| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 191/2025/00361/И |
| Дугаар | 191/ШШ2025/07387 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/07387
2025 09 08 191/ШШ2025/07387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******, 491 тоот хаягт оршин сууж байгаа, Н*******н Н*******гийн /РД: / нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,,,,, ЗБН-д /РД: / холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 05 сарын 15-ны өдрөөс хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг олгуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Н******* миний бие 2024 оны 01 сараас эхлэн Баянзүрх дүүргийнны өрхийн эмнэлэгт хүний их эмчээр ажилласан.
Намайг анх ажилд ороход өрхийн эмнэлгийн дарга хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал гаргаагүй ба тушаал гаргах, гэрээ байгуулах шаардлага тавихаар шалтгаан тоочин хойшлуулсаар байсан.
Миний бие тухайн газарт гэрээ, тушаалгүй 4 сар ажилласан нь гагцхүү нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байгаа.
Миний ээж С.А нойр булчирхайн хорт хавдартай ба Монголд эмчилгээ байхгүй, гадагшаа явахыг судалсан. БНХАУ-ын Гуанжо хотын эмнэлгийг судлахад 80,000,000-100,000,000 төгрөг болно гэсэн. Ээж маань сумын эрүүл мэндийн төвд 35 жил ажилласан, нутаг орондоо хүндлэгддэг.
Орон нутгийнхаа ард иргэдээс хандив гуйн зардлынхаа тал хувийг олоод ээжийг аваад явах шийдвэр гаргасан, би айлын том, дороо 7 дүүтэй. Би эмнэлгийн мэдлэгтэй гэдгээрээ явах болсон.
Би 2024 оны 04 сарын 16-ны өдрөөс 2024 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэл чөлөө хүссэн өргөдлийг өрхийн эмнэлгийн даргад үлдээсэн. Хүсэлтдээ баримтуудаа хавсаргаагүй байна лээ. Г.Б дарга ээжийг маань өвчтэй гэдгийг мэднэ, би эмийг нь хүртэл бичүүлээд авч байсан.
Очоод ээжийн эмчилгээ үргэлжлэхээр болсон ба үүнийг 2024 оны 04 сарын 25-ны өдөр би мэдсэн.
2024 оны 05 сарын 01-ний өдөр Г.Б эмчийн фэйсбүүк чат руу хүсэлт явуулсан, ерөөсөө харахгүй байсан. Би тэгэхээр нь өрхийн эмнэлгийн групп чат руу бичихэд харсан.
Би 2024 оны 05 сарын 15-ны өдөр ирээд маргааш нь ажил дээрээ ирээд Г.Б даргатай уулзсан. Миний дүү ажилдээ орьё оо гээд эвээр ярьсан. Маш их зээлтэй гэдгээ хэлсэн.
Тэгсэн чинь уурлаад эрүүл мэндийн газар, яаманд танил талтай яаж ч чадна, фэйсбүүкээр од болгох юм бол чи юу ч хийж чадахгүй, будаа болно гэж дарамталсан.
Би тэгж ярьвал чиний буруу болно, чи бид 2-т хөдөлмөрийн гэрээ байхгүй, чи намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм, тушаалаа авья гэсэн.
ЗБН-ийн дарга нь ажлаас гарах хүсэлтээ бичиж өгвөл тушаал гаргаж өгнө гэж миний эрх зүйн байдлыг өнөөг хүртэл дордуулж байх тул намайг урьд эрхэлж байсан их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 05 сарын 15-ны өдрөөс хойши шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг олгуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ЗБН нь 2022 оны 05 сарын 09-ний өдөр байгуулагдаж, 2023 оны 12 сард тусгай зөвшөөрлөө авч Баянзүрх дүүргийнны Өрхийн инээмсэгдэд өрхийн эрүүл мэндийн төв нэртэйгээр 2024 оны 01 сараас эхлэн 2 эмч, 1 сувилагч, 1 эрүүл мэнд нийгмийн ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Тус хороо нь нийт 10,200 хүн амтай бөгөөд өдөрт дунджаар 100-180 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг.
Их эмч Н.Н******* нь 2024 оны 01 сарын 08-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар эмчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн.
Бид шинээр хамт олон болсон учраас ажилд авсан ажилтныг ажилдаа дасан зохицох, ажиллах нөхцөл боломжоор хангах нөхцлийг бүрдүүлэхийн тулд маш их хичээж ажиллаж ирсэн. Байгууллагын хувьд ажлын ачаалал өндөр, хариуцлагатай албан тушаал учраас аль болох ажилтныг дэмжих бодлого баримталж байсан.
Н.Н******* ажиллаж байх хугацаандаа удаа дараа ажилдаа хоцорч, ажил тасалж, тусламж авахаар ирсэн иргэдийг өөр эмчид шилжүүлэн үзүүлэх, ажилтан, иргэдээс ирсэн ачааллын, тусламжийн талаарх гомдлыг нь аль болох эвийн журмаар шийдвэрлэж байсан.
Гэтэл Н.Н******* нь ажиллаж байх хугацаандаа ажилчидтай зүй бусаар харьцах, ажил таслах үйлдэл тасрахгүй байсан боловч бид Н.Н*******д үндсэн цалин хөлсийг нь бүтэн дүнгээр тооцон олгож байсан.
Мөн Н.Н******* нь 2024 оны 03 сараас эхлэн удаа дараа чөлөө авах, авахгүй ажил таслах нь нэмэгдсээр 2024 оны 04 сарын 16-ны өдрөөс 2024 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл нийт 20 хоногийн чөлөө хүссэн өргөдлийг бүх эмч ажилчид явчихсаны дараа Н.Н******* эмч Г.Б даргын ширээн дээр өргөдлөө орхиод явчихсан байсан. Г.Б дарга өргөдлийг маргааш нь 2024 оны 04 сарын 17-ны өдөр мэдсэн.
Чөлөө олгох боломжгүйг мэдэгдэхэд зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй хамаагүй явна гэсэн.
Чөлөө өгөөгүй шалтгаан нь ажлын ачаалал их, оронд нь ажиллах хүчин байхгүй, тус хорооны 1500 сурагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт, 1000 иргэний бие чийрэгжилтийн түвшинг үнэлэх сорилд хамруулах, нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах гэх зэрэг ажлыг гүйцэтгэхтэй давхцаж байсан, мөн хөдөлмөрийн дотоод журамтай зөрчилдөж байсан.
Н.Н******* эмч чөлөө өгөөгүй байхад ажлын байраа орхиж явсан ч гэсэн түүний 2024 оны 04 сарын цалинг нь бүтнээр нь олгосон.
Ингээд түүний оронд өөр ажилтан авахаар зар оруулан 2024 оны 05 сарын 06-ны өдрөөс эхлэн их эмч Х.Аг ажилд авсан.
2024 оны 05 сарын 15-ны өдөр Н.Н******* эмч ажил дээр ирсэн ба бид түүний оронд өөр хүн ажилд авч ажиллуулсан тухайгаа түүнд хэлсэн. Ийнхүү хэлэхдээ ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн газар танил ихтэй, таныг юу ч үгүй болгонон гэх яриа яригдаагүй.
Н.Н******* эмчийг ажиллуулах боломжгүйг тайлбарласан. Бидний зүгээс Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн зүйл байхгүй, түүний хөдөлмөрлөх эрхэд нь халдаагүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Н.Н******* нь нэхэмжлэл, итгэмжлэл, хятад болон англи хэл дээрх баримтууд, итгэмжлэл,
Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 07 сарын 03-ны өдрийн хуралдааны тэмдэглэл,
С.Аийн гадаад паслортын хуулбар, түүний шинжилгээний баримт, С.Аийн амьд сорьцын шинжилгээний хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар,
Н.Н*******гийн гадаад паспортын хуулбар болон түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, С.Аийн нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч ЗБН нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,
Итгэмжлэл, хариу тайлбар,
өрхийн эрүүл мэндийн төв-ийн хөдөлмөрийн дотоод журам,
Н.Н*******г 2024 оны 01 сарын 08-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулсан тухай тушаалын хуулбар,
өрхийн эрүүл мэндийн төв-ийн даргад Н.Н*******гийн 2024 оны 04 сарын 16-ны өдөр гаргасан хүсэлт,
Х.Аг 2024 оны 05 сарын 06-ны өдрөөс туршилтын хугацаагаар ажиллуулсан тухай тушаалын хуулбар, өрхийн эмчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар, Х.Атэй 2024 оны 05 сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар,
Н.Н*******гийн цагийн бүртгэлийн нэгтгэл, ажлын цаг ашиглалтын бүртгэлийн дэвтрийн хуулбар,
Өрхийн эрүүл мэндийн төвийн цахим системээс гаргасан үзлэгийн мэдээний статистик бүртгэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүхийн журмаар.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 20306 дугаар шүүгчийн захирамжаар Н.Н*******д 2024 оны 01 сарын 08-ны өдрөөс 2024 оны 05 сарын 13-ны хооронд олгож байсан цалингийн задаргааг хариуцагч өрхийн эрүүл мэндийн төв-өөс гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 05 сарын 22-ны өдөр баримтыг ирүүлсэн.
Мөн 2025 оны 05 сарын 07-ны өдрийн 20306 дугаар шүүгчийн захирамжаар Н.Н*******гийн нэхэмжлэлд хавсаргасан гадаад хэл дээр үйлдэгдсэн баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлэх хугацааг түүнд олгосноор баримтуудыг Н.Н******* Монгол хэл дээр орчуулуулан ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н******* нь хариуцагч ЗБН-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 05 сарын 15-ны өдрөөс хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг олгуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Н*******г ЗБН-ийн даргын 2024 оны 01 сарын 08-ны өдрийн Б/05 тоот тушаалаар тус төвд эмч албан тушаалд 2024 оны 01 сарын 08-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаатай ажиллуулахаар шийдвэрлэснээр тэрээр уг өдрөөс тус төвд эмчээр ажиллах болсон ба энэ талаар нэхэмжлэгч Н.Н******* маргаагүй.
/ХХ-ийн 55 дугаар тал/
ЗБН-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4-т Туршилтын хугацаа дууссанаас хойш аль нэг тал нь цуцлах санал тавиагүй бол анх байгуулсан хугацаагаар 3 сар дахин сунгана гэж заажээ.
Н.Н*******г туршилтаар ажиллуулсан хугацаа 2024 оны 04 сарын 08-ны өдөр дууссан ба талууд хэн аль нь цуцлах санал тавиагүй тул туршилтаар ажиллах хугацааг уг өдрөөс 3 сарын хугацаагаар сунгасан гэж үзлээ.
/ХХ-ийн 36-54 дүгээр тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно,
64.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж заасан ба ажил олгогч ЗБН нь ажилтан Н.Н*******г туршилтын хугацагаар ажиллуулсан нь хуульд нийцэж байна.
Тус ЗБН-ийн их эмч Н.Н******* өөрийн эх С.Аийг БНХАУ-ын Гуанжоу хотод эмчлүүлэх зорилгоор 2024 оны 04 сарын 16-наас 05 сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны чөлөө хүссэн өргөдлийг тус төвийн дарга Г.Бы албан ажлын ширээн дээр үлдээсэн тухайгаа тайлбарлалаа.
Тэрээр хүсэлтэд онгоцны тийз, эмнэлэг хүлээн авах бичгийг хавсаргасан гэх боловч үүнийгээ хавсаргаагүй тухайгаа мөн тайлбарласан бөгөөд уг хүсэлттэй тус төвийн дарга Г.Б 2024 оны 04 сарын 17-ны өдөр танилцсан тухайгаа хариуцагч тал тайлбарласан.
/ХХ-ийн 56 дугаар тал/
Ажил олгогч ЗБН нь ажилтан Н.Н******* нь чөлөө хүсэх хүсэлтийг хөдөлмөрийн дотоод журмын 6-д заасны дагуу гаргаагүй ч түүнд 2024 оны 04 сарын цалинг бүрэн олгосон талаараа хариуцагч тал тайлбарласан ба нэхэмжлэгч Н.Н******* энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 94 дүгээр тал/
ЗБН-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.5-д Дараах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзнэ,
б-д Байгууллагад ажиллаж байх хугацаандаа шалтгаангүйгээр ажлаа 3-аас дээш хоногоор тасалж, ... гэж заажээ.
Н.Н******* нь 2024 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл чөлөө хүссэн атлаа 2024 оны 05 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд ажил олгогч ЗБН-д хүрэлцэн ирэх боломжгүй болсон тухайгаа мэдэгдээгүй.
Мөн тэрээр 2024 оны 05 сарын 01-ний өдөр Г.Бы фейсбүүк чат руу, өрхийн эмнэлгийн групп хаягт эмчилгээний хугацааг сунгасан талаараа чат илгээсэн гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй.
Тэрээр 2024 оны 05 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ажлаа эрхлэх боломжгүй болсон тухайгаа ажил олгогч талд мэдэгдээгүй байна.
Тус өрхийн эмнэлэгт 2024 оны 07 сарын 08-ны өдрийг хүртэл туршилтын хугацаагаар ажиллаж байсан ажилтан Н.Н******* тодорхой шалтгаангүйгээр ирээгүй тул ажил олгогч ЗБН нь их эмчийн 2 орон тоотой ажилладаг тул эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэх зорилгоор Х.Аг тус өрхийн эрүүл мэндийн төвд эмч албан тушаалд 2024 оны 05 сарын 06-ны өдрөөс туршилтын 3 сарын хугацаагаар авч ажиллуулсаныг буруутгах боломжгүй байна.
/ХХ-ийн 57 дугаар тал/
Ажилтан Н.Н******* нь 2024 оны 05 сарын 15-ны өдөр Монгол улсад ирж, маргааш өдөр нь буюу 2024 оны 05 сарын 16-ны өдөр ажил олгогч ЗБН-ийн дарга Г.Бтай уулзаж, түүнийг туршилтын хугацаагаар ажиллуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэдгийг мэджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т .Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,
154.2.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,
154.2.2-т Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж тус тус заасан байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 08 сарын 17-ны өдрийн 12 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулсан ба энэ нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны www.mlsp.gov.mn сайтад байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
Н.Н******* түүнийг туршилтын хугацаагаар ажиллуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосныг 2024 оны 05 сарын 16-ны өдөр мэдэн, үүнээс хойш тэрээр 39 хоногийн дараа хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаараа Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 06 сарын 24-ний өдөр гомдол гаргажээ.
Түүний гомдлыг гурван талт хороо хүлээн авч 2024 оны 06 сарын 27-ны өдөр хуралдаан зарлахад Н.Н******* Увс аймагт сонгуулийн ажлаар явж байгаа тул оролцох боломжгүй гэх хариуг өгсөн ба ажил олгогч ЗБН-ийн захирал Г.Б нь ажилтан Н.Н*******тай ярилцах хүсэлт гаргасан тул хуралдааныг 2024 оны 07 сарын 03-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.
Гомдол гаргагч Н.Н******* нь ажил олгогч ЗБН-ийн захирал Н.Бы эвлэрэх хүсэлтийг хүлээн авах боломжгүйгээ уламжлан, хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар 2024 оны 07 сарын 03-ны өдөр маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэж чадаагүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д заасны дагуу дуусгавар болгожээ.
/ХХ-ийн 8-9 дүгээр тал/
Гомдол гаргагч Н.Н******* Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 07 сарын 03-ны өдрийн шийдвэрийг 2024 оны 08 сарын 06-ны өдөр гардан авсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно,
154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ.
Н.Н******* Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг 2024 оны 08 сарын 06-ны өдөр гардан авч үүнээс хойш ажлын 26 дахь хоногт нь буюу 2024 оны 09 сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2024 оны 09 сарын 17-ны өдрийн 23204 дугаар шүүгчийн захирамжаар түүний иргэн Г.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж хүлээн авахаас татгалзсан.
Тэрээр дахин 2024 оны 10 сарын 03-ны өдөр Г.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргахад мөн шүүхийн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 25472 дугаар шүүгчийн захирамжаар,
2024 оны 10 сарын 22-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахад 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 26927 дугаар шүүгчийн захирамжаар тус тус мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж хүлээн авахаас татгалзаж байсан нь шүүхийн бүртгэлийн 2014 нэгдсэн системд бүртгэгджээ.
Тэрээр шүүхэд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой нэхэмжлэл гаргахад шүүх удаа дараа хүлээн авахаас татгалзаж байсан талаар тайлбарласан болно.
Н.Н*******гийн хариуцагч ЗБН-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх 2025 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авч 2025 оны 01 сарын 21-ний өдрийн 4092 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна.
/ХХ-ийн 1, 25 дугаар тал/
Нэхэмжлэгч Н.Н******* нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д заасан хугацаанд гомдол, нэхэмжлэлээ гаргаагүй, 2024 оны 06 сарын 24-ний өдөр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван тал хороонд, 2025 оны 01 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдсонгүй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ЗБН-д холбогдох урьд эрхэлж байсан хүний их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 05 сарын 15-ны өдрөөс хойшхи хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Н.Н*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ЗБН-д холбогдох урьд эрхэлж байсан хүний их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 05 сарын 15-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Н.Н*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Н.Н******* тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
|
|