Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 23

 

                                                                                             Хэргийн индекс: 127/2016/0023/З

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн  Баян-Адарга сумын Сонгуулийн хороонд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолын 2 дахь заалтын Г.Цэцэгмаа, С.Мөнхсаруул, Н.Мөнхбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Г.Цэцэгмаа, С.Мөнхсаруул, Н.Мөнхбат нарыг нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Пүрэвжав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хэрлэнбаяр, Л.Довчинсүрэн, Д.Баатарцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Ардчилсан намаас нэр дэвшигч Мөнхбатыг Баян-Адарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Мөнхбат нь Ардчилсан намын хуралдаанаар Ардчилсан намаас нэр дэвшихээр сонгогдоод, холбогдох материалаа Баян-Адарга сумын Сонгуулийн хороонд хүргүүлсэн байдаг. Гэтэл Баян-Адарга сумын Сонгуулийн хороо нэр дэвшигч Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлэг хоосон бөглөгдөөгүй, хөрөнгө орлогын мэдүүлэг өгөөгүй гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Баян-Адарга сумын Сонгуулийн хороо нь яагаад хоосон хөрөнгө орлогын мэдүүлэг хүлээж авсан гэдгийг нь гайхаж байна. Нэхэмжлэгч Мөнхбат “би хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж өгсөн” гэж мэдүүлдэг. Мөн хавтаст хэрэгт авагдсан Мөнхбатын Ардчилсан намд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Мөнхбат нь хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөсөн гэдэг нь харагдаж байна. Иймд Баян-Адарга сумын Сонгуулийн хороо ямар нэг байдлаар Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлгийг хоосон хөрөнгө орлогын маягтаар сольсон байх магадлалтай юм. Хоосон хөрөнгө орлогын мэдүүлгийг хаанаас ч олж авах боломжтой юм. Баян-Адарга сумын Сонгуулийн хороо нь хоосон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг үндэслэн Мөнхбатыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах ёсгүй. Хоосон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлэг гэж яаж мэдэж энэ шийдвэрийг гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Мөнхбатын бусад бүх баримт нь бүрэн байдаг. Гэтэл Мөнхбатыг үл ялихгүй зүйлээр шалтаглан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Хоосон хөрөнгө орлогын мэдүүлгийг Мөнхбатынх гэдгийг нотлох баримт байхгүй. Мөн Мөнхбат “би хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөсөн. Эхний удаа буруу бөглөөд, дахин маягт авч бөглөсөн. Гэхдээ дутуу бөглөсөн” гэж хэлдэг. Мөнхбатын хэлж байгаа зүйл үнэн байх магадлалтай юм. Мөнхбатын бөглөсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг хэн авч хоосон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтаар сольсон гэдэг нь тодорхойгүй байна. Мөн энэ хоосон маягтыг Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлэг гээд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Баян-Адарга сумын Сонгуулийн хороо Мөнхбатын материалыг дутуу зүйл байгаа эсэх талаар нэг бүрчлэн нягтлан шалгаж үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан. Бусад нэр дэвшигчдийн хувьд нягтлан шалгах ажиллагаа хийсэн байдаг. Баян-Адарга сумын Сонгуулийн хороо нь Мөнхбатын материалыг шалгаж дутуу байгаа материал дээр ажиллагаа хийгээгүй байж хоосон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлэг гэж хэлэх боломжгүй юм. Баян-Адарга сумын Сонгуулийн хороо үүргээ биелүүлээгүй юм. Үүргээ биелүүлээгүй тул Баян-Адарга сумын Сонгуулийн хороо хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Мөн Авлигатай тэмцэх газарт Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлэг мөн эсэхийг тогтоолгохоор хоосон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт явуулсан байдаг. Энэ нь төрийн албан хаагчийн хувьд байж болохгүй зүйл юм. Хэнтий аймгийн төрийн албан хаагчид ажлаа хэр түвшинд хийж байгааг энэ үйлдлээрээ харуулж байгаа нэг хэлбэр юм. Мөн Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны дарга Мөнхбатыг дуудаж ирүүлээд “чамайг Авлигатай тэмцэх газарт өгөх гэж байна. Баян-Адарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихээс татгалзаж байна гээд гарын үсэг зур” гэж дарамталсан байдаг. Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны дарга нэр дэвшигчийг дарамталсан, мөн нэр дэвшигчийн дутуу материалд дээр ажиллагаа явуулаагүй нь гомдол гаргах гол үндэслэл болсон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэр дэвшигч Мөнхбатыг Баян-Адарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Баян-Адарга сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Нэхэмжлэгч Г.Цэцэгмаа, С.Мөнхсаруул нарын хувьд маргаантай зүйл байхгүй, хариуцагчтай харилцан тохиролцсон. Нэр дэвшигч Г.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Баян-Адарга сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигч С.Мөнхсаруулыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг хүлээн зөвшөөрсөн тул С.Мөнхсаруулд холбогдох асуудлаар нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хэрлэнбаяр: Хэнтий аймгийн Ардчилсан намаас 21 нэр дэвшигчдийн материалыг тус тусад нь хавтсанд хийж нэр дэвшигчдийн нэрсийг гадна талд нь бичиж Баян-Адарга сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн. Нэр дэвшигч Н.Мөнхбатын материал Наянтайн Мөнхбат гээд тусдаа хавтсанд байсан. Н.Мөнхбатын материалыг шалгахад хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөгдөөгүй хоосон маягт байсан. Эдгээр 21 нэр дэвшигчдийн материалуудыг Ардчилсан намаас Г.Жаргалсайхан, Ц.Чойжамц гэдэг хоёр хүн Баян-Адарга сумын Сонгуулийн хороонд хүргэж ирсэн. Баян-Адарга сумын Сонгуулийн хорооний 2 гишүүн Монгол Ардын намын нэр дэвшигчдийн материалыг авч байсан болохоор тус  Сонгуулийн хорооны гишүүн Л.Довчинсүрэн, О.Хэрлэнбаяр миний бие Ардчилсан намын нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсан. Ардчилсан намын нэр дэвшигчдийн материалыг хүлээж авахад дутуу материалууд байсан. Энэ талаар Г.Жаргалсайхан, Ц.Чойжамц нарт хэлэхэд Ц.Чойжамц нь “чи дуугүй хүлээж ав. Та нарт дутуу эсэхийг шалгах эрх байхгүй” гэж захирангуй байдлаар хэлсэн. Тэгэхээр нь би дутуу материалыг нь хэлэхээ больсон. Ардчилсан намын нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсны дараа дутуу материалаа гүйцээгээрэй, Сонгуулийн хорооноос хүлээж авсан материалыг гаргахгүй нэмж өгөх материал байвал өгөөрэй гэж Г.Жаргалсайхан даргад хэлсэн. Ардчилсан намаас 5 хоногийн дараа ирэхдээ өр төлбөргүй гэдгийг нотлосон баримтыг авчирч өгсөн. Нэхэмжлэгч тал Н.Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлгийг Баян-Адарга сумын Сонгуулийн хороо хоосон маягтаар сольсон гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны таван гишүүн тавуулаа байсан. Н.Мөнхбатын материалыг дутуу байгааг тавуулаа харсан. Мөн Г.Жаргалсайхан даргад тухайн үед нь харуулж байсан. Тухайн сум орон нутагт амьдардаг хүмүүс нэг нэгнээ мэддэг гэж ярьж байна. Би мэддэггүй юм байна гэж бодож байна. Н.Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлэг мөн эсэхийг материал хийсэн хавтас дээр бичсэн нэрээр нь мэдсэн. Гэрчээр асуух гээд байгаа Г.Жаргалсайхан, Ц.Чойжамц нар энэ талаар хэлэх байх гэж бодож байна. Г.Жаргалсайхан дарга хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар мэддэг байж яагаад намынхаа нэр дэвшигчдийг удирдлагаар хангаагүйг нь гайхаж байна. Намын даргын буруутай үйл ажиллагаанаас болж Н.