Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2026/0403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:/,

Хариуцагч: Боловсролын сайд,

Хариуцагч: Боловсролын ерөнхий газар,                                     

Маргааны төрөл: Захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанаас учирсан хохирол гаргуулахтай холбоотой маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А., хариуцагч Боловсролын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, О.Б, хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Ч., Б.Л нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүгчийн туслах Д.Наранцацрал хөтлөв.                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хоёр дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох,

1.2. Хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохиролд 5,053,226,844.62 төгрөгийг гаргуулах.                       

Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:                                     

2.1. Нэхэмжлэгчээс хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...

Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарын тулд Боловсролын ерөнхий газартай ямар гэрээ байгуулсан, тус гэрээний утга агуулга, зорилго, гэрээний дагуу ямар эрх, үүрэг хүлээсэн болохыг зайлшгүй тайлбарлах шаардлагатай байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Сурах бичгийн жагсаалт батлах тухай” дугаартай тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтад 2023-2024 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг баталсан. Тухайн тушаалаар батлагдсан сурах бичгүүдийг сургалтад хэрэглэх шаардлагатай боловч сурах бичгийн хүрэлцээ муу, сурах бичгийг хэвлүүлэхэд шаардлагатай төсөв батлагдаагүй буюу байхгүй байсан. Сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг сурах бичгээр бүрэн хангах арга хэмжээ авч ажиллахыг Боловсролын ерөнхий газарт үүрэг болгож, сурах бичгийг худалдах, цахим хэлбэрээр захиалга авах, тооцоо хийх боломжийг холбогдох хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулж ажиллахыг Боловсролын ерөнхий газарт зөвшөөрсөн. Үүний дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг өөрийн хөрөнгөөр хэвлэх, худалдах, түгээх ажлыг хийх хуулийн этгээдийг шалгаруулах сонгон шалгаруулалт зарлаж, манай компани шалгарсан.

Тодруулбал, Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай тушаалаар баталсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж, Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сурах бичиг худалдах үйл ажиллагааг зохион байгуулах тухай” дугаартай тушаалаар "Сурах бичиг худалдах нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан Э компанитай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газарт даалгасан. Үүний дагуу бид 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Боловсролын ерөнхий газартай Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

Тус гэрээний дагуу бид улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад шаардлагатай буюу дутагдалтай сурах бичгийг өөрийн хөрөнгөөр хэвлүүлж, худалдах, хүргэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Харин Боловсролын ерөнхий газрын зүгээс улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудад шаардлагатай буюу дутагдалтай сурах бичгийн тоон мэдээллийг бидэнд гаргаж өгч, мэдээллээр хангахаар байсан. Өөрөөр хэлбэл, Боловсролын ерөнхий газрын өгсөн мэдээллийн дагуу бид сурах бичиг хэвлэсэн. Учир нь, нэгэнт сурах бичиг дутагдалтай, улсад түүнийг хэвлүүлэх мөнгө, санхүү байхгүй учир бид өөрсдийн хөрөнгөөр хэвлэж, худалдан борлуулах төлөвлөгөө, ойлголтоор тус гэрээг байгуулж, зардал гаргасан. Бидний үүрэг бол сурах бичгийн хомсдол үүсгэхгүйгээр Боловсролын ерөнхий газрын тодорхойлсон буюу өгсөн мэдээллийн дагуу сурах бичиг хэвлэх, худалдан борлуулах явдал байсан. Мөн бид өөрийн хөрөнгөөр сурах бичиг хэвлэж, нийлүүлэх замаар сурах бичгийн хомсдол, дутагдлыг арилгахаар ажиллаж, эрсдэл хүлээсэн учир Боловсролын ерөнхий газар нь өөр этгээдэд сурах бичиг худалдах, түгээх буюу зах зээлд нийлүүлэх эрхийг давхардуулан олгохгүй байхаар гэрээгээр тохирсон. Тэгэхгүй бол бид өөрсдийн зардал, мөнгөөр сурах бичиг хэвлэсний дараа өөр этгээд сурах бичиг хэвлэж, зах зээлд нийлүүлэх нөхцөлд бидний сурах бичиг зарагдахгүй, бид хохирохоор байсан. Энэ талаар гэрээний 1.2, 3.1.4, 3.2.1, 3.2.5, 4.1.2, 4.1.3, 4.2.8, 4.2.9, 8.1 дэх заалтуудад заасан.

Бид тус гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан. Тодруулбал, Боловсролын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” дугаартай албан бичигт “Гэрээний дагуу сурах бичгийн хүртээмжийг сайжруулах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн уян хатан, нээлттэй хувилбаруудыг хэрэгжүүлэх хүрээнд 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилд Э ХХК өөрийн хөрөнгөөр ерөнхий боловсролын сурах бичгийг хэвлэн, аймаг, дүүргийн Боловсролын газар, хэлтсүүдтэй хамтран суралцагчдад түгээж, ашиглуулсан нь боловсролын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ жишиг тогтоосон, онцгой ач холбогдол бүхий ажил болсныг тэмдэглэн талархал илэрхийлье" гэж тусгасан. Боловсролын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолтод “Э ХХК нь 2023 онд манай байгууллагатай байгуулсан 411 тоот гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр нийт 5.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий сурах бичгийг хэвлэн ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 дугаар ангийн сурагчдад ашиглуулах ажлыг зохион байгуулж байна. Тус компаниас сурах бичгийг худалдаалах ажлыг гэрээний дагуу үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрийг хууль тогтоомжийн хүрээнд барагдуулах ажлыг ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх болно" гэж тусгасан.

1/ Боловсролын ерөнхий газрын бодит бус мэдээлэл өгсөн, хуучин сурах бичгүүдийг актлах арга хэмжээ аваагүй буруутай үйл ажиллагааны тухай:

Гэрээний 4.1.2, 4.1.3 дахь заалтуудын дагуу бид худалдан авах эрэлт хэрэгцээ, шаардлагатай сурах бичгийн тухай мэдээллийг авах, ажил үйлчилгээний даалгаврын талаарх мэдээллээр хангагдах эрхтэй. Ийнхүү шаардлагатай сурах бичгийн бодит тоон мэдээллээр хангагдаж байж гэрээний 4.2.8, 4.2.9 дэх заалтуудад заасан хомсдол үүсгэхгүйгээр сурах бичгийг нийлүүлэх, түгээх болон сурах бичгийн худалдан авах эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээг авах үүргээ гүйцэтгэх боломжтой билээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 15.1.1, 15.1.5-д тус тус заасны дагуу бид захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар болон өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар мэдээлэл авах эрхтэй. Энэ хүрээнд шаардлагатай сурах бичгийн эрэлт хэрэгцээ, тоон мэдээллийн талаар бид мэдээлэл авах эрхтэй.

Энэ хүрээнд Боловсролын ерөнхий газар нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах тухай” ******* дугаартай албан бичгээр манай компанийг ерөнхий боловсролын сургуулиудад шаардлагатай сурах бичгийн тоо мэдээллээр хангасан. Ингэхдээ сурах бичгийн хангалт 6 дугаар ангийн хувьд 64%, 7 дугаар ангид 58%, 8 дугаар ангид 46%, 9 дүгээр ангид 51%, 10 дугаар ангид 53%, 11 дүгээр ангид 38%, 12 дугаар ангид 32%-тай байгаа талаар статистик мэдээллийг бидэнд ирүүлсэн. Мөн үүнтэй холбоотой гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу сурах бичгийн захиалга авах, хэрэглэгчдэд хүргэх, сурах бичгийн нөөцийг хангах бэлтгэл ажлыг гүйцэтгэхийг хүссэн. Бид гэрээний 3.1.4, 4.2.8 дэх заалтуудын дагуу сурах бичгийн хомсдол үүсгэхгүй байх үүрэгтэй тул Боловсролын ерөнхий газраас өгсөн тоон мэдээллийн дагуу буюу тус тоон мэдээлэл тулгуурлан сурагчдад шаардлагатай сурах бичгүүдийг хэвлүүлж, зах зээлд нийлүүлэхэд бэлэн болгосон. Гэвч Боловсролын ерөнхий газар нь ийнхүү биднийг тоон мэдээллээр хангахдаа алдаатай, бодит бус мэдээллээр хангасан байна. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулиуд бодит байдал дээр 2018, 2019 онд хэвлэгдсэн номнуудыг бүрэн актлаагүй, сургалтад ашиглаж байсан нөхцөл байдлыг мэдэхгүйгээр хэвлэх шаардлагатай сурах бичгийн тоон мэдээллийг бодит байдлаас илүү их хэмжээнд гаргасан аж.

Харин хожим энэ нөхцөл байдлыг мэдэж, дээр дурдсан албан бичгүүдийг гаргасан байна. Боловсролын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” дугаартай албан бичгийн 4 дэх догол мөрт "Дээрх сурах бичиг дутагдалтай болон 2019 оны актлагдсан сурах бичгийн тоон үзүүлэлтэд тулгуурлан сургуулиудад хуваарь хийж, Э ХХК-тай сургууль тус бүрээр гэрээ байгуулан борлуулах болон түрээсээр ашиглуулах арга хэмжээг авч ажиллана уу" гэж заасан байгаагаас үүнийг харж болно. Мөн Боловсролын ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” дугаартай албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” дугаартай албан бичиг ч үүнийг харуулна.

Сурагч хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид сурах бичиг худалдан авахгүй байгаа шалтгааныг тодруулахад дараах зүйл тодорхой болсон. Үүнд,

- Ерөнхий боловсролын сургуулиуд сурагч хүүхдүүдэд актлах шаардлагатай хуучин сурах бичгүүд буюу 2018, 2019 онд хэвлэгдсэн сурах бичгүүдийг сургалтад ашиглах ёсгүй ч ашиглаж байсан;

- Боловсролын ерөнхий газар нь актлагдах шаардлагатай сурах бичгүүдийг актлах арга хэмжээ авахгүй, хуучин сурах бичгүүдийг сургуулиуд хууль бусаар ашиглаж байгаа явдалд хяналт тавиагүй, зөрчлийг таслан зогсооx apra хэмжээ аваагүй,

- Ерөнхий боловсролын сургуулиуд нь бодит байдал дээр актлагдах шаардлагатай хуучин сурах бичгүүдийг ашиглаж байхад Боловсролын ерөнхий газар нь энэ талаар анхаарч үзэхгүйгээр буюу бодит байдлыг мэдэхгүйгээр сурах бичгийн хангалт, шаардлагатай сурах бичгийн тоон мэдээллийг бодит байдлаас илүү их хэмжээнд хэтрүүлэн буюу алдаатай тооцоолсон;

- Дээрх нөхцөл байдлуудын улмаас Боловсролын ерөнхий газар нь сурах бичгийн бодит эрэлт хэрэгцээнээс хэтэрсэн байдлаар сурах бичгүүд хэвлүүлсэн. Үүний улмаас бидний хэвлэсэн сурах бичгүүд зарагдаагүй юм.

Дээрх нөхцөл байдлуудыг доор дэлгэрүүлэн тайлбарлав.

2/ 2020 оноос өмнө хэвлэгдсэн сурах бичгүүдийг сургалтад ашиглах ёсгүй тухай: Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11.1-т "...ерөнхий боловсролын сургалтад хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасан. Үүний дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн "Сурах бичгийн жагсаалт батлах тухай" дугаартай тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад 2023-2024 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг баталж, хавсралтын төгсгөл хэсэгт "Сургалтад 2020, 2021, 2022, 2023 онд хэвлэгдсэн сурах бичиг хэрэглэнэ" гэж заасан. Иймд 2019 онд хэвлэгдсэн, хуучирсан ном, сурах бичгүүдийг 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилүүдэд хэрэглэх учиргүй. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Журам батлах тухай” А/302 дугаартай тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журмыг баталсан. Энэ нь ном, сурах бичгийг эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүдэд төлбөртэй ашиглуулах буюу түрээслүүлэх тухай журам юм. Ном, сурах бичгийг 4 жил ашигласны дараа акталж, шинээр хэвлүүлэх шаардлагатай учир ном, сурах бичгийг 4 жил төлбөртэй ашиглуулсны төлөө авах төлбөр нь 4 жилийн дараа шинээр хэвлэгдэх номны зардлыг дарах боломжтой байдлаар дээрх журмаар төлбөрийн хэмжээг тогтоосон. Өөрөөр хэлбэл, сурах бичгийг зөвхөн 4 жил сургалтад ашиглана гэдгийг тухайн журмаар ч заасан гэсэн үг. Тодруулбал, тус журмын "Хавсралт 1"-ийн 1 дэх заалтад “Сурах бичиг ашиглуулах үйлчилгээний төлбөрийн хэмжээг тооцохдоо гурваас дөрвөн жилийн дараа төлбөртэй ашиглуулах бүх сурах бичгийг дахин худалдан авахад шаардагдах зардлын эх үүсвэр хуримтлуулсан байх ёстойг харгалзана" гэж заасан. Иймд тухайн журмын дагуу ч 4 жилийн өмнө хэвлэгдсэн ном, сурах бичгийг сургалтад ашиглах боломжгүй юм. Боловсролын сайдын дээр дурдсан хоёр тушаал, журмуудыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн "Тушаалын хэрэгжилтийг хангах тухай" ******* дугаартай албан бичгээр Боловсролын ерөнхий газрын даргад хүргүүлж байсан. Цаашлаад аймаг, нийслэлийн бүх Боловсролын газрууд, сургуулиудад хүргүүлж тушаал, журмыг мөрдөж ажиллахаар тогтоож байсан. Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” дугаартай албан бичгийн зөвлөмж хэсгийн 7-д “Сургуулийн номын санд байгаа ашиглах боломжгүй, ашиглалтын хугацаа дууссан сурах бичгийг эд хөрөнгийн бүртгэл, хяналтын журмын дагуу акт үйлдэн цэгцлэх" гэж тусгасан. Энэ нь 2020 оноос өмнө хэвлэгдсэн буюу актлагдах шаардлагатай хуучин сурах бичгүүдийг актлах тухай шаардлага байсан юм. Сайдын дээрх тушаал, журмуудын дагуу сурах бичгийг зөвхөн 4 жил сургалтад ашиглах, үүний дараа акталж, шинээр сурах бичиг хэвлүүлэх шаардлагатай байдаг.

3/ Ерөнхий боловсролын сургуулиуд нь актлагдах шаардлагатай сурах бичгүүдийг сургалтад ашиглаж байсан тухай:

Дээрх журам, тушаалуудын дагуу сургуулиуд нь зөвхөн 2020 он болон түүнээс хойш хэвлэгдсэн сурах бичгүүдийг сургалтад ашиглах учиртай ч 2018, 2019 оны сурах бичгүүдийг сургалтад ашиглаж байсан байна. Энэ нь дараах баримтуудаар тус тус харагддаг. Үүнд,

- Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” дугаартай албан бичигт "Иймээс дараах зөвлөмжийг хүргүүлж байна" гэж, 7 дугаартай хэсэгт нь "Сургуулийн номын санд байгаа ашиглах боломжгүй, ашиглалтын хугацаа дууссан сурах бичгийг эд хөрөнгийн бүртгэл, хяналтын журмын дагуу акт үйлдэн цэгцлэх" гэж тусгасан.

- Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай дугаартай албан бичигт “Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх явцад нэн яаралтай засаж залруулах, анхаарах асуудал байгаа тул энэхүү чиглэлийг хүргүүлж байна. Үүнд; Сурагчдад 2018 он болон түүнээс өмнөх оны сурах бичгүүдийг ашиглуулж байгааг нэн яаралтай зогсоох, суралцагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан сурах бичгээр бүрэн хангахад анхаарч, арга хэмжээ авах; Эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон сурах бичгийг актлах;" гэж, "Ерөнхий боловсролын сургуулиудаас ... 2019 онд хэвлэн нийлүүлсэн сурах бичгийн 32 хувийг ашиглах боломжгүй тул акталсан байна" гэж, "Жич: Суралцагчдад төлбөртэй ашиглуулж байгаа эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон сурах бичгүүдийг татан авч, сурах бичгийн төлбөрийг худалдаалах сурах бичигт шилжүүлэн суралцагчдыг шинэ сурах бичгээр хангах ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэж ажиллах нь зүйтэй" гэж тус тус тусгасан байна.

Бид Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээ, тухайн гэрээний явцад Боловсролын ерөнхий газраас өгсөн мэдээллийн дагуу сурах бичгийн нөөцийг бэлтгэл, сурах бичгээр тасралтгүй хангах, хомсдол үүсгэхгүй байх үүргээ биелүүлж, шаардлагатай сурах бичгүүдийг хэвлүүлсэн. Гэтэл бодит байдал дээр ерөнхий боловсролын сургуулиуд, сурагчид актлагдах шаардлагатай сурах бичгүүдийг ашиглаж байсан тул бидний хэвлүүлсэн сурах бичгүүд зарагдаагүй. Тийм учраас манай компани 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Сурах бичиг худалдаалах гэрээг үргэлжлүүлэн сунгах тухай ******* дугаартай албан бичгийг Боловсролын ерөнхий газарт илгээж, Гэрээний хугацааг нэг жилээр сунгах хүсэлт тавьсан. Тус албан бичигтээ "Боловсролын ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ирсэн тоон мэдээллийн дагуу сурах бичгийн хомсдол үүсгэхгүй байхад анхаарч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сурах бичгийн нөөцийг бэлдэх хүрээнд 80,000 багц сурах бичгийг хэвлүүлсэн боловч ерөнхий боловсролын сургуулиуд актлагдах шаардлагатай сурах бичгүүдийг ашиглаж байгаагаас шалтгаалан манай компани сурах бичиг худалдаж чадаагүй, борлуулалт зогссон" талаар тодорхой тайлбарласан. Үүний үндсэн дээр “Бид уг зөрчлийн улмаас сурах бичиг хэвлэн түгээхэд зарцуулсан 5,734,200,000.00 төгрөгийн бодит эрсдэлд ороод байна. Мөн бид гэрээгээр хүлээсэн бүхий л үүргээ амжилттай биелүүлсэн тул сурах бичиг хэвлэх, худалдаалах, түгээх ажлын гэрээг сунгуулах" хүсэлт гаргасан.

Бид 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Гэрээг сунгуулах хүсэлт гаргасныг Боловсролын ерөнхий газар авч хэлэлцэж тус газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/322 дугаартай Тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаанаар биднийг гэрээний үүргээ 90 хувьтай биелүүлсэн гэж дүгнэсэн. Үүнтэй холбоотой болон бидний хүсэлт, үндэслэлийг хүлээж авсантай холбоотой Гэрээг нэг жилээр сунгах шийдвэрийг гаргасан. Үүнийг Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн Гэрээг дүгнэсэн тухай дугаартай албан бичгээс харж болно. Үүний үр дүнд бид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Тухайн гэрээний 3 дахь заалтаар гэрээний хугацааг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан.

Актлагдах шаардлагатай сурах бичгүүдийг актлах, сургалтад ашиглуулахгүй байх үүргийг Боловсролын ерөнхий газар хүлээж байсан. Учир нь, Сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Сурах бичгийн жагсаалт батлах тухай дугаартай Тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтад 2023-2024 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг баталсан. Ингэхдээ зөвхөн 2020 оноос хойш хэвлэгдсэн сурах бичгүүдийг ашиглах шаардлагатай тус Тушаалын хавсралтад тодорхой тусгасан. Мөн Сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай Тушаалыг гаргаж, тус Тушаалын 1 дэх заалтаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг сурах бичгээр бүрэн хангах арга хэмжээ авч ажиллахыг Боловсролын ерөнхий газарт үүрэг болгож, 2 дахь заалтаар сурах бичгийг худалдах, цахим хэлбэрээр захиалга авах, тооцоо хийх боломжийг холбогдох хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулж ажиллахыг Боловсролын ерөнхий газарт зөвшөөрсөн. Мөн Боловсрол, Шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Тушаалын хэрэгжилтийг хангах тухай ******* дугаартай албан бичгээр Сайдын 2023 оны , , дугаартай Тушаалуудыг хүргүүлж, тэдгээр Тушаалуудын хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газарт үүрэг болгосон. Сайдын тэдгээр тушаалууд нь бүгд сургалтад зөвхөн 2020 оноос хойш хэвлэгдсэн сурах бичгийг ашиглах агуулгатай болохыг дээр тайлбарласан. Иймд Боловсролын ерөнхий газар нь Сайдын тус Тушаалуудын хэрэгжилтийн хангуулах хүрээнд 2018, 2019 онд хэвлэгдсэн сурах бичгүүдийг сургалтад ашиглуулахгүй байх талаар арга хэмжээ авах үүрэгтэй. Түүнчлэн, Боловсролын ерөнхий хуулийн 27.1.1, 27.1.4 дэх заалтуудын дагуу сурах бичгийг зохиох, хэвлэх, хангах нийлүүлэх ажлыг зохион байгуулах, сургалтын баримт бичгийг хэвлүүлэх, түгээх, олгох ажлыг зохион байгуулах нь Боловсролын ерөнхий газрын чиг үүрэг билээ. Иймд тус байгууллага нь хуулиар хүлээсэн тус чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд актлах шаардлагатай сурах бичгүүдийг актлах, шинээр сурах бичиг хэвлэж, хангах нийлүүлэх үүргийг хэрэгжүүлэх учиртай. Гэтэл дээрх байдлаар актлах шаардлагатай сурах бичгүүдийг актлах, тэдгээрийг шинэ сурах бичгээр солих арга хэмжээ аваагүй явдал нь тус байгууллагын буруутай үйл ажиллагаа юм.

Эндээс товч дүгнэхэд, Боловсролын ерөнхий газар дээрх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, биднийг буруу мэдээллээр хангасан, Сайдын тушаалуудын биелэлтийг хангуулаагүй, хууль тогтоомж зөрчсөн буруутай үйл ажиллагаа явуулсны улмаас бид хэвлүүлсэн сурах бичгүүдээ худалдан борлуулж чадаагүй хохирсон юм.

4/ Боловсролын ерөнхий газар нь гэрээний 3.2.5 дахь заалтыг зөрчсөн тухай:

Гэрээний 3.2.5 дахь заалтад "Сурах бичиг худалдах, түгээх ажлыг бусад компанид давхардуулан олгохгүй" гэж заасан. Энэ нь Захиалагч болох Боловсролын ерөнхий газрын үүрэг юм. Гэвч Боловсролын ерөнхий газар нь гэрээний тус заалтыг шууд зөрчсөн.

Гэрээний 3.2.5-д яагаад дээрх агуулга бүхий заалтыг талууд оруулах болсон вэ гэхээр ерөнхий боловсролын сургуулиудад шаардлагатай сурах бичгүүдийг бид хэвлүүлж, худалдахаар гэрээгээр тохирсон. Иймд бид хэвлэсний дараа Боловсролын ерөнхий газар нь өөр этгээдэд сурах бичиг хэвлэх, худалдан борлуулах буюу нийлүүлэх эрх олгосон нөхцөлд бид хэвлэсэн сурах бичгээ нийлүүлэх, худалдан борлуулах боломжгүй болох байсан юм. Боловсролын ерөнхий газар нь анхнаасаа "Зөвхөн гэрээ байгуулсан компани л сурах бичиг хэвлэх, нийлүүлэх эрхтэй. Тийм учраас хэвлэсэн сурах бичиг худалдан борлуулагдах нь гарцаагүй, ойлгомжтой" гэх мэдээлэл, ойлголтыг бидэнд өгсөн. Тийм ч учраас бид “Бидний хэвлүүлсэн сурах бичиг зарагдах юм байна. Тийм болохоор улсаас мөнгө авахгүйгээр өөрсдөө хэвлүүлээд зарах боломжтой юм байна" гэдэг бодлоор сонгон шалгаруулалтад орж, улмаар гэрээ байгуулах болсон.

Гэтэл Боловсролын ерөнхий газар нь гэрээ байгуулсны дараа гэрээний 3.2.5 дахь заалтыг зөрчиж, сурах бичгийн нийлүүлэлтийг хийсэн. Тодруулбал, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ерөнхий боловсролын сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд 6-12 дугаар ангийн сурах бичгийг хэвлэн нийлүүлэх тухай, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1-6 дугаар ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх тухай, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 6-12 дугаар ангийн сурах бичиг тээвэрлэн хүргэх тухай тендерүүдийг тус тус зарлаж, тэдгээр ажлуудыг бусдаар гүйцэтгүүлсэн байна. Үүний үр дүнд шинээр сурах бичиг хэвлэж, зах зээлд нийлүүлсэн буюу гэрээний 3.2.5-д заасан үүргээ зөрчсөн. Ингэснээр бидний хэвлүүлсэн сурах бичгүүд худалдан борлуулагдахгүй байх үр дагавар, эрсдэл учирсан байна.

Боловсролын ерөнхий газрын дээрх үйлдлүүд нь гэрээний зөрчил байхаас гадна Захиргааны ерөнхий хуульд хуульчилсан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн хэрэг юм. Учир нь, анх гэрээ байгуулахдаа бидэнд гэрээний хугацаанд зах зээлд сурах бичиг нийлүүлэхгүй, өөр этгээдэд сурах бичих хэвлэх, түгээх эрх олгохгүй гэж хэлж, тийнхүү итгэлийг үүсгэж байсан. Хэрэв өөр байдлаар сурах бичиг хэвлэж, түгээх байсан бол бид анх сонгон шалгаруулалтад оролцохгүй, Сурах бичиг хэвлэх, худалдах гэрээг байгуулахгүй байх байсан. Учир нь, сурах бичиг гэдэг бол хэрэглэгчийн тоо нь тодорхой, хязгаарлагдмал зах зээл байдаг. Иймд бид тухайн зах зээлийг хангана гэж бодож ажиллаж байхад өөр этгээд сурах бичиг нийлүүлбэл бид хэвлэсэн номоо зарж чадахгүйд хүрнэ.

5/ Бусад үндэслэлийн тухай:

Бид Гэрээ байгуулахаас өмнө ч тэр, дараа ч тэр Боловсролын ерөнхий газрын хүмүүс нь бидний хэвлүүлж, сургуулиудад нийлүүлсэн сурах бичгийг эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүд түрээсээр ч ашиглах боломжтой гэж ярьж байсан. Тодруулбал, Боловсролын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай албан бичигт "Сурагчдад төлбөртэй ашиглуулж байгаа сурах бичгийн төлбөрийг худалдаалах бичиг бичигт шилжүүлэн суралцагчдыг шинэ сурах бичгээр хангах ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэж ажиллах нь зүйтэй" гэж байсан. Үүний дагуу сургуулиуд бидний нийлүүлсэн зарим сурах бичгүүдийг эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүдэд түрээслүүлж, түүний төлбөрийг бидэнд төлж байсан. Гэтэл хожим Боловсролын ерөнхий газар, Боловсролын сайд нь үүнийг үгүйсгэж, бидний сурах бичгийг түрээслүүлэхийг хориглох болсон. Тодруулбал, Боловсролын яамны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Чиглэл өгөх тухай албан бичгийн Нэг дугаартай хэсэгт бидний сурах бичгийг түрээслэх боломжгүй талаар тусгасан. Боловсролын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичгийн 2 дахь талд мөн адил бидний сурах бичгийг түрээсээр ашиглуулах боломжгүй гэх хариуг өгсөн. Мөн Боловсролын яамны Улсын байцаагчид нь сурах бичгийн түрээсийн төлбөрийг бидэнд шилжүүлсэн сургуулиудад акт тавьсан байна.

Иймд Боловсролын ерөнхий газар нь бидэнд сурах бичгийг түрээсийн журмаар ашиглуулж болно гэдэг хууль ёсны итгэлийг төрүүлсэн мөртлөө хожим үүнийг үгүйсгэж, бидний сурах бичиг түрээслүүлэх эрхийг зөрчсөн. Үүний улмаас бид хэвлүүлсэн сурах бичгүүдээ худалдах, төлбөртэй ашиглуулах боломжгүй болж, гаргасан зардлаа ч нөхөж чадахгүй хохирлоо.

Боловсролын ерөнхий газар болон Боловсролын сайдын бусад буруутай шийдвэр, үйл ажиллагааны талаарх нэмэлт тайлбарыг бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах болно.

6/ Сайдын хууль бус шийдвэр, буруутай үйл ажиллагааны тухай:

Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 1/1471 дугаартай шийдвэрийн 2 дахь заалтад “Дунд, ахлах ангийн сурах бичгийг хүрэлцээгүй байгаа тул 2019 онд хэвлэгдсэн дахин ашиглах боломжтой сурах бичгийг суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулах"-аар шийдвэрлэсэн. Энэ нь актлагдсан буюу ашиглах боломжгүй, ашиглах учиргүй номнуудыг сургалтад ашиглах, хүүхдүүдэд ашиглуулах агуулгатай шийдвэр юм.

Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд Боловсролын сайдын бүрэн эрх, хэрэгжүүлэх чиг үүргийг хуульчилсан. Сайд нь зөвхөн хуулийн тус хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах учиртай билээ. Гэтэл 2019 онд хэвлэгдсэн буюу актлагдах шаардлагатай номыг хэрэглээнд нэвтрүүлэх, хэрэглэх талаарх шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар Сайдад олгогдоогүй. Сайдын маргаан бүхий дээрх шийдвэрт ч Боловсролын ерөнхий хууль болон бусад ямар нэгэн хууль тогтоомж иш татаагүй, үндэслээгүй. Энэ нь сайд өөрийн чиг үүрэг, бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасныг харуулах нэг хүчин зүйл гэж бодож байна.

Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Боловсролын ерөнхий газрын бүрэн эрхийг заасан. Тус хуулийн 27.1.1, 27.1.4-т тус тус зааснаар сурах бичиг зохиох, хэвлэх, ханган нийлүүлэх ажлыг зохион байгуулах болон боловсрол, сургалтын баримт бичгийг хэвлүүлэх, түгээх, олгох ажлыг зохион байгуулах нь Боловсролын ерөнхий газрын бүрэн эрх юм. Энэ хүрээнд сургалтад ямар ном ашиглах эсэх асуудлыг сайд (Улс төрч хүн) бус Боловсролын ерөнхий газар (мэргэжлийн байгууллага, төрийн жинхэнэ албан хаагчид) шийдвэрлэх учиртай. Энгийнээр хэлбэл, Сайд нь боловсролын салбарын бодлогын асуудлаар шийдвэр гаргах болохоос биш аж ахуйн ажилд оролцох учиргүй билээ. Иймд Сайдын дээрх маргаан бүхий шийдвэр нь өөрт бүрэн эрх олгогдоогүй асуудлаар гаргасан, Боловсролын ерөнхий газрын бүрэн эрхэд халдсан шийдвэр байсан.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11.1-т "... ерөнхий боловсролын сургалтад хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Үүний дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн "Сурах бичгийн жагсаалт батлах тухай" дугаартай Тушаал гарч, тус Тушаалын хавсралтаар Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад 2023-2024 оны хичээлийн жилд хэрэглэг сурах бичгийн жагсаалтыг баталсан. Тухайн Тушаалын хавсралтын төгсгөл хэсэгт "Сургалтад 2020, 2021, 2022, 2023 онд хэвлэгдсэн сурах бичиг хэрэглэнэ" гэж заасан. Иймд 2019 онд хэвлэгдсэн, хуучирсан ном, сурах бичгүүдийг 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилүүдэд хэрэглэх учиргүй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн "Журам батлах тухай" А/302 дугаартай Тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журмыг баталсан. Энэ нь ном, сурах бичгийг эцэг эх, асран хамгаалагч, хүүхдүүдэд төлбөртэй ашиглуулах буюу түрээслүүлэх тухай журам юм. Ном, сурах бичгийг 4 жил ашигласны дараа акталж, шинээр хэвлүүлэх шаардлагатай учир ном, сурах бичгийг 4 жил төлбөртэй ашиглуулсны төлөө авах төлбөр нь 4 жилийн дараа шинээр хэвлэгдэх номны зардлыг дарах боломжтой байдлаар дээрх Журмаар төлбөрийн хэмжээг тогтоосон. Өөрөөр хэлбэл, сурах бичгийг зөвхөн 4 жил сургалтад ашиглана гэдгийг тухайн журмаар ч заасан гэсэн үг. Тодруулбал, тус Журмын “Хавсралт 1"-ийн 1 дэх заалтад “Сурах бичиг ашиглуулах үйлчилгээний төлбөрийн хэмжээг тооцохдоо гурваас дөрвөн жилийн дараа төлбөртэй ашиглуулах бүх сурах бичгийг дахин худалдан авахад шаардагдах зардлын эх үүсвэл хуримтлуулсан байх ёстойг харгалзана" гэж заасан. Иймд тухайн журмын дагуу ч 4 жилийн өмнө хэвлэгдсэн ном, сурах бичгийг сургалтад ашиглах боломжгүй юм.

Боловсролын сайдын дээр дурдсан хоёр тушаал, журмуудыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Тушаалын хэрэгжилтийг хангах тухай" ******* дугаартай албан бичгээр Боловсролын ерөнхий газрын даргад хүргүүлж байсан. Цаашлаад аймаг, нийслэлийн бүх Боловсролын газрууд, сургуулиудад хүргүүлж Тушаал, Журмыг мөрдөж ажиллахаар тогтоож байсан.

Сайдын дээрх тушаал, журмуудын дагуу сурах бичгийг зөвхөн 4 жил сургалтад ашиглах, үүний дараа акталж, шинээр сурах бичиг хэвлүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл зарим сургуулиуд хуучин буюу актлагдах шаардлагатай номнуудыг сургалтад ашиглах зөрчил гаргадаг аж. Тухайлбал, Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай" дугаартай албан бичигт тийнхүү агуулга бүхий зөрчил гарч байгаа талаар заасан. Тодруулбал, тус албан бичигт "Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх явцад нэн яаралтай засаж залруулах, анхаарах асуудал байгаа тул энэхүү чиглэлийг хүргүүлж байна. Үүнд: Сурагчдад 2018 он болон түүнээс өмнөх оны сурах бичгүүдийг ашиглуулж байгааг нэн яаралтай зогсоох" гэж, "Ерөнхий боловсролын сургуулиудаас 2023-2024 оны хичээлийн жилд авсан судалгаагаар улсын хэмжээнд ... 2019 онд хэвлэн нийлүүлсэн сурах бичгийн 32 хувийг ашиглах боломжгүй тул акталсан байна" гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл, Сайдын баталсан Тушаал, Журмуудыг зөрчиж, актлагдах шаардлагатай ном, сурах бичгүүдийг сургалтад ашиглах явдлыг зөрчил болохыг Боловсролын ерөнхий газрын дээрх албан бичигтээ тодорхой дурдаж, таслан зогсоох чиглэл өгч байсан. Мөн Боловсролын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай дугаартай албан бичгийн 1 дэх хуудасны төгсгөл хэсэгт “Зарим аймаг, сумдын ерөнхий боловсролын сургуулиуд ашиглалтын хугацаа дууссан сурах бичиг ашигласан" гэж тусгасан. Энэ нь, ашиглалтын хугацаа болох 4 жилийн хугацаа нь дууссан сурах бичгийг сургалтад ашиглаж болохгүйг дахин тэмдэглэсэн шийдвэр, албан бичиг юм.

Гэтэл Боловсролын сайд нь өөрөө тухайн зөрчлийг гаргаж, 2019 оны сурах бичгүүдийг сургалтад ашиглах тухай шийдвэрийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн "Чиглэл хүргүүлэх тухай" 1/1471 дугаартай шийдвэрийн 2 дахь заалтаар гаргаад байна. Нэг ижил зүйлийг сургуулиуд, багш нар хийхээр зөрчил болж, Сайд хийхээр хууль ёсны зүйл болох учиргүй. Сайд хуулийн хүрээнд баталсан журам, тушаалуудаа өөрөө ч дагаж мөрдөх үүрэгтэй. Сайдын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай Тушаалын хавсралтад 2023-2024 оны хичээлийн жилд 2019 онд хэвлэгдсэн ном ашиглахгүй байхаар баталж байсан. Гэтэл 2025 онд тэдгээр номнуудыг ашиглахаар шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, 2 жилийн өмнө актлагдах шаардлагатай байсан хуучин номнуудыг сургалтад ашиглах, хүүхдүүдэд ашиглуулах шийдвэр гаргаад байна.

Сайд өөрийн гаргасан дээрх зөрчлөө “сурах бичгүүдийг үнэ төлбөргүй ашиглуулж байгаа" гэх сайхан үгний цаана нуухыг хүсэж, тийнхүү гоёмсог үгээр далдлах гэж оролдсон байна. Тодруулбал, Сайдын дээрх шийдвэрийн 2 дахь заалтад 2019 оны сурах бичгүүдийг үнэ төлбөргүй ашиглуулахаар заасан байна. Гэвч энэ нь өөрөө хуулийн тодорхой заалтыг зөрчиж байгаа. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11.7-д “Сурах бичгийг бага ангийн суралцагчид төлбөргүй, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулах бөгөөд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан бол сурах бичгийг худалдан авч болно" гэж заасан. Мөн хуулийн 11.8-д “Энэ хуулийн 11.7-д заасан төлбөрийн хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно" гэж заасан. Сайдын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Журам батлах тухай А/302 дугаартай Тушаалын хавсралтаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журмыг баталсан. Тухайн журмаар сурах бичгийг ашиглуулах төлбөрийн хэмжээг тогтоосон. Хууль, журмын тус зохицуулалтуудын дагуу сурах бичгийг төлбөргүйгээр ашиглуулах ганц нөхцөл, тохиолдол нь бага ангийн суралцагчдын сурах бичиг юм. Иймд сайд 2019 оны сурах бичгүүдийг үнэ төлбөргүй ашиглуулахаар шийдвэр гаргаж байгаа явдал нь хуулийн дээрх зохицуулалтуудыг ч зөрчсөн хэрэг байсан.

Сургуулиуд актлагдах шаардлагатай 2019 онд хэвлэгдсэн сурах бичгүүдийг сургалтад ашигласан байсантай холбоотой бидний хэвлэсэн номнууд зарагдахгүй, бидний борлуулалтад шууд нөлөөлж, борлуулалт хийгдээгүй. Үүнтэй холбоотой бид энэ нөхцөл байдлыг Боловсролын ерөнхий газарт мэдэгдэж, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Сурах бичиг худалдаалах гэрээг үргэлжлүүлэн сунгах тухай 62/24 дугаартай албан бичгийг илгээсэн. Бидний тус хүсэлтийн дагуу гэрээг нэг жилийн хугацаагаар сунгасан. Үүнийг Боловсролын ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Гэрээ дүгнэсэн тухай дугаартай албан бичгээр харж болно. Бидний байгуулсан Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т зааснаар тус гэрээ нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үйлчлэх байсан бол ийнхүү 1 жилээр сунгаж 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үйлчлэхээр болсон.

Ингээд бидний байгуулсан гэрээний хугацаа нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгагдсан тул бид хэвлэсэн номнуудаа 2024-2025 оны хичээлийн жилд худалдана гэж бодсон. Гэтэл Боловсролын сайд нь дээрх хууль бус шийдвэрийг гаргаж, 2019 оны сурах бичгүүд буюу хэрэглэгдэх учиргүй сурах бичгүүдийг ашиглах замаар сурах бичгийн хэрэгцээг хангах хууль бус шийдвэрийг гаргасан. Ингэснээр бид Сайдын Тушаал, шийдвэрүүдийн дагуу болон Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу хэвлэсэн номнуудаа зарах боломжгүй болж, санхүүгийн хувьд бүрэн хохирлоо. Бид 5.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий номыг хэвлүүлэх, түгээх ажлыг компанийн хөрөнгөөр хийсэн. Үүний төлөө улсаас нэг ч төгрөг аваагүй. Харин компани бусдаас зээл авч хийсэн бөгөөд одоогийн байдлаар зээлээ төлж чадахгүй, зээлийн илүү хүү, алданги төлөхөөр болж хохирч байна.

Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай дугаартай шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан боловч тус шийдвэр хэрэгжсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай дугаартай шийдвэрийн 2 дахь заалт хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн.  

7/ Хохирлыг хамтран хариуцах тухай:

Ийнхүү бидэнд учирсан хохирлын хувьд сайд болон Боловсролын ерөнхий газар буруутай тал бид тэдгээрт холбогдуулан хохирол гаргуулах нэхэмжлэлийг гаргав. Өөрөөр хэлбэл, хохирлыг тэдгээр захиргааны байгууллага, албан тушаалтнууд хамтран учруулсан тул тэдгээр нь хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэж байна.

8/ Хохирлын хэмжээний тухайд:

- Гэрээний дагуу бидний олох байсан нийт орлого: Бид байгуулсан гэрээ ёсоор хэвлүүлсэн 70,000 багц сурах бичгүүдээ бүрэн худалдан борлуулж, тээвэрлэн хүргэж чадсан бол бид сурах бичгийн хүргэлтийн төлбөрт 837,222,000 төгрөг, сурах бичгийн төлбөрт 5,892,000,000.00 төгрөг олох байсан. Энэ нь бидний Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээний хавсралтад заасан сурах бичгийн үнэ, сурах бичиг хүргэлтийн төлбөрийн хэмжээгээр тооцсон дүн юм. Ийнхүү бидний байгуулсан гэрээ бүрэн хэрэгжсэн бол буюу хариуцагч байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаанаас болж бид хохироогүй бол бидний олох байсан нийт орлого нь 6,729,222,000.00 төгрөг байна.

- Гэрээний дагуу бидний олсон нийт орлого: Үүнээс бид сурах бичиг худалдан борлуулсны төлбөрт 2,341,511,763.00 төгрөг, сурах бичиг тээвэрлэн хүргэсний төлбөрт 831,234,500.00 төгрөг, нийт 3,172,746,263.00 төгрөгийн орлогыг олсон. Гэхдээ хариуцагчдын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан бид 475,405,261.00 төгрөгийн бодит буцаалтыг эцэг эхчүүдэд хийсэн. Мөн 25 сүлжээ дэлгүүрт 135,000,000.00 төгрөгийн буцаалт хийгдэхээр хүлээгдэж байгаа. Үүгээр бидний сурах бичгийн буцаалтын нийт төлбөр нь 610,405,261.00 төгрөг байгаа. Бидний олсон нийт орлогоос (3,172,746,263 төгрөг) нийт буцаалт болох 610.405.261.00 төгрөгийг хасаж тооцвол бидний сурах бичгийн худалдан борлуулалт, хүргэлтээс олсон орлого 2,562,341,002 төгрөг болж байна. Энэ бол бидний үйл ажиллагааны зардал, татвар хасаагүй бохир орлого буюу бид олсон орлогоо хамгийн өндөр дүнгээр тооцож гаргасан гэсэн үг.

- Дээрх үнийн дүнгийн зөрүү буюу бидний олох ёстой байсан орлогын дүн: Ийнхүү бид Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээ ёсоор хэвлүүлсэн нийт 70,000 багц сурах бичгийг худалдан борлуулж, хүргэлтийг хийсэн бол бид 6,729,222,000.00 төгрөг олох байснаас өнөөдрийн байдлаар 2,562,341,002.00 төгрөгийг олсон байна. Үүгээр гэрээ ном ёсоор хэрэгжсэн бол буюу хариуцагчид саад учруулаагүй бол бидний олох байсан орлого нь (6,729,222,000.00 - 2,562,341,002.00= 4,166,380,998.00) 4,166,380,998.00 төгрөг гарч байна. Тус дүн бол бидний байгуулсан Гэрээ бүрэн хэрэгжсэн буюу хариуцагчид саад учруулаагүй байсан бол бид хэвлүүлсэн 70,000.00 багц сурах бичгээ худалдан борлуулах, тээвэрлэн хүргэх замаар олох байсан орлого юм. Гэтэл хариуцагчдын буруутай үйл ажиллагааны улмаас бид хэвлүүлсэн сурах бичгүүдээ худалдан борлуулж чадаагүй, тээвэрлэн хүргэж чадаагүй учир бид тус орлогоо олж чадаагүй, хохирсон байна.

9/ Учирсан хохирол буюу гарсан нэмэлт зардлууд: Дээрхээс гадна хариуцагчдын буруутай үйл ажиллагааны улмаас бид хэвлүүлсэн сурах бичгээ худалдан борлуулж чадаагүй, тээвэрлэн хүргэж чадаагүй буюу орлого олж чадаагүйтэй холбоотой дараах хоёр байдлаар бидэнд бодит хохирол учирсан.

- Бид санхүүгийн байгууллага болон хувь хүмүүсээс зээлсэн төлбөрөө тооцоолсон хугацаандаа төлж чадаагүй. Үүнээс болж тэдгээр байгууллага, иргэдэд тооцоолоогүй байдлаар нэмэлтээр хүү төлөх болж хохирч байна. Тодруулбал, "И*******" ХХК, иргэн Ш.Н*******, Б.******* нараас зээлж авсан зээлийн төлбөрийн хувьд нийт 793,883,846.00 төгрөгийн зээлийн хүү илүү төлөх болж хохирч байна. Тус зээлийн хүү нь Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусах үе болох 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойших хугацаанд хамаарах хүү юм. Харин 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг бид өөрсдөө хариуцаж байгаа бөгөөд хариуцагчдаас нэхэмжлээгүй болно.

- Мөн хариуцагчдын шийдвэр, үйл ажиллагааны улмаас бид худалдан борлуулж чадаагүй сурах бичгүүдээ одоо хүртэл хадгалуулж байгаа. Үүнтэй холбоотой 2025 оны 10 дугаар сараас эхлэн 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хадгалалтын зардалд нийт 92,462,789.62 төгрөг гараад байна. Тодруулбал, хариуцагчдын шийдвэр, үйл ажиллагааны улмаас бид хэвлүүлсэн сурах бичгээ худалдан борлуулж чадаагүй тул тэдгээр сурах бичгүүдийг хадгалуулах шаардлагатай болсон. Үүний улмаас бид "П*******" компанитай 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр П******* үйлчилгээний гэрээг байгуулж, сурах бичгүүдээ тухайн байгууллагын хадгалалтын агуулахад хадгалуулж байгаа. Тус байгууллага нь агуулахын үйлчилгээ, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага учир бид сонгож сурах бичгээ аюулгүй хадгалуулж байгаа. Тухайн хадгалалтын үйлчилгээний зардал нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 92,462,789.62 төгрөг болсон байна. Хариуцагчид нь бидний хохирлыг барагдуулахгүй, сурах бичгүүдээ хүлээн авахгүй бол тус зардал цаашид ч нэмэгдэхээр байна. Иймд хариуцагчдын буруутай үйл ажиллагааны улмаас бидэнд учирсан бодит хохиролд бид тус 92.4 сая төгрөгийн оруулан тооцох үндэслэлтэй юм.

Дээрх хоёр төлбөрийн нийлбэр дүн нь 886,345,846.62 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчдын буруутай үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас бидэнд тооцоолоогүй нэмэлтээр үүссэн зардал буюу хохирлын нийт дүн нь 886,345,846.62 төгрөг болсон.

Иймд бидний олох байсан орлого болох 4,166,380,998.00 төгрөг, нэмэлтээр гарсан зардал болох 886,345,846.62 төгрөгийг нэмэхээр нийлбэр дүн нийт 5,053,226,844.62 төгрөг болж байна. Энэ бол хариуцагчдын шийдвэр, үйл ажиллагааны улмаас бидэнд учирсан бодит хохирол юм.

10/ Бидний гаргасан зардлын тухай: Бидний компанид учирсан хохирол гэж нэхэмжилж буй дээрх дүн нь компанийн олох байсан ашиг бус юм. Өөрөөр хэлбэл, бид компани ийм хэмжээний цэвэр ашигтай ажиллах байсан юм гэж хий төлбөр нэхэмжлээгүй. Харин бид Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу сурах бичиг хэвлүүлж, худалдан борлуулах, хүргэлтийн үйлчилгээ хийх замаар орлого олно гэж бодож их хэмжээний зардлыг гаргасан байдаг юм. Тодруулбал, 70,000.00 багц сурах бичиг хэвлүүлэх зардалд 4,312,000,000.00 төгрөг гаргасан. Харин сурах бичиг хэвлүүлэх зардлыг санхүүжүүлэхийн тулд санхүүгийн байгууллага болон хувь хүмүүсээс авсан зээлийн төлбөрт ч их хэмжээний төлбөр төлсөн. Тухайлбал, Ш.Н*******тай байгуулсан Зээлийн гэрээ ёсоор бид түүнээс 2,167,000,000.00 төгрөг зээлж авч, үүний хариу төлбөр болгон 600,000,000.00 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Харин Б.*******тай байгуулсан Зээлийн гэрээ ёсоор бид түүнээс 1,630,000,000.00 төгрөг зээлж авч, үүний хариуд сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүү (жилийн 586,800,000 төгрөг) төлөх үүрэг хүлээсэн. Мөн "М*******" ХХК-иас 300,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, жилийн 38.4 хувийн хүүтэй зээлж авсан. Жилийн хүүгийн зардал нь 115.2 сая төгрөг болж байна. Мөн бид сурах бичгүүдийг нийслэл, орон нутгуудад тээвэрлэн хүргэх ажлыг “Монгол Шуудан" компаниар хийлгэж, тус компанид 380,140,960.00 төгрөгийн төлбөрийг төлсөн. Түүнчлэн, бид 21 аймаг, 9 дүүргийн 752 сургуульд үйлчилгээ үзүүлэхийн тулд оргил ачааллын үед 20 хүртэл хүнтэй гэрээт дуудлагын төв ажиллуулж байсан. Үүний төлөө бид 2024 оны 09 дүгээр сараас эхлэн 2025 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 110,400,000.00 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Мөн бид сурах бичиг худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулахын тулд 21 аймаг, 9 дүүргийн 300 орчим номын санчдад сурах бичиг худалдан борлуулах, түгээх үйл ажиллагаатай холбоотой сургалтыг Улаанбаатар хот, Чингис Хааны музейд зохион байгуулсан. Үүнтэй холбоотой орон нутгийн сургуулиудын номын санчдыг Улаанбаатар хотод авчрах, буцаах зардал, өдрийн хоол, сургалтын танхимын түрээс зэрэгт 18,200,000.00 төгрөг зарцуулсан. Бид энэ мэтчилэн тодорхой зардал гаргаж, сурах бичиг хэвлүүлэх, түгээх ажлыг хийж байсан. Мөн үүнээс гадна бид өөрсдийн оффис түрээс, ажилчдын цалин, ажилчдын нийгмийн даатгал, татвар зэрэг өөрсдийн дотоод үйл ажиллагааны зардлыг үүнд оруулаагүй болно. Өөрөөр хэлбэл, дээрх зардлуудаас гадна бид ажилчдын зардал, оффис түрээс, удирдлага, маркетинг, систем хөгжүүлэлтийн төлбөр зэрэг зардлуудыг урьдчилж өөрсдөөсөө гаргасан.

11/ Хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах нь:

Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд бид өмнө гаргасан нэхэмжлэлийн үндэслэлүүдийг дэмжиж байгаа. Гэхдээ дараах байдлаар хохирол гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж байна. Бид анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчдаас шаардаж буй төлбөрийг хариуцагчдын хууль бус, буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэдгээр тайлбарласан байсан. Одоо бол хариуцагчдын хууль бус, буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэдэг явцуу хүрээнд тайлбарлахгүй байгаа. Харин хариуцагчдын шийдвэр, үйл ажиллагаа нь хууль ёсны эсэхээс үл хамааран компанид учирсан хохирол гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т "Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна" гэж заасны дагуу хариуцагчдын шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны байсан ч бид хэвлүүлсэн номоо худалдан борлуулж чадаагүйтэй холбоотой хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм. Бид хариуцагчдын шийдвэр, үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд үүний улмаас бидэнд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Гэхдээ хариуцагчдын гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь хууль ёсны эсэх нь бидний хувьд шийдвэрлэх ач холбогдолтой бус юм. Гагцхүү хариуцагчдын шийдвэр, үйл ажиллагааны улмаас бид Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээний үүргээ гүйцэтгэж, хэвлүүлсэн номоо худалдан борлуулах боломжгүй болж хохирсон. Иймд хариуцагчдын шийдвэр, үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг шүүхийн журмаар нэхэмжилж байгаагаа тодруулж байна. Хэрэв хариуцагчдын шийдвэрийг шүүх хууль бус гэж дүгнэвэл хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэдэг утгаар, хэрэв шүүхээс хариуцагчдын шийдвэр, үйл ажиллагааг хууль ёсны гэж үзвэл захиргааны хууль ёсны үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэдэг утгаар бидний хохирол гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Жишээлбэл, Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 1/1471 дугаартай шийдвэрийн 2 дахь заалтад "Дунд, ахлах ангийн сурах бичгийг хүрэлцээгүй байгаа тул 2019 онд хэвлэгдсэн дахин ашиглах боломжтой сурах бичгийг суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулах"-аар шийдвэрлэсний улмаас бид хэвлүүлсэн сурах бичгүүдээ худалдан борлуулах боломжгүй болсон нь үнэн. Иймд Сайдын тус чиглэл хууль ёсны эсэхээс үл хамааран бид хохирлоо нэхэмжлэх, гаргуулах эрхтэй гэж үзэж байна. Хариуцагчдын бусад шийдвэр, үйл ажиллагааны хувьд ч бид ийм байр суурьтай байна.

Шүүхийн практикт нэхэмжлэгч нь "хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг гаргуулах" гэх утгаар нэхэмжлэл гаргахад Улсын дээд шүүхээс "хариуцагчийн шийдвэр нь хууль ёсны байна. Гэхдээ түүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан тул нэхэмжлэгчийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй" гэх байдлаар шийдвэрлэсэн тохиолдлууд байна. Бидний хувьд хариуцагчдын шийдвэр, үйл ажиллагааг хууль бус гэж үзэж байгаа ч хууль ёсны эсэхээс үл хамааран хариуцагчдын шийдвэр, үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байгаа болно.

Түүнчлэн, бидний Боловсролын ерөнхий газартай байгуулсан Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх ажил гүйцэтгэх гэрээний 6.2, 6.4 дэх заалтуудын хүрээнд ч бид өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Тус гэрээний 6.2-т "Гэнэтийн буюу төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр... зэрэг давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно" гэж заасан. Гэрээний тус заалтын дагуу Боловсролын сайдын гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Чиглэлийг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд хамруулах үзэх үндэслэлтэй юм. Учир нь, бидний төлөвлөөгүй, урьдчилж бодоогүй байдлаар Сайдын шийдвэр гарч, 2019 онд хэвлэгдсэн актлагдах шаардлагатай сурах бичгүүдийг сургалтад ашиглах шийдвэр гаргаснаараа бил хэвлүүлсэн сурах бичгээ худалдан борлуулах боломжгүй болсон. Иймд Сайдын чиглэл хууль ёсны эсэхээс үл хамааран Гэрээний 6.2 дахь заалтын дагуу тус шийдвэр гарсан явдлыг гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний 6.4 дэх заалтад гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд аваагүй бол ажлын үр дүн ажил гүйцэтгэгчийн эзэмшилд байсан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас бий болох үр дагаврыг Захиалагч хариуцах талаар заасан. Иймд Сайдын гаргасан чиглэлийн улмаас учирсан хохирол, гарсан үр дагаврыг Захиалагч буюу Боловсролын ерөнхий газар хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, Сайдын чиглэл гарсантай холбоотой тухайн чиглэл хууль ёсны эсэхээс үл хамааран Боловсролын ерөнхий газар нь Гэрээний 6.2, 6.4 дэх заалтын хүрээнд ч бидэнд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна.

12/ Хэргийн харьяаллын тухай буюу энэхүү маргаан нь нийтийн эрх зүйн маргаан болох тухай:

Бид дараах байдлаар энэхүү маргаан нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нийтийн эрх зүйн маргаан гэж үзэж, нэхэмжлэл гаргав.

Боловсролын ерөнхий хуулийн 27.1.1, 27.1.4 дэх заалтуудын дагуу сурах бичгийг зохиох, хэвлэх, хангах нийлүүлэх ажлыг зохион байгуулах, сургалтын баримт бичгийг хэвлүүлэх, түгээх, олгох ажлыг зохион байгуулах нь Боловсролын ерөнхий газрын чиг үүрэг билээ. Боловсролын ерөнхий газар нь тус чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд бидэнтэй Гэрээ байгуулсан. Иймд бидний хооронд байгуулагдсан гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52.1, 52.2.1-т тус тус заасны дагуу захиргааны гэрээ юм. Иймд тус гэрээний харилцаа нь нийтийн эрх зүйн харилцаа юм.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй тухай заасан. Бид энэ хүрээнд Боловсролын ерөнхий газар, Боловсролын сайд нь Боловсролын ерөнхий хууль, энэ хүрээнд батлагдан гарсан захиргааны хэм хэмжээний актууд, бидэнтэй байгуулсан Захиргааны гэрээгээр хүлээсэн үүрэг болон Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхүүдээ зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, маргаж байгаа. Тэдгээр хууль бус үйл ажиллагааны улмаас бидэнд хохирол учирсан. Иймд бидэнд учирсан хохирол нь захиргааны байгууллагуудын нийтийн эрх зүйн шийдвэр, үйл ажиллагааны улмаас болсон тул энэхүү маргаан нь нийтийн эрх зүйн маргаан юм.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хэргийн харьяалалтай холбоотой тайлбар гаргасан. Тус Тайлбарын 5.2 дугаартай хэсэгт “Иймд хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо захиргааны журмаар шаардах эрхтэй бөгөөд энэ нь бие даасан нэхэмжлэлийн төрөлд хамаарна” гэж, “Дээрх хуулийн зохицуулалт нь өөрт учирсан хохирлоо захиргааны байгууллагаас гаргуулахаар бие даасан нэхэмжлэлийн төрөл байдлаар шаардах тохиолдолд хамаарахгүй буюу нэхэмжлэгчээс энэхүү шаардах эрхээ хэрэгжүүлэн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаалах үндэслэл болохгүйг анхаарвал зохино” гэж тус тус тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, хохирол гаргуулах нэхэмжлэл нь бие даасан нэхэмжлэлийн төрөл болохыг Улсын дээд шүүх тайлбарласан.

Иймд бидний энэхүү нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдвэл зохих нийтийн эрх зүйн маргаан гэж үзэж байна.

13/ Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухай:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т маргаан бүхий шийдвэрийг мэдэгдсэнээс хойш Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу тухайн шийдвэрт гомдол гаргах талаар заасан байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т захиргааны актад гомдол гаргах талаар заасан байна. Харин хохирол гаргуулах асуудлын хувьд дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах талаар заагаагүй байна. Иймд хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоогоогүй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзэж байна.

14/ Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухай:

Бид 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Боловсролын ерөнхий газартай Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус Гэрээний хугацаа нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгагдсан басан бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Бид тус өдрийг хүртэл өөрсдийн хэвлэсэн сурах бичгүүдийг худалдан борлуулах ажлыг хийсэн. Гэвч тухайн өдрийн байдлаар бидний хэвлүүлсэн сурах бичгүүдийн зарим хэсэг нь зарагдаагүй, бидэнд хохирол учирлаа. Өөрөөр хэлбэл, бидэнд хохирол учирсан огноо нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр юм. Түүнээс өмнөх хугацаанд бид Гэрээний дагуу сурах бичиг худалдан борлуулах эрхтэй байсан тул сурах бичгүүд бүрэн зарагдвал хохирол учрахгүй байх байсан. Мөн сурах бичгүүд хэдий хэмжээнд зарагдахаас хамаарч 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байсан. Харин 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр бидний байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж, бид сурах бичгүүдээ худалдан борлуулах эрхгүй болсон тул тус өдрөөр хохирол учирсан болно. Бид түүнээс хойш 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэв. 

2.2. Хариуцагч Боловсролын ерөнхий газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...

1/ Боловсролын ерөнхий газар бодит бус мэдээлэл өгсөн, хуучин сурах бичгүүдийг актлах арга хэмжээ аваагүй буруутай үйл ажиллагааны талаар:

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн "Сурах бичгийн жагсаалт батлах тухай" дүгээр тушаалын хавсралтаар ерөнхий боловсролын сургалтад 2023-2024 хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг баталсан. Хавсралтын "Тайлбар” хэсэгт "Сургалтад 2020, 2021, 2022, 2023 онд хэвлэгдсэн сурах бичиг хэрэглэнэ" гэж тодорхойлсон.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн техникийн тодорхойлолт"-д сурах бичгийн эдэлгээг 4 жил байхаар заасан. Энэ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн "Төлбөрийн хэмжээ тогтоох тухай" А/624 дүгээр, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн "Төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай” дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн суралцагчдын тухайн ангийн бүх сурах бичгийг хичээлийн жилийн туршид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглах төлбөрийн хэмжээг тогтоосон.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн "Журам батлах тухай" А/302 дугаар тушаалын хавсралтаар "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам"-ыг баталж, энэхүү журмыг 2019-2020 оны хичээлийн жилээс мөрдөж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт үүрэг болгосон. Журмын 2.2-т "Аймгийн Боловсролын газар, нийслэлийн дүүргийн Боловсролын хэлтэс нь сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг орон нутгийн хэмжээнд нэвтрүүлнэ" гэж заасан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн "Төлөвлөгөө, зардал батлах тухай" дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинэчлэх, тохирцыг шалгах үйл ажиллагааны төлөвлөгөө, 2024-2029"-д ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг 2026 оны 09 дүгээр сарын 01-ээс, ахлах ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг 2027 оны 09 дүгээр сарын 01-ээс хэрэгжүүлэхээр баталсан. Энэхүү тушаалаар дунд ангийн сурах бичиг 2 жил, ахлах ангийн сурах бичиг 3 жилийн дараа хөтөлбөрөө дараа шинэчлэгдэх тул 2024 оноос хэвлэх сурах бичгүүд өөрийн өртгөө нөхөх боломжгүй болсон.

Боловсролын яамнаас 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа "2025 онд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ"-ний зорилтдоо "Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотой сурах бичгийг шинэчилнэ" гэсэн заалтыг оруулсан. Сурах бичгийн шинэчлэлд нийт 21,7 тэрбум төгрөгийг төлөвлөсөн бөгөөд дунд, ахлах ангийн сурах бичгийн нөхөн хангалтад 5,0 тэрбум төгрөгийг баталж, хангалтыг 63%-д хүргэхээр шалгууртаа тусгасан. Иймд сурах бичгийн нөөцийг хангахын тулд худалдаалах сурах бичгийг хүртээмжтэй байлгах хэрэгцээ үүссэн.

Дээрх тушаал, шийдвэрүүдээс гадна аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсээр дамжуулан дунд, ахлах ангийн сурах бичгийн хүртээмжийн судалгааг гаргаж, нэгтгэн дүн шинжилгээ хийж ажилладаг. Боловсролын ерөнхий газраас гаргасан тооцоо судалгаа нь эдгээр эрх зүйн баримт бичгүүд болон дүн шинжилгээнд үндэслэсэн болно.

Боловсрол сайдын 2024 оны "Ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай" А/92 дугаар тушаалын дагуу Боловсролын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам"-ын хэрэгжилтийн явц, үр дүн, эргэлтийн сангийн дансанд төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийж, Боловсролын сайдын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн "Зөвлөмж хүргүүлэх тухай" 1/1580 дугаартай албан бичгээр Боловсролын ерөнхий газарт зөвлөмж ирүүлсэн.

Дээрх албан бичигтэй холбоотой Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн "Чиглэл хүргүүлэх тухай" дугаартай албан бичгийг ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлсэн. Албан бичигт: "Сурагчдад 2018 он болон түүнээс өмнөх оны сурах бичгүүдийг ашиглуулж байгааг нэн яаралтай зогсоох, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон сурах бичгийг актлах, сурах бичиггүй хичээллэж байгаа сурагчдыг сурах бичгээр хангахад чиглэсэн зөвлөгөө мэдээллийг анги удирдсан багш, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх" зэрэг чиглэлийг тусгасан.

Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирт ирүүлсэн "Чиглэл хүргүүлэх тухай" дүгээр албан бичгийн 2-т "Дунд, ахлах ангийн сурах бичиг хүрэлцээгүй байгаа тул 2019 онд хэвлэгдсэн дахин ашиглах боломжтой сурах бичгийг суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулах" гэж тусгасан. Мөн Боловсролын сайдын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн "Чиглэл хүргүүлэх тухай" 01/5033 дугаар албан бичигт "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам"-ын 1.3.4-т "төлбөртэй ашиглуулах сурах бичгийн ашиглалтын хугацаа" гэж "сурах бичиг хэрэглээнд орсноос хойш элэгдэж, шинээр солих шаардлагатай болох хүртэлх хугацааг" гэж заасан бөгөөд Ковид цар тахлаас үүдэлтэйгээр 1-2 жил хэрэглэгдээгүй, 2019 онд хэвлэгдсэн, дахин ашиглах боломжтой сурах бичгийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 20.2-т заасан зорилтот бүлгийн суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулах чиглэлийг Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн" гэж дурдсан байна.

Боловсролын ерөнхий газар нь чиг үүргийн хүрээнд Боловсролын сайдын дээрх албан бичгүүдийн хэрэгжилтийг ханган ажилласан ба 2025-2026 оны хичээлийн жилд 2019 онд хэвлэгдсэн 109,091 багц сурах бичгийг ерөнхий боловсролын сургуулиуд ашиглаж байгаа нөхцөл байдалтай байна.

2/ Боловсролын ерөнхий газар нь гэрээний 3.2.5 дахь заалтыг зөрчсөн тухай:

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар боловсролын багц хуулиудыг баталсан. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д "Сурах бичгийг бага ангийн суралцагчид төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулах бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан бол сурах бичгийг худалдан авч болно", 11.8-д "Энэ хуулийн 11.7-д заасан төлбөрийн хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно" гэж хуульд заасан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг 2023-2024 оны хичээлийн жилд сурах бичгээр бүрэн хангах арга хэмжээ авч ажиллахыг, мөн суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарын шинэ сурах бичиг худалдан авах хүсэлтэд тулгуурлан ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурах бичгийг хэвлэсэн өртөг, тээврийн зардлыг хамтатган тооцож худалдах, цахим хэлбэрээр захиалга авах, тооцоо хийх боломжийг холбогдох хуулийн этгээдтэй хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/-т даалгасан.

Хуулийн заалт, мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалд суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарын шинэ сурах бичиг худалдан авах хүсэлтэд тулгуурлахаар заасан байна.

Боловсролын ерөнхий газар нь төлбөртэй ашиглуулах сурах бичгийн нөхөн хангалтыг "сурах бичгийн түрээсийн тогтолцоо-эргэлтийн санд төвлөрсөн орлогоос хэвлүүлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Тухайлбал, 2022 онд 66,600 багц, 2023 онд 52,400 багц, 2024 онд 67,914 багц, 2025 онд 54,400 багц сурах бичгийг тус тус хэвлэн ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлсэн.

2025-2026 оны хичээлийн жилд 2019 онд хэвлэгдсэн бөгөөд суралцагч ашиглах боломжтой гэж үзэн актлагдаагүй 109,091 багц (Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн "Чиглэл хүргүүлэх тухай" дүгээр албан бичгийн 2-т "Дунд, ахлах ангийн сурах бичиг хүрэлцээгүй байгаа тул 2019 онд хэвлэгдсэн дахин ашиглах боломжтой сурах бичгийг суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулах"-аар чиглэл өгсөн), 2022-2024 онд хэвлэгдсэн 186,916 багц, 2025 онд шинээр хэвлэн нийлүүлэх 54,400 багц болон худалдаалах хэлбэрээр аймаг, нийслэлд хүргэгдсэн 70,000 багц буюу нийт 2019-2025 онд хэвлэгдсэн 420,407 багц сурах бичгийг сургуулиуд түрээсийн болон худалдааны хэлбэрээр ашиглахад бэлэн байгаа нь 2025-2026 оны хичээлийн жилийн 6-12 дугаар ангид суралцаж буй 441,499 суралцагчийн 95.2% хэвлэмэл сурах бичгээр хангагдах боломж бүрдсэн. Үлдсэн хувийг худалдааны сурах бичиг ашиглах болон дижитал, интерактив сурах бичиг (econtent.edu.mn, mozaweb.mn)-үүдийг нээлттэй байдлаар ашиглах боломжийг бүрдүүлсэн юм. Өөрөөр хэлбэл худалдаалах сурах бичгийн эрэлт хэрэгцээ байсан юм.

Иймд дээрх сурах бичгийн эрэлт хэрэгцээг хангах зохион байгуулалтын ажлууд нь сурах бичиг худалдаалах эрх авсан "Э" ХХК-ийн хэвлүүлсэн сурах бичгүүдээ худалдаалах борлуулалтад нөлөөлөхгүй тул гэрээний 3.2.5 дахь заалт болох "сурах бичиг худалдах, түгээх ажлыг бусад компанид давхардуулан олгохгүй" гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3/ Бусад үндэслэлийн тухайд:

"Эй плас Интернэйшнл" ХХК нь Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу зах зээлд сурах бичиг худалдаалах эрх авч, гэрээ байгуулсан цорын ганц компани юм. Гэрээний 4.2.5 дахь заалтын дагуу сурах бичгийн хэвлэн худалдах маркетинг болон борлуулалттай холбоотой аливаа эрсдэлийг гүйцэтгэгч тал хариуцахаар тусгасан.

"Эй плас Интернэйшнл" ХХК нь өөрийн зардлаар сурах бичгийг хэвлүүлж, худалдаалахдаа аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран ажиллаж, холбогдох гэрээ, хэлэлцээрийг хийж, ерөнхий боловсролын сургуулиудтай "egeree" байгуулж, захиалгын дагуу худалдан борлуулж сурах бичгийнхээ төлбөрийг өөрийн дансаар авч, хүргэлтийг хийдэг.

Боловсролын сайдын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай" А/499 дүгээр тушаалаар сурах бичгийн түрээсийн тогтолцоо эргэлтийн сангийн орлого, зарлагын үйл ажиллагаа болон сурах бичгийн түгээлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж, удирдамжийг баталсан.

Хяналт, шалгалтын хамрах хүрээ нь сурах бичгийн түгээлтийн үйл ажиллагаа болон сурах бичгийн түрээсийн тогтолцоо эргэлтийн сангийн 2024, 2025 оны 1-9 дүгээр сарын орлого, зарлагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхээр тусгаж, хяналт шалгалтын хамрах 8 асуудлыг заасан.

Боловсролын сайдын 2025 оны А/499 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг "Эй плас Интернэйшнл" ХХК, Боловсролын ерөнхий газар хооронд байгуулсан гэрээ, холбогдох баримтууд, тус компаниас сурах бичиг худалдан авсан ерөнхий боловсролын сургуулиудыг сонгон хяналт, шалгалт хийсэн бөгөөд тодорхой сургуулиудад акт тавих талаар мэдэгдсэн байсан.

Боловсролын ерөнхий газарт 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цагийн байдлаар тус Ажлын хэсгийн хяналт, шалгалтын эцсийн дүгнэлт ирээгүй, тайлан танилцуулагдаагүй байна.

4/ Сайдын хууль бус шийдвэр, буруутай үйл ажиллагааны талаар Боловсролын яамнаас тайлбар авах нь зүйтэй.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т "энэ хуулийн 7.1.1-д заасан хууль тогтоомж, зарлиг, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явц, биелэлтэд хяналт тавих" гэж заасны дагуу Боловсролын сайдаас гаргасан шийдвэр, өгсөн чиглэлийн дагуу хэрэгжилтийг ханган ажилласан нь дээрх тайлбар болон хавсралтаар хүргүүлсэн баримтуудаар нотлогдох тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хохирлыг төлөх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага дахь Боловсролын ерөнхий газарт хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

2.3. Хариуцагч Боловсролын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /Боловсролын ерөнхий газар/ нь "сурах бичиг зохиох, хэвлэх, ханган нийлүүлэх ажлыг зохион байгуулах", Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11.7-д "Сурах бичгийг бага ангийн суралцагчдад төлбөргүйгээр, дунд болон ахлах ангийн суралцагчдад сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулах бөгөөд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан тохиолдолд сурах бичгийг худалдан авч болно", 11.4-т "Ерөнхий боловсролын сурах бичгийн бүтээл ашиглах онцгой эрхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох хуульд заасны дагуу эзэмшинэ", 11.8-д "Энэ хуулийн 11.7-д заасан төлбөрийн хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно" гэж тус тус заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн "Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 98 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/302 дугаар тушаалаар "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам"-ыг батлан хэрэгжүүлж байна.

 Тус журмын 2.1-д сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хэмжээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр заасан бөгөөд холбогдох хуулийн дагуу энэхүү чиг үүргийг 2022 оноос эхлэн боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж байна. Мөн журмын 3.4-д "ерөнхий боловсролын сургууль нь суралцагчдад сурах бичгийг номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулж, төлбөрийг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор Төв төрийн сан дахь "СБТТогтолцоо-Эргэлтийн сан 100900015403" дугаарын дансанд төвлөрүүлэх"-ээр заасан.

Тус журмын 3.1-д "сурах бичиг ашиглуулах үйлчилгээний төлбөрийн хэмжээг энэхүү журмын нэгдүгээр хавсралтаар баталсан аргачлалын дагуу анги тус бүрээр, сурах бичиг ашиглагдсан хугацаанаас хамаарсан байдлаар тогтоож, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажуулна", 3.7-д "Төлбөрийг сургууль бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно", 3.8-д "Сурах бичиг ашиглуулсны төлбөрөөр бий болсон эх үүсвэрийг төлбөртэй ашиглуулах сурах бичгийг нөхөн хангах болон хяналт тавих зардал, сум, тосгонд сурах бичиг хүргэхтэй холбоотой зардлын зарим хэсэгт зарцуулна" гэж заасан.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11.7-д "Сурах бичгийг бага ангийн суралцагчдад төлбөргүйгээр, дунд болон ахлах ангийн суралцагчдад сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулах бөгөөд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан тохиолдолд сурах бичгийг худалдан авч болно" гэж заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны дугаар тушаалаар "Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн суралцагчдад тухайн ангийн бүх сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан хичээлийн жилийн турш ашиглуулах төлбөрийн хэмжээ"-г баталсан.

2025-2026 оны хичээлийн жил эхэлснээс хойш ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчдаас дунд, ахлах ангийн сурах бичиг хүрэлцээгүй байгаа тухай гомдол олноор ирсэн.

Ковид цар тахлын үед буюу 2020, 2021 онд дунд, ахлах ангийн сурах бичиг хэвлээгүй. Иймд ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурах бичиг хүрэлцээгүй, хангалт муу байгаатай холбогдуулан Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай албан бичгээр ковид цар тахлаас үүдэлтэйгээр 2 жил хэрэглээгүй, 2019 онд хэвлэгдсэн, дахин ашиглах боломжтой сурах бичгийг зорилтот бүлгийн суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулах чиглэлийг Боловсролын ерөнхий газарт өгсөн болно.

"Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам"-ын 1.3.4-т "Төлбөртэй ашиглуулах сурах бичгийн ашиглалтын хугацаа" гэж сурах бичиг хэрэглээнд орсноос хойш элэгдэж, шинээр солих шаардлагатай болох хүртэлх хугацааг" гэж заасан.

Тус журмын хавсралтаар батлагдсан "Сурах бичиг ашиглуулах үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох аргачлал"-д сурах бичиг ашиглуулах үйлчилгээний төлбөрийг тогтоохдоо 3-4 жилийн дараа төлбөртэй ашиглуулах хэрэгцээт бүх сурах бичгийг дахин худалдан авахад шаардагдах зардлын эх үүсвэр хуримтлуулсан байх ёстойг харгалзана, төлбөрийн хэмжээ сурах бичиг ашигласан жилээс хамаарч буурна гэж тусгасан.

Холбогдох хууль болон дээрх журамд сурах бичгийн ашиглах хугацааг заагаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31.3-д "засаж сэлбэн ашиглах боломжгүй эд хөрөнгийг акталж устгах" гэж заасны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон сурах бичгийг акталж устгах асуудлыг тухайн орон нутаг, байгууллага шийдвэрлэдэг.

Сурах бичгийн хүрэлцээ хангамж муу, суралцагчдын тоогоор сурах бичиг хэвлэх санхүүгийн нөөц, боломжгүй байгаа нөхцөлд актлагдаагүй, хэрэглээний шаардлага хангаж байгаа сурах бичгийг суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулах нь хууль тогтоомж зөрчсөн асуудал биш юм.

Боловсролын ерөнхий хуулийн 27.1.1-д "Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сурах бичиг зохиох, хэвлэх, ханган нийлүүлэх ажлыг зохион байгуулах"-аар заасан тул Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны дүгээр тушаалаар "Суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарын сурах бичиг худалдан авах хүсэлтэд үндэслэн дунд болон ахлах ангийн сурах бичгийг хэвлэсэн өртөг, тээврийн зардлыг хамтатган тооцож худалдах, цахим хэлбэрээр тооцоо хийх боломжийг холбогдох хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулах"-ыг Боловсролын ерөнхий газарт зөвшөөрсөн.

Үүний дагуу 2023 онд Боловсролын ерөнхий газар Э ХХК- тай гэрээ байгуулсан бөгөөд 2024 онд тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацааг сунгасан байна. Тус гэрээний хавсралтад сурах бичиг худалдах үнэ 59.4-96.1 мянган төгрөг байхаар тусган баталсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн суралцагчдад сургуулийн номын сангаар дамжуулан ашиглуулах сурах бичгийн төлбөрийн хэмжээг тогтоосон. Гэтэл Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдаас Э ХХК-ийн хэвлэсэн дунд, ахлах ангийн сурах бичиг багцаараа 94.0-150.0 мянган төгрөгийн үнэтэй (гэрээнд заасан үнээс 30.6-47.4 мянган төгрөгөөр худалдах сурах бичгийн үнийг нэмсэн) зарагдаж байгаа тухай болон тус байгууллагаас 38.0-48.0 мянган төгрөгийн төлбөр бүхий түрээсийн сурах бичгийн багц гаргаж урьдчилсан захиалга авсан боловч сурах бичгээ аваагүй 1-2 сар болж байгаа талаар гомдол (утсаар, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөр) олноор, одоог хүртэл ирсээр байна.

Э ХХК нь 2025-2026 оны хичээлийн жилд гэрээний хавсралтад өөрчлөлт оруулаагүй боловч сурах бичиг худалдах үнийг 94.0-150.0 төгрөг болгон нэмж, сургуулиудаас худалдах болон түрээслэх сурах бичгийн захиалгыг олноор авч сурах бичгийн үнийг урьдчилан авсан боловч одоог хүртэл сурах бичгээ нийлүүлээгүй байна.

Иймд сурах бичиг худалдах үнэ гэрээний хавсралтад заасан үнээс нэмэгдсэн болон Э ХХК сурах бичгийг өндөр үнээр түрээсэлж, гэрээнд заасан үүргээ зөрчиж байгаа тул тус байгууллагад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах тухай албан бичиг хүргүүлсэн. Мөн тус байгууллагатай байгуулсан гэрээний биелэлтэд хяналт тавьж, зөрчлийг арилгах тухай албан бичгийг Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн.

Аймаг, нийслэлийн Боловсролын газарт Боловсролын сайдын "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгээр Э ХХК-ийн гэрээнд сурах бичиг түрээслэх талаар тусгагдаагүй, мөн худалдах сурах бичгийн үнийг үндэслэлгүй нэмсэн тул холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар хэрэгжүүлэх чиглэл хүргүүлсэн.

Тус гэрээний 1.2.2-д "суралцагчаас өөрийн аппликейшнээр дамжуулан захиалга авах ажлыг зохион байгуулах", 1.2.3-д "захиалгын үндсэн дээр сурах бичиг худалдах, хүргэх ажлыг зохион байгуулах", 3.1.4-д захиалагч тал "гүйцэтгэгч тал сурах бичгийн хомсдол үүсгэх, сурах бичгийг гэрээнд заасан үнээс хэтрүүлэн худалдаалбал гэрээг цуцалж, нээлттэй сонгон шалгаруулалтыг дахин зарлах", 4.1.2- д "гүйцэтгэгч нь аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсээс худалдан авах эрэлт хэрэгцээ шаардлагатай сурах бичгийн тухай мэдээллийг авч хамтран ажиллах", 4.2.5-д "сурах бичгийг хэвлэн, худалдах маркетинг болон борлуулалттай холбоотой аливаа эрсдэлийг гүйцэтгэгч тал хариуцах", 4.2.3-д "сурах бичиг худалдахдаа хавсралтад заасан худалдах үнийн дүнгээс хэтрүүлэхгүй байх", 4.2.9-д "сурах бичгийн худалдан авах эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тухай бүр нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авах"-аар тус тус заасан.

Гэрээнд заасны дагуу Эй Плас Интернэйшнл ХХК нь худалдах сурах бичгийн тооцоо, судалгааг өөрсдөө хийж, гэрээний 4.2.5-д "сурах бичгийг хэвлэн, худалдах маркетинг болон борлуулалттай холбоотой аливаа эрсдэлийг гүйцэтгэгч тал хариуцах" гэж заасны дагуу сурах бичиг худалдан борлуулахтай холбоотой аливаа эрсдэлийг өөрсдөө хариуцах тул илүү хэвлүүлсэн сурах бичгийн үнийг төрөөс нэхэмжлэх нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгааг харуулж байна.

Боловсролын сайдын 2025 оны "Чиглэл хүргүүлэх тухай" 1/5033 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37.2-д заасны дагуу "хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй" биш, зөвлөмжилсөн агуулгатай тул захиргааны акт биш гэж үзэж байна.

Тус яамнаас Сангийн яамтай хамтран 2025 оны 9-10 дугаар сард Боловсролын ерөнхий газрын сурах бичгийн түрээсийн тогтолцоо эргэлтийн сангийн 2024, 2025 оны орлого, зарлагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн.

Хяналт шалгалтаар ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тул холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн сонгон шалгуулж байна. Үүнд:

Эй Плас Интернэйшнл ХХК-ийг сонгон шалгаруулсан ажлын хэсэг/Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн A/317 дугаар тушаалаар байгуулагдсан/ тушаалаар заагаагүй шалгаруулалтыг хийж, тус компанийг шалгаруулсан, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон.

Сурах бичгийн түрээсийн тогтолцоо эргэлтийн сангийн орлогын төвлөрүүлэлт нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2019 оны 05 дугаар сарын 14- ний өдрийн "Журам батлах тухай" А/302 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам"-ын дагуу сургуулийн дансанд төвлөрсөн сурах бичгийн түрээсийн орлого нь зөвхөн Төрийн сан дахь "СБТТогтолцоо-эргэлтийн сан 100900015403" дугаартай дансанд жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төвлөрүүлэх байтал улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиас сурах бичгийн түрээсийн төлбөрийн орлогоос 2024 онд 990,550,885 төгрөгийг, 2025 онд 114,618,639.0 төгрөг, нийт 1,105,169,524 төгрөгийг Эй Плас Интернэйшнл ХХК-ийн Капитрон банкин дахь 3030013653 тоот данс, Хас банкин дахь 5002397330 тоот дансанд тус тус шилжүүлсэн зөрчил илэрсэн бөгөөд, одоог хүртэл уг орлого СБТТогтолцоо-эргэлтийн сан 100900015403 дугаар дансанд эргэн ороогүй байна.

Иймд Эй Плас Интернэйшнл ХХК нь Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээний хүрээнд, зөвхөн худалдах зориулалттай сурах бичгийн захиалга авах, хүргэлт хийх үйл ажиллагааг зохион байгуулах ёстой байтал Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээний үүргээ (гэрээний 1.2.2, 1.2.3, 3.1.4, 4.1.2, 4.2.3, 4.2.5, 4.2.9-д дахь заалт) зөрчсөн, тус яамнаас зохион байгуулсан хяналт шалгалтаар тус байгууллагатай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон, холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа тул Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хоёр дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгож, хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохиролд 5,053,226,844.62 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ

Нэг. Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хоёр дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд.

1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүх нь Үндсэн хуулийн цэц, бусад шүүхэд харьяалагдахгүй нийтийн эрх зүйн маргааныг харьяалан шийдвэрлэхдээ захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлээр хянан шийдвэрлэх бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий эсэхэд дүгнэлт өгнө.

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хүрэлцээ, ашиглалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4291 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг нь нэхэмжлэгч “Эй плас интернэйшл” ХХК-тай байгуулсан захиргааны гэрээний харилцаанд чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн хэмээн маргаж буй энэ тохиолдолд захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэн харьяалан шийдвэрлэв.

1.2. Боловсролын сайд 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичгээр “дунд, ахлах ангийн сурах бичиг хүрэлцээгүй байгаа тул 2019 онд хэвлэгдсэн дахин ашиглах боломжтой сурах бичгийг суралцагчдад үнэ төлбөргүй ашиглуулах” чиглэл хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байгааг дараах байдлаар дүгнэлээ.

1.2.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, засгийн газрын гишүүн ашиглалтын болон эрүүл ахуйн шаардлага хангасан, сургалтын хөтөлбөрт нийцсэн сурах бичгээр ерөнхий боловсролын сургуульд суралцагсдыг ханган ажилласан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7-д Монгол улсын иргэн сурч боловсрох эрхтэй, төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж заасанд бүрэн нийцсэний дээр бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд байна.

1.2.2. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Ерөнхий боловсролын сурах бичиг нь хэвлэмэл, цахим хэлбэртэй байна.”, 11.7-д “Сурах бичгийг бага ангийн суралцагчид төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглуулах бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан бол сурах бичгийг худалдан авч болно” гэж зааснаар ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангалтыг бага 1-5 дугаар ангид сурах бичгийг төрөөс үнэ төлбөргүй ашиглуулах буюу төр өөрөө зардлыг гаргаж хэвлэн үнэ төлбөргүй ашиглуулах, дунд, ахлах 6-12 дугаар ангийн сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй түрээсээр болон төлбөргүй ашиглуулах, эсхүл суралцагчийн эцэг эх худалдан авахыг хүсвэл худалдах замаар хангадаг. Сурах бичгийн түрээсийн төлбөрийг санд хуримтлуулан дараагийн сурах бичгийн хэвлэх, түгээх зардлыг санхүүжүүлдэг, уг ажлыг сонгон шалгаруулалт зарлан гүйцэтгүүлдэг байна.

1.2.3. Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар “Сурах бичиг худалдах үйл ажиллагааг зохион байгуулах тухай” тушаалаар 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангид хэрэглэх сурах бичгийн захиалгыг цахим хэлбэрээр авч, худалдах үйл ажиллагааг зохион байгуулахаар, сурах бичиг худалдах нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан “Э” ХХК-тай холбогдох хууль, тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний газарт даалгаж,

Боловсролын ерөнхий газар нэхэмжлэгч “Эй плас интернэйшл” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 411 дугаартай “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх, ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Э ХХК нь суралцагчийн сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх ажлыг гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, нөгөө талаас захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор гүйцэтгэхээр тохиролцож, улмаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 411+1 дугаартай гэрээгээр гэрээний хугацааг 1 жилээр сунгасан байна.

Хариуцагч Боловсролын ерөнхий газраас зарласан ерөнхий боловсролын сургуульд ашиглах сурах бичгийн худалдаа үзүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан зарын агуулга болон Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай тушаал, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 411 дугаартай “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх, ажил гүйцэтгэх гэрээ”-ний агуулгаар гүйцэтгэгч Э ХХК нь суралцагчаас өөрийн аппликэйшнээр дамжуулан худалдаж авах сурах бичгийн захиалга авах, захиалгын үндсэн дээр хэвлүүлэх, худалдах, хүргэх ажлыг зохион байгуулахаар тохиролцсон. 

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр эцэг эх хүссэн тохиолдолд сурах бичгийг худалдан авах замаар хангалт хийгдэх харилцаа талуудын хооронд үүссэн гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагаас зарласан сонгон шалгаруулалтын зорилго, түүгээр шалгарсан нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээний зүйл, зохицуулах харилцаа нь ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурах бичгийг захиалгын үндсэн дээр хэвлэх, нийлүүлэх, худалдахад чиглэсэн,  ийнхүү хариуцагч захиргааны байгууллага сонгон шалгаруулах замаар Э ХХК-тай байгуулсан “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх, ажил гүйцэтгэх” гэрээний хугацаанд худалдаалах зориулалттай сурах бичиг хэвлэх, нийлүүлэх эрхийг өөр этгээдэд олгоогүй байх бөгөөд сургуулийн номын сангаар дамжуулан ашиглуулах сурах бичиг хэвлүүлэх, нийлүүлэх сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь, түүгээр шалгарсан этгээдтэй гэрээ байгуулсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.5 дахь “сурах бичиг худалдах, түгээх ажлыг бусад компанид давхардуулан олгохгүй байх” үүргээ захиалагч зөрчөөгүй байна.

1.2.4. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/302 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ын 1.3.4-т төлбөртэй ашиглуулах сурах бичгийн ашиглалтын хугацаа гэж “сурах бичиг хэрэглээнд орсноос хойш элэгдэж, шинээр солих шаардлагатай болох хүртэлх хугацаа”-г ойлгохоор тодорхойлсон, төлбөртэй ашиглуулах үнэ, элэгдэл тооцох коэффицентыг тогтоосон. Өөрөөр хэлбэл эрүүл ахуйн болон ашиглалтын шаардлага хангаагүй буюу акталсан сурах бичгийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагсдад хэрэглүүлж, ашиглуулах агуулга бүхий захиргааны актыг хариуцагчаас гаргаагүй байна.

1.2.5. Түүнчлэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай “Сурах бичгийн жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтад 2023-2024 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг батлахдаа “...сургалтад 2020, 2021, 2022, 2023 онд хэвлэгдсэн сурах бичиг хэрэглэнэ” гэж заасан нь сурах бичгийн агуулга, хөтөлбөр өөрчлөгдөөгүй байгаа энэ тохиолдолд 2019 онд хэвлэгдсэн эрүүл ахуйн болон ашиглалтын шаардлага хангаж буй сурах бичгийг хэрэглэхийг хориглосон  агуулгагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хоёр дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна.

Хоёр. Боловсролын сайд, Боловсролын ерөнхий газрын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 5,053,226,884.62 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд.

2.1. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна.”, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж тус тус зааснаар захиргааны хууль бус шийдвэр, хууль бус эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан бол, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр хууль бус байх, учирсан гэх хохирол түүнээс шалтгаант холбоотой үүссэн байх нь хохирол шаардах үндэслэл болно.

Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас үүдэлтэй эрх , хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж үүссэн хохирлыг нөхөн олговор хэлбэрээр барагдуулахаар заасан, үүний тулд эрх зөрчигдөж үүссэн гэх хохирол захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэр, үйл ажиллагаанаас мөн үүдэлтэй байх нь нөхөн төлбөр шаардах үндэслэл болно.

2.2. Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаар “Сурах бичиг худалдах үйл ажиллагааг зохион байгуулах тухай” тушаалаар 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангид хэрэглэх сурах бичгийн захиалгыг цахим хэлбэрээр авч, худалдах үйл ажиллагааг зохион байгуулахаар, сурах бичиг худалдах нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан “Э” ХХК-тай Боловсролын ерөнхий газар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 411 дугаартай “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх, ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 411+1 дугаартай гэрээгээр 1 жилээр сунгасан.

Тодруулбал Боловсролын ерөнхий газраас зарласан ерөнхий боловсролын сургуульд ашиглах сурах бичгийн худалдаа үзүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтын зарын агуулга болон Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай тушаал, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 411 дугаартай “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх, ажил гүйцэтгэх гэрээ”-ний агуулгаас харахад гүйцэтгэгч Э ХХК нь суралцагчаас өөрийн аппликэйшнээр дамжуулан сурах бичиг худалдан авах захиалга авах, захиалгын үндсэн дээр худалдах хүргэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон.  

2.3. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын 2019 онд хэвлэгдсэн сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулсан, мөн сургуулийн номын сангаар ашиглуулах сурах бичгийг хэвлэх, хүргэх ажлыг сонгон шалгаруулалтаар өөр этгээдээр гүйцэтгүүлсэн шийдвэр, үйл ажиллагаанаас өөрийн гэрээний дагуу хэвлүүлэн хүргүүлсэн сурах бичгийн борлуулалт хийгдээгүйгээс хохирол учирсан хэмээн маргаж байх бөгөөд дээр дүгнэсэнчлэн 2019 оны сурах бичгийг төлбөргүй ашиглуулсан, сургуулийн номын сангаар ашиглуулах сурах бичгийг хэвлэх, хүргэх ажлыг сонгон шалгаруулалтаар өөр этгээдээр гүйцэтгүүлсэн захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэний дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй буюу шалтгаант холбоогүй байх тул хохирол ч, нөхөн төлбөр ч шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна. 

2.4. Талуудын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаартай “Сурах бичиг хэвлэх, худалдах, хүргэх” ажил гүйцэтгэх гэрээнд сурах бичгийн эрэлтийг хангах гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч компани суралцагчийн захиалгын аппликэйшнээр дамжуулан сурах бичгийн эрэлтийг тодорхойлох, төрийн захиргааны байгууллагаас сурах бичгийн эрэлтийн талаарх мэдээллийг авах байдлаар гэрээний харилцаанд оролцсон боловч эрэлтэд заасан үзүүлэлтийг 100 хувь хангах ёстой гэдэг үүднээс хэвлэгдсэн сурах бичгийн борлогдоогүй үлдсэн хэсгийг хохирол гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д сурах бичгийг ... дунд, ахлах ангийн суралцагчид сургуулийн номын сангаар дамжуулан төлбөргүй, төлбөртэй /түрээсээр/ ашиглуулах бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан бол сурах бичгийг худалдан авч болохоор зааснаар дунд, ахлах ангийн сурах бичгийн хангалтыг сургуулийн номын сангаар дамжуулан төлбөргүй, төлбөртэй түрээсээр ашиглуулах бөгөөд худалдан авахыг хүссэн тохиолдолд л худалдахаас бус эрэлтийг бүхэлд нь худалдах замаар хангахаар журамлаагүй тул сурах бичгийн хангагдаагүй эрэлтийг 100 хувь худалдах замаар хангана гэж тооцох боломжгүй.

2.5. Гэрээний 4 дүгээр зүйлээр гүйцэтгэгчийн эрх, үүргийг зохицуулсан бөгөөд гүйцэтгэгч Э ХХК 4.2.5-д “сурах бичгийг хэвлэх, худалдах маркетинг болон борлуулалттай холбоотой аливаа эрсдэлийг хариуцах”-аар, 4.2.7-д “зөвхөн захиалгын үндсэн дээр 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 21 аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багшаар дамжуулан түгээх”-ээр, 4.2.15-д “сурах бичгийн хадгалах, зөөвөрлөх, түгээх үйл ажиллагааг хянах боломж, нөхцөлийг бүрдүүлж, эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл гэмтэх, үрэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэх”-ээр зааснаар хэвлүүлэх сурах бичгийг худалдан авах захиалгад уялдуулан тооцохоор байх тул хэвлүүлснээс борлуулагдаагүй үлдсэн сурах бичгийн үнийг хариуцагч байгууллагын үйл ажиллагаанаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй юм.

2.6. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан “гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс” гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгох бөгөөд Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тоот албан бичгээр “2019 онд хэвлэсэн, хөтөлбөрт нийцсэн, эрүүл ахуй, ашиглалтын шаардлага хангасан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулах замаар сурах бичгийн хомсдолыг шийдвэрлэх чиглэл хүргүүлсэн” шийдвэрийг давагдашгүй хүчин зүйлс үүсгэсэн төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрт хамааруулахгүй юм. Учир нь “гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс” бий болсныг тодорхойлох төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр “гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс” гэдэгт хамаарахаас бус захиргааны байгууллагын бүхий л шийдвэрийг “гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс” гэдэг ойлголтод хамааруулахгүй.  

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохиролд 5,053,226,844.62 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч “Э” ХХК дотоодын хуулийн этгээдээр сурах бичгийн хэвлэх ажлыг гүйцэтгүүлэх нөхцөл зааж сонгон шалгаруулалтад оролцож, гэрээ байгуулсан байх ч бодит байдалд сурах бичгийг БНХАУ-д хэвлүүлж импортоор оруулж ирсэн, мөн сурах бичгийн үнийг тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлсэн, энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч “түгээлтийн зардал багтаасан” гэж, хариуцагч нар “сурах бичгийн тогтоосон үнэд сурах бичгийг хэвлэх, түгээх зардал багтсан, үүнээс нэмэгдүүлэхгүй байх үүрэг гэрээгээр хүлээсэн” хэмээн тус тус тайлбарлах ч энэ маргаан гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэж гэрээ цуцлахтай холбоотой үүсээгүй тул сурах бичгийг дотоодын аж ахуйн нэгжээр хэвлүүлээгүй нь гэрээ зөрчсөн эсэх, сурах бичгийн үнийг нэмэгдүүлсэн нь үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.5, 11.7, Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хоёр дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компанид учирсан хохиролд 5,053,226,844.62 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА