| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0758/Э |
| Дугаар | 810 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 810
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бод холбогдох 1706 03088 0967 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, настай, э, тусгай дунд боловсролтой, химичийн зааварлагч инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний дугаар ангид химийн инженерийн нярав, жолооч ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт дүүргийн дугаар хороо, гудамжны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б Б /РД:МБ/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тамир” караокены гадаа иргэн маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Баясгалангийн өгсөн: “... Батболдын дүү Хуягболд эхнэртэй нь хамт ирчихсэн гээд би караокенаас гаргасан чинь Батболд дахин жаахан сууя гээд эхнэрээсээ мөнгө нэхээд эхнэр нь байхгүй одоо болно гээд тэр хоёр маргалдахаар нь би очоод та хоёр ингэж болохгүй хэдүүлээ одоо явцгаая гэж хэлээд Батболдыг дагуулан явж байгаад бид хоёр маргалдаад зодолдсон. Чухам юунаас болж зодолдсоноо сайн мэдэхгүй байна. Тухайн үед би мөн адил согтсон байсан. Тэгээд Батболдын дүү Болдхуяг, Түвшин хоёр биднийг салгаад эхнэр нь хэдүүлээ явъя гэж байх шиг байсан. Тухайн үед би зодуулсандаа шаралхаад тэдэнтэй яваагүй ганцаараа үлдээд цагдаа дуудсан юм... Толгой тархи хагарсан хөл гар зулгарсан байсан... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа. Тухайн гэмтэлийг Батболдтой зодолдож байхад миний биед учирсан гэмтэл байх. Тэрнээс бид Батболд бид хоёроос өөр хүн зодоонд оролцоогүй юм... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид найзууд учир надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Батболдоос эмчилгээний зардал гээд гурван сая төгрөг авчихсан юм... Надад эмчилгээ хийлгэсэн гурван сая төгрөгийн баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.18-19/;
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Сувд-Эрдэнийн өгсөн: “... нөхөр бид хоёр хэрэлдээд байж байхад цаанаас Баясгалан хүрч ирээд манай нөхрийг боль хөгшөөн гээд цаашаа дагуулж булан луу очоод тэр хоёр нэг нэгнийхээ дээр гараад зодолдоод байсан... Баясгалангийн толгойн ар хэсгээс нь цус гарсан байдалтай, Батболдын ам, хамраас нь цус гарсан байсан. Өөр ил харагдах гэмтэл анзаарагдаагүй. Би тухайн үед тэр хоёрыг зодолдоно гэж бодоогүй байхад гэнэт харанхуй буланд очоод зодолдсон... Манай нөхөр Батболд, Баясгалан хоёр газар ойчоод л зодолдсон учир тэгж байхдаа учруулсан гэмтэл байх гэж бодож байна... тэгээд зодоон дуусаад би Баясгаланг манайх руу явъя очоод толгойн чинь цусыг боогоод өгье гэхэд бидэнтэй хамт яваагүй ганцаараа үлдсэн. Тухайн үед толгойноос нь цус гарсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх..23-24/;
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хуягболдын өгсөн: “... Тэгсэн тэр хоёр хоорондоо гэнэт зодолдсон. Тэр хоёр бараг 5 минут хиртэй зодолдсон. Тухайн үед би найзууд юм чинь учраа олох байлгүй гэж бодсон. Манай ахын эхнэр хүртэл очиж салга гэж хэлээгүй. Ер нь бид бүгд л тэгж байгаад салцгаах байх гэж л бодож байсан... Нэг нэгнийхээ нүүр лүү цохиод байсан. Тэгсэн манай ах Батболдын дээр нь Баясгалан гарчихсан нүүр лүү нь гараараа цохиж байсан. Тэгээд очиж салгасан юм. Уул нь тэр хоёр босоогоороо нэг нэгнийгээ цохиж байгаад газар давхарлаж ойчин өнхрөлдөж байсан... Баясгалангийн амнаас нь цус гарсан, толгойн ар хэсгээс нь цус гарсан байдалтай, Батболдын ам, хамраас нь цус гарсан нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Өөр ил харагдах гэмтэл анзаарагдаагүй. Би тухайн үед тэр хоёрыг зодолдоно гэж бодоогүй байхад гэнэт харанхуй буланд очоод зодолдсон... Манай ах Батболд, Баясгалан хоёр зодолдож байхдаа учруулсан гэмтэл байх. Мөн газар ойчоод л зодолдсон учир тэгж байхдаа учруулсан гэмтэл байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх.25-26/;
Яллагдагч Б.Бын гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.Баясгалангийн биед дагз, зүүн зулайд няцарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун сарвуу, хоёр өвдөгт зулгаралт, дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13594 дугаартай дүгнэлт /хх.30/;
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд Тамир караокенаас гараад Баясгалан бид хоёр юм ярьж байгаад хоорондоо маргалдан бид хоёр зууралдаад зодолдсон гэсэн. Тухайн үед би согтсон байсан учир сайн санахгүй байна. Намайг манай дүү Хуягболд манай эхнэр Сувд-Эрдэнийн хамт авах гэж очсон байсан. Тухайн үед би эхнэрээсээ мөнгө авах гээд маргалдсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байгаа юм... Би эхнэртэйгээ мөнгөнөөс болж маргалдсан. Тэгсэн намайг Баясгалан авч явж байгаад уулзъя гээд бид хоёр маргалдаж зодолдсон... Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Маргааш нь уулзахад Баясгалан надад цагдаад өргөдөл өгсөн байгаа гэхээр нь би өргөдлөө авчих хоёулаа тохиръё гэхэд намайг 3 сая төгрөг өгчих гэхээр нь би тэр мөнгийг нь олж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.44/;
зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тамир” караокены гадаа иргэн Э.Баясгалантай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Баясгалангийн өгсөн: “... Батболдыг дагуулан явж байгаад бид хоёр маргалдаад зодолдсон. Чухам юунаас болж зодолдсоноо сайн мэдэхгүй байна... Толгой тархи хагарсан хөл гар зулгарсан байсан... Бид найзууд учир надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Батболдоос эмчилгээний зардал гээд гурван сая төгрөг авчихсан юм... Надад эмчилгээ хийлгэсэн гурван сая төгрөгийн баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.18-19/;
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Сувд-Эрдэнийн өгсөн: “... нөхөр бид хоёр хэрэлдээд байж байхад цаанаас Баясгалан хүрч ирээд манай нөхрийг боль хөгшөөн гээд цаашаа дагуулж булан луу очоод тэр хоёр нэг нэгнийхээ дээр гараад зодолдоод байсан... Баясгалангийн толгойн ар хэсгээс нь цус гарсан байдалтай, Батболдын ам, хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх..23-24/;
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хуягболдын өгсөн: “... Тэгсэн тэр хоёр хоорондоо гэнэт зодолдсон. Тэр хоёр бараг 5 минут хиртэй зодолдсон... Нэг нэгнийхээ нүүр лүү цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/;
Яллагдагч Б.Бын гэмт үйлдлийн улмаас хохирогч Э.Баясгалангийн биед дагз, зүүн зулайд няцарсан шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун сарвуу, хоёр өвдөгт зулгаралт, дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13594 дугаартай дүгнэлт /хх.30/;
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн: “... Тэгсэн намайг Баясгалан авч явж байгаад уулзъя гээд бид хоёр маргалдаж зодолдсон... Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Маргааш нь уулзахад Баясгалан надад цагдаад өргөдөл өгсөн байгаа гэхээр нь би өргөдлөө авчих хоёулаа тохиръё гэхэд намайг 3 сая төгрөг өгчих гэхээр нь би тэр мөнгийг нь олж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.44/;
Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Б.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгч Б.Б нь хохиролд 3,000,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Баясгалан нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Бод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Б.Бод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 3,000,000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Баясгалан нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР