| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2024/0328/Э |
| Дугаар | 2024/ДШМ/67 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/67
2024 10 23 2024/ДШМ/67
Ц.Мт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Т
Шүүгдэгч Ц.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н, М.В
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М
Хохирогчийн өмгөөлөгч Х.О
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н, М.В, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Мт холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
М овогт Ц-ын М, Монгол Улсын иргэн,
Ц.М нь “Э” Төрийн өмчит хувьцаат компани болон “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил гүйцэтгэх явцдаа, 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн сумын багт байрлах “Э” төрийн өмчит хувьцаат компанийн хашаанд гагнуурын ажлыг Ж.Б-р хөлсөөр гүйцэтгүүлэхдээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4-д заасан “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэсэн заалтуудыг, мөн “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД12-101-05 дүрмийн “Газар шорооны ажил гүйцэтгэх үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-ын 1.4-т заасан “Газар шорооны ажлыг аюул, осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна” гэснийг биелүүлээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас Ж.Базаррагчаа шороонд дарагдаж, амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч М овогт Ц-ын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Маас 104.090.566 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мт олгож, нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хамгаалалтын төмөр малгайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн аймаг сум баг “Э” Төрийн өмчит хувьцаат компанийн баруун хойд талын гаднах талбайн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“ ... Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Ц.Мыг 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр аймаг сум баг "Э” Төрийн өмчит хувьцаат компанийн хашаанд цэвэр усны шугам байрлуулах нүх ухахдаа тухайн талбай аюулгүй байдлыг хангаагүй, шороо нурахаас сэргийлсэн хамгаалалтын хаалт тор хийгээгүй, ажилчдадаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, аман гэрээгээр ажил гүйцэтгүүлж байсан зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүйгээс ухсан нүхний шороо нурсны улмаас Ж.Б шороонд дарагдан амь нас хохирсон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь зарим талаараа хууль зүйн үндэслэлгүй өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Миний үйлчлүүлэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд өмгөөлөгчийн зүгээс маргахгүй бөгөөд хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" нь нэг талыг хэтэрхий баримталж, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бодитойгоор дүгнэж үзэлгүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Тухайлбал: Миний үйлчлүүлэгч Ц.М нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирол төлбөрт шүүхийн өмнөх шатанд 6.000.000 төгрөгийг төлж барагдуулж бусад хохирол төлбөрийг графикийн дагуу нөхөн төлөхөө илэрхийлж байсан байдал, түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах шатанд 61.000.000 төгрөг, нийт 67.000,000 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн болон шүүгдэгчийн биеийн байдал, хувийн бусад байдлууд зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэх хэм хэмжээнүүдийг удирдлага болгон Хууль ёсны зарчим, Шударга ёсны зарчим, Энэрэнгүй ёсны зарчмуудыг баримталж түүнд заавал хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх, эсвэл тодорхой хугацаанд зорчих эрхийг нь хязгаарлах хууль зүйн бүрэн боломжтой юм.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагын зорилго нь "Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” хэмээн хуульчилсан. Иймд Ц.Мт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү....” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.В шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“ ... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2024\ШЦТ\367 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Нэг. Шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны эхэнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс албан ёсоор уучлалт гуйж, хэрэг хянан шалгах процесс ажиллагааны явцад хийгээд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн бүхий л үе шатанд компанийн зүгээс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцад учирсан золгүй үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, хуульд зааснаар хүлээвэл зохих гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид компанийн зүгээс 100 сая \нэг зуун сая орчим төгрөгийн өртөг бүхий байшин барьж өгөх талаар санал тавьж, энэ тухай болон шүүхээс тогтоосон хохирлыг маргаангүй нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ харгалзаж үзээгүйн дээр улсын яллагчаас оногдуулсан ялыг хүндрүүлж, Эрүүгийн хуулийн мөн чанар, ялын зорилгыг буруу тайлбарлан хэрэглэж хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй гэж үзэж байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна", мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" гэж хуульчилсан байдаг.
Шүүх бүрэлдэхүүн эрүүгийн хариуцлагын зорилгыг хэрэгжүүлэх бодлого баримталсан бол шүүгдэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх боломж олгох, шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүй байх боломжит нөхцөлийг хязгаарлахгүйгээр улсын яллагчийн санал болгосон зорчих эрх хязгаарлах ялыг авч хэлэлцэх боломжтой байсныг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр хуульд заасан шаардлагыг шүүгдэгчийн хувийн байдал ч хангаж байдаг. Дэлгэрүүлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгааг нарийвчлан хянан хэлэлцээгүй гэж үзэж байна.
Үүнийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах, тус ялыг аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн үл харгалзан хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт "хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтооно" гэж заасныг баримтлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүйг харуулж байна.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт холбогдуулан мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтийг 2 удаа хийсэн байдаг боловч уг 2 дүгнэлт хоорондоо зөрүүтэй, мөн холбогдогч талууд хэн аль нь харилцан адил өөрсдийн үүргээ биелүүлээгүйг дурдсан байдаг. Энэ нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.М болон "О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг дангаар буюу шууд буруутай гэж үзээгүй байдаг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс өгсөн мэдүүлэгт “ажил эхлэхийн өмнө хөрс нурахаас хамгаалах, аюулгүй байдлыг хангах хэрэгтэй тул хамгаалалтын тор бэхлэх зааварчилгаа өгч, үүний дагуу бэлтгэл хангах явцад осол гарсан” тухай гэрчүүдийн тайлбар мэдүүлэгт хэрэг гарах уйл явцын тухай дурдсан байдаг зэргийг нарийвчлан магадлаагүй нь шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг удирдлага болгон хэлэлцээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан арга хэмжээг авахад яллах талд давуу байдал олгохгүй, эсхүл шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүй, талуудад мэтгэлцэх боломжийг тэгш хангана." гэж заасан, Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна." 2 дахь хэсэгт “Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана.” гэж хуульчилсны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар хэргийг тал бүрээс нь судлан шинжлэх байр сууринаас оролцож, мэтгэлцэх зарчмаар оролцсоныг шүүгдэгч гэм буруугаа хүлээхгүй маргаж байгаа мэтээр урвуулан буруу ойлгож, шүүгдэгчийн график гарган төлөхөд бэлэн гэсэн мэдүүлэгтэй холбогдуулан шүүх хуралдааны явцад ямар үнэ өртөг бүхий байшин барьж өгөх санал тавьж байгаа талаар тодруулж асуусан боловч хохирлыг бэлэн мөнгөөр төлөх боломжтой эсэх, ямар орлогоор, хэзээ, хэдэн төгрөг хэрхэн төлөх талаар нарийвчлан асуугаагүй атлаа "ямар орлогоор, хэзээ, хэдэн төгрөгийг хэрхэн төлөх талаар тодорхой илэрхийлээгүй байдал" гэж ойлгон дүгнэсэн нь шүүгч хэт нэг талыг барьж, хохирол нөхөн төлөгдөх тал дээр ач холбогдол өгөхгүй орхиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шүүх хуралдаанд оролцох эрхийг үгүйсгэж дүгнэсэн гэж үзэж байна.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна”, 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Шүүх хуралдаан дуусмагц шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үргэлжлүүлэн хамгаалахаар давж заалдах гомдол гаргах тул шүүхийн шийдвэр албажмагц мэдэгдэх болон шүүгдэгчид холбогдох асуудлаар шуурхай хамтран ажиллахыг шүүгч Г.Э-н туслах Д.С-д мэдэгдсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах боломж олгоогүй, удаа дараа хүсэлт гаргасны үндсэн дээр шүүх хуралдаанаас хойш 15 дахь өдрөө танилцуулсан нь өмгөөлөгч хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргаж байгаа үйлдэл мөн гэж үзэж байна. Бидний гардан авсан тогтоолын зарим хэсэгт бидний шүүх хуралдааны явцад хэлэлцүүлсэн асуудлууд зөрүүтэй бичигдсэн байгааг шүүхээс танилцуулсан хурлын тэмдэглэлтэй тулгамагц зөрж, шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрүүл мэндийн байдлыг сольж тэмдэглэгдсэн байв.
