Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

            Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,

            Хохирогч С.Бямбажав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эд холбогдох эрүүгийн 1709017910296 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаагийн 19 дүгээр гудамж, 179 тоотод нөхөр С.Бямбажавтай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, нөхөр бид хоёр эвлэрсэн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 Хохирогч С.Бямбажав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...эхнэр бид хоёр маргалдаад намайг гэрээс гарлаа гэхэд гаргахгүй гээд хутгаар нуруу болон, гарын алганд зүссэн. Надад надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Бямбажавын мэдүүлэг /хх-22/, насанд хүрээгүй гэрч Б.Буянжаргалын мэдүүлэг /хх-13/, гэрч Д.Мягмарын мэдүүлэг /хх-15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №4541 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-38/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-4-9/, шүүгдэгч Г.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-57/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-58/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-61-64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

            1. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:  

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаагийн 19 дүгээр гудамж, 179 тоот өөрийн гэртээ нөхөр С.Бямбажавтай “мөнгө хамаагүй үрлээ, чи намайг хайрладаггүй” гэж маргалдан улмаар гал тогооны өрөөний шургуулганд байсан хүрэн иштэй жижиг хутгыг авч хохирогч С.Бямбажавын зүүн талын даланд хатгаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн,

түүнчлэн дээрх үйл явдлыг гэрчилсэн насанд хүрээгүй гэрч Б.Буянжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...ээж “чи намайг хайрласангүй” гэх зэргээр орилоод байхаар нь би сандраад гүйгээд гарсан чинь коридорын шкафны хажууд аав зүүн мөрөн дээгүүрээ гараа давуулаад далаа барьчихсан, хувцас гар нь цус болсон, аав ээжид хандан “чи тэнэг юм уу” гээд шалан дээр унаад “би үхмээргүй байна” гээд уйлаад байсан.” гэх мэдүүлэг /хх-13/, гэрч Д.Мягмарын “...Буянжаргалын утас руу залгаж асуухад “ээж аавыг хутгалчихлаа, хурдан ир” гэхээр нь би таксидаад очиход цагдаа ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-15-16/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-4-9/, эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас “...дуудлагын дагуу очиж шалгахад Ганбат овогтой Э нь нөхөр Сампил овогтой Бямбажавыг зүүн дал, зүүн гарын алга газар хутгалсныг таслан зогсоож “Бэлх-10-т” хүлээлгэн өгөв” /хх-10/, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.04.10-ны өдрийн №4541 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “С.Бямбажавын биед зүүн талын далан дахь сорви тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-38/ болон шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр С.Бямбажавыг “чи намайг хайрласангүй, гэрээс гаргахгүй, мөнгө үрлээ” гэх шалтгаанаар хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хутгыг зэвсгийн чанартай ашиглан түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдсэн болох тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Г.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул уг зүйл ангиар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.  

 Харин шүүгдэгч Г.Э нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч С.Бямбажав нь шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцож “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн” болохоо мэдүүлсэн ба шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Г.Э нь гэм буруугийн талаар маргаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан торгуулийн ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох” ял оногдуулах саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Эд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын дотор төлүүлэхээр тогтоов.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1709017910296 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Ганбатын Эыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Эыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э нь 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

5. Хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР