Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2026/0254

 

 

2026          03           12                                     128/ШШ2026/0254

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Должинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Т*******” ХХК /РД:*******/

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “1/Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/******* дугаар “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгох, 2/Хариуцагч нь үнийн өсөлттэй уялдуулан төсөвт магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, 2024 оны тарифын дагуу тооцож, үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохтой холбоотой шаардагдах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, 3/Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №НХААГ-1 дугаар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга, 200 ор /Ула, Б******* дүүрэг,  ** дүгээр хороо, Б******* хороолол/-ын ажил гүйцэтгэх гэрээ”-нд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах, 4/Захиргааны хууль бус акт, буруутай эс үйлдлийн улмаас учирсан бодит хохирол 777,706,177 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 1 сарын 22-ны өдөр “Цэцэрлэгийн барилга, 200 ор \Ула хот, Б******* дүүрэг, *** дүгээр хороо, Б******* хороолол\ ажил”-ыг 2,000,000,000 (хоёр тэрбум) төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгүүлэхээр тендер[1] зарлаж, тус тендерт “Т*******” ХХК-иас 1,918,886,444[2] a(нэг тэрбум есөн зуун арван найман сая найман зуун наян зургаан мянга дөрвөн зуун дөчин дөрөв) төгрөгөөр гүйцэтгэх үнийг санал хүргүүлсэн байдаг.

2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02/2260 дугаар албан бичгээр “Цэцэрлэгийн барилга, 200 ор \Ула хот, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол\ ажил”-ын гүйцэтгүүлэхээр “Т*******” ХХК-д гэрээ байгуулах эрх[3] олгож, захиалагчид мөн сарын 24-ний өдрийн 02/227 албан бичгээр зөвлөмж[4]ийг хүргүүлжээ.

3. Ингээд “Т*******” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргатай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр №НХААГ-1 дугаар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга, 200 ор /Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол/-ын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан[5] байна. Гэрээнд “гүйцэтгэгч”-ээр “Т*******” ХХК байхаар тусгаж, түншлэлийг төлөөлж “Т*******” ХХК-ийн захирал Б.А гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг.

Тус гэрээгээр гэрээт ажлын төлбөрийг 1,918,886,444 /нэг тэрбум есөн зуун арван найман сая найман зуун наян зургаан мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөг, гэрээний хугацааг “2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр” гэж харилцан тохиролцож, үүнээс хойш нийт 6 (зургаа) удаа гэрээний хугацааг сунгасан байна.

4. Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/******* дугаар албан бичгээр “...гэрээт ажлыг дуусгаж хүлээлгэж өгөөгүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэг, Гэрээний ерөнхий нөхцөлийн 42.1.1 дэх заалтыг тус тус баримтлан гэрээг цуцалж байгаа”-г “Т*******” ХХК-д мэдэгджээ.

5. Иймд “Т*******” ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” 128/ШЗ2024/4064 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар дараах агуулгаар тодорхойлсон болно. Үүнд:

6.1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт тус тус холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “1/Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/******* дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хүчингүй болгох, 2/Гэрээний дагуу олгогдох 1,688,173,371  /нэг тэрбум зургаан зуун наян найман сая нэг зуун далан гурван мянга гурван зуун далан нэг/ төгрөгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

6.2. Шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШЗ2024/3457 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулахаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан мөн оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан ирүүлсэн байдаг. Үүнд:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/******* дугаар “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгох;
  • Хариуцагч нь үнийн өсөлттэй уялдуулан төсөвт магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, 2024 оны тарифын дагуу тооцож, үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохыг даалгах;
  • Хохиролд 1,688,173,371 (нэг тэрбум зургаан зуун наян найман сая нэг зуун далан гурван мянга гурван зуун далан нэг) төгрөгийг гаргуулах.

6.3. Цаашлаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай[6]” 128/ШЗ2024/4064 дүгээр захирамжаар “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/******* дугаар “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгох” шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, үлдсэн 2 (хоёр) нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийг үндэслэн хүлээн авахаас татгалзсан.

6.4. Анхан шатны шүүхийн дээрх захирамжийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хянаж, тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 221/ШТ2024/0452 дугаар тогтоолоор “нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсан” хэсгийг хүчингүй болгосон байдаг.  Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2024/5282 дугаар шүүгчийн захирамжаар “1/Хариуцагч нь үнийн өсөлттэй уялдуулан төсөвт магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, 2024 оны тарифын дагуу тооцож, үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохыг даалгах, 2/ Хохиролд 1,688,173,371 (нэг тэрбум зургаан зуун наян найман сая нэг зуун далан гурван мянга гурван зуун далан нэг) төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудад захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 3 (гурав) шаардлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.

6.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/10130 дугаар албан бичгээр “Тодруулга, нотлох баримт гаргуулах тухай” албан бичгээр “гэрээ цуцалсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, үлдэгдэл төлбөрийг гаргуулах эсхүл гэрээг үргэлжлүүлэхийг даалгах эсэх, мөн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй хохирлын тооцоолол, түүнийг нотолсон баримтууд”-ыг ирүүлэхийг нэхэмжлэгчээс шаардсан.

Нэхэмжлэгч нь 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт тайлбар шүүхэд гаргаж, хохирол  1,688,173,371 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 1,828,223,589 (нэг тэрбум найман зуун хорин найман сая, хоёр зуун хорин гурван мянга таван зуун наян ес) төгрөг болгож, 140,050,218 (нэг зуун дөчин сая тавин мянга хоёр зуун арван найм) төгрөгөөр нэмэгдүүлснийг мөн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/8720 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авсан.

6.6. Дахин тус шүүхийн 2026 оны 0 сарын 28-ны өдрийн 128/ШЗ2026/103 шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах”-аар шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар тодорхойлж, шүүхэд албан бичгээр ирүүлэхийг даалгасан.

Улмаар нэхэмжлэгч нь 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж нэмэгдүүлэх тухай” албан бичгээр[7]  нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар дор дурдсанаар тодорхойлсон. Үүнд:

  1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 03/******* дугаар “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгох;
  2. Хариуцагчийг үнийн өсөлттэй уялдуулан төсөвт магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, 2024 оны тарифын дагуу тооцож үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохтой холбоотой шаардагдах шийдвэр гаргахыг даалгах;
  3. Захиргааны хууль бус акт, хууль бус эс үйлдэл гаргасантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №НХААГ-1 дугаар  “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга, 200 ор /Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол/-ын ажил гүйцэтгэх” гэрээ №НХААГ-1 тоот гэрээ”-нд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах;
  4. Захиргааны хууль бус акт, буруутай эс үйлдлийн улмаас манай байгууллагад учирсан бодит хохирол 571,842,778.23 төгрөг, инфляцийн алдагдал 91,494,844 төгрөг, алданги 114,368,555 төгрөг, нийт 777,706,177 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах” гэж.

6.7. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн дээрх 4 (дөрөв) нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

7. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, дараах үндэслэлээр маргасан. Үүнд:

7.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “1/Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 03/******* “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгох тухайд: Манай байгууллага нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга, 200 ор /Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол/-ын ажил гүйцэтгэх гэрээ” №НХААГ-1 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу ажлын хөлсийг 1,918,886,444 (нэг тэрбум есөн зуун арван найман сая найман зуун наян зургаа мянга дөрвөн зуун дөчин дөрөв) төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эхэлж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулах үндсэн тохиролцоотойгоор гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа богино байсан тул гэрээг хэд хэдэн удаа сунгасан. Шалтгаан нь тус барилга барих газрыг чөлөөлөх үүрэг нь захиалагч талд байсан боловч энэ асуудлаа шийдвэрлээгүй байсаар байгаад 2020 оны 09 сард шийдвэрлэгдсэн боловч тухайн газар нь хуучин барилгатай, дулааны шугам сүлжээтэй байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/******* тоот албан бичгээр “төсөл, арга хэмжээний гэрээний хугацааг удаа дараа сунгасан, түүнчлэн ажил гүйцэтгэх шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч гэрээт ажлыг дуусгаж хүлээлгэж өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 355.3, Захиргааны ерөнхий хуулийн 56.3, гэрээний ерөнхий нөхцлийн 42.1.1-д заасны дагуу гэрээг цуцалж байгаа”-г мэдэгдсэн албан бичгийг манай байгууллагад 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн. Шийдвэрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 56.3-д заасан үндэслэлийг зааж гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг ирүүлснээр манай байгууллага хариуцсан ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэх ямар ч боломжгүй, хязгаарлагдмал нөхцөлд хүрч шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн. ... Барилгын ажлын гүйцэтгэл, үйл явцын тухайд: Бид барилгын ажлыг эхлүүлэхийн тулд төсөвт суугаагүй ч гэсэн өөрийн хөрөнгөөр хуучин барилгыг нураан, дотор нь байсан дулааны узелийг зөөж гарган барилгын ажлыг эхлүүлсэн.

Хүйтний улирлаас өмнө барилгын суурийн ажлыг хийгээд үйл ажиллагаа зогссон, бас тухайн газар бүрэн чөлөөлөгдөөгүй байсан. 2020 оны 11 сараас 2022 оны 05 сар хүртэл дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний улмаас гарсан хөл хорионоос шалтгаалан, хил гааль хаагдаж, бараа материал хомсдож байсан хэдий ч боломжийн хэрээр барилгын ажлыг үргэлжлүүлэхийг хичээсэн. Энэ хугацаанд инфляц өсч, бараа материалын хомсдол үүсэж, цалин хөлсөнд өөрчлөлт орж, машин механизм, тээврийн зардал болон бусад зардал өссөнөөс шалтгаалан барилгын ажил үргэлжлэх боломжгүй болсон. Бид банкнаас болон банк бус санхүүгийн байгууллагаас нийт 500 сая төгрөгийн зээл авч, барилгын ажлыг 80 хувь хүртэл үргэлжлүүлсэн. ... Энэ асуудлыг шийдвэрлүүлэх талаар Захиалагч талд болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар зэрэг тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой бүх газруудад албан бичиг хүргүүлж, нэмэлт зардал гаргуулах талаар удаа дараа хандаж, барилгын ажлын төсөвт өртөг хүрэлцэхгүй болж, ажлыг үргэлжлүүлэх боломжгүй байгааг мэдэгдэж байсан. Захиалагч тал болон бичиг хүргүүлсэн бусад газруудаас ямар нэгэн хариу ирүүлж байгаагүй, төсөвтөө багтаан ажлаа дуусга гэж шахаж шаардаж байсан. Цаашид манай компанийн зүгээс хөрөнгө шийдвэрлэж ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болж, авсан зээлээ ч төлж чадахгүй, дахин зээл авах ч боломжгүй болж банкны муу зээлдэгч болон хувирч санхүүгийн хүнд байдалд орсон. Компанийн үйл ажиллагаа бүрэн доголдож, хүнд нөхцөл байдал үүссэн байхад манайд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх биш гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдэл ирүүлсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Манай гүйцэтгэж байгаа барилгын төсвийн талаар Үндэсний аудитын газрын 2023 оны “Улсын төсвөөс санхүүжүүлж, хэрэгжүүлж, төсвийн тухай хуульд баталсан төсөл арга хэмжээний төсөвт өртгийн нэмэгдэл зардалд дүгнэлт гаргах, гүйцэтгэлийн аудитын тайлангийн дүгнэлт хэсэгт: 1/Төсөл арга хэмжээг төлөвлөхдөө магадлалаар баталгаажсан зураг төсөвт үндэслээгүй, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан зэргээс шалтгаалж, төсөвт өртөг нэмэгдсэн байна гэж дүгнэсэн.

Мөн Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн 6.27-д заасан төсөл арга хэмжээнд дахин магадлал хийж төсөвт өртгийг нэмэгдүүлж байгаа нь дараах шалтгаантай байна. 2/Өртгийн тооцоо судалгаагүйгээр түлхүүр гардуулах гэрээний нөхцлөөр тендер зарлаж гэрээ байгуулсан бөгөөд зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлтээр төсөвт өртөг нэмэгдсэн. Баталгаажсан зураг төсөвгүй худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан, гэрээ байгуулсны дараа магадлалын ерөнхий дүгнэлт баталгаажсан, захиалагч зураг төслийн иж бүрдэлгүй гүйцэтгэгч сонгон шалгаруулж түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан, Ковид-19 цар тахлын улмаас нэмэлт зардал гарсан, 6.28 төсөвт өртгийн нэмэгдэл гарах болсон шалтгааны 79 хувь нь захиалагчаас, 15 хувь нь зураг төсвөөс, 6 хувь нь гүйцэтгэгчээс болсон байна гэж дүгнэсэн байдаг. ...Гэрээг сунгасан шалтгаануудын хувьд: Цэцэрлэгийн барилгын ажлын газрыг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар эхний гэрээг, ковид-19 цар тахал гарч бүх нийтийн хөл хорио тогтоосон, материалын үнэ өсч нийлүүлэлт ховордсон, хил гааль хаагдаж, бараа материалын үнэ өссөн үндсэн шалтгаанууд байсан юм. Дээрх гэрээ бүхий барилгыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй шалтгаан нь ийм нөхцөл байдалтай байхад манай байгууллагыг буруутай мэтээр гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ барилгыг цар тахал болон захиалагч талын үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй үйл ажиллагаанаас шалтгаалан хугацаа алдаж, 2023 онд барилга барих болоход үнийн өсөлт их гарсан ч барилгын ажлыг 80 хувьтай гүйцэтгэсэн. Үлдсэн 20 хувийг хийж гүйцэтгэхэд одоогийн мөрдөгдөж байгаа үнэ ханш, тарифаар гүйцэтгэхээс өөр аргагүй болсон. Ер нь энэ гэрээний дагуу хийгдэж байгаа ажил зөвхөн гаргаж өгсөн санхүүжилтийн хүрээнд гүйцэтгэлийг нь хийчхээд дараагийн санхүүжилт орж ирэхэд дараагийн ажлыг гүйцэтгэх гэсэн дарааллаар явагддаг. Гэтэл 2009 оны тарифаар одоо үлдэгдэл ажлаа гүйцэтгэ гээд байгаа нь хууль бус шаардлага юм.

2/Захиргааны байгууллагын хууль бус эс үйлдлийн тухайд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт болон бусад эрх бүхий байгууллагад гэрээний талаар, гэрээний хугацаа удааширч байгаа нөхцөл байдлын талаар, нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар удаа дараа албан бичгийг хүргүүлсэн боловч захиалагч талаас шаардлагатай арга хэмжээг аваагүй, санхүүжилтийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэл гаргасан. Газар чөлөөлөлтийн асуудлын талаар 2020.05.04-ний өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, 2020.07.23, 2020.08.17, 2020.09.10, 2020.10.28-ны өдрүүдэд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хандсан. Санхүүжилтийн талаар 2023.02.02, 2023.06.21, 2023.08.02-ны өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, 2023.02.02, 2023.06.21, 2023.08.02-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, 2023.06.19, 2023.06.21-ний өдөр Б******* дүүргийн Засаг дарга, Б******* хорооллын СӨХ-д, 2023.06.21-ний өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Гт, 2023.06.21, 2023.08.02-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газарт, 2023.08.02-ны өдөр Нийслэлийн Засаг даргад тус тус албан бичиг хүргүүлсэн боловч нэмэлт магадлал хийх, нэмэлт санхүүжилт олгох асуудлыг огт хийгээгүй. Захиалагч тал нь манай явуулсан албан бичгүүдийн дагуу гэрээт ажлын үнэ, төсвийг бодитоор шийдвэрлэх үүргээ Барилгын тухай хууль, гэрээний Ерөнхий нөхцөлийн дагуу шийдвэрлэхгүй орхигдуулж, цар тахал, түүнээс үүдэлтэй хугацаа алдсан, захиалагчийн буруутай шалтгаанаар хугацаа алдсан зэргийг үл тооцон барилгын ажлыг ямар ч хүрэлцээгүй төсвөөр хийхийг шаардсан болно. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар Захиалагч нь барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.3-д барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22,23,26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх; 37.1.10-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах, 371.12-д барилгын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан зохицуулж, санхүүжилтийг тогтоосон хугацаанд хийх, 37.1.13-д барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах чиг үүрэгтэй. Гэтэл хариуцагч нар нь газар чөлөөлөөгүй, цар тахал гарсан, инфляц өссөн шалтгаан, барилгын бүх төрлийн материал өссөн, машин механизм, тээвэр, ажилчдын цалин өссөн шалтгаан нөхцлийг харгалзан үзэж, дахин магадлах, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх үүргээ хууль, гэрээний дагуу гүйцэтгэлгүй, санхүүжилтийг 2024 оны байдлаар тооцож олгох үүргээ биелүүлээгүй, энэ асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан. ...Иймд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь үнийн өсөлттэй уялдуулан төсөвт магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, 2024 оны тарифын дагуу тооцож, үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохыг хариуцагчид даалгах шаардлага гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байна.

3/Захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, эс үйлдэхүйтэй холбоотой хохирлын тухайд: Манай байгууллагын хувьд гэрээт ажлын 80 хувийг хийж гүйцэтгэсэн. Харин үлдсэн 20 хувийн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах зардлыг одоогийн мөрдөгдөж байгаа тарифаар тооцож үзэхэд нийтдээ 1 688 173 371 /нэг тэрбум зургаан зуун наян найман сая нэг зуун далан гурван мянга гурван зуун далан нэг/  төгрөг болж байна.  2021 оны 0 сарын 01-ний өдрөөс хойш хийж гүйцэтгэсэн ажлын цалингийн тарифын зөрүү 300,000,000 (гурван зуун сая) төгрөгийн нэмэлт цалин гарч тооцогдсон. Эдгээр мөнгийг шийдвэрлэсний дараа үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгэх боломжтой. …” гэжээ.

7.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэмэгдүүлсэн үндэслэлдээ: “…Захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, эс үйлдэхүйтэй холбоотой хохирлын хувьд: Манай байгууллагын хувьд гэрээт ажлын 80 хувийг хийж гүйцэтгэсэн. Харин үлдсэн 20 хувийн ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах зардлыг одоогийн мөрдөгдөж байгаа тарифаар тооцож үзэхэд нийтдээ 1,828,223,589 /нэг тэрбум найман зуун хорин найман сая хоёр зуун хорин гурван мянга таван зуун наян ес/ төгрөг болсон ба энэ асуудал шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан шинжээчийн дүгнэлтээр ч тодорхой тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Барилга, хот байгуулалтын сайдын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаар тушаал гарч тухайн тушаалын хэрэгжилттэй холбоотой өмнө нь хийгдсэн байсан цалингийн зөрүү 140,050,218 төгрөг болсон. Дээрх мөнгө нь гэрээ цуцалсан шийдвэртэй холбоотойгоор шүүхэд хандсан тул гэсэн үндсэн шалтгаанаар манай байгууллагад олгогдоогүй тул гэрээ цуцалсан шийдвэртэй холбоотой уялдаж гарсан шууд хохирол 140,050,218 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах хүсэлтэй байна. Төсөл гүйцэтгэх явцад хамгийн анх Хнаас 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 500,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “А” ББСБ-аас 180,000,000 төгрөг, 2022 оны 1 сарын 08-ны өдөр “П” ББСБ-аас 80,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Гэвч хариуцагч байгууллага асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, гэрээг цуцалсан мэдэгдэл зэргийг гаргаснаар тухайн зээлүүдийг төлж чадахгүйд хүрч, өнөөдрийг хүртэл байгууллага алдагдалд орж зээлүүдийн хүү, нэмэгдсэн хүү, шимтгэл болон үлдэгдлийн нийт хохирол 431,792,560.23 төгрөг болсон. Эдгээр мөнгийг нэмэгдүүлж тооцож үзэхэд нийт бодит хохирол 571,842,778.23 төгрөг, инфляцийн алдагдал (жилийн 8%, 2 жил): 91,494,844 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алданги (жилийн 10%, 2 жил): 114,368,555 төгрөг болж байна. Иймд захиргааны хууль бус акт, буруутай эс үйлдлийн улмаас манай байгууллагад учирсан бодит хохирол 571,842,778.23 төгрөг, инфляцийн алдагдал 91,494,844 төгрөг, алданги 114,368,555 төгрөг, нийт 777,706,117 төгрөгийн хохирол гарсныг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Харин анх нэхэмжилсэн 1 688 173 371 /нэг тэрбум зургаан зуун наян найман сая нэг зуун далан гурван мянга гурван зуун далан нэг/ төгрөг нь анх нэхэмжлэл гаргах үеийн дүнгээр байсан. Харин одоогийн байдлаар 1 828 223 589 /нэг тэрбум найман зуун хорин найман сая хоёр зуун хорин гурван мянга таван зуун наян ес/ төгрөгөөр барилгын үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгэхээр байна. Дээрх дүнд Захиргааны байгууллагын хууль бус акт, эс үйлдлийн улмаас учруулсан хохирол болох 777,706,177 /долоон зуун далан долоон сая долоон зуун зургаан мянга нэг зуун далан долоо/ төгрөгийн хохирол ороогүй болно...” гэжээ.

7.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөнгөн дүнгийн хохирлоос гадна тус ажлыг гүйцэтгэж гэрээ цуцлагдсанаар манай компанид асар том хохирол учирсан. Тодруулбал, тендерт дахин оролцох боломжгүй болсон, бүх данс хаагдсан. “Т***” ХХК-ийн ерөнхий захирал болох манай ээж “А***” ББСБ-аас зээл авч одоо болтол төлж чадахгүй байгаа. Зөвхөн Хны зээлд өмнө хуримтлуулсан хөрөнгөөсөө өгсөн. Мөн зээлээ төлж чадаагаагүйгээс үүдэн хилийн хориг тавигдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр маргаан үүссэн. Нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэргээ төлж чадахгүй болсон. 2019 онд энэхүү тендерт орсноороо манай 20 жилийн түүх, туршлагатай, гурван үеийн барилгачдын байгуулсан компани маань өнөөдөр дампуурлын ирмэг дээр ирсэн. Яагаад дампуурлын ирмэгт ирсэн бэ гэвэл барилгын ажлаа хийж байхдаа олон зээл авсан. Эдгээр зээлээ төлөх шаардлагатай болсон. Төлөөд төлөөд бид нар дуусгаж чадахгүй болсон. Хүүнд нь маш их мөнгө төлсөн. Барилгын ажил гацсанаар бид нар үнэхээр энэ ажлыг дуусгаж болохгүй байна гэдэг шаардлагыг төрийн захиргааны байгууллагуудад тавьсан. 2020 онд Хөгжлийн төлөөх барилгачдын нэгдлийг хүртэл байгуулсан. Жил гаруй хугацаанд тэмцэж байж 88 дугаар тогтоолыг гаргуулсан. Үүний дараа 4 жил тэмцэж байж 95 дугаар тушаалыг гаргуулсан. Манайх шиг 650 компани 304 тэрбум төгрөгийг 2023 оны төсөвт суулгуулсан. Одоо 34 тэрбумын асуудал яригдаж байгаа. Хэрвээ гэрээ цуцлагдаагүй байсан бол эдгээр тушаалуудынхаа дагуу бид ажлаа гүйцэтгээд, тендерт ороод ажлаа үргэлжлүүлэх боломж байсан. Ковид-19 цар тахлын үед ажил зогссоноос үүдэн миний бие болон ээжийн минь өвдсөн. Үхэхээ хүлээж байхаар ямар ч байсан төр засагтаа хандъя гээд тэмцэл өрнүүлээд би тэдгээр олон компанийг уриалан дуудаж байгаад 2 удаагийн тушаал гаргуулсан. 95 дугаар тушаалыг гаргуулах гээд тэмцэж байхад манай компанийн гэрээг цуцалсан. Манай компанийн зүгээс 54 удаагийн албан бичгээр бүх шатны байгууллагад нь хандсан. “СӨХ”-ны даргад нь хүртэл хандаж байсан. Энэ барилгын өртөг өнөөдөр 1,7 сая төгрөгт хүрэхгүй байна. 2022, 2023 онд манайх шиг барилга 2,1 сая төргөөр, одоогийн байдалд 4 сая болсон байна. Бид 1,9 тэрбум төгрөг авсан. Түүндээ аудитын дүгнэлт гаргуулсан. Бид нар авсан мөнгөндөө ажлаа хийсэн эсэхэд дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийг Боловсролын ерөнхий газар гаргаж өгөхгүй байгаа. Тус дүгнэлтэд “Т” ХХК авсан мөнгөндөө хангалттай ажлаа хийсэн байна. Дээрээс нь тендерт зарлахдаа 2 тэрбумын төсөв тавьсан. Энэ хэмнэсэн 50 гаруй сая төгрөгийн төсвийг олгох нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг. 2024 оны дүгнэлтийг өмгөөлөгч ярьсан. 2025 онд дахин аудитын дүгнэлт гарч захиалагч 80 гаруй хувийн буруутай, гүйцэтгэгч 3,5%-ийн буруутай байна гэдгийг дүгнэсэн. Би Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд “форс мажор”-ын гэрчилгээ авахаар 3 удаа хандсан. Тус газраас давагдашгүй хүчин зүйлийн нөлөө байсан байна. Гэхдээ танай компаниас захиалагч байгууллагадаа 54 удаагийн албан бичгээр давагдашгүй хүчин нөлөөнд өртсөн талаар хандсан байна гэдэг хариу өгсөн. Анхны төсөв дээр цемент 165,000 төгрөг байсан. 88 дугаар тогтоолоор авсан 270 орчим сая төгрөг дээр цемент 250,000 төгрөг болсон байсан. 2023 онд бид төсөв тавигдаад, гэрээ сунгагдаад ажлаа хийхэд гадна өрлөг, дотор өрлөг, шавар хийж байхад “А” ББСБ, Х, “П” ББСБ-аас зээл аваад дахиад төсөв нь хүрээгүй. Энэ зээлүүдээрээ гадна өнгөлгөөний тоосго анхны төсөв дээр 1,900 төгрөг байхад 2,600 төгрөгөөр авсан жишээтэй. Баримтыг нь хавсаргасан байгаа. Бид нар авсан төсвөөсөө давуулаад ажлаа хийгээд явсан. Гэрээгээ үргэлжлүүлээд үлдэгдэл ажлыг бодитоор магадлаад өгчих, бид нар ямар ч байсан ажлаа дуусгая, эргээд компанийнхаа түүхийг сэргээж авъя гээд байгаа. Би барилгын инженер, барилгын төсөвчин хүн. Би Монгол улсдаа өөрийн чаддаг зүйлээ хийгээд амьдаръя. Эргээд би барилгаа баримаар байна. Би компанийнхаа төвийг цэвэрлэж явмаар байна. Дахин тендерт орох боломж олгооч гэж шүүхээс хүсэж байна. Ээжийнхээ өвлүүлж өгсөн барилгын компани маань маш олон том барилгуудыг барьж ирсэн. Чингисийн барилга, Ула барилга, Ула шилэн барилга гэх мэт том, том барилгуудыг барьж байсан. Сэтгэл санаагаар унаад миний ээжийн бие өвдсөн. Ямар ч байсан асуудлын ард нь гарна, маргаан бүхий барилгын ажлыг үргэлжлүүлээд дуусгана гээд явж байгаа. Зөвхөн цаасан дээр гаргаж байгаа хохирлууд. Гэрээ цуцалснаас болоод манай компани үйл ажиллагаагаа 100% зогсчихоод байгаа. Сэтгэл санааны хохирол хүртэл учирсаар байна. Манай гэр бүлийн хувьд хүнд нөхцөл байдалтай байгаа. ... Би Монгол Улсын мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин хүний хувьд тайлбарлая. 2019 онд тендерт орох үед ковид-19 цар тахал гарна, тээврийн болон барилгын материалын зардал ийм хэмжээгээр өснө гэж огт тооцоолоогүй. 2020 онд цар тахал гарсны улмаас тээврийн зардал, машин механизм, ажлын хөлс нэмэгдэж барилгад орох 4 шууд зардал барагцаагаар 2 дахин өссөн. Бид гүйцэтгэл хийгээд мөнгийг авсан гэж байгаа боловч захиалагчийн тал гүйцэтгэлийг заавал анхны батлагдсан төсвийн дүнгээр тулгаж баталгаажуулдаг. Бид цементийг 700,000 мянгаар авсан хэдий ч анхны төсвийн дүн буюу 165,000 төгрөгөөр л гүйцэтгэл бичихээс өөр аргагүй. Тэгэхгүй бол санхүүжилтээ авч чадахгүй шүү дээ. Гүйцэтгэлийг батлуулж санхүүжилтээ авахын тулд анхны тендерт тогтоосон дүнгээр бичихээс өөр арга байгаагүй. Манай компанийн зээлж авсан мөнгө ийм байдлаар зарцуулагдсан.

Хариуцагчаас танайх материалаа хэдэн төгрөгөөр авсан нь хамаагүй, материалын үнэ хоёр дахин өссөн нь хамаагүй гэдэг байдлаар хандаад өгсөн мөнгөөр нь хийгээд байна гэж ойлгоод яваад байсан. Засгийн газрын 88 дугаар тогтоол болон Засгийн газрын 95 дугаар тушаалыг гаргуулахын тулд барилгачид удаан хугацаанд тэмцэж ирсэн байна. 650 гаруй компанийн 344 тэрбум гаруй төгрөгийн асуудлыг 2023 оны төсөвт суулгуулсан бөгөөд 95 дугаар тушаалаар 2021 оны 0 сарын 01-нийг хойших хийсэн ажлын 2009 оны цалингийн тарифын зөрүүг нөхөн олгосон байна.

Мөн 2024-2025 оны 0 сарын 01-ний өдрөөс хойш 2.6 хувиар тариф нэмэгдсэн. Хэрвээ гэрээ цуцлагдаагүй байсан бол эдгээр тушаалуудын дагуу ажлыг гүйцэтгэн үргэлжлүүлэх боломж байсан. Өнөөдрийн байдлаар нэг хүний 8 цагийн ажлын хөлс 150 мянган төгрөг /туслах ажилтан/, 2022-2023 онд хамгийн багадаа 100 мянган төгрөгөөр ажиллуулж байсан. Тендерт орж байсан 2019 оны цалингийн тариф 18,800 төгрөг байсан. Бидний зүгээс төр засагтаа хандаж ийм тарифаар ирж ажиллах нэг хүн байхгүй талаар хэлсэн. Мэргэжилийн ажилтны цалин өссөн нөхцөл байдлыг тайлбарлаж явсаар байгаад 95 дугаар тушаалыг хэрэгжээд 2026 оны төсөвт тухайн мөнгийг тусгуулах гээд явж байна. 4 шууд зардлаар барилга барьдаг. 270 орчим сая  төгрөгийг авсан. 88 дугаар тогтоолоор цементийн үнийг 165 мянган төгрөг байсныг 250 болгож тавьсан. 2023 онд төсөв дээр мөнгөө аваад ажил хийхээр цемент авахад 600-700 мянган төгрөг болсон. Ийм зөрүү бий болоод байгаа. Энэ дундах хохирлыг гүйцэтгэл дээр бичиж өгч болохгүй байгаа. Яагаад гэвэл гүйцэтгэл батлагдсан төсвөөрөө л явна. Талбай дээр хэдэн төгрөгөөр хийсэн ч хамаагүй. Ажилчдын  цалин хэдэн төгрөг байсан ч хамаагүй 2019 оны цалингийн тарифаар ажил хийгээд яваад байгаа нь буруу гэж тэмцэж байгаад 95 дугаар тушаалыг гаргуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинэчлэл/ 1 зүйлийн 11.11-д “гэрээний хэрэгжилтийн явцад гүйцэтгэгчээс шалтгаалахгүйгээр бараа материал, цалин, машин механизм, тээврийн үнэ өөрчлөгдсөн тохиолдолд гэрээний үнийн дүнд тохируулга хийж гэрээг сунгах боломжтой” гэж зохицуулсан. Энэ заалт гэрээ байгуулах үед байсан бол гэрээгээ цуцлахгүйгээр үргэлжлүүлэх боломж бидэнд байсан. Захиалагчийг 100% буруутгаж байгаа юм биш. Тухайн үед дээрх хуулийн зохицуулалт байгаагүй учраас тэмцэж хуульд өөрчлөлт оруулсан. Гэрээгээ цуцлаагүй явж байгаа зарим барилгуудад үлдэгдэл ажлын магадлал хийлгээд, аудитор ороод, төсөв дээрээ суулгуулаад гэрээг үргэлжлүүлж байгаа жишээ ч байна.

Өнөөдөр маргаан бүхий цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон бол 200 хүүхэд стандартын байранд цэцэрлэгтээ хамрагдах боломжтой байсан.” гэжээ.

7.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрээний хугацаа богино байсан учраас гэрээг хэд хэдэн удаа сунгасан бөгөөд шалтгаануудыг техникийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэж байсан. Эхний удаад нэхэмжлэгч байгууллагад ямар асуудал тулгарсан бэ гэвэл газрыг эзэмших захирамж гаргасан хэдий ч газар дээрх хөрөнгийг чөлөөлөх асуудлыг орхигдуулсан байсан тул удаа дараа хүсэлтийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус хүргүүлсэн. Үүний дагуу техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр ч тусгасан. Ингээд шийдвэрлэхгүй явсаар 2020 оны дунд үед хүртэл явсан. Дараа нь 2020-2021 онд Ковид-19 цар тахлын улмаас барилгын үйл ажиллагаа үндсэндээ зогссон бөгөөд хорио цээрийн дэглэмд шилжсэн. Үүнээс шалтгаалан барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй болж нэг жилийн хугацаа алдагдсан. ... Ерөнхийдөө барилгын ажлыг хийж гүйцэтгэх дарааллын хувьд, эхлээд барилга барих газрын талбайд байсан узелийг нэхэмжлэгч байгууллага өөрийн хөрөнгөөр зөөж чөлөөлсөн. Дараагийн улирал буюу хүйтний улирал эхлэхээс өмнө газар бүрэн чөлөөлөгдөөгүй байсан. Энэ талаар хариуцагч байгууллагаас ирсэн албан бичигт тусгагдсан байдаг. Ковид-19 цар тахлын дараа ч барилгын ажлыг гүйцэтгэхийн тулд эхлээд санхүүжилтийг авсан ч санхүүжилт дутсан учир тохиолдолд банкнаас тодорхой хэмжээний зээлүүд буюу 500 орчим сая төгрөгийг зээлээр аваад барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлж 80%-ийн гүйцэтгэлд хүргэсэн. Хамгийн гол бэрхшээл нь нэг талаас төрийн байгууллагууд анх тохирсон мөнгөнд багтааж ажлаа хий гэсэн шаардлага тавьж байсан. Барилгын компаниас үл шалтгаалах 2 нөхцөл байдал байсан. 1. Барилга барих газар бүрэн чөлөөлөгдөөгүй байсан. 2. Ковид-19 цар тахлын улмаас барилгын материал, машин механизм, ажиллах хүчний зардал 225 хүртэл өссөн. Тухайлбал, цементийн зардал гурав дахин өссөн. ... Гэрээний хугацааг удаа дараа сунгасан. Сунгасан шалтгаануудыг хариуцагч байгууллага байнга хүлээн зөвшөөрөн яваад байсан. Нэгдүгээрт, хариуцагч байгууллага газрыг чөлөөлөөгүй. Хоёрдугаарт, материалын үнэ өссөн, нийтийн хөл хорио тогтоосон, нийлүүлэлт буурсан, хил гааль хаагдсан, барилгын үндсэн материалын үнийн өсөлт зэрэг шалтгаанууд байгаа гэдэг байдлаар гэрээний хугацааг сунгасан. Анхнаасаа “Түлхүүр гардуулах” гэрээ гэж байгаа боловч захиалагч байгууллагаас баталгаажсан зураг төсөлгүйгээр багцаар нь тендер зарласан асуудал нь барилгын ажлыг өнөөдрийг хүртэл маргаантай болгох нөхцөл байдлын суурь шалтгаан болсон. Дээрх нөхцөл байдлуудыг хариуцагч байгууллага мэдээгүй биш мэдэж байсан. Тэгсэн хэр нь дорвитой арга хэмжээ аваагүй. Бид нар яагаад дорвитой арга хэмжээ аваагүй вэ гэвэл захиалагч байгууллага өөрөө дээрх нөхцөл байдлыг мэдчихээд холбогдох төсвийг нэмэгдүүлэх, холбогдох газарт асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд энэ асуудлыг тавьж шийдвэрлүүлэх ёстой байтал огт шийдвэрлэлгүй явсан. Гүйцэтгэгч байгууллагын зүгээс удаа дараа буюу 6-аас доошгүй удаа газар чөлөөлүүлэх болон санхүүжилтийн талаар дурдаж албан бичгүүдийг хүргүүлсэн. Нийтдээ 17-18 удаагийн албан бичгийг хариуцагч байгууллагуудад хүргүүлж байсан. Уг хүсэлтүүдтэй уялдаад Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 35.1.10, 37.1.12-т захиалагч байгууллагад тодорхой үүрэг оногдуулсан байдаг. Тухайлбал, барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм нормативын дагуу бүртгүүлэх, барилгын ажлын зөвшөөрлийг авч өгөх, магадлал хийлгэх, холбогдох зардлыг хариуцах, хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан зөвшөөрөх, санхүүжилтийг тогтоогдсон хугацаанд хийх, барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан тохиолдолд эрсдэлийг хариуцах чиг үүргийг хуулиараа хүлээсэн байдаг. Гэхдээ дээр үүрэг, хариуцлагаа өнөөг хүртэл хүлээхгүй байгаа. Хязгаарлагдмал төсөвт багтааж маш их ажлыг хийлгээд эргээд гүйцэтгэгч ажлаа дуусгаагүй учраас гэрээг цуцаллаа гэдэг байдлаар хандаад байгаа. Үүний цаана ахиад ийм байдлаар гэрээг цуцалж, дахин тендер зарлахад яг шинжээчийн дүгнэлтэд дурдсан төсөвт өртгөөр барилгыг цаашид гүйцэтгэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрнэ. Дахин тендер зарлахтай холбоотой асуудлууд урган гарна.  Тийм учраас шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хохирлын тухайд дараах байдлаар тооцсон. Барилгын ажил нь нэг ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын зураг, далд ажлын акт болон бусад зүйлийг хавсаргаж захиалагчийн талд өгөөд дараагийн гүйцэтгэлийг нь хийх зарчмаар явагддаг. Энэ байдлаар 4-5 удаагийн гүйцэтгэл хийсэн. Талууд энэ талаар маргаагүй. 1,9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг бодитоор хийсэн байдаг. Нэмэлт санхүүжилт шийдвэрлэгдэхгүй байсны улмаас барилгын ажлыг гүйцэтгэхдээ өөрсдийн хөрөнгөөс давсан хэмжээгээр Хнаас 500 орчим сая төгрөг, “Ашид Капитал” ББСБ-аас 180 орчим сая төгрөг, “П” ББСБ-аас 80 орчим сая төгрөгийг тус тус зээлж барилгын ажил руу оруулсан. Нийт хохирол нь зээлийн хүү болон алдангийн хэмжээ нийлээд 431,790,560 төгрөг байна. Эдгээр бодит хохирлыг 2 жилийн хугацаагаар 1 жилийн 8%-аар, алдангийг жилийн 10%-аар тооцож нийт 777,706,177 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

8. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргадаг. Үүнд:

8.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ нь Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн  ажлуудад захиалагчийн техник хяналтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Эрх шилжүүлэх тухай А/263 дугаар захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан байдаг. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/55 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн нэхэмжлэгч “Т*******” ХХК болон “Ч” ХХК-иудын түншлэлтэй 1,918,886,444 (нэг тэрбум есөн зуун арван найман сая найман зуун наян зургаан мянга дөрвөн зуун дөчин дөрөв) төгрөгийн дүнтэй гэрээг байгуулсан. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “цэцэрлэгийн барилга, 200 ор (Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол)-ын барилгын ажлын гэрээг  2019 оны 12 дугаар сарын  24-ний өдөр “Т*******” ХХК болон “Ч” ХХК-иудын түншлэлтэй байгуулж, гэрээнд заагдсан ажлыг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эхэлж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгаж ашиглалтад өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч “Т*******” ХХК болон “Ч” ХХК-иудын түншлэл нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүйгээс гэрээг сунгуулах хүсэлт ирүүлсэн. Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилга, 200 ор/ Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол/-ын ажлыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгаж ашиглалтад оруулах байсныг 5 удаагийн сунгалт хийж 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, гэрээний сунгалтыг хийсэн. 2023 оны Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэг, УИХ-ын 2021 оны 1 сарын 12-ны өдрийн 88 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/127 дугаар захирамж, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 88- тоот магадлалын ерөнхий дүгнэлт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/564 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 0 сарын 04-ний өдрийн №02 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн гэрээний үнийн дүнг материалын үнийн өсөлтийн дүн болох 278.775,067 (хоёр зуун далан найман сая долоон зуун далан таван мянга жаран долоо) төгрөгөөр нэмэгдүүлж 2.197,661,511 (хоёр тэрбум нэг зуун ерэн долоон сая зургаан зуун жаран нэгэн мянга таван зуун арван нэг) төгрөгөөр барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээний үнийн дүнд тохируулга хийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №НХААГ-1-НӨ дугаартай гэрээг байгуулан тухайн ажлыг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар тохиролцсон. “Т*******” ХХК болон “Ч” ХХК-иудын түншлэлд санхжүүжилт болох 1,726,585,497 (нэг тэрбум долоон зуун хорин зургаан сая таван зуун наян таван мянга дөрвөн зуун ерөн долоо) төгрөгийг олгосон. Гэрээний 4 дүгээр заалтад заагдсан ажил болох Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилга, 200 ор /Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол/-ын ажлыг өнөөдрийг хүртэл “Т*******” ХХК болон “Ч” ХХК-иудын түншлэл нь бүрэн хийж дуусгаагүй байна. Захиалагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж гэрээт ажлыг хийж дуусгахыг удаа дараа шаардсан боловч нэхэмжлэгч “Т*******” ХХК болон “Ч” ХХК-иудын түншлэл нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, гэрээний ерөнхий нөхцөлийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй тул тус нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

8.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “1/Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 03/******* Гэрээ цуцлах шийдвэрийг хүчингүй болгох шаардлагын тухайд гүйцэтгэгч “Т*******” ХХК-д удаа дараа гэрээт ажлыг эрчимжүүлэх шаардлага хүргүүлсэн боловч ямар нэгэн үр дүн гараагүй. Гүйцэтгэгч компанид нэмэлт хугацаа тогтоосон боловч тодорхой үр дүн гарахгүй байснаас шалтгаалан гэрээг цуцлах шаардлага үүссэн. 2/Хариуцагч нь үнийн өсөлттэй уялдуулан төсөвт магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, 2024 оны тарифын дагуу тооцож үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохтой холбоотой шаардагдах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилга, 200 ор /Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол/-ын ажлын гэрээний хувьд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй анх байгуулагдсан. Дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын улмаас гэрээний үнийн дүнд тодорхой өөрчлөлт орж, материалын үнийн өсөлтийн дүн болох 278.775.067 (хоёр зуун далан найман сая долоон зуун далан таван мянга жаран долоо) төгрөгөөр гэрээний дүнг нэмэгдүүлж, 2.197.661.511 (хоёр тэрбум нэг зуун ерэн долоон сая зургаан зуун жаран нэгэн мянга таван зуун арван нэг) төгрөгөөр барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээний үнийн дүнд тохируулга хийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №НХААГ-1-НӨ дугаар гэрээг байгуулан тухайн ажлыг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар тохиролцсон. “Т*******” ХХК болог “Ч ХХК-иудын түншлэлд нийт гэрээний санхүүжилтэд 1,913,127,750  (нэг тэрбум есөн зуун арван гурван сая нэг зуун хорин долоо мянга долоон зуун тав) төгрөгийг олгосон.

Үнийн тохируулга хийж,2023 оны 0 сарын 03-нд гүйцэтгэгч “Т*******” ХХК-д 236.958.807 төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Хууль дүрмийн дагуу батлагдсан холбогдох санхүүжилтийг гүйцэтгэгч компанид бүрэн олгосон. Үнийн өсөлт нь хариуцагчийн буруутай ямар нэгэн үйлдэлтэй холбогдолгүй бөгөөд хариуцагчийн хууль бус үйлдэл эс үйлдэхүй байхгүй юм. Захиалагчаас санхүүжилтийг тухай бүр буюу нийт 9 удаагийн гүйцэтгэлээр олгосон байдаг.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга, 200 ор /Ула хот, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол/-ын ажил гүйцэтгэх гэрээ №НХААГ-1 тоот гэрээнд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг үргэлжлүүлэн гүйцэтгэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд тодорхойгүй байна. 4. Захиргааны хууль бус акт, буруутай эс үйлдлийн улмаас манай байгууллагад учирсан бодит хохирол 571,842,778.23 төгрөг, инфляцийн алдагдал 91,494,844 төгрөг, алданги 114,368,555 төгрөг, нийт 777,706,177 төгрөгийн хохирол гарсныг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд гүйцэтгэгч байгууллагаас 2021, 2022 онуудад зээл авч, зээлтэй холбогдуулан зардал нэхэмжилж байна. Уг зээлийн харилцаанд хариуцагч нь ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

8.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. "Т" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэгдүгээрт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/******* дугаартай гэрээ цуцлах шийдвэрийг хүчингүй болгуулъя гэсэн тухайд тендер нь тодорхой нөхцөл, болзолтойгоор зарлагдах бөгөөд гүйцэтгэгч байгууллага төсөвт өртгөө тооцоолж, тухайн үнийн дүнд багтаан хийж чадна гэж үзэн оролцдог. Тийм учраас гэрээ байгуулагдсан. Харин "Т" ХХК-д удаа дараа гэрээт ажлаа эрчимжүүлэхийг шаардсан боловч үр дүн гараагүй учраас гэрээг цуцалсан. Хоёрдугаарт, хариуцагч үнийн өсөлттэй уялдуулан төсөвт магадлал хийж нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан гэсэн тухайд “Цэцэрлэгийн барилга, 200 ор” Б******* дүүргийн хороо, Богд ар хорооллын түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээний хувьд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас гэрээний үнийн дүнд материалын үнийн өсөлт болох 278,777,067 төгрөгөөр гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэн тохируулга хийж 2023 оны 0 сарын 03-ны өдрөөс "Т" ХХК-д 200,369,588.807 төгрөгийн санхүүжилтийг батлагдсан журмын дагуу бүрэн олгосон. Үнийн өсөлт нь хариуцагчийн ямар нэгэн үйлдэлтэй холбоогүй бөгөөд нийт 9 удаагийн гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг олгосон байна. Гуравдугаарт, захиргааны хууль бус акт, хууль бус үйлдэл гаргасантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй цэцэрлэгийн барилга барих гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг даалгах тухайд энэхүү нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Шүүхээс гэрээ цуцлах шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд өмнөх гэрээ үргэлжлэхийг хэлж байх шиг байна. Гэвч дараагийн нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай эсэх нь ойлгомжгүй байна. Дөрөвдүгээрт, захиргааны буруутай үйлдлээс учирсан хохирол 777,706,717 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухайд хохирол гарсан гэдэг нь харагдахгүй байгаа. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар 6 дугаар асуултад шинжээч хариулахдаа Б******* дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 200 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэхээр "Т" ХХК-д төсөвлөгдсөн зураг төсөлд нэмэлтээр тусгагдаагүй ажил хийлгүүлээгүй байна гэж шинжээчийн дүгнэлт гаргасан. Гэрээг анх байгуулахдаа гэрээний 3 дугаар зүйлд улсын төсвөөр санхүүжиж гүйцэтгэлээр санхүүжилтийг олгоно гэж заасан бөгөөд захиалагчаас нийт 9 удаагийн гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг олгосон байна.  Гүйцэтгэгч байгууллагын хувьд 2021, 2022 онд авсан бизнесийн зээлтэй холбоотой зардал нь захиалагч байгууллагад хамааралгүй бөгөөд тус зээлийн харилцаанд хариуцагч ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоогүй байна. Тус зээлийг авч барилгын ажлыг хийхэд зарцуулсан гэх боловч шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхээс нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын  тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг судалж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэг. Нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 03/******* дугаар “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            1.1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Т*******” ХХК-д хандсан 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/******* дугаар албан бичиг (цаашид “Маргаан бүхий акт” гэх)-т Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэг, Гэрээний ерөнхий нөхцөлийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтыг баримтлан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй НХААГ-1 дугаар гэрээ”-г цуцалсан байдаг.

   1.2. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно.” гэж заасныг баримталсан, энэ тохиолдолд 1-т “захиргааны гэрээ байх”, 2-т “тус гэрээг цуцлах нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн” байвал зохионо.

 

  • Маргаан бүхий гэрээний тухайд: 

Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.” гэж заасан ба үүнээс үзэхэд захиргааны гэрээнд нэг тал нь Захиргааны байгууллага байх, гэрээгээр зохицуулагдаж байгаа харилцаа нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх, мөн хууль тогтоомжид нийцүүлэн байгуулагдсан байх шаардлагыг тавьжээ.

 Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга, 200 ор /Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол/-ын ажил гүйцэтгэх” №НХААГ-1 дугаар гэрээ[8] (цаашид “Маргаан бүхий гэрээ” гэх)-нээс үзвэл гэрээний нэг тал болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” буюу гүйцэтгэх эрх мэдлийг нийслэл Ула хотын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа Нийслэлийн Засаг даргын зохион байгуулалтын бүтцийн нэгжид хамаарах тул захиргааны байгууллага мөн.

 Түүнчлэн маргаан бүхий гэрээгээр зохицуулагдаж байгаа харилцаа нь Ула хотын Б******* дүүргийн хороонд нийт 200 (хоёр зуу) хүүхдийн цэцэрлэг барихтай холбоотой тул тус нутаг дэвсгэрт оршин суудаг хүүхдүүдийн сурч боловсрол эрх буюу  нийтийн ашиг сонирлыг хангахад чиглэсэн байна.

Харин уг гэрээг анх 2019 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005.12.01)-ийн хүрээнд тендер шалгаруулалтын үндсэн дээр байгуулсан ба үүнтэй холбогдуулан (хууль тогтоомж зөрчиж байгуулсан гэж маргаагүй, зөвхөн гэрээний гүйцэтгэлтэй маргасан) талууд маргаагүй.

Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 52.2.3-т “төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” гэж тус тус зааснаас үзэхэд маргаан бүхий Түлхүүр гардуулах гэрээ нь нийгмийн суурь хэрэгцээ буюу хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангахад чиглэсэн Захиргааны гэрээ болно.

  • Нийтийн ашиг сонирхлыг хангах тухайд:

Дээр дурдсанчлан маргаан бүхий гэрээний хэрэгжилт нь нийтийн ашиг сонирхол буюу тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг хүүхдүүдийн сурч боловсрох эрхтэй шууд холбоотой бөгөөд хүүхдүүдийн цэцэрлэгийн хомсдолыг арилгах зорилготой тул уг гэрээний хэрэгжилт хойшлох тусам нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө.

Нэхэмжлэгч буруутай эсэхээс үл шалтгаалан хариуцагчийн зүгээс нийтийн ашиг сонирхлыг хангах зорилгоор захиргааны гэрээг цуцлах эрх нь нээлттэй ба харин цуцалсан шийдвэр нь хуульд нийцсэн эсэх нь тусдаа асуудал болно.

1.3. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3-т “…ажил гүйцэтгэгч доголдлыг арилгахтай холбогдсон нэмэлт үүргээ гүйцэтгээгүй бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй.” гэснийг баримтлан хариуцагчаас маргаан бүхий актыг гаргасан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ.” гэж, тус зохицуулалтын аудентик тайлбарт “Нөхөн тохируулж хэрэглэх гэж тухайн асуудлыг зохицуулсан заалт энэ хуульд байхгүй тохиолдолд Иргэний хуулиас нөхөж хэрэглэх бөгөөд түүнийг хэрэглэхдээ нийтийн эрх зүйн зарчимтай уялдуулан захиргааны үйл ажиллагаа болон захиргааны гэрээнд тохирч байгаа эсэхийг нягтлан шалгаж тохируулан хэрэглэхийг ойлгоно” гэж заажээ.

Иймд энэхүү маргаан бүхий захиргааны гэрээг цуцлахдаа захиргааны байгууллагаас Иргэний хуулийн гэрээний зохицуулалтуудыг баримтлах боломжтой тул тус хуулийн 355 дугаар зүйлийн 355.3-т заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний зохицуулалтыг нөхөн тохируулж хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна.

1.4. Түүнчлэн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан бөгөөд “Цэцэрлэгийн барилга, 200 ор /Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол/ ажил”-ыг гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч байгууллага нь” 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэрээт ажлыг гүйцэтгэж, барилгыг хүлээлгэн өгөх”-өөр талууд харилцан тохиролцсон.

Гэрээний дагуу гүйцэтгэгч нь ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй боловч талууд гэрээний хугацааг дор дурдсан шалтгаанаар нийт 6 (зургаа) удаа сунгасан байдаг. Үүнд:

  • Гэрээний талууд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээг дүгнэж[9], гэрээт ажлыг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу дээрх гэрээний хугацаанд ажил хэрэгжиж дуусах боломжгүй гэсэн үндэслэлээр 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр №НХААГ-1-1 дугаар “..гэрээний хугацаа сунгах нэмэлт гэрээ[10]”-г байгуулж, гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 11 (арван нэг) сараар сунгажээ.
  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Техникийн зөвлөлийн (цаашид “Техникийн зөвлөл” гэх) 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тухайн гэрээт ажлын газар чөлөөлөлт удааширсантай холбогдуулан гэрээний хугацааг сунгахаар шийдвэрлэж[11], талууд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №НХААГ-1-2 дугаар[12] “...гэрээний хугацаа сунгах нэмэлт гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 8 (найм) сар 20 хоногоор дахин сунгасан.
  • Мөн захиалагчийн Техникийн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар маргаан бүхий гэрээний хэрэгжилтийг хэлэлцэж, Коронавируст халдвар (COVID-19)-ын улмаас үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзээд гэрээний хугацааг сунгахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үндэслэн гэрээний талууд гэрээт ажлын хугацааг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүртэлх хугацаагаар хойшлуулж, №НХААГ-1-3 дугаар “…гэрээний хугацаа сунгах нэмэлт гэрээ[13]”-г байгуулжээ.
  • Коронавируст халдвар (COVID-19)-ын улмаас нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Техникийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар[14] гэрээт ажлыг ашиглалтад оруулах хугацааг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 7 (долоо) сар гарангийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэж, энэхүү шийдвэрийн дагуу талууд 2022 оны 0 сарын 03-ны өдөр №НХААГ-1-4 дугаар “…гэрээний хугацааг сунгах нэмэлт гэрээ[15]”-г байгуулж, дурдсан хугацаагаар сунгасан байна.
  • Дахин Техникийн зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар Коронавируст халдвар (COVID-19)-т цар тахлын нөхцөл байдлыг үнэлж, гэрээт ажлын хугацааг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгахаар тогтож[16], улмаар мөн оны 09 дүгээр сарын 09-ний өдөр №НХААГ-1-5 дугаар “…гэрээний хугацаа сунгах нэмэлт гэрээ[17]”-г байгуулж, гэрээт ажлыг ашиглалтад оруулах хугацааг 6 (зургаа) сараар хойшлуулжээ.
  • Үнийн өсөлттэй уялдуулан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №НХААГ-1-НӨ дугаар[18] “…гэрээнд материалын үнийн өсөлт олгох нэмэлт гэрээ”-г байгуулж, тус нэмэлтээр гэрээт ажлын хөлс болох 1,918,886,444 (нэг тэрбум есөн зуун арван найман сая найман зуун наян зургаа мянга дөрвөн зуун дөчин дөрөв) төгрөгийг 278,775,067 (хоёр зуун далан найман сая долоон зуун далан таван мянга жаран долоо) төгрөгөөр нэмэгдүүлж, нийт хөлсийг 2,197,661,511 (хоёр тэрбум нэг зуун ерэн долоон сая зургаан зуун жаран нэгэн мянга таван зуун арван нэг) төгрөг болгож, гэрээт ажлыг ашиглалтад оруулах хугацааг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 (тав) сар гарангийн хугацаагаар сунгасан.

1.5. Ингээд гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гэрээний сүүлийн нэмэлт, өөрчлөлтөөр 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэх үүргийг хүлээсэн бөгөөд хариуцагч байгууллагаас гэрээг цуцлах хүртэл буюу 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэхэд гэрээт ажлын 20 (хорь) хувийг хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн болох талуудын тайлбар, баримтуудаар нотлогдож байна.

1.6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, мөн зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” гэж тус тус зохицуулжээ.

Өмнө дурдсанчлан гэрээний талууд гэрээний хугацааг 6 (удаа) сунгасан бөгөөд ингэхдээ үүрэг гүйцэтгүүлэгчээс болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл, мөн үнийн өсөлт зэргийг харгалзан үзсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №НХААГ-1-НӨ дугаар нэмэлт гэрээгээр гэрээт ажлыг ашиглалтад оруулах хугацааг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан ба гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний үүргээ биелүүлэхийг захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч тухай бүр шаардаж, урьдчилан сануулж байсан нь дараах албан бичгүүдээр нотлогддог. Үүнд:

  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2/1066 дугаар албан бичиг[19],
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2/1452[20],  мөн сарын 24-ний өдрийн 2/1453 дугаар “Ажил эрчимжүүлэх тухай” албан бичиг[21]
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2/1655 дугаар “Ажил эрчимжүүлэх тухай” албан бичиг[22] г.м.

Товчилбол, хариуцагч гэрээний хугацааг нийт 6 удаа сунгах байдлаар нэмэлт хугацаа тогтоосон ба гэрээ дуусгавар болох сүүлийн хугацаанаас өмнө удаа дараа гүйцэтгэгчид урьдчилан сануулсан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасан нөхцөлүүд бүрэн хангагдсан байх тул хариуцагч гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна.

1.7. Нөгөө талаараа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан бөгөөд тус нөхцөлд захиалагч талаас шалтгаалсан 1/гэрээний хугацаа бодит нөхцөлд байдалд нийцэхгүй байгуулагдсан, 2/газар чөлөөлөх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлээр тухай бүр гэрээний хугацааг сунгасан болохыг дүгнэсэн.

Гэрээний талуудын гэрээний хугацааг сунгасан 6 тохиолдлыг хариуцагч байгууллага 2 (хоёр) нөхцөлд л шууд буруутай байх ба үлдсэн хэсэг нь давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл, түүнээс шалтгаалсан үнийн өсөлт зэрэг асуудлууд байх тул гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас бүхэлдээ эсхүл ихэнх нь шалтгаалсан гэж үзэх боломжгүй.

1.8. Маргаан бүхий захиргааны актад гэрээний ерөнхий нөхцөлийн 42 дугаар зүйлийн 42.1.1-т “Захиалагч шаардлагатай гэж үзсэн үедээ хэдийд ч ГЕН-ийн 42.1-д заасны дагуу Гүйцэтгэгчид мэдэгдэл өгөн гэрээг цуцалж болно[23]” гэсэн заалтыг баримталжээ.

Тодруулбал, “Т*******” ХХК болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргатай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга, 200 ор /Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол/-ын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5-т “Дор дурдсан бичиг баримт нь гэрээний салшгүй хэсэг болно”, үүнд гэрээний ерөнхий, тусгай нөхцөлийг хавсралтаар тусгаж, мөн гэрээний 7-д “Захиалагч, гүйцэтгэгч нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан эрх,үүрэг хариуцлагыг хүлээнэ” гэж тус тус тохиролцсон байдаг.

Тиймээс захиалагч нь гэрээг цуцлахдаа маргаан бүхий гэрээний хавсралт буюу салшгүй хэсэг болох гэрээний ерөнхий нөхцөлд[24] тусгасан 42.1.1 дэх заалтыг баримталсан шийдвэрийг буруутгах нөхцөл тогтоогдохгүй байна.

Хоёр. Нэхэмжлэгчийн “Үнийн өсөлттэй уялдуулан төсөвт магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, 2024 оны тарифын дагуу тооцож үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохтой холбоотой шаардагдах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2023/024[25], мөн оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/038[26] дугаар албан бичгүүдээр “Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 75 дугаар тушаалаар төсөвт зөвхөн бараа, материалын зардлын үнийн өсөлтийг тооцсон. Энэхүү үнийн өсөлттэй холбоотой “ажиллах хүч, машин механизм, тээврийн зардал”-ыг төсөвт тусгаагүй гэж шаардлагатай нэмэлт санхүүжилтийг олгохыг хүссэн байдаг.

Харин хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлтүүдэд албан ёсоор хариу өгөөгүй талаар маргадаггүй, энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасны дагуу захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн үнийн өсөлттэй холбогдуулан ажиллах хүч, машин механизм, тээврийн зардлыг гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргажээ.

2.2. Гэхдээ Монгол Улсын Их Хурлын 2021 оны 1 сарын 12-ны өдрийн “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 88[27] дугаар тогтоолын 1.5-т “улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж …” гэснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/127 дугаар захирамж[28]-аар үнийн өсөлт тооцсонтой холбоотойгоор төсөвт өртөг нь нэмэгдэж, зураг төсөв нь магадлалаар батлагдсан төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, нэмэлт гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хавсралтын 25-д “Цэцэрлэгийн барилга, 200 ор (Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол)”-ын ажлын төсөвт өртгийг 278.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гүйцэтгэгч нь үнийн өсөлтийн улмаас материалын зардлыг 278,775,067 (хоёр зуун далан найман сая долоон зуун далан таван мянга жаран долоо) төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээт ажлыг дуусгаж хүлээлгэн өгөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь дараах байдлаар тогтоогддог. Үүнд:

  • Бараа, материалын үнийн өсөлтийн зөрүүнд нэмэлтээр 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 88- дугаар магадлал хийлгэж[29], “Т*******” ХХК нь “Х” ХХК-иар төсөв хийлгэснийг Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтээр баталгаажуулсан баримт;
  • “Т*******” ХХК-иас нийт 278,775,067 (хоёр зуун далан найман сая, долоон зуун далан таван мянга жаран долоо) төгрөгөөр нэмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрч, хариуцагчийг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/012[30] дугаар албан бичиг;
  • Гэрээний талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан №НХААГ-1-НӨ дугаар[31] гэрээнд материалын үнийн өсөлт олгох нэмэлт гэрээ;
  • Талуудын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баталгаажуулсан №8 дугаар тооцоо нийлсэн баримт[32] г.м.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу “Т*******” ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр барааны үнийн өсөлтийг тооцоолж, нэмэлт гэрээ байгуулан гэрээт ажлыг тус оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх тул дахин “ажиллах хүч, машин механизм, тээврийн зардал”-ыг шаардаж, гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.3. Нөгөөтэйгүүр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (2005.12.01)-ийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоног төхөөрөмж, үндсэн материал, түүхий эд, хөдөлмөрийн хөлсний үнэд … тохируулга хийхээр гэрээнд тусгаж болно” гэж заасан бөгөөд энэхүү гэрээт ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн баримт бичиг болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээний үнийн дүнд тохируулга хийхгүй байхаар харилцан тохиролцсон нь дараах баримтуудаар тогтоогддог. Үүнд:

  • Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй цэцэрлэгийн барилга, 200 ор /Ула хот, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол/ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн Гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 11.2-т “Гэрээний үнэд тохируулга хийхгүй тогтмол байна[33]” гэж;
  • “Т*******” ХХК болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын хооронд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга, 200 ор /Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол/-ын ажил гүйцэтгэх” №НХААГ-1 дугаар гэрээний хавсралт болох “Гэрээний тусгай нөхцөл”-ийн ГЕН 11.2-т “Гэрээний үнэд тохируулга хийхгүй тогтмол байна[34]” гэж;
  • Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны №НХААГ-1- нэмэлт гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 11.2-т[35], мөн оны №НХААГ-1-2 дугаар нэмэлт гэрээ[36]-ний тусгай нөхцөлийн 42.2-т, 2021 оны №НХААГ-1-3 дугаар нэмэлт гэрээний тусгай нөхцөл[37]ийн 44.2-т, 2022 оны №НХААГ-1-4 дүгээр нэмэлт гэрээний тусгай нөхцөлийн 44.2-т, 2022 оны №НХААГ-1-5 дугаар нэмэлт гэрээний ГЕН 11.2-т тус тус “гэрээний үнэд тохируулга хийхгүй” гэж.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь анх тендерт оролцохдоо болон гэрээг байгуулахдаа үнийн өсөлттэй холбоотой эрсдэлийг хүлээн зөвшөөрч үнийн тохируулга хийхгүй байхаар тусгасан ба нийт 6 удаагийн нэмэлт өөрчлөлтийг гэрээнд оруулах бүрд мөн адил баталгаажуулсан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч гэрээний дагуу үнийн тохируулга хийхийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Гэхдээ энэ нь 2023 онд үнийн өсөлтийн улмаас материалын зардлыг 278,775,067 (хоёр зуун далан найман сая долоон зуун далан таван мянга жаран долоо) төгрөгөөр тооцож, гэрээний үнэд тохируулга хийснийг буруутгахгүй болохыг дурдах нь зүйтэй. 

2.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2024/8739 дүгээр шүүгчийн захирамжаар томилогдсон “Эвиденсе аудит” ХХК-ийн 2025 оны 1 сарын 19-ний өдрийн ШД-25/2025 дугаар шинжээчийн дүгнэлтээр:

  • “Гэрээний дагуу 2020-2023 онд гүйцэтгэсэн ажлын нийт төсөвт 1,963,544,304 (нэг тэрбум есөн зуун жаран гурван сая таван зуун дөчин дөрвөн мянга гурван зуун дөрөв) төгрөгийг зарцуулсан ба үүнээс 2020 онд 730,431,033 (долоон зуун гучин сая дөрвөн зуун гучин нэгэн мянга гучин гурав) төгрөг, 2021 онд 488,861,887 (дөрвөн зуун наян найман сая найман зуун жаран нэгэн мянга найман зуун наян долоо) төгрөг, 2022 онд 507,292,576 (таван зуун долоон сая хоёр зуун ерэн хоёр мянга таван зуун далан зургаа) төгрөг, 2023 онд 236,958,807 (хоёр зуун гучин зургаан сая есөн зуун тавин найман мянга найман зуун долоо) төгрөг;
  • Гэрээт ажлаас 1/Үндсэн барилгын ажлын 4%-ийг, 2/гадна инженерийн шугам сүлжээний ажлын 14%-ийг, 3/дотор гэрэлтүүлгийн ажлын 42%-ийг, 4/гадны цахилгааны ажлын 33%-ийг, 5/дэд өртөөний ажлын 25%-ийг, 6/Халаалт, салхивч, цэвэр, бохир ус, үзель, дотор холбоо дохиолол, гадна холбоо, гадна тохижилт зэрэг 6 ажлыг 100% гүйцэтгээгүй;
  • Гүйцэтгээгүй ажлыг 2024 оны үнийн өсөлтөөр тооцоолоход 1,405,954,032 (нэг тэрбум дөрвөн зуун таван сая есөн зуун тавин дөрвөн мянга гучин хоёр) төгрөг, харин 2025 оны үнийн өсөлтөөр тооцвол 1,804,874,815 (нэг тэрбум найман зуун дөрвөн сая найман зуун далан дөрвөн мянга найман зуун арван тав) төгрөг;
  •  Барилгын салбарын цалин хөлс, тээвэр, материал, машин механизмын зардлын үнийг 2019-2025 оны хооронд цалин 210 хувиар, материал 236 хувиар, тээвэр 211 хувиар, машин механизм 171 хувиар тус тус өссөн;
  • “Т*******” ХХК нь зураг төсөвт төсөвлөгдөөгүй нэмэлт ажил гүйцэтгээгүй” гэжээ.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг талууд хамгийн сүүлд 87%-иас 90%-тай гэж баталгаажуулсан байдаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажлын гүйцэтгэл бодит байдалд 80%-тай талаар тайлбарладаг бөгөөд энэ хүрээнд талууд маргадаггүй болно.

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд “өнөөдрийн байдлаар гэрээт ажлын 80 хувийг 1,963,544,304 төгрөгт багтаан гүйцэтгэсэн байх бөгөөд харин үлдсэн 20 хувийн ажлыг гүйцэтгэхэд үнийн өсөлт нөлөөлөх, үүний улмаас 2024 оны тарифаар тооцоолоход 1,405,954,032  төгрөг шаардлагатай” гэж дүгнэснийг үгүйсгэхгүй.

Гэхдээ гүйцэтгэгч буюу “Т*******” ХХК нь гэрээт ажлыг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор дуусгаж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, түүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн дээрх үнийн зөрүүг хариуцагчаас гаргуулахаар гэрээний үнэд дахин тохируулга хийхийг шаардах боломжгүй.

2.5. Ийнхүү хариуцагч байгууллага эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдох боловч гүйцэтгэгчийн зүгээс гэрээт ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас гэрээ цуцлагдсан эцсийн үр дагаварт нөлөөлөхгүй, мөн 2024 оны тарифын дагуу тооцож үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохтой холбоотой шаардагдах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч захиргааны байгууллагыг Барилгын тухай хууль болон талуудын хооронд байгуулагдсан маргаан бүхий гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гурав. Нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №НХААГ-1 дугаар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга, 200 ор /Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол/-ын ажил гүйцэтгэх гэрээ”-нд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1.Нэхэмжлэгчийн “гэрээг үргэлжлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, тусдаа нэхэмжлэлийн шаардлага байх боломжгүй бөгөөд гэрээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой. Хэрэв маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа хүчин төгөлдөр үргэлжлэх байсан боловч дээр дурдсанчлан хариуцагчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/******* “Гэрээ цуцлах тухай” шийдвэр нь хуульд нийцсэн гэж шүүхээс үзсэн тул гэрээг үргэлжлүүлэхийг даалгахгүй.

3.2. Энэхүү гэрээг үргэлжлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг “... шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах тухай” шаардлагатай хамтатган тодорхойлсон тул шүүхээс тус нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь “ажиллах хүч, машин механизм, тээврийн үнэ”-ийн өсөлтийг 2024 оны тарифын дагуу тооцож, үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохтой холбоотой шаардагдах шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс үндэслэлгүй гэж дүгнэсэн тул энэ хүрээнд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг мөн шаардахгүй.

Дөрөв. Нэхэмжлэгчийн “Захиргааны хууль бус акт, буруутай эс үйлдлийн улмаас манай байгууллагад учирсан бодит хохирол 571,842,778.23 төгрөг, инфляцийн алдагдал 91,494,844 төгрөг, алданги 114,368,555 төгрөг, нийт 777,706,177 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж заасан тул иргэн, хуулийн этгээд захиргааны хууль бус ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй.

4.2. Нэхэмжлэгч нь хохирол 571,842,778.23 (таван зуун далан нэгэн сая найман зуун дөчин хоёр мянга долоон зуун далан найман төгрөг хорин гурван мөнгө) төгрөгийг дараах захиргааны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Үүнд:

  • Барилга хот байгуулалтын сайдын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 95[38] дугаар тушаалын дагуу олгогдох ёстой цалингийн зөрүү 140,050,218 (нэг зуун дөчин сая тавин мянга хоёр зуун арван найм) төгрөг;
  • Төсөл гүйцэтгэх явцад хамгийн анх Х[39]наас 2021 оны 05 дугаар сарын 13-нд 500,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “А” ББСБ[40]-аас 180,000,000 төгрөг, 2022 оны 1 сарын 08-ны өдрийн “П” ББСБ[41]-аас 800,000 төгрөгийг тус тус зээлүүдийн хүү, нэмэгдсэн хүү, шимтгэлд нийт 431,792,560.23 төгрөг.

4.2.1. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 95 дугаар “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг”-ийг хавсралтаар баталсан бөгөөд 2025 оны 0 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан. Мөн тогтоолоор Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 217 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, 2021 оны 0 сарын 01-ний өдрөөс өмнө барилга, байгууламжийн зураг төсөл нь магадлалын дүгнэлтээр баталгаажсан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн төсөл арга хэмжээний тухайд 2019 оны 217 дугаар тогтоолыг мөрдөхөөр зохицуулжээ.

Гэрээний талууд нийт 8 (найм) удаагийн гүйцэтгэл[42]ийг баталгаажуулж, санхүүжилтийг шийдвэрлэсэн ба ингэхдээ 1/2020.08.21-ний өдрийн гүйцэтгэлээр барилгын ажлын гүйцэтгэл 29%-тай буюу 558,609,513 (таван зуун тавин найман сая зургаан зуун есөн мянга таван зуун арван гурав) төгрөг, 2/2020.12.08-ны өдрийн гүйцэтгэлээр барилгын ажлын гүйцэтгэл 38%-тай буюу 730,431,034[43] (долоон зуун гучин сая дөрвөн зуун гучин нэгэн мянга гучин дөрөв) төгрөг, 3/2021.05.24-ний өдрийн гүйцэтгэлээр 47%-тай буюу 907,541,726 (есөн зуун долоон сая, таван зуун дөчин нэгэн мянга долоон зуун хорин зургаа) төгрөг, 4/2021.10.22-ны өдрийн гүйцэтгэлээр 64%-тай буюу 1,219,292,922 (нэг тэрбум хоёр зуун арван есөн сая хоёр зуун ерэн хоёр мянга есөн зуун хорин хоёр) төгрөг, 5/2022.05.31-ний өдрийн гүйцэтгэлээр 67%-тай буюу 1,280,905,532 (нэг тэрбум хоёр зуун наян сая есөн зуун таван мянга таван зуун гучин хоёр) төгрөг, 6/2022.10.14-ний өдрийн гүйцэтгэлээр  82.7%-тай буюу 1,586,909,312 (нэг тэрбум таван зуун наян зургаа сая есөн зуун есөн мянга гурван зуун арван хоёр) төгрөг, 7/2022.11.22-ны өдрийн гүйцэтгэлээр 90%-тай буюу 1,726,585,497 (нэг тэрбум долоон зуун хорин зургаан сая дөрвөн зуун ерэн долоо) төгрөг, 8/2023.02.14-ний өдрийн гүйцэтгэлээр 87%-тай буюу 1,918,886,444 (нэг тэрбум есөн зуун арван найман сая найман зуун наян зургаа мянга дөрвөн зуун дөчин дөрөв) төгрөг, нэмэлтээр материалын зардлын үнийн өсөлтийн зөрүү 278,775,067 (хоёр зуун далан найман сая долоон зуун далан таван мянга жаран долоо) төгрөг, нийт 2,197,661,511 (хоёр тэрбум нэг зуун ерэн долоо сая зургаан зуун жаран нэгэн мянга таван зуун арван нэг) төгрөгөөр тус тус баталгаажуулсан байдаг.

Мөн гэрээт ажлын барилга байгууламжийн зураг төсөл нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1633/2020 дугаар магадлалын дүгнэлт гарч[44], барилгын ажлыг эхлүүлэн 2020-2023 оны хооронд дээрх байдлаар 8 удаагийн гүйцэтгэлийг баталгаажуулсан зэргээс үзэхэд Улсын Их Хурлын 2024 оны 95 дугаар тушаалын 3-т заасны дагуу 2019 оны 217 дугаар тушаалын дагуу цалингийн тарифыг тооцохоор заасны дагуу талуудын дээрх гүйцэтгэсэн ажлын цалингийн тарифт өөрчлөлт орох үндэслэлгүй болохгүй.

Иймд Барилга хот байгуулалтын сайдын 2024 оны 95 дугаар тушаалын дагуу олгогдох ёстой цалингийн зөрүү 140,050,218 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй, мөн энэхүү тогтоол нь 2025 оны 0 сарын 01-ний өдрөөс  дагаж мөрдсөн бөгөөд уг маргаан бүхий гэрээ нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр буюу тушаалыг хэрэгжиж эхлэхээс өмнө цуцлагдсан тул нэхэмжлэгчийн дурдсан хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

4.2.2. Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж тус тус заасан.

Үүнээс 1-т “захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагаа тогтоогдсон байх”-ыг, 2-т “хуулийн этгээдэд хохирол учирсан байх”-ыг, 3-т “захиргааны хууль бус үйл ажиллагаанаас хуулийн этгээдэд учирсан хохирол шууд шалгаасан байх”-ыг шаарддаг бөгөөд эдгээр нь нотлох баримтаар батлагдах ёстой.

Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгээс дараах нөхцөл байдал тогтоогддог.  Үүнд, хариуцагчийн хувьд:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 03/******* “Гэрээ цуцлах тухай” шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн;
  • Хариуцагч нь гүйцэтгэл баталгаажсан дариуд маргаан бүхий гэрээний 3-т заасны дагуу нийт 8 (найм) удаагийн санхүүжилт[45]ийг олгосон (Санхүүжилт олгосон огноо: 1/2020.10.07-ны өдөр 558,609,513 төгрөг, 2/2020.12.31-ний өдөр 171,821,521 төгрөг, 3/2021.07.06-ны өдөр 177,110,692 төгрөг, 4/2021.11.30-ны өдөр 311,751,196 төгрөг, 5/2020.07.06-ны өдөр 61,612,610 төгрөг, 6/2022.10.26-ны өдөр 306,003,780 төгрөг, 7/2022.12.22-ны өдөр 139,676,185 төгрөг, 8/2023.02.20-ны өдөр 236,958,807 төгрөг);
  •  Хариуцагч нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.20-т “барилга байгууламж барих талбайг чөлөөлөх…” үүргээ зөрчсөн боловч энэхүү шалтгааныг үндэслэн гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 8 (найм) сар гаруй хоногоор сунгасан.
  • Хариуцагч нь нэхэмжлэгчийн хандсан 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2023/024, мөн оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2023/038[46] дугаар албан бичгүүдийн хариуг хүргүүлээгүй, шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байдаг.

4.2.3. Харин нэхэмжлэгчийн хувьд өөрт учирсан хохирлыг дараах зээлүүдийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлд нийт  431,792,560.23 төгрөгийн хохирол гарсан гэж маргадаг. Үүнд:

  • “Х” ХХК болон “Т*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ[47], гэрээний дагуу 500,000,000 (таван зуун сая) төгрөг, зээлийн хүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгдсэн тохиолдолд 30,688,043.78 төгрөг,
  • “А ББСБ” ХХК болон иргэн Б А нарын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Бизнесийн зээлийн гэрээ[48], гэрээний дүн 180,000,000 (нэг зуун наян сая) төгрөг, зээлийн хүүгийн төлбөр хуваарийн дагуу төлөлт хийсэн тохиолдолд 62,103,781 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 42,383,181 төгрөг;
  • “П ББСБ” ХХК болон иргэн Э Х******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 1 сарын 08-ны өдөр байгуулагдсан 80,000,000 төгрөгийн хэрэглээний зээл, 2023 оны 0 сарын 10-ны өдрийн 100,000,000 төгрөгийн хэрэглээний зээл, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан 40,000,000 төгрөгийн машин хадгалаад авах зээл, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн машин унаад авах зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл.

4.2.4. Дээр дурдсан “П ББСБ” ХХК болон иргэн Э Х******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг, “А ББСБ” ХХК болон иргэн Б А нарын хооронд байгуулагдсан мөн зээлийн гэрээний үүргийн зөрчил, түүнээс үүдэлтэй хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхгүй буюу гэрээний нэг тал болох “Т*******” ХХК-д хамааралгүй хувь иргэдийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтөөс үүссэн хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардах нь үндэслэлгүй.

Түүнчлэн, “Х” ХХК болон “Т*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн удааширсан байдалд хариуцагчийн ямар буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, түүнээс үүдэж энэхүү зээлийн эргэн төлөлт хэд хоногоор саатсан, үүний улмаас хэдэн төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад хохирол үүссэн талаарх тооцоолол баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчид хохирол учирсан байх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4.2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “нэхэмжлэгч нь нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах,…эрхтэй” гэж, 30 дугаар зүйлийн 30.3.2-т “өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх, хасуулах, шинэ нотлох баримт шаардах болон хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, шинжээч томилуулах санал, хүсэлт гаргах эрхтэй” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт учирсан хохирлыг нотолсон баримтуудыг гаргаж өгөх эсхүл шүүхэд эх үүсвэрийг зааж нотлох баримт гаргуулах хүсэлт тавьж, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 221/ШТ2024/0452 дугаар тогтоолд “нэхэмжлэгчийн хохиролд тодорхойлсон дүн нь захиргааны байгууллагын гаргасан хууль бус актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол, эсхүл гэрээний дагуу олгох санхүүжилтийн үлдэгдлийн аль болох нь тодорхойгүй...нэхэмжлэгч нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байгаа эсхүл гэрээний үүргийн биелэлттэй холбоотой үлдэгдэл санхүүжилтийг шаардаж байгаа эсэхийг тодруулж, нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримтыг цуглуулах...” талаар тусгасан. Иймд анхан шатны шүүхээс удаа дараа нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж[49], энэ хүрээндээ хохирлыг нотлох баримт[50]уудыг ирүүлэх нэхэмжлэгчээс шаарддаг.

Гэтэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар тогтоогдох боломжтой гэсэн хариуг өмнөх шүүхийн хэлэлцүүлгүүдэд мэдүүлж байсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хэлэлцүүлгийн үе шатанд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 32.8-т “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасныг тус тус үндэслэн шүүхээс хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас инфляцийн алдагдал 91,494,844 төгрөгийг хохиролд гаргуулахаар нэхэмжилсэн, ингэхдээ 2 (хоёр) жилийг, жилийн 8 (найм) хувиар тооцсон гэж тайлбар ирүүлсэн боловч, үнийн өсөлттэй холбоотой материалын зардлыг гэрээний дагуу 2023 онд 03 дугаар сарын 01-ний өдөр 236,958,807 төгрөгийг хариуцагч олгосон нь нотлогддог[51]

Түүнчлэн шүүхээс бусад байдлаар үнийн өсөлт (инфляц)-тай холбоотой гэрээний үнийн дүнд тохируулга хийх боломжгүй буюу хариуцагчаас нэмэлт төсөв шаардах эрхгүй талаар нэхэмжлэгчийн хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дэлгэрэнгүй дүгнэсэн бөгөөд энэхүү 91,494,844 төгрөгийг хохирлыг хэрхэн яаж тооцсон талаар нэхэмжлэгч дэлгэрэнгүй тайлбар гаргадаггүй, мөн холбогдох нотлох баримтыг ирүүлдэггүй болохыг тэмдэглэв.

4.4. Нэхэмжлэгчээс гэрээний дагуу алданги 114,368,555 төгрөгийн алдангийг 2 жилээр, жилийн 10 хувиар тооцож, хариуцагчаас гаргуулахаар шаарддаг.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.” гэж, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 26.2-т “Алданги ногдуулах хэмжээ хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байна. Нийт алдангийн хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна[52]” гэж, харин гэрээний 3-т “…санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоно” гэж  тус тус заасан тул захиалагч гүйцэтгэлийг олгох хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор байна.

Гэрээний гүйцэтгэлийн нийт 8 удаа баталгаажуулж[53], үүний дагуу хариуцагч төлбөрийг шилжүүлсэн баримтууд авагдсан ба үүнд, 1/2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр баталгаажуулсан 558,609,513 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2/2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр баталгаажуулсан 171,821,521 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 3/2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр баталгаажуулсан 177,110,692 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 4/2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталгаажуулсан 311,751,196 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 5/2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталгаажуулсан 61,612,610 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 6/2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр баталгаажуулсан 306,003,780 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 7/2022 оны 1 сарын 22-ны өдөр баталгаажуулсан 139,676,185 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 8/2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр баталгаажуулсан 236,958,807 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус тус шилжүүлсэн байдаг.

Дээрх гүйцэтгэл шилжсэн талаар талууд маргадаггүй бөгөөд мөн аль гүйцэтгэл хугацаа хэтэрсэн, үүний улмаас хэд хоногийн алдангийг хэдэн хувиар тооцож дээрх нэхэмжилж буй дүн гарсан зэрэг нь мөн л тодорхойгүй байна.

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээнд ажлын төлбөрийг гүйцэтгэлээр олгохоор тохирсон бөгөөд ингэхдээ гүйцэтгэл баталгаажсанаас хойш хэдий хугацаанд шилжүүлэх талаар тодорхой заагаагүй тул алданги тооцох хугацааг тогтоох боломжгүй, хариуцагчаас алданги гаргуулах үндэслэл бүрдээгүй гэж  шүүхээс нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

4.5. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх…” гэж заасан бөгөөд энэхүү тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирол нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн тайлбараар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нийт 777,706,177 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхив. 

Тав. Маргаан бүхий гэрээ, захиргааны акттай холбоотой бусад зөрүүтэй үйл баримтын хүрээнд:

            5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс төрийн холбогдох байгууллагаас маргааны бүхий гэрээний хэрэгжилттэй холбоотойгоор хяналт-шалгалт хийгдсэн дүгнэлт байгаа гэж маргадаг бөгөөд шүүхээс дурдсан баримтыг гаргуулахаар нэхэмжлэгчийн тодорхойлсон Боловсролын ерөнхий газар[54], Нийслэлийн боловсролын газар[55] болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт тус тус хандсан.

            Харин холбогдох байгууллагууд[56]аас тус төсөлд хяналт-шалгалт хийгдээгүй, энэ талаар баримт байхгүй гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс өөр бусад нотлох баримт хадгалагдаж байгаа эх сурвалжийг заагаагүй болно.

5.2. Хариуцагч маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/******* дугаар захиргааны актаар захиргааны гэрээг цуцалсан бол Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Т*******” ХХК-д 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/1097 дугаар албан бичгээр  “...төсөл арга хэмжээнүүдийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн хэрэгжүүлж дуусаагүй, комиссын дүгнэлт баталгаажаагүй тохиолдолд батлагдсан төсөв буцаан татагдах” талаар мэдэгдсэн байдаг.

Хэдийгээр гэрээ цуцлагдсанаас хойш зөрүүтэй албан бичиг хүргүүлсэн байдаг боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан болон өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгэж дуусаагүй, комисс ажиллаагүй байгаа тул энэ нь хариуцагчийн гаргасан маргаан бүхий шийдвэрийн үр дагавар нөлөөлөхгүй гэж шүүхээс дүгнэлээ.

5.3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий гэрээний үүрэгтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Ула хотын захирагч, Сууц өмчлөгчдийн холбоо зэрэг шаардлагатай газруудад хандаж байсан баримт хэрэгт авагдсан бөгөөд эдгээр баримтууд нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул тухайн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

5.4. Мөн нэхэмжлэгчээс Монгол Улсын 2024 оны улсын төсөвт хийсэн Үндэсний аудитын дүгнэлтээр төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн нэмэгдэл гарах болсон шалтгааны 79 хувь нь захиалагчаас, 15 хувь нь зураг төсвөөс, 6 хувь нь гүйцэтгэгчээс болсон гэж гарсан талаар дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ дэмжсэн. Тус үндэсний аудитын дүгнэлт 2024 оны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт улсын төсвөөр хэрэгжүүлж байгаа нийт төсөл, арга хэмжээний хүрээнд гарсан тул тухайлан энэ маргаанд хамааралтайгаар авч үзэх боломжгүй болно.

5.5. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, “Э” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №96/2024 дүгээр албан бичгээр ирүүлсэн 11,520,000 (арван нэгэн сая таван зуун хорин мянга) төгрөгөөр шинжээчээр ажиллах үнийн саналыг хүлээн авч, тус шинжээчийн зардлыг нэхэмжлэгч төлжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчээс шинжээчийн зардал төлсөн баримтыг нотлох баримтаар гаргаж өгөх шаардлагатай тул хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүхээс 1-т, төлбөр шилжүүлсэн баримтыг зайлшгүй нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй, мөн 2-т, шүүх хуралдааны дэгийн дагуу хүсэлт гаргах хэлэлцэх шат дуусаж, хэлэлцүүлгийн шатанд буюу нэмэлт тайлбар гаргах үед гаргасан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.3, 56 дугаар зүйлийн 56.3, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгийг тус тус баримтлан “Т*******" ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “1/Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 03/******* “Гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгох; 2/Хариуцагч нь үнийн өсөлттэй уялдуулан төсөвт магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, 2024 оны тарифын дагуу тооцож үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохтой холбоотой шаардагдах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах; 3/Захиргааны хууль бус акт, хууль бус эс үйлдэл гаргасантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга, 200 ор (Ула, Б******* дүүрэг, хороо, Б******* хороолол)-ын ажил гүйцэтгэх” гэрээ №НХААГ-1 тоот гэрээнд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах; 4/Захиргааны хууль бус акт, буруутай эс үйлдлийн улмаас манай байгууллагад учирсан бодит хохирол 571,842,778.23 төгрөг, инфляцийн алдагдал 91,494,844 төгрөг, алданги 114,368,555 төгрөг, нийт 777,706,177 төгрөгийн хохирол гарсныг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Э” ХХК-ийн шинжээчийн зардал 11,520,000 (арван нэгэн сая таван зуун хорин мянга) төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ДОЛЖИНСҮРЭН

 

 

 

 

 

 

[1] Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (цаашид “ТХАА-ны цахим систем” гэх)    https://l1nq.com/x7fj983

[2] 4Хавтаст хэрэг (цаашид “Хх” гэх)-ийн 130 дахь тал, ТХАА-ны цахим систем https://sl1nk.com/1ck0r2c 

[3] 1Хх-ийн 17-18 дахь тал

[4] 4Хх-ийн 129 дэх тал

[5] 1Хх-ийн 17-18 дахь тал

[6] 1Хх-ийн 107-113 дахь тал

[7] 5Хх-ийн 22-26 дахь тал

[8] 1Хх-ийн 17-18 дахь тал

[9] 1Хх-ийн 22, 190-191 дэх тал

[10] 1Хх-ийн 233 дахь  тал

[11] 1Хх-ийн 187-189 дэх тал

[12] 4Хх-ийн 118-119 дэх тал

[13] 4Хх-ийн 120-121 дэх тал

[14] 1Хх-ийн 185-186 дахь тал

[15] 4Хх-ийн 122-123 дахь тал

[16] 1Хх-ийн 183-184 дэх тал

[17] 4Хх-ийн 124-125 дахь тал

[18] 1Хх-ийн 19-20 дахь тал

[19] 1Хх-ийн 174 дэх тал

[20] 1Хх-ийн 177 дахь тал

[21] 1Хх-ийн 160 дахь тал

[22] 1Хх-ийн 161 дэх тал

[23] 4Хх-ийн 187 дахь тал

[24] 4Хх-ийн 133-196 дах талуудад гэрээний ерөнхий нөхцөл бүхэлдээ

[25] 1Хх-ийн 51 дэх тал 

[26] 1Хх-ийн 58 дахь тал

[28] 1Хх-ийн 194-197 дахь тал

[29] 1Хх-ийн 151-153 дахь тал

[30] 1Хх-ийн 48 дахь тал

[31] 1Хх-ийн 19-20 дахь тал

[32] 2Хх-ийн 33-35 дахь тал

[34] 4Хх-ийн 131 дэх тал

[35] 4Хх-ийн 117 дахь тал

[36] 4Хх-ийн 119 дэх тал

[37] 4Хх-ийн 121 дэх тал

[39] 5Хх-ийн 32-34, 50-53 дахь тал

[40] 5Хх-ийн 37-49 дэх тал

[41] 5Хх-ийн 27-31 дэх тал

[42] 2Хх-ийн 18-35 дахь тал

[43] Гүйцэтгэсэн ажлын хувь болон төсөв нь өссөн дүнгээр илэрхийлэгдэж байгаа болно. Жишээлбэл, хоёр дахь гүйцэтгэлд эхний гүйцэтгэлийн хувь багтсан.

[44] 1Хх-ийн 64-89 дэх тал

[45] 1Хх-ийн 90 дэх тал

[46] 1Хх-ийн 58 дахь тал

[47] 5Хх-ийн 50-53 дахь тал

[48] 5Хх-ийн 27-31 дэх тал

[49] 2Хх-ийн 158-159 дэх тал (НдЗХАШШ-ийн 2025 оны 01/10130 дугаар албан бичиг)

[50] 2Хх-ийн 97-99 дэх тал (НдЗХАШШ-ийн 2026.01.28-ны өдрийн хурлын тэмдэглэл)

[51] 5Хх-ийн 64 дэх тал

[52] 4Хх-ийн 131 дэх тал

[53] 2Хх-ийн 14-32 дахь тал

[54] 4Хх-ийн 112 дахь тал

[55] 4Хх-ийн 101 дахь тал

[56] 4Хх-ийн 102, 113 дахь тал