Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 2305032750245 |
Дугаар | 2024/ДШМ/1212 |
Огноо | 2024-11-05 |
Зүйл хэсэг | 15.3.2., |
Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1212
2024 11 05 2024/ДШМ/1212
П.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
яллагдагч П.Б-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Б.Баяраа,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1490 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар эсэргүүцлийг үндэслэн П.Б-д холбогдох 2305032750245 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б-,
П.Б- нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа 2023 оны 08 дугаар сарын 05-аас 8 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын замд зам тээврийн осолд орж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон С.А-гийн ар гэрийн хүмүүс болох төрсөн эх Д.А-, төрсөн ах С.Т-, үеэл ах Э.Э- нараас элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч С.А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд тус хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 134 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг үйлдсэн байх ба мөн өдөр 240а дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж яллагдагчид танилцуулсан боловч энэхүү ажиллагаа нь дараах хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэж үзэхээр байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй", 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана", мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ... яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл яллагдагч П.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг хуульд заасны дагуу танилцуулж, мэдүүлэг авч, яллагдагч, түүний өмгөөлөгч нарын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолтой холбоотой гаргах хүсэлт, гомдол зэргийг харгалзан үзэх, хэрэв хүсэлт, гомдол гаргасан тохиолдолд түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргах буюу хэргийн оролцогч нарыг хүсэлт, гомдол гаргах хуульд заасан эрхээ эдлэх боломжоос хангаагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шууд заасан процессын ноцтой зөрчлүүдээс гадна хэргийн оролцогчийн эрх зүйн байдалд үр дагавар үүсгэж эрхийг нь хасах буюу хязгаарласан, тэрчлэн уг хэргийн онцлогоос хамаарч ноцтой гэж үзэх тохиолдлууд ч байдаг. Хэрэг хянан шийдвэрлэхэд чиглэсэн ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтын агуулгад нийцсэн байхаас гадна хуулийн нийтлэг зарчимд заавал нийцсэн байх учиртай бөгөөд холбогдох заалт болон агуулга, үзэл санааныхаа хувьд зөрчигдсөн болох нь тогтоогдвол уг хэм хэмжээнд тулгуурласан шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүйд тооцох хууль зүйн үр дагаврыг үүсгэдэг. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг танилцуулах нь яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаа болохоо мэдэх, мэдүүлэг өгөх эсэхээ шийдэх, хууль зүйн туслалцаа хэрхэн авахаа сонгох, өөрийн гэм бурууг нотлох үүрэг эс хүлээх зэрэг эрх, үүргийн нарийн зангилаа асуудлыг үүсгэдэг хууль зүйн үр дагавар ихтэй процессын чухал ажиллагаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулахдаа баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлэх талаар заасан тул яллагдагчаар татах тогтоол, эсхүл түүнд өөрчлөлт оруулсан тогтоолыг яллагдагчид танилцуулах ажиллагааг мөн тэмдэглэлээр баталгаажуулж хэрэгт хавсаргах ёстой. Танилцуулах ажиллагаа нь нэмж сонсгосон ялыг /яллагдагчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн агуулга багтана/ хүлээн зөвшөөрч буй эсэхийг болон энэ ялтай холбоотойгоор яллагдагчийн эдлэх хуулиар олгогдсон эрхүүдийг, тухайлбал ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татсан тогтоолтой танилцах, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах зэрэг эрхийг тайлбарлан өгөхөөс бүрдэх бөгөөд тэмдэглэлээр бэхжүүлэгдэн хэрэгт авагдах учиртай. Өөрөөр хэлбэл 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд “...элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа гол судсыг авах талаар хэлж зөвшөөрөл авсан боловч шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг болох хүний доод мөчдийн эд, цөсний хүүдий болох талийгаачийн эрхтнийг авах талаар тайлбарлан хэлээгүй, хууран мэхэлж эд эрхтнийг хууль бусаар авсан эс үйлдэхүй нь..., ...элэг, бөөр, шөрмөс хандивлах зөвшөөрлийг авч “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас” гэх баримт дээр гарын үсэг зуруулсан боловч...” гэж бичсэн ба 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 134 дүгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолд “...элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар хэлж зөвшөөрөл авсан боловч ...шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу тойгийн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхлэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс, semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан...” гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлээгүй боловч агуулгын хувьд хүндрүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул яллагдагчийн процессын эрхийг хангах нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн яллагдагч П.Б-д холбогдох эрүүгийн 2305032750245 дугаартай хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч П.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Д.Б-д 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрчлөлт оруулсан бөгөөд тогтоолыг яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулан хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэргийг зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаар дахин мэдүүлэг авна гэж хуульчилсан Яллагдагч П.Б-д 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт өөрчлөлтийг оруулж тогтоолыг танилцуулсан.
Яллагдагч П.Б- болон түүний өмгөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван тавдугаар бүлэгт заасны дагуу хүсэлт гомдол гаргаагүй тул яллагдагчийн эрхийг хуульд заасны дагуу зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүгчийн захирамжийг хүлээн авах боломжгүй байна. Яллагдагч П.Б-д холбогдох хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн явуулсан, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Яллагдагч П.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би донорынхоо гэр бүлээс зохих ёсны зөвшөөрлийг авч, зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Тайлбар хийсэн ч ойлголтын зөрүү байсан байж магадгүй гэж бодож байна. ...” гэв.
Яллагдагч П.Б-ы өмгөөлөгч Б.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурор эрхийг нь хангасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчтэй оролцуулсан гэж байгаа боловч хоёр удаа шүүхээс хэргийг прокурорт буцаасан. Прокурор яллагдагчаар татсан тогтоолдоо өмнөх яллагдагчаар татах тогтоолд дурдагдаагүй үндэслэлийг нэмсэн буюу нэг эд, эрхтнийг нэмж бичээд яллах дүгнэлтээ өөрчилсөн. Энэ нь агуулга, хэргийн үйл баримтын хувьд, цугларсан нотлох баримтад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон өмгөөлөгч нарын байр суурь илэрхийлэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн учраас анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болсон. ...” гэв.
Яллагдагч П.Б-ы өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Б.Цэнгүүний тайлбарыг дэмжиж байна. Сая шүүх хуралдааны явцад прокурор эрхийг нь зөрчөөгүй гэж байна. Гэтэл 1 өдрийн дотор яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, яллах дүгнэлтийг гардуулж, хэргийг шууд шүүх рүү шилжүүлсэн. Энэ хооронд яллагдагч, өмгөөлөгч нарын зүгээс дээд шатны прокурорт гомдол, хүсэлт гаргах боломжтой байсан ч зүйлчлэлийг хөндөж ярих, субьектив санаа зорилгыг тодруулах зэрэг эрхийг хязгаарласан. Шүүхээс буцаасны дараа дахин шүүхэд шилжүүлэхдээ нэмж юм оруулсан нь ойлгомжгүй байсан учраас шүүх захирамжаар буцаасан. Өмгөөлөгчийн хувьд ийнхүү буцаасныг үндэслэлтэй гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч П.Б-ы өмгөөлөгч Б.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан хуулийн агуулгад нийцнэ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан атлаа яллагдагч П.Б-аас мэдүүлэг аваагүй...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх /2хх 134-144/ ба 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа “...элэг бөөр, түүний эргэн тойронд байгаа гол судсыг авах талаар хэлж зөвшөөрөл авсан боловч ...шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу тойгийн шөрмөсийг...semimembronosus шөрмөсийг, ...archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй. ...” гэж хэргийн үйл баримтын агуулгад өөрчлөлт оруулан /4хх 42-44/ тухайн тогтоолыг яллагдагч П.Б-д танилцуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана.”, 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж тус тус заасан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэл өөрчлөгдөөгүй, хэргийн үйл баримтын агуулгад өөрчлөлт оруулж яллагдагчид танилцуулсан байх тул шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн П.Б-ы гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/1490 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч П.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН