Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 2408000000908 |
Дугаар | 2024/ДШМ/1214 |
Огноо | 2024-11-05 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/1214
2024 11 05 2024/ДШМ/1214
Ц.Э-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/985 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ундрахын бичсэн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ц.Э-эд холбогдох 2408000000908 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э-,
Шүүгдэгч Ц.Э- нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр **** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч М.М-г “чи архи уухаа боль, би чиний хүүхдийг гаргаж чадахгүй” гэж хэллээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар толгой, нүүрэнд нь 2-3 удаа цохих, хэвлийн болон зүүн гар луу нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн атгаал ясны доод булуу дайрсан далд хугарал, зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун шуу, гуянд цус хуралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Ц.Э-ийг хүний эрүүл мэнд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Ц.Э-эд сануулж, хохирогч М.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Э-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх “...шүүгдэгч Ц.Э-ийг хохирогч Ц.М-гийн биед хүндэвтэр хохирол учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохиороогүй байна. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл эс үйлдэхүйг ойлгоно. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.М-гийн өгсөн “...БГД-ийн 17 дугаар хороо **** тоотод ээж, охины хамт...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Д-гийн өгсөн “БГД-ийн 17 дугаар хороо **** тоотод охин М- 2 зээгийн хамт...” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Ц.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр хохирогчтой хамтран амьдарч, гэр бүлийн харилцаа байгаагүй гэх нөхцөл байдал нь тогтоогдож байх тул” гэж дүгнэж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг хуульчилж өгсөн ба энэ хуулийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, мөн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.” гэж тус тус хуульчилсан. Энэ хэргийн тухайд Ц.Э-, Ц.М- нар нь хамтран амьдарч байсан талаар хохирогч М.М-, гэрч Б.Д- нар мэдүүлсэн, мөн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээр давхар нотлогдоно. Мөн хохирогч Ц.М-гаас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгч байсан болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн АСАП сангийн лавлагаагаар тогтоогддог.
Дээрхээс үзвэл анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндэвтэр хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байгаад санал нийлэхгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр”-т шүүгдэгчийн үйлдэл нийцэж байна. Энэ бүх нөхцөл байдал нотлогдсоор байтал анхан шатны шүүх үгүйсгэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Э-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Ц.Э-ийг 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч М.М-г “чи архи уухаа боль, би чиний хүүхдийг гаргаж чадахгүй” гэж хэллээ гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар толгой, нүүрэнд нь 2-3 удаа цохих, хэвлийн болон зүүн гар луу нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн атгаал ясны доод булуу дайрсан далд хугарал, зүүн нүдний дээд зовхи, цээж, баруун шуу, гуянд цус хуралт, зүүн тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн болж өнгөрсөн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ Ц.Э-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдээгүй гэх дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгоно гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болон нэр томъёог тодорхойлон хуульчилжээ.
Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн гэх хууль зүйн ойлголтыг дэлгэрүүлэн тайлбарласан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн нэр томьёоны тодорхойлолтоор “хамтран амьдрагч” гэдэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байгаа хүмүүсийг ойлгохоор заасан.
Хэрэгт авагдсан хохирогч М.М-гийн “...Э-тэй 2023 оны 10 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа. ...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүрэгт хамтран амьдардаг байхад намайг 1 удаа нүүр, толгой, нуруу руу цохиж, зодож байсан. ...” /хх 4-6, 69-71/, гэрч Б.Д-гийн “...2024 он гарснаас хойш хамт амьдарсан байх гэж бодож байна. ...” /хх 17-19/, Ц.Э-ийн гэрчээр өгсөн “...бид хоёр сүүлийн 3 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа. ...” /хх 25-26/ гэсэн мэдүүлгүүд зэргээс үзэхэд хохирогч М.М-, шүүгдэгч Ц.Э- нар нь эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар болох нь нотлогдож байхад шүүх эдгээр нотлох баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх “шүүгдэгчийг хохирогчтой хамтран амьдарч, гэр бүлийн харилцаа байгаагүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүд хооронд үүссэн байх гол утга агуулга, шалгууртай учраас “гэр бүлийн гишүүд”-тэй холбоотой суурь ойлголт, харилцааг зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг “Эрүүгийн хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад баримтлах” шаардлагатай болохыг анхаарвал зохино.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Ундрахын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Э-эд урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/985 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.Э-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН