Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
Хэргийн индекс | 2414002350205 |
Дугаар | 2024/ДШМ/060 |
Огноо | 2024-10-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/060
*******д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Аймгийн ерөнхий прокурор *******гийн бичсэн эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2414002350205 дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ......... оршин суух хаягтай,
- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,
- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******н *******,
Шүүгдэгч *******н ******* нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........... тоотод байх гэрт хохирогч *******г “*******ын хонины махыг авлаа” гэх шалтааны улмаас нүүр рүү нэг удаа, хөл рүү нь 2 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн дээд 3-р шүдний булгарал, 4 дүгээр шүдний сулрал, хуухнагийн цус хуралт, төмсгийн зөөлөн эдийн няцрал, чихний дэлбэнгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч ******* овогт *******н *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон 6 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, түүний эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 сар 24 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1-т зааснаар шүүгдэгч *******аас 112,104 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож,
Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Аймгийн ерөнхий прокурор ******* тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
... Зорчих эрх хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар зорчихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.
Хэдийгээр шүүгдэгч *******д оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх боловч тус ял нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй байна.
Учир нь шүүгдэгчид оногдуулсан ялын хүрээ хязгаар нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд, эсхүл Баянхонгор аймгийн хэмжээнд эсэх, мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоосон эсэх нь тодорхойгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина...” гэж заасантай зөрчилдөж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан" Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд" оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод шүүхээс оногдуулсан ял нийцэхгүй байгаагаас гадна хуулийн үзэл санаа нь шүүгдэгчийг өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар заасан байтал нутаг дэвсгэрийн хүрээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй байгаа нь буруу гэж үзэхээр байна.
Иймд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад "Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай" гэж өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив..гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурор *******гийн бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч *******н ******* нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын .................тоотод хохирогч *******г “*******ын хонины махыг авлаа” гэх шалтгааны улмаас нүүр рүү нэг удаа, хөл рүү нь 2 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн дээд 3-р шүдний булгарал, 4 дүгээр шүдний сулрал, хуухнагийн цус хуралт, төмсгийн зөөлөн эдийн няцрал, чихний дэлбэнгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх үйл баримт нь:
Хавтаст хэргийн 9-10 дугаар талд авагдсан “... 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* гэх хүн “айлд мал харж байгаад хөлсөндөө хонины мах авсан” гээд манайд авч ирээд “зарчихмаар байна” гэхээр нь би 25,000 төгрөг өгөөд авчихсан байсан чинь орой нь эхнэртэйгээ орж ирээд “махаа буцааж авъя” гээд аваад явсан. Тэгснээ өнөөдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 24-ний өглөө манайд ороод ирэхээр нь би “махаа яасан бэ” гэсэн чинь “би мал маллуулж байсан айлдаа туранхай мах байна гээд буцаагаад аваачаад өгчихлөө” гэхээр нь “би хамт явж авъя” гээд *******ын хамт очиж айлаас нь аваад гэртээ ирчхээд байж байсан чинь ******* нь *******, , нарын хамт орж ирээд шууд ******* над дээр ирээд “юу ч хэлэхгүй намайг зодоод эхэлсэн, тэгээд намайг зодож байсан чинь ******* мах аваад гараад явсан чинь араас нь 2 гараад явсан. Тэгээд ******* араас нь гараад явахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бүтэн хонины мах байсан. туранхай мах байсан 15 кг орчим мах байсан. Би 25,000 төгрөгөөр худалдаж авсан байсан, намайг ******* зодож байхад ******* над руу 25,000 төгрөг шидчихээд махаа аваад гараад явсан. Би 25,000 төгрөгөө буцааж авсан. Тухайн хүмүүс бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, нэлээн их хэмжээнд хэрэглэсэн байсан. Миний биед ******* ганцаараа халдаж зодсон. Миний үүдэн хэсгийн 1 ширхэг шүд хугарсан, бас хиймэл шүд хугарсан байна. Толгой жаахан өвдөж байна өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй. Би шүдээ нөхүүлээд хийлгэчихвэл надад гомдол санал байхгүй...” гэх хохирогч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 66-67 дугаар талд авагдсан “... *******гийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 112,104 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна ...” гэх иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 15-16 дугаар талд авагдсан “...******* “махыг чинь очиж авъя” гэхээр нь *******, , нарын хамт очсон чинь Цогжавхлан хэвтэж байсан чинь ******* Цогжавхланг очоод цохиод авсан чинь Цогжавхлан урдаас нь хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би махыг нь аваад гараад ирсэн. Миний араас , нар гарч ирсэн. Би тухайн хонины махыг хатаж улайсан байхаар нь үхсэн малын мах байна гэж бодоод 25,000 төгрөгөөр өөрөө зөвшөөрч худалдсан байсан. Би гэрээс гарахдаа “аваад явлаа” гээд хэлээд гарсан. Бид нар архи согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн байсан. *******, , , Цогжавхлан бид нар байсан...” гэх гэрч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 34-35 дугаар талд авагдсан “ *******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн дээд 3-р шүдний булгарал, 4 дүгээр шүдний сулрал, хуухнагийн цус хуралт, төмсгийн зөөлөн эдийн няцрал, чихний дэлбэнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх зүүн шүдний 3 дугаар шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 195 дугаар дүгнэлт,
Хавтаст хэргийн 39-48 дугаар талд авагдсан “Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд” /хх-ийн 39-48/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд шүүгдэгч *******ын хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлт, Прокурорын саналын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл хэмжээний хүрээнд нь хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл хэмжээний хүрээнд хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ шүүгдэгч *******ын оршин суугаа газрын хаяг байршил, аймаг, сумын нэрийг тодорхой заагаагүй нь шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэх байдал үүсгэжээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т ” шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй нь анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасныг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.
Анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх байдлаар бичиж, шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.9, 167 дугаар зүйлийн 167.3, 168 дугаар зүйлийн 168.1.1,168.1.3, 170 дугаар зүйлийн 170.1.1, 170 дугаар зүйлийн 170.2.1, 173 дугаар зүйлийн 173.1.2, 173.1.5 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь техникийн хяналт тавих боломжгүй нөхцөл байдал үүсэх улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д " Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлага, зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод нийцээгүй байна.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгох, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг давхар агуулдаг.
Шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүний үндсэн эрх, журамт үүрэг, амин чухал хэрэгцээ шаардлагуудыг харгалзан “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох”, “тодорхой газар очихыг хориглох”, “шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих” зэрэг хуульд нэрлэн заасан хязгаарлалтын аль нэгийг, эсхүл хэд хэдэн хориглолт, хязгаарлалтыг зэрэгцүүлэн хэрэглэх, түүнчлэн чөлөөтэй зорчих хязгаарлалтын бүсийг нэг, эсхүл хэд хэдэн сум, хороо, багийн нутаг дэвсгэрийн аль тохирох нэгжийг хамааруулан тогтоох боломжтой юм.
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцөлийг өөрчлөх, хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш түр зорчих, эсхүл удаан хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлага үүсвэл энэ талаарх хүсэлтээ хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх боломжтой.
Шүүгдэгч *******ын биеийн байцаалтад “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 49-Б6 тоотод оршин суух хаягтай ” гэж бичигдсэн бол Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд *******ын оршин суугаа хаягийг Баянхонгор аймгийн Баянлиг сумын 5 дугаар баг, Хатан суудал гэж тодорхойлжээ.
Гэвч шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөрийн оршин суугаа газрын хаягийг “Баянхонгор сумын ........... тоотод оршин суугаагаа мэдүүлсэн” тул түүний оршин суух газрыг энэ хаягаар тодорхойлж, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, харьяалах өрхийн эмнэлэг, эмийн сан, хүнсний зах зэрэг чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, техникийн хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өөрчлөлт оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д заасантай нийцнэ.
Хавтаст хэргийн 120 дугаар талд авагдсан “…2024 оны 08 сарын 14-ний өдрийн ТЭ/162/2024/ШЗ/521 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд, шүүх хуралдаанд улсын яллагч Ж.Энхбат оролцсон гэж тэмдэглэсэн атлаа 2024 оны 08 сарын 14-ний өдрийн 2024/ШЗ/521 дугаартай шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Байгаль гэж зөрүүтэй бичсэн.
Хавтаст хэргийн 132 дугаар талд авагдсан мөн шүүхийн 2024 оны 08 сарын 28-ны өдрийн ТЭ/162/2024/ШЦТ/181 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд улсын яллагчаар Б.Байгаль оролцсоноор шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд бичиж албажуулсан байх ч 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 2024/ШЦ/181 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдаанд улсын яллагч нь Ж.Энхбат, нарийн бичгийн дарга нь Д.Чимэдцэрэн нар оролцсон мэтээр зөрүүтэй бичигдсэн ...зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол “ гэсэн ноцтой зөрчилд тооцогдох ч хэргийн шийдвэрлэлт, зүйлчлэлд нөлөөлөхгүй тул цаашид анхаарах шаардлагатай болохыг буруутган дүгнэлээ.
Иймд давж заалдах шатны шүүх “... нь шүүгдэгчид оногдуулсан ялын хүрээ хязгаар нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд, эсхүл Баянхонгор аймгийн хэмжээнд эсэх, мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоосон эсэх нь тодорхойгүй , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина...” гэж заасантай нийцээгүй нь шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тавих хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”-ыг хүссэн Аймгийн ерөнхий прокурор буюу дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт дээрх байдлаар өөрчлөлт оруулж , шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай” гэснийг,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 49-Б6 тоотоос нэгдсэн эмнэлэг, харьяа өрхийн эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
В.ЦЭЦЭНБИЛЭГ