Дээрх процессын зөрчлийг логик дарааллын хувьд авч үзвэл шүүх хуралдааны тэмдэглэлээс түрүүлж тус хэрэгт холбогдох шүүхийн шийтгэх тогтоол гарсан нь шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн байр сууринаас оролцож хараат бусаар шийдвэр гаргах зарчимд нийцэхгүй, шүүхийн шийдвэр процессын дараалал зөрчиж урьдчилан гарсан мэтээр ойлгогдож эргэлзээ төрүүлж шүүх, шүүгчийн гаргасан шийдвэрт итгэх итгэлийг үгүйсгэж, шүүгч хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэсэн байж болзошгүй гэсэн хардлагыг бий болгож байгаад гомдолтой байна.
Иймд дээр дурдсан асуудлуудыг хянан шалгаж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024\ШЦТ\367 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.М шүүхээс тогтоосон гэм буруутай маргахгүй, хохирлыг шүүхээс тогтоосны дагуу төлж барагдуулахаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд илэрхийлсээр ирсэн, анхан шатны шүүхээс тогтоосны дагуу хохирлын тодорхой хувийг төлж барагдуулсан байгаа байдал зэргийг харгалзан үзэж хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл боломжийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Х.О шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“ ... шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтын “нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлээр гомдол гаргаж байна. Гомдлын хууль зүйн үндэслэл:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5 дах заалт буюу шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл-ийг заахыг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл хуульчилсан.
Гэтэл Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.20-ны өдрийн 2024/ШЦТ/367 тоот шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас үйлдвэрлэлийн ослын 186.450.912 төгрөгийн орон сууцны хөнгөлөлтийн 13.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов" гэх хэсэгт тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг огт заагаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад хамаарах хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих үндэслэлд хамаарч байна.
1 дэх хавтаст хэргийн 106 дахь талд авагдсан Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 03 тоот дүгнэлтийн 1-р заалтад Э ТӨХК-ийн хашаан дотор 2023.09.02-ны өдөр Ж.Б нас барсан нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 тоот тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол хурц хордлогын судлан бүртгэх дүрмийн 2-р зүйлийн 2.1.1 -д /Ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заасны дагуу үйлдвэрлэлийн осол гэж үзнэ гэх дүгнэлт, хэрэгт шинжээчийн авагдсан хэргийн газрын үзлэг, гэрэл зургууд, гэрч нарын мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгэн баримтуудаар амь хохирогч Ж.Б нь Хөдөлмөр аюулгүй эрүүл ахуйн тухай хууль болон бусад хууль тогтоомж, журмыг зөрчсөн “О” ХХК болон Ц.М нарын буруутай үйлдлийн улмаас үйлдвэрлэлийн осолд орж нас барсан болох нь тогтоогдсон. Тухайн үйлдвэрлэлийн ослын актыг тогтоолгох захирал Н.М компанийн хохирогч өргөдлийг 2023.09.19-ны өдөр гэх шалтгаанаар Ц.Мт гаргахад ”Өмгөөлөгч өргөдлийг битгий ав гэсэн хүлээн авахаас татгалзаж, өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлийн ослын актыг гаргаагүй болохоо шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр тайлбарласан. “О” ХХК-ийг төлөөлөн мэдүүлэг өгсөн шүүгдэгч Ц.М нь үйлдвэрлэлийн осол гэж тогтоосон шинжээчийн дүгнэлт болон акт гаргаагүй гэх асуудалд мэтгэлцдэггүй, харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н нь үйлдвэрлэлийн ослын улмаас олгох тэтгэмжийг 06 сар дотор нэхэмжлэх ёстой байсан, хугацаа өнгөрсөн гэж тайлбарладаг. Гэтэл Хөдөлмөрийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх заалтад “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртсөн ... нас барсан ажилтны үйлдвэрлэлийн ослын ... даатгалд даатгуулсан эсэхээс үл харгалзан ажил олгогч ... нөхөн төлбөрийг ажилтан эсхүл гэр бүлд нэг удаа олгоно” гэх үүргээ "О" ХХК, шүүгдэгч Ц.М нь биелүүлэхээс татгалзсан.
Хуульд заасан үндэслэлээр олгох энэхүү нөхөн төлбөр нь шүүгдэгч Ц.Мын гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар, хор уршиг хохирол бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтад ... албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан гэм хор хариуцлагыг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх, мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.3-т зааснаар хохирогч нас барсантай холбоотойгоор үүссэн ... бусад гэм хор учруулсны төлбөр төлөх асуудлыг хуульчилсан.
2. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 тоот тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол хурц хордлогын судлан бүртгэх дүрмийн 2-р зүйлийн 2.1-т зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч, иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтоохоор зааж, 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасны дагуу ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед хохирогч Ж.Б нас барснаар үйлдвэрлэлийн ослын акт тогтоох, уг актыг ажил олгогч тогтоож, нөхөн төлбөрийг олгох байсан атал олгоогүй. Тухайн үйлдвэрлэлийн осол болоход шүүгдэгч Ц.М, иргэний хариуцагч "О" ХХК -ийн гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой болох нь тогтоогдсон ба уг учирсан хохирлыг иргэний хариуцагч "О" ХХК, шүүгдэгч Ц.М нар төлөх үүрэгтэй. Гэтэл төлөх үүргийг няцаасан, үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх үндэслэл заагаагүй иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.3 дугаар зүйлийн 1-дэх заалтыг зөрчсөн.
3. Нөхөн төлбөрийн хэмжээг хохирогч Ж.Б-н сарын цалин хөлс дундаж орлого болох цалин хөлсний тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал зэргийг үндэслэн нэхэмжилдэг бөгөөд төлбөр гаргуулах хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар ... нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтоохоор заасны дагуу сарын дундаж орлого 5.179.192 төгрөгөөр тооцож, нэхэмжилснийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй болно.
4. Хохирогч нь Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-т заасны дагуу 621.503.040 төгрөгийг нэхэмжилснийг хэрхэн шийдвэрлэж байгаагаа тодорхойлох, тогтоох хэсэгт дүгнээгүй, заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн.
Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.20-ны өдрийн 2024/ШЦТ/367 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гэсэн хэсгийн заалтыг хүчингүй болгож, хангуулах хүсэлтэй байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“... Миний бие Ц овогтой Мт холбогдох хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /хохирогчийн эхнэр/ бөгөөд давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаж байна. Өргөдөл гаргасан учир нь:
Үйлдвэрлэлийн ослын акт хоёр ч удаа тогтоогдоод “О” ХХК болон Ц.М нь ослын актыг үл тоож гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Талийгаачийн гарын үсгийг дуурайлган худал гэрээ бичсэн. Ц.М нь хүний амь хохирчхоод ар гэр бидэнд сэтгэл санаа болон эдийн засгийн хүндрэл учраад байгааг огт хүндэтгэж үзээгүй. Шүүх хурал болтол бидэнтэй огт уулзаж, ар гэрийн байдалд санаа тавьж байгаагүй, уулзахаас зайлсхийж дургүйцэж байсан.
Шүүх хурал дээр гэнэт сайн ах, харамсаж байгаа гэх мэт худал дүр эсгэж байсан. Шүүх хурал дээр миний мэдэх зүйлсийг худал ярьж илтэд өөрийгөө өмгөөлж байсан. Талийгаачийг өөрөө дуудаж авч явж амь насыг нь хохироочхоод үүн дээрээ огт гэмшээгүй. Мөн бороо ороод эрэг нурахыг мэдсээр байж ханийг маань дуудаж ажиллуулчхаад гэмгүй хүний дүр эсгэж хэргээс мултрахыг оролдож байгаа нь үнэхээр жигшмээр. Ц.Мын өмгөөлөгчид анхан шатны шүүх хурал дээр хохирогч миний бие болон миний өмгөөлөгчид огт хүндэтгэлгүй хандаж дайрч давшилсан хандлагаар хандаж байсан. Үүнийгээ шүүгдэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан гэх боловч хохирогч надад сэтгэлийн дарамт айдас төрүүлсэн. Тус шүүх хурал дээр би хохирогч биш юм шиг, миний эрхийг зөрчиж байсан.
Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч В нь Ц.Мын төрсөн охин байсан бөгөөд өмгөөлөгч хүний ёс зүй маш муу байсан. Манай өмгөөлөгч рүү “Чи ажлаа хийгээч” гэх мэтээр дайрч давшилж байсан. В өмгөөлөгч нь аавыгаа /Ц.Мыг/ хэргээс мултлахын тулд ичгүүргүй үйлдэл гаргаж байна. Жишээ нь “танай өмгөөлөгч ажлаа сайн хийгээгүй жижүүрийн хэдэн үг хэлж байсан”, энэ тэр гэх маягаар манай өмгөөлөгчийг элдвээр хэлж байсан. В буюу Ц.Мын охин нь шүүх хурлын дараа надтай уулзах санал тавиад уулзсан. Анхан шатны шүүхээр тогтоогдсон оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол 104,090,566 төгрөгийн 41,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдлийг нь хувааж төлье гэсэн бөгөөд намайг гомдолгүй, давж заалдах шатны шүүх хуралд битгий орооч гэж хэлж эхэлсэн. Манай зүгээс боломжгүй гэдгээ хэлсэн. Өөрсдөө ял аваад ирэхээрээ бидэнтэй уулзаж зөвхөн өөрсдийгөө бодсон үйлдэл гаргаж эхэлсэн. Манайх орон сууц худалдаж авсан бөгөөд 170,200,000 төгрөгийн байр худалдаж авсан ба мөнгөний үлдэгдэл нэхэгдээд байрнаасаа хөөгдөөд байгаагаа В-д хэлэхэд гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгвөл өгч болно гэж дарамт үүсгэж байна.
Анхан шатны шүүх хурлаар үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр /186,450,912/ төгрөгийг шалтгаангүйгээр хэрэгсэхгүй болгосон. Талийгаач хань минь амьд байсан бол идэвхтэй ажиллах 10 жилийн нөхөн тооцоолж нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон /621,503,040 төгрөг/. Хань минь амьд байсан бол “Э” ТӨҮГ-ын ажилчдадаа олгодог /1 удаа/ орон сууцны хөнгөлөлт 13,000,000 төгрөгийг авах байсан. Үүнийг нэхэмжилснийг мөн хэрэгсэхгүй болгосон. Нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 4,694,038 төгрөгийг шийдвэрлээгүй. Улсын яллагч Т нь үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг бүрдүүлэхэд анхаараагүй. Шүүгдэгчид өгөх ялыг зорчих эрхийг хязгаарлах ял санал болгож байгаа зэрэг нь хохирогч миний эрхийг хангахыг хүсэхгүй байгаа хандлага гаргаж байгаа зэрэгт гомдолтой байна.
Миний бие хуульд заасан нөхөн төлбөрөө нэхэмжилсэн. Мөн үндэслэлгүй мөнгө нэхээгүй. Амь хохирсон хүний амь насыг хэн өмгөөлөх, хаана эрхээ хангуулж болох нь эргэлзээтэй байна. Үнэхээр энэ гэм буруутай хүмүүс яаж жүжиглэж өөрсдийгөө ямар ч аргаар хамаагүй ялаас мултрах, хохирогчийг яаж дахин дахин хохироож болдгийг биеэрээ мэдэрч яваа хүний хувьд биднийг ойлгож амь хохирсон ханийн минь амь нас болон ирээдүйд амьд байсан бол гэдэг талаас нь хүний ёсоор бидэнд хандахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Мөн бидний уй гашуу, эргэж ирэхгүй болсон ханийг минь хүндэтгээсэй гэж хүсэж байна. Миний бие хуульд заасан нөхөн төлбөр болон бусад нөхөн төлбөрүүдээ шийдүүлэх чин хүсэлтэй байна. Ханийн минь амь насыг хохироочхоод гэмших нь битгий хэл нөхөн төлбөрийн асуудлыг шийдэх хүсэлгүй байгаад нь үнэхээр их гомдолтой байна ... ” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.М тайлбартаа: “...Цаашид хохирлыг төлж анхаарч явна. Байнгын халуун ногоотой хоол иддэгээс болоод ч юм уу гэнэт бие муудсан. Би тэнд байгаа юм бол үх хүүхэд, тэнд ажиллаж байгаа хүмүүст гай болох юм байна. Тэр золгүй явдлаас хойш харамсаж явсаар байгаад сэтгэл зүй ч хэцүү байна…” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н тайлбартаа: “...Ц.М болон “О” ХХК-иас давж заалдах шатны шүүх зөвтгөх нь хуульд нийцнэ. ....олон нөхцөл байдлыг харгалзан үзээд 60 гарч байгаа хүний хувийн байдлыг анхаарч үзээсэй…” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.В тайлбартаа: “.... Би нэг талаараа охин нь, нөгөө талаараа шүүгдэгчийн өмгөөлөгч би түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, нийгэмдээ хэрэгтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээч. Шүүх хуралдаанаас хүсэхэд шүүгдэгчийн нэг удаа босгож нөхцөл байдлыг нь хараач гэж хүсч байна…” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М тайлбартаа: “...Тайлбар байхгүй...” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: “...Тухайн шүүгчийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Тэнсэх боломжгүй гэж харж байна…” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: “...Сэтгэл санааны гэм хорыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал тус хуулийн 29 дүгээр зүйлд заасан. Хэрэгт үйлдвэрлэлийн ослын даатгалтай холбогдох хэргийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас зүгээс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа…” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж шүүгдэгч Ц.Мыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Маас 104.090.566 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мт олгож, нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н, М.В, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Х.О нар давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх тэдгээрийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Ц.М нараас:
оршуулгын зардал 27.590.566 төгрөг,
үйлдвэрлэлийн ослын 186.450.912 төгрөг,
сэтгэцийн хор уршиг 82.500.000 төгрөг,
орон сууцны зээлийн хөнгөлөлтийн 13.000.000 төгрөг,
нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 4.694.038 төгрөг,
амь хохирогчийн 2023 онд авч байсан нэг сарын цалингийн хэмжээний дундаж буюу 5.179.192 төгрөгийг 10 жилээр тооцож 621.503.040 төгрөг, нийт 931.102.318 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 588 дугаартай захирамжаар “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг иргэний хариуцагчаар татсан байх ба
шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 82.500.000 төгрөг, оршуулгын зардалд 27.590.566 төгрөг, нийт 110.090.566 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 6.000.000 төгрөгийг хасаж, 104.090.566 төгрөгийг шүүгдэгч Ц.М болон “О” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад дээрх 104.090.566 төгрөгийг зөвхөн шүүгдэгч Ц.Маас гаргуулахаар заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл: Компани болон хувь хүнээс хохирлыг хэрхэн тооцож хариуцуулах, эсвэл бусдад учирсан хохирол, хор уршгийг хэн аль нь хариуцаж төлж барагдуулахыг нарийвчлан тогтоогоогүй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үйлдвэрлэлийн ослын 186.450.912 төгрөг, орон сууцны зээлийн хөнгөлөлтийн 13.000.000 төгрөгийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шаардлагуудыг хэрхэн, ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Түүнээс гадна амь хохирогчийн 2023 онд авч байсан нэг сарын цалингийн хэмжээний дундаж буюу 5.179.192 төгрөгийг 10 жилээр тооцож 621.503.040 төгрөг, нийт 931.102.318 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дүгнээгүй орхигдуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д зааснаар “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл”-ийг заагаагүй нь шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
Дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н, М.В нарын “...Ц.Мт оногдуулсан хорих ялыг ... хөнгөрүүлэн өөрчилж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Х.О нарын “... шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, хангуулах хүсэлтэй байна” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Мын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.Мт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н, М.В, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР