Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00588

 

 

 

 

 

 

 

 

Б.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20ы өдрийн 183/ШШ2021/03075 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Аын хариуцагч Л.З, Б.М нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 14,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Л.З нь өөрийн цахим хуудсаар Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны 34 тоот хаягт байрлах, ... м.кв ... өрөө орон сууцыг 20,000,000 төгрөгөөр 2 жилийн хугацаанд түрээслүүлнэ, зээлийн хүүд тус орон сууцанд суулгана гэх зар оруулсны дагуу Б.А холбогдож, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Л.З, Б.Мнартай 20,000,000 төгрөгийг хүүгүй, 2 жилийн хугацаатай зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулан, зээлийн хүүд зээлдэгч Л.З, Б.Мнарын өмчлөлийн дээрх орон сууцанд суухаар тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дууссан бөгөөд гэрээний 3 дугаар заалтад зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон тул зээлийн үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан болон 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсанд маргадаггүй. Зээлийн гэрээний 1-д “...зээлдүүлэгч нь зээлдэгч талд  20,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатайгаар хүүгүй, барьцаагүй зээлдүүлж байна” гэж заасан бөгөөд талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурсан. 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд Монгол улсын хэмжээнд ковид-19 цар тахал гарч, бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүнд нөхцөл байдал үүссэн нь нийтэд илэрхий үйл баримт байдаг. Л.З нь түгээлтийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан бөгөөд ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн авахаа больж, тэрээр орлогогүй болж гэрээний үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдал бий болсноос алдангийг төлөх боломжгүй байна. Иймд үндсэн зээл 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Л.З, Б.Мнар Б.Ааас 20,000,000 төгрөгийг хүүгүй, барьцаагүй хоёр жилийн хугацаатай зээлсэн гэдэг нь Б.Аын нэхэмжлэл, зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Анх гэрээ байгуулахдаа хүүгүй гэсэн атлаа хүүд нь миний байранд үнэгүй сууна гэсэн нь зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээний хувьд тохиролцох үндэслэлгүй нөхцөл гэж үзэж байна. Иймээс орон сууц хөлслөх гэрээний 5 дахь заалтыг үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж хөлслөгч Б.Ааас Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны байр хөлслөн суусны хөлсийг сарын 600,000 төгрөгөөр тооцож, нийт 14,400,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Бид орон сууц хөлслөх гэрээг төлбөргүйгээр, 20,000,000 төгрөг зээлдүүлснийхээ хүүд тухайн орон сууцанд суухаар тохиролцсон тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.   

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Л.З, Б.Мнараас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ааас 14,400,000 төгрөг гаргуулах тухай Л.З, Б.Мнарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,400 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг баримтлан алдангийг тал хувиар бууруулж шийдвэрлэсэн байдаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг утга зүйн хувьд “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэсэн үгийн утгачлалаар хууль тогтоогч нар хуульчлан өгсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага дахь алдангийн хэмжээг хуулийн дээрх зүйл хэсгээр багасгахдаа хэргийн нөхцөл байдлыг авч үзэхээс илүүтэйгээр цар тахлын нөхцөл байдлыг авч үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дахь алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын хувиас хэтрээгүй. Хариуцагч нар зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг болох орон сууц хөлслөх гэрээний зүйл болох эд хөрөнгөө нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр хүлээн авч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг зүйлээ бусдад хөлслөн ашиг олж үр шимээ хүртэж байгаа. Иймээс хариуцагч нарын эдийн засаг хэвийн тогтвортой байгаа, цар тахлын нөлөөллөөс болж хариуцагч нарын эдийн засагт сөрөг нөлөөлөл учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Мөнхцолмон, Л.З нараас зээлийн гэрээний алдангид 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7а. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтад зээлийн хүүг хүү тохирсон бол гэрээг бичгээр хийх, харин уг шаардлагыг биелүүлээгүй бол хүү авах эрхээ алдана гэж Иргэний хуульд тухайлан зохицуулсан. Гэтэл уг шийдвэрт хуульд заасан дээрх зохицуулалтыг няцаасан болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй хууль зүйн үндэслэл, мөн зохигчдын маргааны гол үндэслэл болсон зээлийн гэрээ, хүү, хүүгийн төлбөр, эд хөрөнгө хөлслөх гэрээний хариу төлбөр зэрэгт үндэслэл бүхий тайлбар, няцаалт өгөлгүй ойлгомжгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. 

7б. Шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлд тооцогдох нэхэмжлэл гэж хүлээн авсан мөртлөө хариуцагчид гардуулж шууд шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан. Гэтэл шүүгч нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийг гардаж аваад шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйл байгаа эсэхийг асуугаад шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

  1. Хэргийг зохигчдын давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн

шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.А хариуцагч Л.З, Б.Мнараас 21,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8,500,000 төгрөгөөр ихэсгэн зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч 14,400,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.      

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “20,000,000 төгрөгийг хүүгүй, 2 жилийн хугацаатай, зээлийн хүүд Л.З, Б.Мнарын өмчлөлийн орон сууцанд суухаар тохиролцсон” гэж, хариуцагч нар татгалзлын үндэслэлээ “... ковид-19 цар тахлын улмаас ... орлогогүй болж гэрээний үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдал бий болсноос алдангийг төлөх боломжгүй байна, үндсэн зээл 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Анх гэрээ байгуулахдаа хүүгүй гэсэн атлаа хүүд нь миний байранд үнэгүй сууна гэсэн нь зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээний хувьд тохиролцох үндэслэлгүй нөхцөл гэж үзэж байна” гэж, нэхэмжлэгч “Бид орон сууц хөлслөх гэрээг төлбөргүйгээр, 20,000,000 төгрөг зээлдүүлснийхээ хүүд тухайн орон сууцанд суухаар тохиролцсон тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан мэтгэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч нараас 25,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.    

 

5. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул зохигчдын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Зохигчдын хооронд зээлийн болон орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсч талууд зээлийн гэрээний дагуу хүү, орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлс тохирсон эсэх нь маргааны зүйл болжээ. 

 

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

8. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд нэхэмжлэгч Б.А нь зээлийн хүүд хариуцагч нарын орон сууцанд суухаар тохиролцсоноо, хариуцагч Л.З, Б.Мнар нь зээлийн гэрээгээр хүү тохиролцоогүй бөгөөд зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тус нотлох үүргийг хүлээнэ.

 

9. Хэрэгт зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ авагджээ.

 

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд “Зээлдүүлэгч нь зээлдэгч талд 20,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хоёр жилийн хугацаатай хүүгүй, барьцаагүй зээлдүүлж байна... Нэмэлт нөхцөл: Зээлдүүлэгч Б.А би 20,000,000 төгрөг зээлдүүлсний сарын хүүд зээлдэгч Б.Мөнхцолмон, Л.З нарын өмчлөлийн Ү-2205004804 улсын бүртгэлийн дугаартай, №000714086 тоот гэрчилгээтэй Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 33 дугаар байр, 34 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцанд амьдрахаар тохиролцов.” гэж, мөн өдрийн орон сууц хөлслөх гэрээнд “Хөлслүүлэгч Б.Мөнхцолмон, Л.З би хөлслөгч Б.Ат өөрийн өмчлөлийн орон сууцаа 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 2 жилийн хугацаагаар хөлслүүлнэ... Орон сууц хөлсөлсний төлбөрт 20,000,000 төгрөгийг зээлдүүлсэн ба тус зээлийн сарын хүүд сууна. Тус гэрээ нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байгуулсан зээлийн гэрээний салшгүй хэсэг болно.” гэж тус тус зааж талууд гарын үсгээ зуржээ.

 

10. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарт 20,000,000 төгрөг зээлдүүлсний хүүд орон сууцны хөлсийг харилцан тооцохоор тохиролцсон нь тогтоогдсон, хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүү тохиролцоогүй гэх татгалзал болон орон сууц хөлслөх гэрээгээр хөлсийг сарын 600,000 төгрөгөөр тохиролцсон гэх сөрөг нэхэмжлэл нотлогдоогүй тухай анхан шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримт, уг үйл баримтыг үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлийг тодорхойлж, хуулийг тайлбарлан хэрэглэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж  үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

11. Анз нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр бөгөөд анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно.

Анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд анхан шатны шүүх алдангийн хэмжээг өөрийн эрх хэмжээний хүрээнд багасгасныг буруутгах үндэслэлгүй юм. 

 

12. Хариуцагч нар шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч

нэхэмжлэгчид гардуулсан ба нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаа авахгүйгээр сөрөг нэхэмжлэлийн талаархи тайлбараа шүүх хуралдаан дээр гаргаж мэтгэлцэх боломжтой тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийх талаар хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан явагдаж хэргийг шийдвэрлэсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Иймд “шүүгч нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийг гардаж аваад шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйл байгаа эсэхийг асуугаад шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.” гэх хариуцагч нарын гомдол үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч мөнгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нар үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2021/03075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.А нь 94,950 төгрөг төлснийг, хариуцагч Л.З, Б.Мнар нь 229,950 төгрөг төлснийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ                                           

                ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                Д.БЯМБАСҮРЭН