Мөнхбат нэр дэвшиж чадаагүй. Гэтэл яагаад буруугаа Баян-Адарга сумын Сонгуулийн хороонд халдаах гээд байгааг ойлгохгүй байна. Мөн зарим нэр дэвшигчдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг программаас татаж аваад гаргаад ирсэн байна. Мөн нэхэмжлэлийг Н.Мөнхбат гаргасан гэдэгт эргэлзэж байна. Баян-Адарга сумын Сонгуулийн хороо нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Баян-Адарга сумын Сонгуулийн хороонд хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа байхгүй. Мөн Ардчилсан намын үйлдсэн баримтуудад он сарын зөрүүтэй зүйл олон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэр дэвшигч Г.Цэцэгмаа, С.Мөнхсаруул нарын хувьд нэхэмжлэгч талтай адил саналтай байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатарцогт: Ардчилсан намын нэр дэвшигчдийн материалыг Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны гишүүн Л.Довчинсүрэн, нарийн бичгийн дарга О.Хэрлэнбаяр нар хүлээж авсан. Ардчилсан намын нэр дэвшигчдийн материалыг хүлээж авахад дутуу материалууд байсан. Ардчилсан намын материалуудыг бүх гишүүд харсан. Энэ талаар Г.Жаргалсайхан, Ц.Чойжамц нарт хэлэхэд Ц.Чойжамц нь “чи дуугүй хүлээж ав. Та нарт дутуу эсэхийг шалгах эрх байхгүй. Энэ бол намын дотоод асуудал” гэж хэлсэн. Тэгээд Баян-Адарга сумын Сонгуулийн хороо Ардчилсан намаас нэр дэвшигчдийн материалыг хүлээж аваад, дутуу эсэх талаар бүртгэж аваад 2 тал гарын үсэг зурж хүлээлцсэн. Баян-Адарга сумын Сонгуулийн хороо хуулийн дагуу ажилласан. Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны гишүүдэд Н.Мөнхбатын хөрөнгө орлогын мэлүүлгийг хоосон маягтаар сольсон зүйл байхгүй. Мөн Н.Мөнхбатын өргөдөлдөө зурсан гарын үсэг Ардчилсан намаас гаргаж өгч байгаа Н.Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлэгт зурсан гарын үсэг 2 зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Нэр дэвшигч Г.Цэцэгмаа, С.Мөнхсаруул нарын хувьд нэхэмжлэгч талтай адил саналтай байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Довчинсүрэн: Ардчилсан намын материалуудыг хүлээж авахад тэмдэглэлийг Л.Довчинсүрэн миний бие хөтөлсөн. Ардчилсан намын нэр дэвшигчдийн бүрдүүлж ирсэн материалууд их дутуу байсан. Эхний хүмүүсийн материалыг шалгахад хөрөнгө орлогын мэдүүлгүүдийг дутуу бөглөсөн зэрэг дутуу зүйлүүд байсан. Тухайн үед Ардчилсан нам нэр дэвшигчдийг тодруулах хурлаа хийсэн эсэх дээр эргэлзээ төрж байсан. Учир нь Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийг тодруулсан хурлын тэмдэглэлээ өг гэсэн утгатай албан бичгийг 2 удаа явуулсан. Ардчилсан намаас өгөх шаардлагагүй гээд өгөөгүй. Энэ хурлын тэмдэглэлийг өгсөн бол хэн хэн байсан талаар тодруулах боломжтой байсан. Нэр дэвшигч Н.Мөнхбатын хувьд нэр дэвшүүлэх зөвшөөрлийг өөрөө бөглөөгүй байдаг. Энэ талаар өөрөө хүлээн зөвшөөрдөг. Мөн хэзээ ирээд хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг бөглөсөн гэдэг нь тодорхойгүй байна. Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны гишүүд Н.Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлгийг хоосон маягтаар солих үндэслэл байхгүй. Ардчилсан нам нэр дэвшигчдийнхээ материалыг шалгаад Баян-Адарга сумын Сонгуулийн хороонд ирүүлж болох байсан. Энэ нь Ардчилсан намын дарга нарын хариуцлагатай холбоотой асуудал юм. Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга 4 хоногийн дотор дутуу материалаа өгөх талаар Г.Жаргалсайханд сануулж байсан. Би тухайн үед тэмдэглэл хөтөлж байсан болохоор дутуу байсан материалуудыг тэмдэглэж авсан. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Н.Мөнхбатын хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөөгүй хоосон байгаа талаар сануулж байсан. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөөгүй боловч ард нь гарын үсэг зурсан материалууд байсан. Баян-Адарга сумын Сонгуулийн хороо энэ материалуудыг хүлээж аваад бүртгэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь

 

            Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга С.Пүрэвжав нь “... тус аймгийн Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №03 дугаар тогтоолын 2 дахь заалтын Г.Цэцэгмаа, С.Мөнхсаруул, Н.Мөнхбат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Г.Цэцэгмаа, С.Мөнхсаруул, Н.Мөнхбат нарыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргажээ.                 

            Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д “...сонгууль зохион байгуулахтай холбогдон гарсан сум, дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэр нь тогтоол, зөвлөмж, албан бичгийн хэлбэртэй байна” гэж заасан. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтлахыг хуулиар баталгаажуулсан. Баян-Адарга сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр №03 дугаар тогтоолын 2 дахь заалтаар  “...сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр Г.Цэцэгмаа, С.Мөнхсаруул, Н.Мөнхбат нарыг бүртгэхээс татгалзсан тухай” шийдвэрийг гаргасан байна.

            Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр Ц.Чойжамц, Г.Жаргалсайхан нарыг оролцуулсан болно.

            Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            1. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №03 дугаар тогтоолын 2 дахь заалтын “...Г. Цэцэгмаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Г.Цэцэгмааг нэр дэвшигчээр бүртгэхийг Баян-Адарга сумын Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ёстой. Нэхэмжлэгч Г.Цэцэгмаа нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер албан тушаалаасаа татгалзсан шийдвэр байхгүй байсан гэсэн үндэслэлээр Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны гишүүд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

           Нэхэмжлэгч Г.Цэцэгмаа нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд[1] “... Орон нутгийн сонгуульд нэр дэвших тухай асуудлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн. Мөн нэхэмжлэгч Хэнтий аймгийн Ардчилсан нам 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “...Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №03 дугаар тогтоолын 2 дахь заалттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас Ардчилсан нам нь нэр дэвшигч Г.Цэцэгмаагийн нэрийг татаж байна. Нэр дэвшигч өөрөө мөн нэхэмжлэлээсээ татгалзсан. Иймд Г.Цэцэгмаатай холбогдсон нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэж №99 тоот албан бичиг[2]-ийг шүүхэд ирүүлжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Цэцэгмаа, нэхэмжлэгч Хэнтий аймгийн Ардчилсан нам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа  амаар болон бичгээр илэрхийлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсанаас гарах үр дагавар[3]-ын талаар шүүхээс тайлбарласан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж тус тус заасан байх тул нэр дэвшигч Г.Цэцэгмаад холбогдох хэсгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

2. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №03 дугаар тогтоолын 2 дахь заалтын “...С.Мөнхсаруулд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С.Мөнхсаруулыг нэр дэвшигчээр бүртгэхийг Баян-Адарга сумын Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан С.Мөнхсаруулыг хөрөнгө орлогын мэдүүлэгт гарын үсэг зураагүй, хөрөнгө орлого нь дутуу бичигдэж Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны гишүүд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

            Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны дарга Ц.Майдэлгэр нь 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд “...нэхэмжлэгч С.Мөнхсаруулыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг зөвшөөрч байна. Нэр дэвшигчээр бүртгэсэн сумын Сонгуулийн хорооны тогтоолд гарын үсэг зураад Захиргааны хэргийн шүүхэд хүргүүлэх болно ” гэсэн хүсэлт[4]-ийг бичгээр ирүүлсэн. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сонгуулийн хорооноос 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр №02 тоот албан бичиг[5] шүүхэд ирүүлсэн. Үүнд: “...Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч Г.Цэцэгмаа, С.Мөнхсаруул, Н.Мөнхбат нарын нэхэмжлэлийг хүлээн авч танилцан дараахи тайлбарыг гаргаж байна. Сонгуулийн хороо нь С.Мөнхсаруулын нэхэмжлэлийг хүлээн авч нэр дэвшигчээр бүртгэхийг зөвшөөрч байна” гэжээ. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болсон Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч С.Пүрэвжав, Н.Мөнхбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах нар оролцсон. Тухайн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт[6] нэхэмжлэгч нар нь “...Баян-Адарга сумын Сонгуулийн хороо үүргээ биелүүлж тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд С.Мөнхсаруулыг нэр дэвшигчээр бүртгэхээр болж байгаа тул хариуцагчийн гаргасан тайлбарыг бид хүлээн зөвшөөрч байна” гэснийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хэрлэнбаяр, Л.Довчинсүрэн, Д.Баатарцогт нар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр “...Нэр дэвшигч Г.Цэцэгмаа, С.Мөнхсаруул нарын хувьд нэхэмжлэгч талтай адил байр суурьтай  байна” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “...нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасан байх тул нэр дэвшигч С.Мөнхсаруулд холбогдох хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ

            3. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №03 дугаар тогтоолын 2 дахь заалтын “...Н.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н.Мөнхбатыг нэр дэвшигчээр бүртгэхийг Баян-Адарга сумын Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасныг үндэслэж нэр дэвшигч Н.Мөнхбатыг “хөрөнгө орлогын мэдүүлэг өгөөгүй гэж” сумын Сонгуулийн хорооны гишүүд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. 

            Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д “...сонгуулийн хорооны хуралдаан нээлттэй, ил тод байна”, 27.10-т “...сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн төв байгууллагаас тогтоосон журмын дагуу хөтлөнө” гэж тус тус заажээ. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сонгуулийн хороо нь 3 дугаар хуралдааны тэмдэглэл[7]-ээ шүүхэд ирүүлжээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №09 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын “ Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх журам”-ын 1.2-т Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан хуралдааны дэг “...аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүртээ тэмдэглэл хөтөлнө” гэсний дагуу сумын сонгуулийн хороо нь тэмдэглэл хөтөлсөн байна. Тухайн хуралдааны тэмдэглэлд: “-Сонгуулийн хорооны дарга Ц.Майдэлгэр ...Ардчилсан намын 21, Монгол Ардын намын 21 нийт 42 материалыг хуулийн хугацаанд хүлээн авсан. Ардчилсан намаас Н.Мөнхбат, С.Мөнхсаруул нарыг хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй гэж үзнэ. Учир нь бүрдүүлэх бичиг баримтад хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт байсан ч гэсэн мэдүүлэг хоосон, гарын үсэг байхгүй тул өгөөгүй гэж үзэх нь зүйтэй гэсэн,  - Сонгуулийн хорооны гишүүн Л.Довчинсүрэнгийн ...хөрөнгө орлогын мэдүүлэг дээр хоосон хэдий ч гарын үсэг зурсан гэж үзээд авсан бусад нэр дэвшигчдийн материал байгаа. Ц.Майдэлгэр даргын хэлсэн 2 хүн бол орлого нь ч байхгүй, гарын үсэг нь ч байхгүй байсан. Тийм учраас эдгээр 2 хүний хувьд Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалтыг үндэслэн бүртгэхээс татгалзаж байна гэсэн, - Сонгуулийн хорооны гишүүн Л.Эрдэнэтулгын ...Ардчилсан намын 3 хүний хувьд хэлэхэд 2 нь гарын үсэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг байхгүй тул хуулийн 158.1.3-т заасны дагуу бүртгэхээс татгалзая гэсэн, Сонгуулийн хорооны гишүүн Д.Баатарцогтын ...намуудын материалтай гүйцэд танилцсан. Ялангуяа Ардчилсан намын хувьд хуулиа бариагүй, бичиг баримтын бүрдэл дутуу, хөрөнгө орлогын мэдүүлэг энэ тэр байхгүй байсан” гэсэн Сонгуулийн хорооны гишүүдийн тайлбарууд байх ба тухайн хуралдаанаас 100 хувийн саналаар нэр дэвшигч Н.Мөнхбат нарыг бүртгэхээс татгалзсан байна. 

            Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1, 157.2.2, 157.2.3, 157.2.4, 157.2.5, 157.2.6, 157.2.7 дахь хэсгүүдэд зааснаар нэр дэвшигч Н.Мөнхбат нь холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж сумын Сонгуулийн хороонд хүлээлгэн өгчээ. Бичиг баримт хүлээлгэн өгсөн, хүлээж авсан бүртгэл[8]-д хөрөнгө орлогын мэдүүлэг гэсэн хүснэгт хоосон буюу (-) гэсэн тэмдэг, тэмдэглэгээтэй байна. Энэ нь нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг өгөөгүй, эсхүл хоосон маягт өгсөн болохыг нотолж байна. Монгол Улсын Их Хурлын, Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №05 дугаар тогтоолоор “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ыг, тогтоолын 6 дугаар хавсралтаар “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт”-ыг баталсан. Дээрхи журмын 1.2-т заасан “...мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд, батлагдсан маягтын дагуу үнэн зөв гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтанд биечлэн болон энэ журамд заасны дагуу хүргүүлнэ” гэснийг, 4.1-т заасан мэдүүлэгт “...мэдүүлэг гаргагч, түүний гэр бүлийн байдал, хөрөнгө, орлогыг”  тусгана гэснийг, 4.5-д заасан “...мэдүүлэг гаргагч мэдүүлгийг засваргүй, товч тодорхой бичих бөгөөд асуулт болгонд хариулж, байхгүй орлого, хөрөнгө, зээлийг (-) гэсэн тэмдэглэгээ хийнэ” гэснийг тус тус зөрчиж, нэр дэвшигч Н.Мөнхбат үүргээ биелүүлээгүй, хангаагүй нь нотлогдож байна.

            Баян-Адарга сумын Сонгуулийн хороо нь “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”ын 2.3-т заасан “...аймаг, нийслэл, сум, дүүргийн  Сонгуулийн хороо орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгнө” гэснийг, 3.4-т заасан “...мэдүүлгийг бүртгэж хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтан, мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах үүрэгтэй” гэснийг хэрэгжүүлж ажилласан байна.

             Шүүх бодитой үүссэн зөрчил, үйл баримтад үндэслэн хэрэг маргааныг шийдвэрлэнэ.

Иймд Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №03 дугаар тогтоолын 2 дахь заалтаар, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр Н.Мөнхбатыг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн ”...Н.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н.Мөнхбатыг нэр дэвшигчээр бүртгэхийг Баян-Адарга сумын Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 69.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Ардчилсан нам нь нэхэмжлэлийн шаардлагын “...Баян-Адарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Г.Цэцэгмааг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” хэсгээс татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 69.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигч С.Мөнхсаруулыг “...сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчээр бүртгэх”-ийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 157 дугаар зүйлийн 157.2.4, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.3-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, тус аймгийн Баян-Адарга сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №03 дугаар тогтоолын 2 дахь заалтын “...Н.Мөнхбатад холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сумын Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хэнтий аймгийн Ардчилсан намаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Адарга сумын Сонгуулийн хорооноос  35100 / гучин таван мянга нэг зуун / төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.БАЯСГАЛАН

 


[1] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас,

[2] Хавтаст хэргийн 94 дүгээр хуудас,

[3] Хавтаст хэргийн 97 дугаар хуудас,

[4] Хавтаст хэргийн 92 дугаар хуудас,

[5] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас,

[6] Хавтаст хэргийн 98-102 дугаар хуудас,

[7] Хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас,

[8] Хавтаст хэргийн 36, 111 дүгээр хуудас,