| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0778/Э |
| Дугаар | 824 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 824
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч О.Багшбаяр,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бд холбогдох 1806 03910 0912 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Д аймгийн Б суманд 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, нөхөр, 1-17 насны 5 хүүхдийн хамт, Б дүүргийн дүгээр хороо, А хорооллын дугаар байрны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Хатиган овогт Б Б /РД:ЖВ/,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо, Монелийн дугаар гудамжны тоотод иргэн Д.Н, Ч.О нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Отгондэлгэрийн өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн эгч Дэлгэрнасангийн гэрт нь ирсэн байхад танил Бадам эгч хүүхдээ дагуулж ирсэн. Бадам эгч бид 2 найзтай нь уулзахаар Офицерийн орчим очсон боловч байхгүй байсан... Ингээд дахиж такси бариад Монелийн гудамжинд ирээд тал шил архийг уучихаад дахиж такси бариад Монелд эгчийн гэрт ирсэн. Тэгээд энэ тэнэгийг авчрах гэж үйлээ үзлээ гэж хэлсэнээс болж бид 2 маргалдан үсдэлцэхэд эгч салгасан. Тэгтэл Бадам эгч түлээний модоор өмнөх жоохон хагархай дээр нэмж толгойн тус газар цохиж хагалаад гарсан. Араас нь Номиндэлгэр намайг өмөөрч гараад эгчийн толгой хагалчихлаа гэж хэлэхэд Бадам эгч хаалганы хажууд байсан нарийн төмөр түүн рүү шидэхэд зүүн талын чихний доод талд нь оносон. Ингээд түргэн дуудаад цагдаа дуудсан. Би толгойндоо 4 оёдол, Номиндэлгэр 3 оёдол тавиулсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.4-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Номиндэлгэрийн өгсөн : “2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байтал үеэл эгч Отгондэлгэр хүүхдийнхээ хамт эрүүл ирсэн. Удаагүй танил Бадамаа төрсөн эгч хүүхдийнхээ хамт орж ирсэн. Тэгээд тэр 2 хүнтэй уулзана гээд гараад орой 19 цаг өнгөрч байхад хоёулаа согтуу, үеэл эгчийн толгой шалбарсан орж ирсэн. Тэгээд Бадамаа эгч үеэл эгчтэй шалихгүй зүйлээс болж маргалдаж байгаад үсдэлцэхэд ээж салгасан. Бадмаа эгч баруун талын орон дээр сууж байгаад үеэл эгч Отгондэлгэрийн толгойг хажууд нь байсан түлээний модоор цохиж хагалчихаад хүүхдээ аваад гарсан. Араас нь Отгондэлгэр эгч гарсан. Түүний араас би гараад эгчийн толгой хагалчихлаа гэсэн чинь хашааны хаалганы хажууд байсан нарийн төмөр бариад далайхаар нь айгаад буцаад явж байсан чинь араас төмөр шидэж зүүн чихний ар талд онож язарсан. Ингээд ээж түргэн, цагдаа дуудсан. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.7-9/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5736 дугаартай дүгнэлтэд:
“1. Ч.Отгондэлгэрийн биед зүүн зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5738 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Номиндэлгэрийн биед зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Дэлгэрнасангийн өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн дүү Отгондэлгэр хүүхдийнхээ хамт ирсэн. Удаагүй Бадамаа хүүхдийнхээ хамт орж ирсэн. Тэгээд удаагүй тэр хоёр хүнтэй уулзахаар яваад орой 19 цаг өнгөрч байхад хоёулаа согтуу, дүүгийн толгойн оройн хэсэгтээ бага зэрэг шалбарсан байдалтай ирсэн. Ингээд Бадам согтуу юмыг авчрах гэж ядаргаа боллоо гэж хэлсэнээс болж тэр 2 маргалдаж үсдэлцэхэд би салгасан. Бадам баруун талын орон дээр сууж байснаа түлээний модоор хохирогч Отгондэлгэрийн толгойн тус газар цохиж хагалчихаад хүүхдээ дагуулаад гараад явсан. Отгондэлгэр араас нь гарсан. Түүний араас охин Номиндэлгэр гараад удаагүй Бадам эгч нарийн төмрөөр толгой руу шидэж хагалчихлаа гэж хэлсэн. Шидсэн төмрйиг нь харахад дээр үеийн цагаан орны нарийн төмөр байсан. Дүү Отгондэлгэрийн толгойнд 4, охины толгойд 3 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.30-33/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 25 дугаар гудамжны 5596 тоотод иргэн Д.Номиндэлгэр, Ч.Отгондэлгэр нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Отгондэлгэрийн өгсөн: “... Тэгээд энэ тэнэгийг авчрах гэж үйлээ үзлээ гэж хэлсэнээс болж бид 2 маргалдан үсдэлцэхэд эгч салгасан. Тэгтэл Бадам эгч түлээний модоор өмнөх жоохон хагархай дээр нэмж толгойн тус газар цохиж хагалаад гарсан. Араас нь Номиндэлгэр намайг өмөөрч гараад эгчийн толгой хагалчихлаа гэж хэлэхэд Бадам эгч хаалганы хажууд байсан нарийн төмөр түүн рүү шидэхэд зүүн талын чихний доод талд нь оносон. Ингээд түргэн дуудаад цагдаа дуудсан. Би толгойндоо 4 оёдол, Номиндэлгэр 3 оёдол тавиулсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.4-6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Номиндэлгэрийн өгсөн : “... Тэгээд Бадамаа эгч үеэл эгчтэй шалихгүй зүйлээс болж маргалдаж байгаад үсдэлцэхэд ээж салгасан. Бадмаа эгч баруун талын орон дээр сууж байгаад үеэл эгч Отгондэлгэрийн толгойг хажууд нь байсан түлээний модоор цохиж хагалчихаад хүүхдээ аваад гарсан. Араас нь Отгондэлгэр эгч гарсан. Түүний араас би гараад эгчийн толгой хагалчихлаа гэсэн чинь хашааны хаалганы хажууд байсан нарийн төмөр бариад далайхаар нь айгаад буцаад явж байсан чинь араас төмөр шидэж зүүн чихний ар талд онож язарсан. Ингээд ээж түргэн, цагдаа дуудсан. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.7-9/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5736 дугаартай дүгнэлт /хх.14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5738 дугаартай дүгнэлт /хх.15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Дэлгэрнасангийн өгсөн: “... Ингээд Бадам согтуу юмыг авчрах гэж ядаргаа боллоо гэж хэлсэнээс болж тэр 2 маргалдаж үсдэлцэхэд би салгасан. Бадам баруун талын орон дээр сууж байснаа түлээний модоор хохирогч Отгондэлгэрийн толгойн тус газар цохиж хагалчихаад хүүхдээ дагуулаад гараад явсан. Отгондэлгэр араас нь гарсан. Түүний араас охин Номиндэлгэр гараад удаагүй Бадам эгч нарийн төмрөөр толгой руу шидэж хагалчихлаа гэж хэлсэн. Шидсэн төмрйиг нь харахад дээр үеийн цагаан орны нарийн төмөр байсан. Дүү Отгондэлгэрийн толгойнд 4, охины толгойд 3 оёдол тавтулсан” гэх мэдүүлэг /хх.19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.30-33/,
Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Б.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Д.Номиндэлгэр, Ч.Отгондэлгэр нар нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болон мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “Энэ гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдэх” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Номиндэлгэр, Ч.Отгондэлгэр нар нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Бын “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, Б.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Н, Ч.О нар нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР