Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00655

 

 

 

 

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00655

 

 

 

                                     Ц.Агийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2022/00200 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Агийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: ...2 өрөө орон сууцыг 144.200.868 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/00039 дугаар захирамжаар Ц.А, Ц.А 106,581,720 төгрөг гаргуулж, “Хаан банк” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ...., ...2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон “Ашид билгүүн” ХХК барьцааны хөрөнгийг 144,200,868 төгрөгөөр үнэлсэн талаарх мэдэгдлийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч. Шинжээч үнэлгээг хийхдээ хуулиар тогтоосон журам зөрчиж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэжээ. 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/00039 дүгээр шийдвэрээр Ц.А, Ц.А 106,581,720 төгрөг гаргуулж “Хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Ц.Г өмчлөлийн .... 24 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураах ажиллагааг явуулсан. Төлбөр авагч нь төлбөр төлөгч болон өмчлөгчийн хөрөнгийн үнийн саналыг зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Ашид билгүүн” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Шинжээч хөрөнгийг 144,200,868 төгрөгөөр үнэлснийг талуудад мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан .... 24 м.кв талбайтай орон сууцыг 144,200,868 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Агийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2021/10057 дугаар захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр байхыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Ахлах шийдвэр гүйцэтгэгч барьцааны хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тогтоолыг гаргахдаа шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэнэ. Төлбөр төлөгч, өмчлөгчөөс үнийн санал авах бөгөөд үнийн талаар тохиролцоогүй бол үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилж үнэлүүлнэ гэсэн хуулийн шаардлага хангагдсан эсэхийг үл харгалзан шийдвэр гаргасан нь хэргийг бүх талаас хянан үзэж шийдвэр гаргах тухай хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж өмчлөгч Ц.Г .... 24 м.кв орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор битүүмжилж 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хурааж албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор эд хөрөнгийн үнийн саналыг талуудаас авсан. Төлбөр төлөгч 350,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч талаас үнийг хүлээн зөвшөөрөөгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилсон. Шинжээч хөрөнгийг 144,200,868 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдэж албан дуудлага худалдааны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/37 дугаар тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр талуудад мэдэгдэж тайлбар авч гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Нэхэмжлэгч нар хөрөнгийг хэт догуур үнэлж үнэгүйдүүлж гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ц.А хариуцагч НШШГГт холбогдуулан ... 24 м.кв талбайтай орон сууцыг 144,200,868 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцсэн гэж үзэв.

4. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/00039 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Ц.А, Ц.А нараас 106,241,142.55 төгрөг гаргуулж, “Хаан банк” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ..... 24 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, .... 700 м.кв талбай бүхий 15 жил эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх22-25/

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, хэрэв сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх журамтай.

6. Хариуцагч НШШГГ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байна. /хх19-21, 26, 29-31, 34-40/

 

7. Төлбөр төлөгч болон хөрөнгийн өмчлөгч нар барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийг 350,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт зааснаар “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнэлгээг 144,200,868 төгрөгөөр тогтоожээ. /хх41/

 

7.а. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2.1-9.2.3-т заасан журмыг зөрчөөгүй байна.

 

7.б. Хэргийн 44-58 дугаар тал дахь “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч хөрөнгийг өртгийн болон зах зээлийн хандлагаар үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн хандлагын аргаар эд хөрөнгийг үнэлжээ. Шинжээч нь тухайн объектыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар www.unegui.mn зарын сайтад худалдахаар зарлагдсан байршил, хийц, талбайн хэмжээ, загварын хувьд ойролцоо Сүхбаатар дүүрэг 100 айл жоби худалдааны төвийн баруун талд байрлах 68,000,000-150,000,000 төгрөгийн үнэтэй 1990-1996 онд ашиглалтад орсон орон сууцуудтай харьцуулан барилгын байршил, хийц, инженерийн дэд бүтцэд холбогдсон байдал, талбайн хэмжээ, дотор засал, гаднах орчны тохижилт зэргийг тооцоолон үзэх замаар маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг 144,200,868 төгрөг гэж үзсэн байна.

 

8. “Ашид билгүүн” ХХК нь эд хөрөнгийг эрс үнэгүйдүүлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдолд зааж буй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг үгүйсгэх зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2022/00200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

                                                                                       А.МӨНХЗУЛ