Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 399

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

            улсын яллагч Ж.Энхжаргал,

            шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эрх даа лам овогт Нгийн Мт холбогдох эрүүгийн 1803001520142 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н овогтой Мнь 2018 оны 02 сарын 12-ны өдөр 08 цаг 45 минутын үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Орос элчингийн урд замд Тоёота приус 20 маркийн 64-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа, Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С.Аюурзаныг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өглөө 08 цаг 45

минутын үед 1 дүгээр сургуулийн урдуур зүүнээс баруун тийш чиглэлтэй “Орос элчин”-гийн зам дээр явж байсан. Тухайн үед миний явж байсан чиглэл ямар ч түгжрэлгүй байсан. Тэгтэл гэнэт урд явж байсан машины ардуур явган хүний гарцаар хүн гарч ирсэн. Би хохирогчийг шууд эмнэлэгт хүргэж, шинжилгээ өгүүлж, томографийн зураг авхуулж эмнэлэгт хэвтүүлсэн.” гэв.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Мнь 2018 оны 02 сарын 12-ны өдөр 08 цаг 45 минутын үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Орос элчингийн урд замд Тоёота приус 20 маркийн 64-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч С.Аюурзаныг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хэргийн газрыг үзлэгийн тэмдэглэлд: “Сүхбаатар дүүргийн 4-р хороо Орос элчингийн байрны урд замд Приус маркийн 64-00 УБХ улсын дугаартай автомашины жолооч Н.Мнь зүүнээс баруун чигт явж явган зорчигч С.Аюурзана зам хөндлөн урдаас хойш чигт явж мөргөн унасан гэв. Замын нөхцөл асфальт шулуун тэгш, хальтаргаатай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайстай, замын хойд талд байрлах гэрлийн шонг “В” цэгээр авав. “А” цэгээр автоамшинд хүн мөргөгдсөн цэгийг “Б” цэгээр хүн унасан цэгээр авав. А болон Б цэгийг жолооч Н.Маар заалган үзлэгийг хийв...” гэжээ. /хх-5/,

үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургууд /хх-6-9/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-67-71/,

хохирогч С.Аюурзанын “...2018.02.12 өглөө 07 цаг 55 минутын үед Сант сургуульд сурдаг 5-р ангийн охиноо сургуульд нь хүргэж өгчихөөд Циркийн зүүн талаар хойшоо өгсөөд Ханддоржийн өргөөний хойд Орос элчингийн урд үзүүрт байдаг явган хүний гарцаар алхаад явж байтал зүүн талаас цагаан машин ирээд намайг мөргөж унагаасан. Би тухайн цагаан машиныг ирж байгааг 5-6 метр зайнаас хараас гарцаар гарч байгаа учраас хурдаа сааруулаад намайг гаргах байх гэтэл шууд мөргөсөн тухайн машины зүүн урд үзүүрт би уначихсан байсан...”, “...Явган хүний гарцны голоор явсан. Тухайн үед жолооч надаас гуйгаад “эгчээ цагдаагийн газраас таниас мэдүүлэг авна, та гарцны гадна байсан гээд хэлээд өгөөч гэхээр нь би өрөвдөөд ирмэг хэсгээр явсан гэж цагдаад хэлсэн...” гэх /хх-23-24/,

иргэний нэхэмжлэгч М.Цэдэвсүрэнгийн “...Би ээжийнхээ хүсэлтээр энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Манай ээж орноосоо босож чадахгүй хэвэндээ байна. Эмчилгээний зардал, эм тариа гээд бодит учирсан хохирол нь нийтдээ 1.500.000 төгрөг болж байна. Зам тээврийн осол хэрэг учраас цаашид гарах эмчилгээний зардал эм тарианы мөнгийг тухай бүрт нь нэхэмжилж авах болно. Эмч 3 сар хэвтэрт байх хэрэгтэй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-76/,

Шүүхийн эмнэлгийн шинжилгээний 2592 дугаартай дүгнэлт: “С.Аюурзанын биед баруун талын умдаг ясны их бие, суудалт ясны нум дайрсан зөрүүтэй далд хугарал, давсганы гадна баруун болон урд хэсэг дэх цусан хураа, баруун талын цавинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх /хх-32-33/,

Замын цагдаагийн албаны шинжээчийн 180 дугаартай дүгнэлт: “...Тоёота Приус 20 маркийн 64-00 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Н.Мнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13-1 /явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх /хх-47-48/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Н.М нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч С.Аюурзанын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Мыг Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцуулах” санал гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тул шүүгдэгч Н.Мыг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Н.Мболон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.Мнь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг

дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч С.Аюурзана, иргэний нэхэмжлэгч М.Цэдэвсүрэн нар нь цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Ял шийтгэл оногдуулахдаа хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж ялгамжтай оногдуулах нь зүйтэй. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч бүрэн дунд боловсролтой, цэргийн мэргэжилтэй, улс орноо батлан хамгаалахад гар бие оролцож байгаа. Герийн спорт болон хүндийн спортоор хичээллэдэг. Спортын мастер цолтой. 2 бага хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “анх удаа гэмт хэрэг үйлдсэн,” 1.2 дахь заалт “...учруулсан хохирлыг төлсөн,” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэхээр хуульчлагдсан байна.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 700 нэгж буюу 700.000 төгрөгийг 3 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэлээ.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1803001520142 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүйг тус тус дурдаж,

хэрэгт хавсарган ирүүлсэн Н.Мын В ангилалын 653155 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрх даа лам овогт Н.М-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.М-ыг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М нь 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.

   4. Хохирогч С.Аюурзаяа, иргэний нэхэмжлэгч М.Цэдэвсүрэн нар нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  1. . Н.М-ын В ангилалын 653155 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай.
  2. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  3. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР