| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | П.Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2026/0023/з |
| Дугаар | 119/ШШ2026/0037 |
| Огноо | 2026-05-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 119/ШШ2026/0037
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **
Хариуцагч: Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /дарга **/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 тоот “Орхон аймгийн Газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөө батлах тухай”, “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон тусгай хэрэгцээний газрын тухай” тогтоолын иргэн **ын эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ** “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 тоот “Орхон аймгийн Газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөө батлах тухай”, “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон тусгай хэрэгцээний газрын тухай” тогтоолын иргэн **ын эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2. ** нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 7 дугаар хороолол ** багийн нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг үл хөдлөх эд хөрөнгийн хамт "**” ХХК-иас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Э-** бүртгүүлж, шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулахын зориулалтаар эзэмшсэн.
3. Орхон аймгийн Засаг даргаас 2022 онд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлуулахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит XII хуралдаанаар газрын асуудлыг хэлэлцэн “Орхон аймгийн газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” 12/03 дугаар тогтоолыг баталсан.
4. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаар тогтоолоор **ын Орхон аймаг, Баян-Өндөр сум, 7 дугаар хороолол ** багийн нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв газрыг “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон.
5. Нэхэмжлэгч ** нь 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянаад, шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 119/ШЗ2026/0046 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
-Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 06-р сарын 26-ны өдрийн 250-р захирамжаар Баян-Өндөр сум 7-р хороолол ** багийн нутагт Улсын чанартай А-1002 авто замын урд газар эзэмших гэрчилгээний дугаар ** нэгж талбайн дугаар ** бүхий газар дээр баригдсан Үл хөдлөх эд хөрөнгийн "**” ХХК-аас 2020.07.01-нд худалдан авч худалдан авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн Газрын тухай хуулийн 34-р зүйлийн 34.10-д заагдсан газрыг Үл хөдлөх эд хөрөнгийн хамт шилжүүлэн авч Улсын бүртгэлийн Э-** бүртгэлд 2020.07.16-ны өдөр 700 м.кв газрыг шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулах зориулалтаар эзэмшиж байна.
-Манай эзэмшил газрыг Газрын тухай хуулийн 31-р зүйл 31.3-д заасан... “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна...” гэсэн заалтыг зөрчин Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11-р сарын 22-ны дугаар 12/03 тоот Орхон аймгийн Газар зохион байгуулалтын 2022-2037 оны Ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон.
-Энэ нь иргэн, аж ахуйн нэгжийн улсын чанартай А-1002 авто замын урд байрлах эдийн засгийн үр өгөөж өндөр газрыг Орхон аймгийн төр засгийн эрх мэдэлд ойр байх албан хаагчид манай компанийн эзэмшил газрыг хямд үнээр худалдан авах, газрыг өөр газраар солих саналыг удаа дараалан тавьж эцэст нь **ын газрыг шууд хуульчлан булаах оролдлого хийсэн гэж үзэхээр байна.
-Одоо энэ газарт 12x16 хэмжээтэй 2 давхар оффис үйлчилгээний зориулалтай Ү-** үл хөдлөх эд хөрөнгө иргэн **ын бүртгэлтэй байгаа болно.
-Дээрх хууль бус нийтийн эзэмшлийн ногоон бүс тогтоосноос **ын эрх ашиг ноцтой зөрчигдөж өндөр үнээр худалдаж авсан Үл хөдлөх эд хөрөнгө үнэгүйдэх, цаашид бизнес эрхлэх бололцоо хаагдаж эдийн засгийн хувьд үлэмж хохирол учрахаар байна.” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “** нь Баян-Өндөр сум 7 дугаар хороолол ** багийн нутагт улсын чанартай А-1002 автозамын урд газрын ** нэгж талбарын дугаартай ** бүхий газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг “**” компаниас 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр худалдан авч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т зааснаар үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлэн авч Улсын бүртгэлийн ** дугаартай бүртгэлд бүртгүүлээд 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 700 м.кв шатах тослох материал түгээгүүрийн газар, агуулахын зориулалтаар эзэмшиж байгаа юм. Гэтэл энэ эзэмшил газрыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэгэн давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчин Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 тоот Орхон аймгийн Газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөө батлах тухай тогтоолын нийтийн эзэмшлийн ногоон бүсээр тогтоосон тогтоолд оруулчихжээ. Иргэн аж ахуйн нэгж улсын чанартай А-1002 автозамын урд байрлах эдийн засгийн өгөөж өндөр газрыг Орхон аймгийн төр засгийн мэдэлд ойр байх албан хаагчид манай компанийн эзэмшилд байх газрыг хямд үнээр худалдаж авах, өөр газраар солих саналыг удаа дараа тавьж байсан. Тухайлбал Орхон аймгийн Газрын албаны дарга ** гэдэг хүн тавьж байсан. Эцэст нь энэ газрыг хуульчлан булааж авахаар оролдлого хийж дээрх тогтоолыг гаргахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Одоо энэ газарт 10х20 хэмжээтэй 2 давхар оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө **ын нэр дээр бүртгэлтэй байгаа болно. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар 12/03 тоот аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөлтийн 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөө батлах тухай нийтийн эзэмшлийн ногоон бүсээр тогтоохдоо Газрын тухай хуулийн 42 дугаар зүйл гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшлийн газрыг солих буюу эргүүлэн авах, 42.1-т газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг нь буюу зарим хэсгийг нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчид урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно. Мөн хуулийн 42.2-т Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсон эсэхийг харгалзан зохих шийдвэрийг гаргана, 42.3-т энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахдаа гэрээ байгуулж, тухайн газрыг нөхөх олговортой солих буюу эргүүлэн авч болно гэсэн заалт болон Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1 дэх заалтад зааснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын нийтлэг бүрэн эрх гэсэн заалт дээр бусдын эзэмшил газрыг аймаг нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн Засаг даргын өргөн мэдүүлснээр газрыг нөхөн олговор олгох шийдвэр гаргах гэсэн хуулиудыг зөрчиж, хууль барьж гаргахдаа энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дүгээр зүйлийг буюу Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гарсан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих талаар Засаг даргын тайланг хэлэлцэн дүгнэх гэсэн саналыг доод талыг нь бүрэн уншихгүйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүний эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгөтэй, улсын хил шахуу Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний өмчлөх эрхэд халдсан ноцтой шийдвэр гаргасан. Зөвхөн Засаг даргад өргөн мэдүүлчихвэл газрыг олгож болдог юм шиг, өргөн мэдүүлнэ гэдгийг 20 дугаар зүйлийн 20.1.4 дүгээр зүйлд нарийвчлан тодорхой заасан. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж тогтоосноос **ын эрх ашиг ноцтой зөрчигдөж, өндөр үнээр худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэх, цаашид бизнес эрхлэх бололцоо хаагдаж, эдийн засгийн хувьд үлэмж хэмжээний хохирол учрахаар байна. Өнөөдрийн бусдын эзэмшилд байгаа газрыг Захиргааны ерөнхий хуулийн 13, 25, 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.2, 27.3.3 дахь зүйл заалтыг хэрэглээгүйгээс хууль хэрэглээний алдааг нутгийн өөрөө удирдах байгууллага гаргажээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага хэрвээ эрх ашиг нь хөндөгдөж байгаа “**” ХХК, ** нарт танай энэ газар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 43 дугаар зүйлийн 43.3-т заасан ийм ийм заалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан газрыг чинь нөхөх олговортой олгоё. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасан заалтуудтай ингэж ингэж давхцах юм, танай эрх ашиг зөрчигдөх учраас нөхөн олговор олговол хэн хэнд нь хуульд нийцэх юм гэж тайлбарлахгүйгээр зурагтаар нийтэлсэн гэсэн тайлбар өгч байгаа нь энэ захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13-28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй байгаа. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар дээрх хууль бус захиргааны актын **ын эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргаас 2022 онд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлуулахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд уг асуудлыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ээлжит XII хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, аймгийн газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөөг батлах тухай 12/03 дугаар тогтоолыг баталсан.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд уг асуудлын танилцуулгыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон гүйцэтгэгч компани хийж, төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлж нийт хуралд оролцож буй төлөөлөгчдийн 73 хувийн саналаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Орхон аймгийн газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” 12/03 дугаар тогтоол батлагдсан юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага Ээлжит XII хуралдааныг орон нутгийн “**” телевизээр шууд дамжуулан ажилласан. Мөн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах нөхцөл боломжоор ханган хүрээнд хуралдаанд шууд утас болох 70350494 утсыг ажиллуулсан болно.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XII хуралдаанаар батлагдсан “Орхон аймгийн газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” 12/03 дугаар тогтоолыг нийтэд танилцуулах гэж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэсний дагуу уг актыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас болох itkh.orkhon.gov.mn болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болно.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана” гэсний дагуу маргаан бүхий захиргааны шийдвэр гаргахдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын зүгээс орон нутгийн иргэдийн нийтлэг эрх ашиг, эрүүл аюулгүй таатай орчинд амьдрах эрхийг хангах, хот суурин газарт экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, иргэдийг тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, бодит нөхцөл байдлыг тогтоон, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийсэн танилцуулгыг судлан үзэж газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөөг баталсан. Захиргааны шийдвэр гаргахдаа хууль зүйн үндэслэлийг судлан үзэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “Тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах" гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд уг маргаан бүхий захиргааны акт гаргасан болно.
Энэхүү захиргааны шийдвэр нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг зөрчих эрх зүйн хувьд шууд үр дагавар үүсгэхгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаар тогтоол нь захиргааны бичмэл актад тавигдах эрх зүйн шаардлагуудыг бүрэн хангасан хуульд нийцсэн хүчин төгөлдөр төдийгүй уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхол огт зөрчигдөөгүй байна. Нэхэмжлэгч **ын газар эзэмших эрх газар эзэмших гэрээний дагуу хэвийн үргэлжилж байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрх”-ийг хуульчилсан. 20.1.4-т “Бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг солих буюу эргүүлэн авах, чөлөөлөх, нүүлгэх эсэх асуудлыг хуулиар аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна. Нутгийн өөрийн удирдлагын байгууллага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газар эзэмших эрх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг зөрчихтэй холбоотой бүрэн эрх хуулиар олгогдоогүй болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч ** нь Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 3 жилийн хугацаагаар 700 м.кв газрыг эзэмших эрх үүссэн. Энэ газар эзэмших эрхийн хугацаа 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дууссан. Өөрөө хүндэтгэн үзэх шалтгаанаа батлаад цаашаа нотлоогүй. Ямар ч хугацаа сунгасан зүйл байхгүй. Энэ хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Газрын тухай хуулийн 39.1.1-д зааснаар газар эзэмших гэрээ дуусгавар болсон. Гэтэл ** нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан. Тэгэхээр маргаан бүхий захиргааны акттай холбоотой ямар эрх ашиг хөндөгдсөн нь тодорхойгүй байна. Маргаан бүхий 2022 онд батлагдсан захиргааны актын тэр хугацаанд нэхэмжлэл гаргасан бол эрх ашиг нь зөрчигдсөн гэж харагдахаар байна. Тэгэхээр хугацаануудыг шүүгч анхаарч үзээсэй. Энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол бол анх 2022 онд гарсан. Үүнээс хойш энэ хүнд 4 жилийн дараа буюу эрх ашиг нь зөрчигдлөө энэ тогтоолыг гаргаж өгч байгааг шүүгчийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэрвээ энэ тогтоолоос болоод тухайн үед эрх ашиг нь зөрчигдөж байсан бол 2022, 2023, 2024, 2025 онд яагаад хүсэлтээ гаргаагүй юм бэ. Гэтэл 2022 онд энэ хүн өөрийнхөө буруугаас болоод газар эзэмших эрх нь хүчингүй болоод ирэнгүүт гэнэт манай баталсан тогтоолыг мушгиж буруу байсан юм шиг ярьж байна гэж манай зүгээс харж байна. 2-т Орхон аймгийн нийтийн эдэлбэрийн буюу цэцэрлэгт хүрээлэнгийн ар талд шатахуун түгээх станц, хийн газ байх нь өөрөө хэр зохимжтой вэ. Тэгэхэд нийтийн эзэмшлийн ногоон бүсээр тогтоогоод 2004 оноос эхлээд 15,15 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд энэ бол ногоон байгууламжаар байгаад л ирсэн. Энэ хүн газар эзэмшээд л явж байсан. Энэ тогтоолын хүрээнд ч гэсэн эдний “**” газ одоо болтол эзэмшээд л явж байна. Яг ямар тогтоолоос болж эрх ашиг нь хөндөгдөөд байгаа нь нотлогдохгүй байгаа. Өөрийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа хариуцлагагүй хандсан буруугаа газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө рүү чихэж байгаа юм биш биз дээ гэж бодож байна. Ерөнхий төлөвлөгөөнд бол бүх нийтийн асуудлыг аймаг шийдэж байгаа учраас хангахгүй орхиж өгнө үү. Энэ хүн цаашид өөрийнхөө асуудлыг Засаг даргаар яваад шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 тоот “Орхон аймгийн Газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөө батлах тухай”, “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон тусгай хэрэгцээний газрын тухай” тогтоолын иргэн **ын эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэл гаргаж маргасан.
2. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаартай тогтоолоор Орхон аймгийн газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөөг баталсан. /Хэргийн 50-65 дахь тал/
2.2. Уг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон тусгай хэрэгцээний газрын байршилд нэхэмжлэгч **ын эзэмших эрх бүхий 700 м.кв газар болон уг газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийн байршил давхацсан гэж маргасан.
2.3. Нэхэмжлэгч **ын үл хөдлөх хөрөнгө бүхий газрыг “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон тусгай хэрэгцээний газрын байршилд оруулан төлөвлөсөн нь хэргийн оролцогч нарын тайлбар, тухайн газрын байршлын зураг зэрэг баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэргийн оролцогч нар уг газрын байршил давхцалгүй гэх үндэслэлээр маргаагүй. /Хавтаст хэргийн 4-23 дахь тал/
2.4. Нэхэмжлэгч ** нь “**” ХХК-ийн эзэмшилд байсан 288 м.кв талбай бүхий барилга байгууламжийг бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан тул уг үл хөдлөх эд хөрөнгө байрлах 700 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг “**” ХХК-аас шилжүүлэн авах хүсэлтээ захиргааны байгууллагад гаргасан.
2.5. Уг хүсэлтийн дагуу Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/369 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгох” захирамжаар “**” ХХК-аас 700 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, уг газрыг 3 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон нь газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтуудаар нотлогдсон. Мөн уг газар дээр өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 279 м.кв бүхий үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй байна. /Хавтаст хэргийн 69-87дахь тал/
2.6. ** нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 000107902 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 700 м.кв газрыг 3 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ Орхон аймгийн Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан боловч хуульд заасан хугацааны дотор хүсэлтээ гаргаагүй гэх үндэслэлээр хугацаа сунгахаас татгалзсан хариу түүнд хүргүүлсэн. /Хавтаст хэргийн 99-100 дахь тал/
2.7. Газар эзэмшигч ** нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “...өөр орон нутагт ажиллаж байгаад хугацаандаа хүсэлтээ гаргаж чадаагүйг харгалзан үзэж хугацааг сунгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтээ Орхон аймгийн Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газарт дахин гаргасан байх бөгөөд “ГХБХБГ-тай зөвшилцөж богино хугацаагаар сунгах, тухайн хугацаанд өөр газар санал болгож суурин газраас нүүлгэн шилжүүлэх” гэж шийдвэрлэснийг утсаар мэдэгдсэн гэсэн “Өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын карт” хөтөлсөн байдаг. /Хавтаст хэргийн 101-102 дахь тал/
2.8. Мөн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх актаар гэрээний хугацаа дуусахад сунгах хүсэлт гаргаагүй, гэрээний үүргийн 60 хувийн гүйцэтгэлтэй” гэж дүгнэжээ. /Хавтаст хэргийн 88 дахь тал/
2.9. **ын нь 700 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг захиргааны байгууллага хүлээн аваад хугацааг сунгахаас татгалзсан тул одоогоор түүнийг газар эзэмших эрх дуусгавар болсон байх бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан захиргааны байгууллагын шийдвэртэй маргаагүй байна.
2.10. Харин Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаартай тогтоолоор Орхон аймгийн газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөөг батлах үед **ын газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшиж, ашиглаж байжээ.
2.11. Иймд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаартай тогтоолоор батлагдсан “Орхон аймгийн газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны актыг мэдсэн үеэс хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
2.12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **гээс ““**” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан Орхон аймгийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийг сунгасан боловч 5 жилээр сунгасан нь хууль бус гээд дахин маргаан үүсгээд шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байгаа, энэ маргаан үргэлжлээд **ын газар эзэмших эрхийн асуудал явж байна” гэж тайлбарлав.
2.13. ** нь “**” ХХК-иас 700 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан байх бөгөөд “**” ХХК нь 9300 м.кв газар тусдаа газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг байх тул “**” ХХК, ** нарын газар эзэмших эрх нь тус тусдаа үүссэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
3. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.2.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” гэж зааснаар Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 дугаартай тогтоолоор Орхон аймгийн газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөөг баталсан нь хууль зөрчөөгүй, уг төлөвлөгөөний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
3.2. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.” гэж зааснаар дээрх газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь 2022-2037 оны хооронд 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичигт хамаарах бөгөөд тухайн төлөвлөгөөг үндэслэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т зааснаар тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах зохицуулалттай.
Тодруулбал, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-д “20.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.2.3.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 20.1.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.2.тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” гэж тус тус зааснаар тухайн жилд хэрэгжүүлэх газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, уг төлөвлөгөөний дагуу тухайн жилийнхээ газар зохион байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.
3.3. Ийнхүү тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн жилдээ бусдын газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбоотой газрыг эгүүлэн авах, солих, нөхөн олговор олгох, газар дээрх үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, улмаар газар, газар дээр үл хөдлөх хөрөнгө өмчлөгчтэй харилцан тохиролцож зохих шийдвэрүүдийг гаргах зэргээр дараа дараагийн төлөвлөлт, шийдвэрүүдийг захиргааны байгууллагаас хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой байна.
Тодруулбал, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5-д “20.2. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.2.5. тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;”, 20.1.4-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.4.эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах;” гэж зааснаар зохих шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэхээр хуульд заажээ.
3.4. Мөн Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д “Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана.”гэж зааснаар газар дээрх үл хөдлөх хөрөнгийн эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр байна.
3.5. Иймд нэхэмжлэгч **ын газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмших эрхтэй байсан 700 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй гэсэн захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу өөр газар солих, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн асуудлаа хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх, захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу уг асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлүүд хуульд тодорхой зохицуулагдсан энэ нөхцөлд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчихгүй.
3.6. Нэхэмжлэгчээс “Уг төлөвлөгөө батлахдаа сонсох ажиллагаа явуулаагүй” гэж маргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг төлөвлөгөөг боловсруулж байгаа захиргааны байгууллага хариуцна.”, 74.2-т “Төлөвлөгөөнд сонсох ажиллагааг явуулахдаа энэ хуулийн 27 дугаар зүйлийг баримтална.” гэж тус тус зааснаар төлөвлөлтийн хүрээнд сонсох ажиллагааг төлөвлөгөө боловсруулах захиргааны байгууллага хариуцах тул энэ үндэслэлээр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө баталсан захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.
3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн бол захиргааны актыг хүчингүй болгохоор заасан.
3.8. Иймд Орхон аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө буюу 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
4. Хэргийн оролцогч нараас “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 119/ШШ2024/0031 дугаар шийдвэртэй захиргааны хэргээс нотлох баримт судлах шаардлагагүй гэсэн тул уг хэргийг нотлох баримтаас хасаж, шүүхийн архивт буцаан хүргүүлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4, 20.2.3, 20.2.5, 25 дугаар зүйлийн 25.3, 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч **ын Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12/03 тоот “Орхон аймгийн Газар зохион байгуулалтын 2022-2037 оны ерөнхий төлөвлөгөө батлах тухай”, “Нийтийн эзэмшлийн ногоон бүс”-ээр тогтоосон тусгай хэрэгцээний газрын тухай” тогтоолын иргэн **ын эзэмшил газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