| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2429000660030 |
| Дугаар | 2024/ДШМ/50 |
| Огноо | 2024-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/50
Н.*******-*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Солонго /цахимаар/,
Хохирогч Э.*******,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.*******-*******д холбогдох 2429000660030 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.*******-******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг “*******” ХХК-ийн амралтын байранд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хамтран амьдрагч Э.*******тай үл ялих зүйлээр маргалдан нүүр хэсэгт цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Н.*******-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Н.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******-*******д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.*******-*******д оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Хохирогч Э.******* нь “шүүгдэгч Н.*******-*******эс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдаж,
Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******-*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын 6 дахь талд “Н.*******-*******эс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэснийг дурдаж шийдвэрлэлээ” гэжээ.
Миний хувьд 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сэврэй суманд биеэр очин шүүхийн шийтгэх тогтоолыг олж аван танилцаад Н.*******-*******д холбогдох эрүүгийн 249000660030 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх хялбаршуулсан журмаар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэрлэсэн талаар олж мэдсэн бөгөөд Э.******* би прокурорт хандан нэг ч удаа хүсэлт, тайлбар гаргаж байгаагүй бөгөөд миний нэрийг ашиглан хуурамч тайлбар гаргасныг шүүх хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлээ болгосонд гомдолтой байна.
Миний хувьд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байгаа тул хэрэгт авагдсан тус тайлбарт гарын үсгийн шинжилгээ хийлгэх, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокурорын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж эрүүгийн хариуцлагын саналыг тохирохдоо шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байгаа.
Хохирогчийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлээгүй. Гомдол саналгүй гэх хүсэлтийг гаргасан нь энэ манай үйлчлүүлэгчийн бичгийн хэв биш байна гэдэг зүйлийг хэлж байна. Энэ нь тусгай шалгагдах асуудал буюу Эрүүгийн хэргийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоолгохоор холбогдох байгууллагад гомдол гаргах нь зүйтэй байх гэж бодож байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгчтэй эрүүгийн хариуцлагын саналыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Прокурорын саналыг шүүх хангаж шийдвэрлэсэн байх тул уг шийдвэр хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байна гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын гол үндэслэл нь тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Э.*******аас гаргасан гээд байгаа хүсэлт нь өөрийнх нь биш, шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй байтал хавтаст хэрэгт авагдсан материалд миний гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх утсаар хариу мэдэгдсэн гэх хууль бус ажиллагааны улмаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Миний хувьд цаашид гаргах эмчилгээний зардал болон өөрт учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй, гомдолтой байсан гэж давж заалдах гомдолдоо дурдсан байдаг. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд миний үйлчлүүлэгчээс гаргасан гэх хүсэлт нь илт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа болон Н.*******-*******эс гаргасан хүсэлттэй бичгийн хэв нь яг ижилхэн байгаа зэргийг шүүх анхаарч үзээгүй байна.
Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл бий болсон байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.
Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсанаар миний үйлчлүүлэгч анх бичгээр цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа миний бие 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ******* кемп дээ байхдаа Н.*******-*******д өшиглүүлж ахар сүүлээ гэмтээлгэсэн. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зодуулсан гэх гомдол мэдээллийг анх гаргасан. Үүнээс харахад миний үйлчлүүлэгчийн биед 2 удаагийн үйлдлээр халдаж, гэмтэл учруулсан асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон мөрдөгчийн хийсэн мөрдөн шалгах ажиллагаануудаас харахад миний үйлчлүүлэгчийн ахар сүүл хугарсан гэмтлийн талаар ямар нэгэн ажиллагаа явагдаагүй. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эмнэлэг Э.******* нь ахар сүүл хугарсан асуудлаар манай эмнэлэгт хандсан гэх нотлох баримт хавтаст хэргийн 99-100 дугаар хуудсанд авагдсан.
Хамгийн сүүлд хавтаст хэргийн материалтай 03 дугаар сарын 02-ны өдөр танилцаж, гомдол саналтай талаараа илэрхийлсэн байдаг. Гэтэл хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд байгаа Н.*******-Эрдэнийн гаргасан хүсэлт болон миний үйлчлүүлэгчийн гаргасан гэх гарын үсэггүй хүсэлтийн бичгийн хэв яг таарч байгаа. Мөн миний үйлчлүүлэгч бас хэлдэг. Би 04 дүгээр сарын 15-ны өдөр ******* буюу өөрийнхөө ажил дээр байсан. Гэтэл Н.*******-******* над руу залгаад ийм хүсэлт биччихлээ гээд зургийг нь явуулаад үүнийг шүүхэд өгчих үү гэсэн асуудал яригддаг.
Миний үйлчлүүлэгч өгсөн хариулт нь би гомдол саналтай байгаа учраас ямар нэгэн хүсэлт гаргаж өгөхгүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл хавтаст хэргийн 115 дугаар хуудсанд авагдсан яллах дүгнэлт дээр яг энэ хэргийг зөвхөн толгойд учирсан гэмтлээр шалгаад, яллах дүгнэлт үйлдээд байгаа. Мөн хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудсанд авагдсан хөнгөн зэргийн гэмтэл байна гэх шүүхийн шинжээчийн дүгнэлтэд ахар сүүлний хугарал гэмтлийн талаар ямар нэгэн байдлаар дурдагдаагүй.
Миний үйлчлүүлэгчийг удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд оруулж, бие эрх чөлөөнд нь халдаж, гэмтэл учруулсан. Яг энэ асуудлаар өөрөө гомдолтой гээд байхад хуурамчаар нотлох баримт бүрдүүлээд, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж миний үйлчлүүлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн сэргээлгэх эрхийг ноцтой зөрчсөн асуудал үүсэж байна.
Шүүхийн зорилго нь бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх байдаг боловч шүүх шийдвэр гаргахдаа илтэд нотлох баримтыг шаардлага хангаагүй, гарын үсэггүй нотлох баримтыг үнэлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гол ач холбогдол болгодог нөхцөл байдал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болдог. Гэтэл Н.*******-*******эс гаргаж байгаа хүсэлт дээр бид хоёр гэр бүлийн хамтын амьдралтай хүмүүс байгаа юм, Э.*******ын хувьд гомдол саналгүй гэсэн. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж байгаа.
Хавтаст хэрэгт авагдаад байгаа баримтууд дээр гомдол саналтай, хохирлоо барагдуулж авна гээд байхад шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн асуудал болж байна.
Иймд үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Мөн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд хүндрүүлсэн нөхцөл байдалтайгаар бусдын биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэх боловч үйлчлүүлэгчийнхээ ярьж байгааг сонсохоор гэр бүлийн хүчирхийлэл буюу 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байна.Иймд гомдлыг хангаж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч Э.*******ын гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Н.*******-******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг “*******” ХХК-ийн амралтын байранд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хамтран амьдрагч Э.*******тай үл ялих зүйлээр маргалдан нүүр хэсэгт цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдсоныг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Н.*******-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Н.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******-*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Хохирогч Э.******* нь “...би прокурорт хандан нэг ч удаа хүсэлт, тайлбар гаргаж байгаагүй бөгөөд миний нэрийг ашиглан хуурамч тайлбар гаргасныг шүүх хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлээ болгосон, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байгаа, хэрэгт авагдсан тайлбарт гарын үсгийн шинжилгээ хийлгэх, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Э.******* нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт “...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр уурхай дээр өшиглөж ахар сүүл гэмтээсэн. Тус гэмтэл нь бүрэн эдгээгүй байхад дахин 2024 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө уурхайн талбар дээр өөрийн амьдардаг гэртээ аваачиж толгой нүүр нүдгүй цохиж боож унагааж гэмтээсэн. Миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэсэн өргөдлийг гаргасан байхад /хавтас хэргийн 10 дугаар хуудас/ хяналтын прокурор нь шүүгдэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үйлдэл холбогдолд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах”, 2.12-т “энэ хуульд заасны дагуу гаргасан оролцогчийн хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд хавтаст хэргийг татаж хянах”, 2.18-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцыг хянах, бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шалгах, шаардлагатай бол хавтаст хэргийг татаж хянах, уг ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын удирдлагад шаардлага тавих, зөрчлийг арилгуулах”, 2.21-д мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих” зэрэг хуульд заасан бүрэн эрхээ прокурор хэрэгжүүлээгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж заасан хуулиар олгогдсон үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулж болно.” гэж заасан хянан шалгах ажиллагааг прокурор явуулаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос гаргаж өгсөн гэх хүсэлт /хавтас хэргийн 110 дугаар хуудас/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэж заасан шаардлагыг хангаагүй, дээрх бичгээр гаргасан хүсэлт нь хуулбар хувиар хэрэгт авагдсан, нотлох баримтын шаардлага хангаагүй, дээрх хүсэлтийг хэн бичиж гаргаж өгснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримтыг шалгахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хохирогчийн хуулиар олгогдсон шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулжээ.
Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гомдол, тайлбаруудыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгч Н.*******-*******д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.*******-*******д холбогдох 2429000660030 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.*******-*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА