрөө бүрдүүлж өгөх боломжтой баримт байсан гэж миний хувьд үзэж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд “С м с” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээр дурдсан хуулийн үндэслэлүүдийг тавиад бүх тендерээс татгалзаж дахин тендер шалгаруулалт зарлах талаар мэдэгдэж байна гэсэн. Манайхыг шаардлага хангасан ч гээгүй, шаардлага хангаагүй ч гээгүй. Бүх тендерээс татгалзлаа, дахин тендер зарлана гэдэг агуулгатай дугаартай мэдэгдэл ирүүлсэн. 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан төсвийн дагуу тус тендер шалгаруулалтыг зохион байгуулсныг мэдэгдэж байна л гэсэн. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Мөн хариуцагчийн тендерээс татгалзсан шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас тогтоогдож байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л маргааныг хянана. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа гуравдагч этгээд рүү чиглэсэн тайлбарууд хэрэгт ямар ач холбогдолтойг ойлгохгүй байна. Тухайлбал, нэгдүгээр шаардлага нь “Э т” ХХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай нэхэмжлэгчид өөрт нь өгсөн шалгараагүй гэсэн мэдэгдэлтэй холбоотойгоор тайлбар хэлэхэд гуравдагч этгээд болох “С м с” ХХК-тай холбоотой эдгээр үндэслэлүүд ямар хамааралтайг ойлгохгүй байна. Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлага нь Цанхын Баруун уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгохыг “Э т” компанид даалгах гэдэг шаардлага юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн яриад байгаа үндэслэлүүдтэй ямар ч холбогдолгүй. Гуравдугаар шаардлага нь дахин зарласан тендер шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгох гэж байгаа юм. Нэгэнт нэхэмжлэлдээ дурдсан, түрүүн тайлбартаа ч хэлчихсэн. Хамгийн эхний асуудал, гуравдагч этгээд компанитай холбоотой зөрчилтэй гэж тайлбарлаж байгаа асуудлыг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 330 дугаартай тусгай зөвшөөрлийг хавсаргаад өгсөн. Нэгэнт гуравдагч этгээд компани тусгай зөвшөөрөл аваад бараг жил ч болоогүй байна гэдгийг яриад байгаа. Гэтэл 75-76 дугаар хуудсанд 2019 оны тусгай зөвшөөрөл бас авагдсан байна. Дараагийн үндэслэл, н.Б гэх хүний асуудлыг яриад байгаа. Тэсэлгээний ажилд хоёр болон түүнээс дээш жил гэж тендер шалгаруулалтын баримт бичигт заасан болохоос биш тухайн мэргэжлээрээ хоёроос дээш ажилласан байх гэж заагаагүй. Тухайн ажилтан нь манай компанид 2023 оны 07 дугаар сараас эхлэн ажилласан бөгөөд ажилтныг томилсон гүйцэтгэх захирлын тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг е-монголиагаас авч хавсаргасан. Мөн манайхаас илгээсэн бусад дөрвөн тэсэлгээний удирдагч тус шаардлагыг хангаж байгаа. Эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас тогтоогдоно.”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр анх

  • “Э т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,
  • “Э т” ХК-ийн дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг “Э т” ХК-д даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Улмаар нэхэмжлэгч нь 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ““Э т” ХК-ийн ******* дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан *******/01/01 урилгын дугаартай, тендер шалгаруулалтын ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.

Шүүх:

  • ““Э т” ХК-ийн дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг “Э т” ХК-д даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
  • ““Э т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ““Э т” ХК-ийн ******* дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан *******/01/01 урилгын дугаартай, тендер шалгаруулалтын ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

“Э т” ХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ******* тоот албан бичгээр “...“Б” ХХК-ийг санал болгосон өрмийн машины хошууны диаметр нь 165 мм болон 229 мм болохыг нотлох баримт ирүүлээгүй нь шаардлага хангахгүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн танай ирүүлсэн тендерээс үүгээр татгалзаж байна. Дээрх тендер шалгаруулалтад “С м с” ХХК-нд гэрээ байгуулах эрх  олгосон мэдэгдэл хүргүүлсэн болно...” гэж шийдвэрлэсэн байна.

Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” ******* тоот албан бичгээр “...Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын авто тээврийн цахим систем /www.autobox.mn/-ээс шалгахад “Б” ХХК-ийн тендерт санал болгосон өрмийн машины сериал, өнгө, нүхний хэмжээ, диаметр, урт, модель, хүчин чадал, морины хүч, эргэлийн хүч зэрэг мэдээлэл бүртгэлтэй байх тул дээрх журамд заасны дагуу тус мэдээлэлд үндэслэн шаардлагалд нийцэх эсэхийг хянан үзэх нь зүйтэй байна. ...Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг хянан үзэх үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье...” гэж шийдвэрлэсэн байна.

“Э т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тоот албан бичгээр “...санал болгосон өрмийн машины хошууны диаметр нь 165 мм болон 229 мм болохыг нотлох баримт ирүүлээгүй нь шаардлага хангахгүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн танай ирүүлсэн тендерээс үүгээр татгалзаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх заалт хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийн дагуу тус тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн дагуу 2026 оны батлагдсан төсвийн дагуу тус тендер шалгаруулалтыг зохион байгуулах болсныг мэдэгдье” гэж шийдвэрлэсэн байна.

Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ******* тоот албан бичгээр “Дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан танай компаниас ирүүлсэн гомдлыг тус яам хянаж үзэж, холбогдох шийдвэрийг захиалагчид 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Танай албан бичигт шийдвэрлэж хариу өгсөн асуудлыг дурдсан байх тул дээрх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг буцааж байна.” гэсэн байна.

Нэхэмжлэгчийн ““Э т” ХК-ийн дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг “Э т” ХК-д даалгуулах” шаардлагын тухайд:

1. “Э т” ХК-ийн дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэгчийг сонгох Үнэлгээний хороо нь “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

2. “Б” ХХК-ийн илгээсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэхээргүй байна.

3. Учир нь оролцогч “Б” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх техникийн чадавхтай болохоо нотолж чадаагүй байна.

4. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК нь өөрийн санал болгож буй өрмийн машинуудаа тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шалгуурыг хангасан болохыг нотлоогүй байна.

5. “Э т” ХК-ийн дугаартай тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-19.1-ийн 2 дахь хэсгийн хүснэгтийн 2-т өрмийн машин 165 мм болон түүнээс дээш өрмийн хошуутай байх,  3-т өрмийн машин 229 мм болон түүнээс дээш өрмийн хошуутай[1] байх хүчин чадлыг хангасан байхыг шаардсан байна.

6. Тодруулбал, “Б” ХХК нь өөрийн санал болгож буй өрмийн машины хошууны диаметр 165 мм болон 229 мм болохыг нотлоогүй, үүнийг нотлох үйлдвэрлэгчийн танилцуулга, мэдээлэл /хэргийн оролцогчдын тайлбарлаж байгаагаар брошюр, каталог/-ийг тендертээ хавсарган илгээгээгүй байна.

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д “техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно”, 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно”, 17.2.4-т “гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байрны мэдээлэл” гэж тус тус заасан байна.

8. Дээр тайлбарласан үйл баримтууд, хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Б” ХХК нь техникийн чадавхын шаардлагыг буюу техникийн тодорхойлолтод заасан шалгуурыг хангасныг нотлох баримтаа ирүүлээгүй байна.

9. Иймд хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэж, өрмийн машины хошууны диаметр нь 165 мм болон 229 мм болохыг нотлох баримт ирүүлээгүй нь шаардлага хангахгүй гэж үзэж, “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

10. Мөн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Autobox.mn цахим системд шүүх хуралдааны нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд үзлэг хийж нэхэмжлэгчийн санал болгосон өрмийн машины хошууны диаметрийг шалган үзэхэд уг өрмийн машины хошууны диаметрийн хэмжээ тусгагдаагүй, зарим техникийн өрмийн хошууны диаметр тендерийн баримт бичигт заасан шалгуураас  доогуур 140 мм гэж бичигдсэн байна. /Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Autobox.mn-ээс хэвлэсэн техникийн мэдээллүүдийг хэрэгт хавсаргав./

11. Гаалийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Э т” ХК-д хүргүүлсэн №******* тоот албан бичгийн хавсралт хүснэгтээс үзэхэд, мөн өрмийн машины хошууны диаметр тусгагдаагүй байна.

12. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Гаалийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Б” ХХК-д хүргүүлсэн ******* тоот албан бичгийн хавсралтаас үзэхэд, техникүүдийн өрмийн хошууны диаметр тендерийн баримт бичигт заасан шалгуураас  доогуур 140 мм гэж бичигдсэн байна.

13.  Мөн түүнчлэн тендер шалгаруулалтын бусад оролцогчид болох “С м с” ХХК, “М с” ХХК-иуд нь өөрийн санал болгож буй техникүүдээ “өрмийн машины хошууны диаметр 165 мм болон 229 мм” гэсэн шалгуурыг хангасан эсэхийг нотлох  танилцуулга, мэдээллийг цахим системд илгээсэн болох нь шүүх хуралдааны нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд тендерт оролцогчдын илгээсэн цахим баримтуудад хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

14. Иймд дээрх Autobox.mn цахим системийн мэдээлэл, Гаалийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №******* тоот, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Б” ХХК-д хүргүүлсэн ******* тоот албан бичгүүдийн хавсралт хүснэгтээс үзэхэд, “санал болгосон өрмийн машины хошууны диаметр нь 165 мм болон 229 мм болохыг нотлох баримтыг ирүүлээгүй нь шаардлага хангахгүй” гэж үзэж “Б ХХК-ийн тендерээс татгалзсан хариуцагчийн үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй байна.

15. Мөн тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж, дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох нь захиргааны байгууллагын өөрийнх нь эрх хэмжээ буюу үнэлгээний хороо болон захиалагчид өөрт нь хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал учир шүүх захиргааны байгууллагын эрх хэмжээ рүү халдах үндэслэлгүй, иймээс гэрээ байгуулах эрх олгохыг даалгуулах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд боломжгүй юм.

16. Дээрх үндэслэлүүдээр ““Э т” ХК-ийн дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг “Э т” ХК-д даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн ““Э т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ““Э т” ХК-ийн ******* дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан *******/01/01 урилгын дугаартай, тендер шалгаруулалтын ******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”” шаардлагуудын тухайд:

17. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-т “худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах”, 48.2.4-т “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах” гэж захиалагчийн хүлээх үүргийг хуульчилсан байна.

18. Мөн дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”, 24.4-т “Захиалагч энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд шийдвэр гаргаагүй бол тухайн төсвийн жилд тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулахыг хориглоно” гэж заасан байна.

19. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, худалдан авах ажиллагааг хуульд заасан хугацаанд зохион байгуулах, хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах нь хариуцагч буюу захиалагчийн үүрэг ба энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

20. Тодруулбал, худалдан авах ажиллагааг хуульд заасан хугацаанд зохион байгуулаагүй, хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй нь тендер шалгаруулалтад оролцогчдоос шалтгаалаагүй, оролцогчдын буруу биш байх ба харин хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

21. Үүнээс үзэхэд, хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй хариуцагчийн үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцэхгүй буюу оролцогчдыг цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө, мөнгөний хувьд чирэгдүүлсэн гэж үзэхээр байна. 

22. Тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж, дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох нь захиргааны байгууллагын өөрийнх нь эрх хэмжээ буюу үнэлгээний хороо болон захиалагчид өөрт нь хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал учир шүүх захиргааны байгууллагын эрх хэмжээ рүү шууд халдах үндэслэлгүй.

23. Тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж, дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох нь шүүхийн биш үнэлгээний хороо, захиалагчийн эрх хэмжээ ба шүүх захиргааны байгууллагын энэхүү эрх хэмжээ, чиг үүргийг эдлэх, нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан байна.

25. Иймээс шүүх захиргааны байгууллагын өөрийнх нь тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгохтой холбоотой эрх хэмжээ, чиг үүргийг эдлэх, хэрэгжүүлэх боломжгүй тул энэ тохи нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.

26. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах эрх олгохтой холбоотой эрх хэмжээ, чиг үүрэг нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг, шүүх захиргааны байгууллагын эрх хэмжээ рүү шууд халдах үндэслэлгүй тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.

27. Шүүх дээрх хуулийн 106.3.11 дэх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиалагч болон үнэлгээний хорооноос дахин шинэ акт гарах хүртэл хариуцагчийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №01/447 тоот албан бичгийг болон 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тендер шалгаруулалтын ******* дугаартай, *******/01/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтыг зарласан шийдвэрийг 25 хүртэл хоногийн хугацаагаар хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

28. Хууль тогтоогчоос тендер шалгаруулалттай холбоотой маргааны тусгай журмаар харьцангуй богино хугацаанд шийдвэрлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-т хуульчилсан тул хуулийн зохицуулалтын энэ онцлогийг харгалзан маргаан бүхий дээрх захиргааны актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 25 хүртэл хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

29. Дээр тайлбарласан үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь 2025 онд зарласан буюу дугаартай тендер шалгаруулалтыг хуульд заасан хугацаанд зохион байгуулах, хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй гэж шүүх үзсэн тул 2025 онд зарласан дугаартай тендер шалгаруулалтад цахим системээр илгээсэн оролцогчдын материалд үндэслэн дахин үнэлгээ хийж, гэрээ байгуулах эрх олгох асуудлыг шийдвэрлэхийг Захиалагч болон дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

30. Хариуцагчид нь дээрх байдлаар  2025 онд зарласан дугаартай тендер шалгаруулалтад цахим системээр илгээсэн оролцогчдын материалд дахин үнэлгээ хийсний үндсэн дээр захиргааны шинэ актыг дахин гаргах нь зүйтэй байх ба энэ арга замаар тус шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

31. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж” заасан байна.

32. Дээрх зохицуулалтаас үзэхэд, хариуцагч болох захиалагч болон дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороо нь шүүхээс тогтоосон 25 хүртэл хоногийн хугацаанд дахин үнэлгээ хийсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргаагүй бол “Э т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №01/447 тоот албан бичиг болон 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тендер шалгаруулалтын ******* дугаартай, *******/01/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтыг зарласан шийдвэр хүчингүй болно.

33. Дээр тайлбарласан үндэслэлүүдээр “Э т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” №01/447 тоот албан бичиг болон 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тендер шалгаруулалтын ******* дугаартай, *******/01/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтыг зарласан шийдвэр”-ийг  дахин шинэ акт гарах хүртэл 25 хүртэл хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн маргаж буй бусад үндэслэлийн тухайд:

Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” ******* тоот албан бичгээр нэхэмжлэгчийн маргаж байгаа бусад үндэслэлүүдэд дүгнэлт өгсөн байх ба тус Сангийн яамны ******* тоот албан бичиг хууль зүйн үндэслэлтэй, энэхүү ******* тоот албан бичиг хүчинтэй үйлчилж байх тул нэхэмжлэгчийн маргаж буй бусад үндэслэлүүдэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18, 11 дүгээр зүйлийн 11.2,  12 дугаар зүйлийн 12.2, 13 дугаар зүйлийн 13.1, 17 дугаар зүйлийн 17.2.4, 26 дугаар зүйлийн 26.4.2-т заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн ““Э т” ХК-ийн дугаартай Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа Тендерийн үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулах эрх олгохыг “Э т” ХК-д даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.4-т заасныг тус тус баримтлан “Э т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” № тоот албан бичгийг болон “Э т” ХК-ийн “2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тендер шалгаруулалтын ******* дугаартай, *******/01/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтыг зарласан шийдвэр”-ийг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 25 хүртэл хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

3. Хариуцагч “Э т” ХК болон дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороо нь 2025 онд зарласан дугаартай тендер шалгаруулалтад цахим системээр илгээсэн оролцогчдын материалд үндэслэн дахин үнэлгээ хийж, гэрээ байгуулах эрх олгох асуудлыг шийдвэрлэх арга замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хариуцагч нь тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан захиргааны шинэ актыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шүүхээс тогтоосон 25 хүртэл хоногийн хугацаанд гаргаагүй тохи “Э т” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” № дугаартай албан бичиг болон “Э т” ХК-ийн “2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тендер шалгаруулалтын ******* дугаартай, *******/01/01 урилгын дугаартай тендер шалгаруулалтыг зарласан шийдвэр”-ийг хүчингүй болсонд тооцсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан м хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ

 

 

 

 

[1] 1 хавтаст хэргийн 141 дүгээр хуудас.